Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Ц.Ц,

Өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Цд холбогдох 192800980056 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

Б овгийн Ц-ийн Ц;

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн Баянцагааны 23 тоотод оршин суух иргэн С.Я-ийн монгол гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар 32 инчийн Монел зурагт 1 ширхэг, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Ноён Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 2.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Цыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр М бид хоёр хамт явж байгаад нэг айл руу орж М зурагт, би  мөнгөн аягыг нь авч гараад мөнгөн аягийг нь нэг хүнд 50.000 төгрөгөөр өгч архи уусан. Тэгээд хоёулаа салж би аймаг руу замын унаагаар ирсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрт байсан Монелын зурагт 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, миний өвөөгөөс өв удам дамжиж ирсэн Ноён, Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга зэргийг хулгайд алдагдсан байна. Би одоогоос 1 жилийн өмнө 673.000 төгрөгөөр худалдан авч байсан Монелын, хар өнгийн 32 инчийн зурагт байсан. Шинэ цагийн мөнгөн аяга нь дунд гарын шинэ цагийн аяга байсан. Уг аягийг 150.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Ноён, Сэврэй хийцийн аяга нь бага гарын аяга байсан. Уг аяганд орсон мөнгөний орцыг би сайн мэдэхгүй байна. Манай өвөө Бүдээ гэж хүнээс манай ээжид өв залгамжилж ирээд манай ээжийг нас бархад надад өвлөгдөж ирсэн аяга байгаа юм. Энэ аяганы талаар манай эмээ мэдэх боловч нас 80 гарсан учир мэдүүлэг өгөх боломжгүй. Манай ээжийн төрсөн дүү Б гэж хүн энэ аяганы талаар мэдэж байгаа. Б нь Даланзадгад сумын төвд амьдарч байгаа. Миний зүгээс зурагт, шинэ цагийн мөнгөн аяганы үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяганы үнэлгээг тодорхой гаргуулж буруутай этгээдээр төлүүлмээр байна. Гэрийн баруун хойд талд байдаг авдрын хөндөлний дээд талд давхарлаж тавиад авдар түгжсэн байсан. Алдагдсан мөнгөн аяганы нэг нь үйлдвэрийн дунд гарын мөнгө аяга байсан, нөгөө нь Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга байсан. Тухайн үед эд зүйл алдсан гэдгийг мэдэхэд би Оюу толгой ХХК-д ажил дээрээ байсан. Тэгээд хэрэг гарсан гэдгийг мэдээд 3-аас 4 хоногийн дараа гэртээ очиж болсон зүйлийг харсан. Түүнээс хойш гэртээ хоёроос 3 хоноод буцаад ажилдаа ирээд 10 гаруй хонож байгаад буцаж гэртээ очсон. Тухайн гэрт эмээ болон дүү Бат-Итгэлийн хамт амьдардаг. Тухайн хоёр мөнгөн аягыг би мэддэг. Хэрэг гарах үед эмээ дүү хоёр Дархан хотод байсан. Зуны амралтаар тэнд байдаг. Хичээл орохоор л ирдэг учир надаас өөр тухайн мөнгөн аягийг тэнд байгаа гэдгийг мэдэх хүн байхгүй, захиран зарцуулах хүн байгаагүй. Би алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Түүнээс өөр гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй. /хх-ийн 31-32 дахь тал, 37 дахь тал/

Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд өөрийн нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Манай хадам эмээ Хорол овогтой Нанжид нь Баяндалай сумын төвд Баян баг Баянцагааны 23 тоот хашаанд өөрийн ач нарын хамтаар амьдардаг. 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед манай хадам эмээ Х.Н нь өөрийн хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот явахаасаа өмнө өөрийн гэрээ надад захиад эргэж тойрч байгаарай гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш би нэлээд хэдэн өдөр эргэж тойрсон. Тэр үед бүх юм бүрэн бүтэн байсан. Хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Эрдэнэбатын төрсөн дүү болох Я хадам эмээ Х.Н-ын гэрт Даланзадгад сумаас ирж хувцас хунараа тавьчихаад өдөртөө таксигаар буцаад явсан. Я-ийн хэлснээр тухайн үед гэр доторх бүх зүйлс хэвийн ямар нэгэн зүйл алга болоогүй бүрэн бүтэн байсан гэсэн. Яг хадам эмээгийн гэрт очсоноос хойш хадам эмээгийн гэрт хэн ч очоогүй. Харин 2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөөний 10 цагийн үед би хадам эмээгийн хашаанд очоод баруун талын гэрт нь орж юм авчихаад гарахдаа юмыг яаж мэдэх вэ гэж бодоод хадам эмээгийн гэрийг шалгахад хаалга нь бага зэрэг нээлттэй байсан. Тэгээд би гар утсаараа хашаан доторх зүйлсийн зургийг аваад гэрийн хаалга онгойлгоод харсан чинь гэрийн хойд талын тавиур дээр байсан зурагт алга байсан мөн баруун хойд талын хэсэгт байсан авдрын таг онгорхой байсан. Тэгээд би манай гэрт хулгай орсон байна гэж бодоод оройны 17 цаг өнгөрч байх үед сумын цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 39-40 дэх тал/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Одоогоос 2 жилийн өмнө 08 дугаар сарын үед байх өдрийг нь санахгүй байна. Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд хөдөөнөөс ирээд 2 хоног сумын төвд архи уусан байсан чинь Цтай таараад 1 шил архи авч уучихаад Ц нэг тийшээ явна гэж хэлж байсан. Тэгээд архиа уучихаад хамт яваад Баяндалай сумын баруун хойд байранд байдаг Нанжид гэж айлын гадаа нэг мэдсэн сууж байсан. Тухайн үед би ухаангүй согтуу байсан. Нэг мэдсэн миний баруун талын суганд том зурагт байсан. Тэгээд цааш болсон зүйлийг мэдээгүй. Нэг мэдсэн зүүн хойд байранд айлын хашааны гадаа унтаж байсан. Унтаж байгаад сэрэхэд нөгөө миний хажууд байсан зурагт алга болчихсон байсан. Миний хажууд архины шил, тамхины иш хүний гутлын мөр зэрэг байсан. Тэгээд би босоод хөдөө гэррүүгээ явсан. /хх-ийн 49 дэх тал/

Гэрч Д.Ё мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2010 оны 06, 07 сарын үед байх Ц гэж хүн манайд нэг хүнтэй мотоцикльтой ирээд хамт Булган сум руу ирсэн юм. Тэгээд Ц нэг мөнгөн аяга зарах гэж байгаа гэж хэлээд Булан сумын төвд худалдааны төвөөр явж байгаад нэг хүнд зарчихаад ирлээ гээд над дээр ирсэн. Би ямар хүнд мөнгөн аяга зарсан юм бэ гэж асуухад хажуугаар явж байсан хүнийг хараад тэр хүнд зарчихлаа гэж байсан. Тэр аяга зарсан гэх хүн нь Р.Т гэж хүн явж байсан. Тухайн үед би Цаас аяга хэдэн төгрөгөөр зарсан юм бэ гэсэн би 50.000 төгрөгөөр зарчихлаа гэж байсан. /хх-ийн 50 дахь тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 382 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 32 инчийн Монелын LCD зурагт 300.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, цагаан дун хуучны өв дамжиж ирсэн, тодорхойлох боломжгүй, нийт 420.000 төгрөг. /хх-ийн 62 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: мөнгөн аяга 2.200.000 төгрөг /хх-ийн 67 дахь тал/

Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1966 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. 1973-1980 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуульд сураад 7-р ангиа төгсөөд сургуулиас гарч нэгдэлд малчнаар ажилласан. Миний бие 1980-1990 оны хооронд нэгдлийн мал маллаж байгаад түүнээс хойш айлын мал маллаж байгаад 1999 онд хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээс 1 жилийн хорих ял авч уг ялыг Улаанбаатарт хорих ангид эдэлж дуусгаад Баяндалай сумандаа ирж мал маллаж амьдарч байгаад 2014 онд мөн хулгайн хэргээр 1 жилийн хорих ял авч ял эдэлсэн. 2020 онд мөн хулгайн хэргээр 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм. Надад эхнэр хүүхэд байхгүй би эхнэр авч үзээгүй. Одоо Даланзадгад сумын 7-р баг Оюутын 11-27 тоотод эгчийнхээ хамтаар амьдарч байгаа юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. 2019 оны 08 дугаар сард Б.М бид хоёр Баяндалай сумын төвд архи ууж явж байгаад Баяндалай сумын Баруун сайхан хороололд байх Н эгчийн хашаанд очих эгчийн гэр эзгүй цоожтой байхаар нь цоожийг нь М бид хоёр төмрөөр гөжиж онгойлгож ороод гэрийн хойморт байсан авдрыг би онгойлгоход дотор нь 1 ширхэг мөнгөн аяга байсан, түүнийг авсан. М авдар дээр байсан зурагтыг авсан. Тэгээд бид хоёр тэндээсээ гараад би аймаг явахаар болоод Мыг тэнд нь үлдээгээд явсан юм. Би замын унаанд сууж аймагт ирээд нөгөө аягаа Дундсайханы гудамжинд явж байгаад хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан юм. Би нэг л мөнгөн аяга авсан. Гар хийцний дунд гарын мөнгөн аяга байсан. Шинэвтэр аяга байсан. Миний хувьд бол 1 мөнгөн аяга авсан М зурагтыг нь л авсан юм. /хх-ийн 101-102 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дэх тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-28 дахь тал/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 112 дахь тал/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт /хх-ийн 111 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 115 дахь тал/

1999 оны 12 сарын 16-ны өдрийн 158 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 117 дахь тал/

Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 120-125 дахь тал/

2020 оны 10 сарын 13-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 126-132 дахь тал/

Хохирол нөхөн төлөх тохиролцооны гэрээ /2хх-ийн 06 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарт шүүх дүгнэлт хийж, хэргийн хүрээнд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн Баянцагааны 23 тоотод оршин суух иргэн С.Я-ийн монгол гэрт хууль бусаар нэвтэрсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд Б.Мтай таарч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн гэрч Д.Ё-ын: ...Ц нэг мөнгөн аяга зарах гэж байгаа гэж хэлээд Булан сумын төвд худалдааны төвөөр явж байгаад нэг хүнд зарчихаад ирлээ гээд над дээр ирсэн. /хх-ийн 50 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мын: ...Нэг мэдсэн миний баруун талын суганд том зурагт байсан. Унтаж байгаад сэрэхэд нөгөө миний хажууд байсан зурагт алга болчихсон байсан. /хх-ийн 49 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Х-ны: ...хадам эмээгийн гэрийг шалгахад хаалга нь бага зэрэг нээлттэй байсан. Тэгээд би гар утсаараа хашаан доторх зүйлсийн зургийг аваад гэрийн хаалга онгойлгоод харсан чинь гэрийн хойд талын тавиур дээр байсан зурагт алга байсан мөн баруун хойд талын хэсэгт байсан авдрын таг онгорхой байсан. /хх-ийн 39-40 дэх тал/ гэх мэдүүлэг

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Я-ийн: Манай гэрт байсан Монелын зурагт 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, миний өвөөгөөс өв удам дамжиж ирсэн Ноён, Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга зэргийг хулгайд алдагдсан байна. /хх-ийн 37 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр хохирогч С.Я-ийн гэрт шүүгдэгч Ц.Ц нь хууль бусаар нэвтэрч, зурагт, шинэ цагийн хийцийн мөнгөн аяга, Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга зэргийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байх ба энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Цыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохоор хуульчлаагүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ц нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч С.Я-ийн гэрт хууль бусаар нэвтэрч зурагт, шинэ цагийн хийцийн мөнгөн аяга, Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Ц нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/А дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол авагдсан ба уг тогтоолоор Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 903 дугаартай дүгнэлтийг үндэслэн яллагдагч Б.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Яд 2.620.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 382 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 117 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Түүнээс өөр гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй”. /хх-ийн 31-32 дахь тал, 37 дахь тал/ гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан “Хохирол төлбөр нөхөн төлөх гэрээ”-г үндэслэн төлөөгүй үлдсэн 2.200.000 төгрөгийн хохирол төлбөрөөс 1.100.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Цаас, 1.100.000 төгрөгийг яллагдагч Б.Маас тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Яд олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч С.Я нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрхтэй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ц нь 120.000 төгрөг, яллагдагч Б.М нь 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч болон хохирогч нар нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хохирол төлбөр нөхөн төлөх тохиролцооны гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд Эрүүгийн 1928001980056 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Ц миний бие хохирогч С.Яд учруулсан 1100000 /нэг сая нэг зуун мянга\ төгрөгийн хохирол төлбөрийг 2022 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хуваан төлж барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүгийн 1928001980056 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Б.М миний бие хохирогч С.Яд учруулсан 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуваан төлж барагдуулахаа илэрхийлж байна. Хохирогч С.Я миний бие дээрх хугацаанд хохирол төлбөрөө хуваан төлж барагдуулах тухай Ц.Ц, Б.М нарын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ц.Ц, Б.М бид ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрөө төлөх боломжтой болсон тохиолдолд тохиролцсон хугацаанаас өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хохирол төлбөрийг төлж барагдуулж болно. Энэхүү гэрээг бид өөрсдийн сайн дурын үндсэн дээр, гадны ямар нэгэн дарамт шахалтгүйгээр харилцан тохиролцож байгуулсан болно /2хх-ийн 06-р хуудас/ гэжээ.

Шүүгдэгч Ц.Ц, яллагдагч Б.М нар нь энэхүү гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон ба прокурорын тогтоолоор яллагдагч Б.Мын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй тул 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Хохирол төлбөр нөхөн төлөх тохиролцооны гэрээнд заасны дагуу хохирол төлбөрийг шүүгдэгч, ялдагдагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргуулж, гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Цын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих буюу 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн хохирол хор уршгаа нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилтод нийцүүлэн шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан …бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрт 120.000 төгрөгийг төлсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой “Хохирол нөхөн төлөх гэрээ” байгуулсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь “Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ.

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” тухай зохицуулалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж шүүхийн шатанд хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэв.

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

Улсын яллагч болон өмгөөлөгч нар нь шүүгдэгч Ц.Цын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг байнга оршин сууж байгаа болон хөдөлмөр эрхэлж байгаа газрын хаягт хориглолт, хязгаарлалт тавих эсэх талаар санал дүгнэлт гаргаж, мэтгэлцээгүй тул шүүхээс энэ талаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор тогтсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Яд 120.000 төгрөг, яллагдагч Б.М нь 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч Ц.Ц, яллагдагч Б.М нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ятэй хохирол төлбөр нөхөн төлөх тохиролцооны гэрээ байгуулсан, уг гэрээнд заасны дагуу шүүгдэгч Ц.Цаас 1.100.000 төгрөг, яллагдагч Б.Маас 1.100.000 төгрөг тус тус гаргуулан 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Яд олгохоор тогтсугай.
  7. Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА