Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: О.Б,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн О-ийн Б-т холбогдох 2228000000007 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Г овгийн О-ийн Б, .............................

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сумын Урт багийн ................. тоотод байх хохирогч Б.Т-гийн гэрт түүнтэй маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би нөхрийнхөө өөрийн гэртээ байж байхад манай нөхрийн эгч Гэгийн хамтран амьдрагч Б нь нэг шил архитай орж ирсэн. Тэрийгээ задлаад нөхөр бид хоёрт өгсөн. Өнөөдөр 100.000 төгрөгийн орлого хийлээ ойр зуурын юм ярьж сууя гэж хэлсэн. Би архи уухгүй гээд орондоо ороод амарч байхад намайг хамт суучих гэхээр нь би босож хамт суусан. Уг архи нь дуусч байсан. Дахин яваад 3 шил архи авч ирсэн. Тэр архиа уусан. Сүүлд авч ирсэн архиныхаа талыг нь бараг уусан байх. Б нь нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилж машин тэрэгтэй сэхлүүн байна, танай машинд чинь суухгүй, айл гэрийн амьдралд оролцож Г чи одоо наад хүүхнээсээ сал гэх мэтээр олон зүйл яриад байсан. Би хариу хэлэлгүй чимээгүй тэвчиж сууж байгаад доромжлоод байхаар нь уур хүрээд ширээн дээр байсан лаазтай самрыг аваад нүүр рүү нь цацсан. Тэгэхэд шууд миний баруун нүд рүү цохиж аваад зүүн шанаа хэсэг рүү алгадаж нэлээд хэдэн удаа нүүр дух, нүдний орчим руу цохисон. Тэгэхэд манай нөхөр дундуур орж салгасан. Тэгээд манай нөхөр намайг өмөөрч бас Б-тай хэрүүл маргаан хийж гэрээсээ зайл гээд хөөж явуулсан. Б гэрээс явахдаа Гэг авч явсан. Одоо миний баруун зүүн 2 нүд хөхөрсөн, духны баруун хэсэг хавдсан, баруун нүдний дээд зовхи шалбарсан шархтай, зүүн талын хацар уруулын зүүн дээд хэсэгт хавдсан байгаа, одоо өвчинтэй хөндүүртэй байна... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний эмчилгээний зардалд 150.000 төгрөг бэлнээр өгч намайг гомдол саналгүй болгосон.” /хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал/

Гэрч Э.Гэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би нөхөр Б-тай, өөрийн төрсөн дүү болох Г түүний эхнэр Т нартай гэрт нь юм яриад хоол унд идэж байгаад архи уусан. Тухайн үед 0,75 литртэй архи задалж уусан. Би тухайн үед уг архинаас ууж байгаад согтоод хүүгийнхээ хажуугаар ороод түрүүлж унтсан. Тэнд Т, Г, Б нар архи уунгаа юм яриад сууж байсан. Би 1 цаг гаруй унтсан байх хүмүүсийн хашхираад орилолдох чимээгээр сэрсэн. Тэгэхэд тэр 3 хоорондоо маргалдсан шинжтэй байсан. Манай дүү Г гэрээс зайл энэ тэр /тухайн үед юу гэж хэлснийг нь санахгүй байна/ гэрээс хөөхөөр нь би очих газаргүй биш явлаа гэж хэлээд өөрийн хүү Баыг аваад Б бид 2 компьютер засвар хийдэг газраа очиж хоносон. Би тухайн үед тэр гуравтай 2 шил архи ууж байгаад согтоод унтсан. Намайг унтсанаас хойш тэр 3 хэдийг нэмж уусан талаар мэдээгүй. Би уг өөрийнхөө нөхөр болох хүнийг дүүтэйгээ танилцуулж хоол унд идэж архи задалж уусан юм. Хэн нь юунаас болж хэрүүл маргаан хийснийг мэдээгүй. Тухайн үед Г согтуудаа л намайг хөөсөн байх, бид нарын дунд хэрүүл маргаантай асуудал байхгүй.” /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би өөрийн эхнэр Т, өөрийн төрсөн эгч Гэ, Гэгийн хүү Б /5 настай/ нартай хамт байж байхад Гэ эгчийн хамтран амьдарч байгаа Б гэх залуу нэг шил архи аваад гэрт орж ирсэн. Бийн авч ирсэн 0,75 литрийн архийг Б өөрөө задлаад надтай хамт уусан. уг архиа ууж дуусаад Б-тай хамт дэлгүүрээс нэг шил архи авч гэртээ ирж уусан. Уг архинаас манай эхнэр, эгч хоёрт өгсөн. Тэр 2 архинаас уусан, авч ирсэн архи дуусахаар нь дахиж гарч дэлгүүрээс 0.75, 0,5 литрийн багтаамжтай “Ерөөл” архи авсан. Эхлээд 0,75 литрийн архийг бид 4 хамт уусан ба 0.75 литрийн багтаамжтай “Ерөөл” архийг дуусгаад Гэ хүүхдийнхээ хажуугаар ороод унтсан. Бид гурав 0,5 литрийн “Ерөөл” архийг ууж эхэлсэн. Тэр үед бид нар бүгд согтчихсон байсан ба манай эхнэр Б-тай юм яриад сууж байсан. Б нь согтчихоод манай эхнэрийг гадуур дотуур ямар их явдаг юм айлын эмэгтэй хүн байж ингэж болохгүй гэх мэт зүйлс яриад байсан. Сүүлдээ энийгээ зайлуул гээд манай эхнэрийг хэлсэн. Тухайн үед нь манай эхнэр уурлаж хэрэлдэж уурандаа Б руу ширээн дээр байсан лаазтай самрыг аваад нүүр рүү нь шидэхэд Б нь зөрүүлээд манай эхнэрийг гараараа алгадаж авсан. Тэгэхэд нь манай эхнэр чи бас Гэг ингэж зоддог уу гэхэд Б гараараа манай эхнэрийг цохиж авсан. Тэр үед манай дүү Ба нь сэрээд уйлсан. Тэгэхээр нь би дүүгээ очиж авч аргадаж нүдийг нь дарсан /тухайн хэрүүл маргааныг харуулахгүй гэж/ Тэгээд удаагүй байхад манай эхнэр над дээр ирээд хүн зодож байхад намайг хамгаалсангүй гэж уурласан. Тэр үед би эхнэрийг тэвэрч авахад намайг цохих гээд байсан. Би эхнэрийг тэврээд үүд рүү явж байгаад таварцаглаж унасан. Хүүхдийн хажууд хэрэлдэж муудалцаад яахав гээд үүд рүү гарч байгаад унасан. Тэгээд гадаа гарахад Б нь гэрээс гарч ирсэн. Тэгэхэд нь би Б руу манай эхнэрийг зодлоо гэж уурласан. Тэгэхэд манай эхнэр намайг аваад одоо яахын боль гээд гэр рүү авч орсон. Гэ нь сэрчихсэн байсан. Би уурлаж Бийг гэрээс зайл гэж хөөсөн. Гэ нь хүүгээ аваад Б-тай хамт өөрсдийн байр руугаа явсан. Тэгээд би эхнэртэйгээ унтаж амарсан. Өглөө сэрэхэд манай эхнэрийн нүүр нүд нь хавдсан хамарнаас нь цус гарсан байсан.” /хавтаст хэргийн 18 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Т-гийн биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Б.Т-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Т-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Гэтай 2021 оны 06 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Цогтцэций сумаас Гурвантэс суманд 2021 оны 10 дугаар сард ирж гэрэл зурагчнаар ажиллаж эхэлсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны орой ажлаа дуусгаад Гэгийн төрсөн дүү Г болон түүний эхнэр Т-той дотно танилцах зорилгоор нэг шил архи байсныгаа аваад гэрт нь очсон. Гэ хүүтэйгээ тэнд хамт байсан юм. Бид 4 хамт сууж юм ярингаа миний авч очсон архийг уусан. Түүний дараа Г бид 2 дэлгүүрээс эхлээд хоёр шил архи аваад тэрийгээ бид нар уусан. Хэрүүл маргаан болох үед Гэ нь хүүхэдтэйгээ унтаж байсан. Тухайн үед бид нар бүгд согтчихсон байсан. Хэт их согтсоноос болоод хоорондоо маргалдаж муудалцаж нэгнийхээ биед халдсан. Би тухайн үед Т-гийн биед халдсан юм. Би тухайн үед хэрүүл маргаан болоход Т-гийн нүүр нь алгадаж дараа нь гараараа цохиж авсан... Би Т-д хохирлын 150.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулж бид нар харилцан тохирч эвлэрсэн байгаа.” /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 44 дэх тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Т, шүүгдэгч О.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сумын Урт багийн ................. тоотод байх хохирогч Б.Т-гийн гэрт түүнийг хэл амаар доромжилсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Т-гийн баруун нүд рүү цохиж, зүүн шанаа хэсэг рүү алгадаж, хэд хэдэн удаа нүүр дух, нүдний орчим руу цохисон үйл баримт тогтоогдож байна.  

Тодруулбал: Хохирогч Б.Т-гийн: ...Шууд миний баруун нүд рүү цохиж аваад зүүн шанаа хэсэг рүү алгадаж нэлээд хэдэн удаа нүүр дух, нүдний орчим руу цохисон.  /хавтаст хэргийн хавтаст хэргийн 8-9 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Г-ын: ... Б нь согтчихоод манай эхнэрийг гадуур дотуур ямар их явдаг юм айлын эмэгтэй хүн байж ингэж болохгүй гэх мэт зүйлс яриад байсан. Сүүлдээ энийгээ зайлуул гээд манай эхнэрийг хэлсэн. Тухайн үед нь манай эхнэр уурлаж хэрэлдэж уурандаа Б руу ширээн дээр байсан лаазтай самрыг аваад нүүр рүү нь шидэхэд Б нь зөрүүлээд манай эхнэрийг гараараа алгадаж авсан. Тэгэхэд нь манай эхнэр чи бас Гэг ингэж зоддог уу гэхэд Б гараараа манай эхнэрийг цохиж авсан. /хавтаст хэргийн 18 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.    

Шүүгдэгч О.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сумын Урт багийн ................. тоотод байх хохирогч Б.Т-гийн гэрт түүнтэй маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний эмчилгээний зардалд 150.000 төгрөг бэлнээр өгч намайг гомдол саналгүй болгосон./хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал/ гэснээр шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Б-ийн хувийн байдал нь .... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-д 150.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн О-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-д 150.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА