Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: М.О,

Хохирогч: С.Г,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн М-ын От холбогдох 2128000000170 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

А овгийн М-ын О,

Шүүгдэгч М.О нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Өмнөговь аймаг, Булган сум, Хавцгайт 3 дугаар баг, Улаан толгой гэх газарт С.Гтай үл ялих зүйлээс болж маргалдан, чулуугаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Оыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Ганхуягийг эхэлж өдөж цохиогүй. Хохирогч намайг өөрөө ална хүйс тэмтэрнэ гэж хэлж уурлаад байсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би 11 цагийн үед худаг дээр малаа услаад байж байхад М.О гэх хүн ус авахаар ирсэн. Шар саванд бронкоор ус хийхдээ асгаад байсан. Тэгэхээр нь би ус бага асгаарай хээлтэй мал халтираад байдаг юмаа гэж хэлсэн. Тэгэхэд хармаанаасаа эвхдэг хутга гаргаж ирээд ярвайсан банди минь яагаад дуугарч ядаад байна гэж хэлээд хутга тулгасан. Тэгээд миний араас татаж, заамдаж авсан. Тухайн үед би дуугараагүй. Тэгээд газар унасан ховоо авах гээд тонгойход миний араас чихний ар тал руу чулуугаар цохисон. Би дээлнийхээ дотуур малгайтай цамц өмссөн байснаар миний толгойг битүү боож байгаад чирсэн. Би болиоч хүн аллаа гэж хэлээд гэр рүү цуг явсан. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд эм тарианы мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Зүгээр байж байгаад зодуулсан. М.О худлаа зүйл ярьж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг Улаан толгой гэдэг газар нутаглаж байгаа юм. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед худаг дээр очоод малаа услаад байж байхад Одко гэдэг хүн ирээд намайг малаа услаад зогсож байхад тэр хүн миний барьж байсан ховоог булаагаад авахад нь чимээгүй өгсөн. Тэгээд тэр ах шар усны саванд бронкоор ус хийгээд байхаар нь би ах гадуур нь ус битгий агсгаарай хээлтэй мал хальтраад байдаг юм. Адилхан малтай хүмүүс байна гэж хэлчихээд цаашаа эргэсэн чинь тэр ах ховоогоо тавьчихаад миний араас дээлнээс татаж зогсоогоод халааснаасаа эвхдэг жижиг хутга гаргаж ирээд, яасан ярвайсан банди вэ дуугарч ядаад гэхээр нь би юу ч хэлээгүй зогсож байсан. Тэгсэн тар ах хутгаа далд хийхээр нь ингээд зүгээр өнгөрлөө гэж бодоод газар байсан ховоогоо авах гээд тонгойход араас чулуугаар толгой руу цохьсон. Толгойноос цус гараад эхэлсэн. Тэгээд тэр ах намайг чирээд малгайтай цамцны урдаас заамдаад гараараа толгой хэсэг рүү цохиод байсан. Цохиж байхдаа тэр ах Хавцгайтад би бол атман гээд ярвайсан муу банди минь дуугарч ядаад байгаарай гэх зэргээр хэлээд байсан. Би арай хийж заамдсан гарыг нь хүн аллаа гэж хэлж байж тавиулаад тэр ахыг гэр рүү дагуулж очоод энэ хүн толгой хагалчихлаа гээд хадам ээж Д, хадам аав Мөнхбат, эхнэр С, хадам эгч Ө нарт хэлсэн. Тэгээд гэрт байж байхад тэр хүн би хамаагүй шүү. Гэхдээ би чулуугаар цохьсон гэж хэлчихээд гэр рүүгээ явсан. Явахад нь мэдэгддэг газар нь хэлнэ гэсэн чинь та нар амжихгүй ээ, эргэж ирээд эв зүйгээ олно гэж хэлээд явсан. Эргэж ирээгүй. Хохирсонтой холбоотойгоор наашаа цаашаа явсан бензин тос, эмийн сангаас эм авсан гээд нийт 512.950 төгрөгийн хохирол учирсан. /хх-ийн 12-15 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Таван очир эмийн сангаас 2021 оны 12 сарын 09-ний өдөр деклоденк 4500 төгрөгөөр, Өмнөговь эм хангамж эмийн сангаас 2021 оны 12 сарын 09-ний өдөр 2 ширхэг шифриз 2270 төгрөгөөр, 2021 оны 12 сарын 03-ны өдөр Хаадын жор эмийн сангаас 1650 төгрөгөөр толгой ороох бинт авч толгойгоо боосон. 2021 оны 12 сарын 17-ны өдөр Ундар Эс эмийн сангаас хлорфенамин 1600 төгрөгөөр, Индомин 1750 төгрөг, Цитромин 800 төгрөг, Марал цавуу 7500 төгрөгөөр нийт 11650 төгрөгөөр худалдан авсан. 2021 оны 12 сарын 03-ны өдөр Амоксацолин 31500 төгрөгөөр, Кетонал 150 мг 8000 төгрөгөөр, Диакоб 250 мг 2190 төгрөгөөр Эзамон 400/2 2800 төгрөгөөр нийт 44490 төгрөгөөр худалдан авсан. Харшлын гаралтай эм, Цитромон өвдөлт намдаах, Индомин үрэвслийн эсрэг эм, Амоксиклаб бактөрийн эсрэг эм, Кетонал өвдөлт намдаах эм, Эзамон тархины цусан хангамж сэргээх, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх эм, Натрийн хлор цусны эрдэс нөхөх эм, Деклоденк өвдөлт намдаах эм, Диакоф тайвшруулах булчин сулруулах эм зэргийг авч эмчилгээ хийлгэсэн. 2021 оны 12 сарын 02-нд Булган сумаас ирэхдээ 30.000 төгрөгийн бензин авсан. Баримт нь байхгүй алга болчихсон. Булган сумын хөдөө гэр рүүгээ малаа харах гээд 4 удаа явсан. Эхний явалт 2021 оны 12 сарын 13-нд Булган сумын Хавцгайт баг Улаан толгой гэх газар руу машиндаа 30.000 төгрөгийн бензин авч яваад 2021 оны 12 сарын 15-ны өдөр аймгийн төв рүү томограффикийн зураг авахуулах гээд ирсэн. Ирээд машины бензин дуусах гээд 50.000 төгрөгт шатахуун хийсэн. 2021 оны 12 сарын 16-ны өдөр 10.990 төгрөг, 30.000 төгрөгийн бензин авсан. Хөдөө гэр рүү мотоцикльд бензин хийх шаардлагатай байсан учир эндээс унаанд хийж явуулсан. 2021 оны 12 сарын 07-нд шатахуун нэмж 10.000 төгрөгөөр хийсэн. Толгой тархиа бариулах гээд гадуур явахад зарцуулсан. 2021 оны 12 сарын 09-ний өдөр өглөө Булган сумын хөдөө гэр рүүгээ явах гэж 60.000 төгрөгөөр бензин хийгээд ажил амжихгүй гадуур явж байгаад орой Булган сумын хөдөө гэр рүүгээ гарахдаа машиндаа дахиад 20.000 төгрөгөөр шатахуун нэмсэн. Тэгээд хөдөө яваад 1 хоноод аймгийн төвд томограффикийн зураг авахуулах гээд ирсэн. 2021 оны 12 сард БОЭТ-д томограффикийн зураг авахуулах гээд очиход тэр аппарат нь эвдэрсэн хэд хоногоос засна гээд тухайн үед мөнгийг нь тушаасан байсан юм. Тэгээд 2021 оны 12 сарын 15-ны үед зураг авахуулсан санагдаж байна. Манай хадмынхан хүнсэндээ явах болсон тул түлшээр явдаг ачааны машин авч явсан ба тэр машиндаа хийж явсан түлшний баримт байгаа юм. Хохирсноос болоод Булган сум энэ хоёрын хооронд малаа эргэж тойрох гэж явсаар байгаад эвдэрсэн гэж бодож байна. 2021 оны 12 сарын 17-ны өдөр хадам өвгөн миний мотоциклийг унаад аймгийн төвд ирсэн байсан. Тэгээд мотоцикльд 20.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Би бас машинтайгаа хөдөө гэр рүү яваад маргааш нь төлөөлөгч шинжээчийн дүгнэлттэй танилц гээд дуудсан. Тэгээд 2021 оны 12 сарын 18-ны өдөр ирээд танилцаад маргааш нь 2021 оны 12 сарын 18-ны өдөр 10.000 төгрөгөөр бензин нэмсэн. Мөн хөдөө гэр рүү явахдаа 50.000 төгрөгөөр бензин хийгээд хөдөө гэрт байж байхад төлөөлөгч дахиад яриад 2021 оны 12 сарын 20-ны өдөр суманд ирж дахин мэдүүлэг өг гээд хэлсэн. Тэгээд аймаг дээр байж байгаад мэдүүлэг өгчихөөд хөдөө гэр рүүгээ явсан. 2021 оны 12 сарын 02-ны өдөр гомдол гаргах гээд ирсэн. 2021 оны 12 сарын 12-18-ны өдөр Цагдаагийн газар дээр шинжээчийн дүгнэлт танилцах, 2021 оны 12 сарын 20-ны өдөр дахин мэдүүлэг өгөх, 2021 оны 12 сарын 28-ны өдөр дахин мэдүүлэг өгөх ажлаар дуудагдан очсон. Мөн аймгийн төвд байхдаа бензин нэмж машиндаа хийсэн. О намайг эхлээд хутга гаргаж ирээд тэгээд заамдаад авсан. Тэгээд би зөрүүлээд заамдсан, худгийн ам тойроод тийм сүртэй хальтраад уначихаар мөс байгаагүй. Харин ус хийдэг онгоцны хоёр талаар мөстэй байсан. Тэр хавьд бид хоёр хүрээгүй, заамдалцаад хоёул газар унаагүй, намайг харин О чулуугаар цохисны дараа миний малгайтай цамцаар толгой ороогоод гудчаад чирээд дээрээс цохиод байсан. /хх-ийн 16-19 дэх тал/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Булган сумын Хавцгайт багийн Улаан толгой гэх газар нутагладаг юм. 2021 оны 12 сарын 01-ний өглөө манай хүргэн хонь малаа усална гээд 11 цаг өнгөрч байхад худаг руу явсан. Би гэрт хүүхэд тэврээд сууж байсан чинь гаднаас манай хүргэн Ганхуягийг О дагуулаад ороод ирсэн. Тэгсэн Ганхуягийн толгойноос цус гарчихсан сүрхий юмнууд орж ирэхээр нь та хоёр гар хүүхэд айлгаад гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гэрээс гарсан. Худаг дээр яг юу болсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан манай хүргэний толгойноос цус гарчихсан хачин юм орж ирсэн. /хх-ийн 23 дахь тал/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 01-ний өдөр хөдөө гэртээ байхад манай нөхөр өдрийн 11 цагийн үед малаа усална гээд явсан. Тэгээд удалгүй манай нөхөр Ганхуяг, саахалт айлын залуу болох О хоёр бие биеэ заамдсан байдалтай гэрт орж ирсэн. Юу болов гээд асуухад манай нөхөр Ганхуяг О руу хандаж та битгий ус асга, усаа бага асгаарай гэхэд О нь яасан их үгтэй юм бэ өөр юу гэмээр байна гээд хэгжүүрхсэн байдалтайгаар хэлээд хутга тулгасан. Тэгээд ховоогоо авах гээд тонгойход О нь толгой руу нь чулуугаар цохьсон гэж хэлсэн. Хажуунаас манай ээж О руу яагаад хүргэний толгой хагалчихсан юм бэ, хүүхдүүдийн хажууд цус нөж харуулаад гээд тэр хоёрыг гэрээс гар гээд гаргасан. Тэгээд тэр хоёрыг гэрээс гарахад би Оаас манай нөхөр рүү гаргасан хутга чинь хаана байгаа юм гэсэн чинь худаг дээр мотоцикль дээр куртикны халаасанд үлдээчихэж гэж надад ам алдаад хэлсэн. Дараа нь тэр хутгыг нь авъя гэж бодоод гэрээс гараад худаг руу явж байтал О мотоциклио унаад яваад өгсөн. О хажууд нь сонсоод байж байсан. О Ганхуяг руу чи өөрөө эхэлсэн биз дээ гээд хэлээд байсан. Хариуд нь манай нөхөр Ганхуяг, О руу би танд анхааруулаад ус битгий асгаад байгаач гээд хэлсэн. /хх-ийн 27 дахь тал/

Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 01-ний өдөр 11 цагийн үед санаж байна. Гэрт манай ээж Д, дүү С, Мөөгий ах бид хэд гэртээ байж байхад гаднаас Ганхуяг цус нөжөө гоожуулчихсан О тэр хоёр ороод ирсэн. Тэгээд юу болов оо та нар чинь яаж байгаа юм бэ? гэсэн чинь Ганхуяг хэлэхдээ О намайг гэнэт толгой руу чулуугаар цохьсон гэж байсан. О нь танай хүргэн чинь ус харамлаад хэрүүл болсон гэж байсан. Тэгээд тэр хоёрыг ээж гэрээс хөөгөөд гаргасан. /хх-ийн 29 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Гийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн /Чулуугаар үүсгэгдсэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлд орно/ нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. С.Гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 35 дахь тал/

Шүүгдэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 01-ний өдөр би ус авах гээд худаг дээр очиход Дгийн хүргэн Ганхуяг гэх залуу малаа услаад байж байсан. Тэгээд би худаг дээр очоод 40-ийн бетондоо ус хийчихээд 2 канестрт бронкоор ус хийж байсан чинь бронк унаад бронконд байсан ус асгарсан чинь тэр Ганхуяг гэдэг залуу над руу та усаа аятайхан хийгээч гэсэн. Би усаа хийгээд дуусгаад аваад явах гэхэд Ганхуяг гэдэг залуу хэрүүл өдөөд усаа аятайхан хийчихгүй гээд намайг явах гэсэн чинь намайг явуулахгүй байхаар нь би чамтай хэрүүл хийх байх зав алга гээд хэлсэн чинь намайг заамдаад авсан. Тэгээд би гарыг нь тавиулах гэсэн чинь гарыг нь дийлэхгүй байсан. Би гарыг нь тавиулах гэж байгаад бид хоёр давхардаад мөсөн дээр хальтраад газар унасан. Тэгээд хоёулаа нэг нэгнээ заамдсан чигээрээ босч ирээд би чамтай хэрэлдэх зав алга байна. Харьлаа, хэрэлдэх гээд байгаа бол дараа хэрэлдье гээд хэлэхэд тэр Ганхуяг гэдэг залуу намайг гэр рүүгээ дагуулаад заамдаад чирсээр байгаад гэртээ очсон, гэрт нь орж очиход гэрт Д, Өлзийнасан, Дгийн нөхөр Мөөгий, Ганхуягийн эхнэр С нар байсан. Хадам ээж аавд нь би ер нь яасан болоод танай хүргэн дарамтлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн Д гуай Улаан толгойн уснаас ахиж битгий уугаарай гэж байсан. Тэгээд ам цангаад байхаар нь би гэрт байсан уснаас нь хутгаж уух гэж байхад Ганхуяг гэдэг залуу гэрийн унинаас барьж байгаад миний цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд би үг ч дуугараагүй, гэрээс нь гараад худаг дээр очоод усаа аваад гэр рүүгээ явсан. Араас Ганхуяг гэдэг залуугийн эхнэр нь хашхираад байсан. Би цохиж гэмтээгээгүй, бид хоёр нэгнийгээ заамдалцаад унахдаа мөсөн дээр хальтраад газар унахдаа тэр залуу чулуун дээр цохьсон юм байлгүй, босоод ирэхэд Ганхуягийн толгойноос цус гарч байсан, Тэр залуугийн биед санаатай гэмтэл учруулаагүй, болгоомжгүй байдлаас болж гэмтэл учруулсан гэж бодож байгаа юм. Надаас хохиролтой холбоотойгоор мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, надад хохирсон талаар баримттай, баримтаа гаргаж өгвөл баримтын дагуу эмчилгээ хийлгэсэн талаарх хохирлыг барагдуулна, бусдаар би илүү мөнгө төгрөг өгч чадахгүй. /хх-ийн 47 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 63-69-р хуудас/

Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч С.Г, шүүгдэгч М.О нар нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Өмнөговь аймаг, Булган сум, Хавцгайт 3 дугаар баг, Улаан толгой гэх газарт С.Гтай худаг усны асуудлаас болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч М.О нь хохирогч С.Гийн толгойн тус газарт чулуугаар цохьсон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Гэрч Ц.Дгийн: ...Ганхуягийн толгойноос цус гарчихсан сүрхий юмнууд орж ирэхээр нь та хоёр гар хүүхэд айлгаад гэж хэлсэн. Ямар ч байсан манай хүргэний толгойноос цус гарчихсан хачин юм орж ирсэн. /хх-ийн 23-р хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Сүнжийгийн: Тэгээд удалгүй манай нөхөр Ганхуяг, саахалт айлын залуу болох О хоёр бие биеэ заамдсан байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд ховоогоо авах гээд тонгойход О нь толгой руу нь чулуугаар цохьсон гэж хэлсэн. /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Өлзийнасангийн : Гэрт манай ээж Д, дүү Сүнжий, Мөөгий ах бид хэд гэртээ байж байхад гаднаас Ганхуяг цус нөжөө гоожуулчихсан О тэр хоёр ороод ирсэн. ...Ганхуяг хэлэхдээ О намайг гэнэт толгой руу чулуугаар цохьсон гэж байсан. О нь танай хүргэн чинь ус харамлаад хэрүүл болсон гэж байсан. /хх-ийн 29 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Гийн эрүүл мэндэд биед зулайд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Өмнөговь аймаг, Булган сум, Хавцгайт 3 дугаар баг, Улаан толгой гэх газарт С.Гтай үл ялих зүйлээс болж маргалдан, чулуугаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч С.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд эм тарианы мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. 530.950 төгрөг нэхэмжилж байна....” гэх тайлбарыг гаргав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч М.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Гт хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан 42.000 төгрөг, эмийн сангаас эм хэрэгсэл авсан 75.960 төгрөг, замын зардлын 110.000 төгрөгийн баримтуудыг хохирол төлбөрт тооцох боломжтой гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 227.960 төгрөгийг шүүгдэгч М.Оаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Гт олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч С.Гт гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдох тул улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудын хэмжээнд буюу хохирогч С.Гийн нэхэмжлэлээс нийт 227.960 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч М.Оаас гаргуулан олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч М.О нь шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөх санал хүсэлтийг гаргаж, түр завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудаас автомашины сэлбэг буюу шарик авсан 50.000 төгрөг, дизель түлшний зардал 50.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн АИ-92 бензин авсан 10.990 төгрөг, 30.000 төгрөгийн баримтууд, 12 дугаар сарын 07-ны өдрийн АИ-92 бензин авсан 10.000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдрийн АИ-92 бензин авсан 60.000 төгрөг, 12 дугаар сарын 17-ны өдрийн АИ-92 бензин авсан 20.000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдрийн АИ-92 бензин авсан 20.000 төгрөг, 52.000 төгрөгийн баримтуудыг хохирол төлбөрт тооцох боломжгүй талаар улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтдаа дурдсаныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн ба гараар бичсэн баримтын мэдээлэл гэх хуудсууд /хх-ийн 66 дахь тал/, машин эвдэрсэнтэй холбоотой гарсан зардлууд, шатахууны зарим зардал зэрэг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй холбоогүй байх тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэн хохирогчийн нэхэмжлэлээс 302.990 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч М.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Оын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 49 дэх тал/, Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Засаг даргын тодорхойлолтод: М.О нь ам бүл 6 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 58-р хуудас/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59 дэх тал/, бүрэн бус дунд боловсролтой болох нь: Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод: М.О нь Цогт-Овоо сумын ЕБС-д 1995 онд элсэн суралцаж, 2003 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн нь үнэн болно /хх-ийн 60 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч М.О нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч М.О нь өөрийгөө өмгөөлж ...хохирогчийн төлбөрийг барагдуулсан. Энэ хүн дахиж янз бүр болохгүй байгаасай гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 227.960 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А овгийн М-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оаас 227.960 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч М.О нь биелүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Гийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 302.990 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч С.Гт 227.960 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА