Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: А.Амгалан,

Өсвөр насны шүүгдэгч: Д.Б,

Өмгөөлөгч: Н.Гарьдхүү,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Д-ийн Б-д холбогдох 2128000000157 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Д овгийн Д-ийн Б, ....................

Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ..............................тоотод орших гэрт Э.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд тархины доргилт, дух зүүн шанаа чихний дэлбээ, хүзүү, баруун гуя, шилбэ зүүн өвдөг шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өсвөр насны шүүгдэгч Д.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд: 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө найз охинтойгоо байж байгаад гэрт нь хүргэж өгөх гээд таксинд суулгаад явуулсан. 1 цагийн орчимд найз охин маань намайг гэрт хүргэж өгөөч гэхээр нь маргаан үүсэж магадгүй гэж бодоод хоёр найзаа аваад явсан, очоод маргаан үүссэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой намайг гэртээ унтах гээд хэвтэж байхад урьдын танил “Na Ni” гэсэн фейсбүүк хаягтай охиноос 4 удаа чатаар залгасан байхаар нь би эргүүлээд яасан гээд чат бичсэн чинь таксины дугаар байна уу гээд хариу бичихээр нь байхгүй гэж гэж хэлээд би такси олоод очих уу гэсэн чинь тэг гэхээр нь би гэрээс гарч гүйгээд 3 дугаар 10 жилийн баруун талаас такси аваад тэр охины утас руу нь залгасан чинь .............................. тоотод хүрээд ир гэж хэлсэн. Би тэр хаягийг нь олохгүй Өмнөговь дэлгүүрийн гадаа байна гэсэн чинь наанаа байж бай гэж хэлсэн. Удалгүй тэр охин хүрээд ирсэн. ...Тэгээд манай гэрийн гадаа очоод би машины хаалга нээж өгөөд бид хоёр буугаад манай гэрт орсон. Манай гэрт ороод би нөгөө охинтой жоохон юм ярьж сууж байгаад үнсэлцсэн. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Би гэрээс гараад таксины ахад мөнгийг 2 ширхэг тамхитай өгчихөөд гэрт орох хойгуур нөгөө охин найз залуудаа байгаа газраа хэлсэн байсан юм шиг байгаа юм. Би гэрт орж ирээд нөгөө охиноо орон дээр суулгаад үнссэн чинь өөдөөс үнссэн. Тэгээд бид 2 бэлгийн харьцаанд орсон. Тэр охин ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй зөвшөөрсөн. Бид хоёрыг нүцгэн байж байхад гаднаас найз залуу Б гээд дуудаад байдаг залуу орж ирээд миний нуруун дээр гараараа цохиод авахаар нь би гэрээс гараад зугтааж яваад хэсэг хугацааны дараа гэрийн хашаанд ороод хажуу айлдаа орсон чинь Б, нөгөө охин, манай дүү Аз нар сууж байсан. Би гэрээс нь гараад гэртээ орсон чинь Б гэж залуу араас орж ирээд намайг олон удаа гараараа цохиж авсан. Араас нь 2 танихгүй залуу орж ирээд хараад сууж байсан. Б миний цээж, гар хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд байж байхад манай эгчийн хүүхэд Аз гэрт ороод ирэхээр нь би эмнэлэг, цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан. Удаагүй цагдаа нар ирээд, эмнэлгийн машин ирээд намайг аваад явсан. ...Миний бие одоо эрүүл байгаа. Тухайн үед шалбарсан шарх бүрэн эдгэрсэн надад Б-тай холбоотой нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид 2 эвлэрсэн байгаа.” /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Гэрч Б.Аз мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... би хаалгаа онгойлгоод гараад очсон чинь А ах гэрээсээ гараад хашааны хойд хаалгаар гараад зугтаагаад явж байгаа харагдсан. Араас нь 3 залуу гүйгээд явж байгаа харагдсан. Би эргэж гэртээ орж ирээд цагдаагийн дугаар руу залгаад манай ахыг залуучууд ирээд зодоод байх шиг байна гэж хэлсэн. Тэгсэн удаагүй цагдаа хүрээд ирсэн. Тэр үед манай ах байхгүй нөгөө 3 залуу нь ирчихсэн байсан. Нөгөө залуучуудын нэг нь би энэ хүнтэй үл ойлголцоод тэгсэн чинь нөгөө залуу гараад зугтаагаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа надтай уулзаад ахыгаа хүрээд ирвэл дахин залгаарай гэж хэлээд яваад өгсөн. Би гэрээс гараад ахыг хайгаад нэг хэсэг гудамжаар явсан чинь олдохгүй байсан. Эргээд гэртээ ирсэн чинь ах гэртээ ирчихсэн зодуулсан байдалтай хэвтэж байсан. Би гэрт ороод юу болсон юм бэ, яагаад энэ хүмүүс таныг зодож байгаа юм бэ гэсэн чинь ах юм дуугарахгүй байсан. Тэгж байхад гаднаас 1 өндөр залуу орж ирээд ахын гэрийн зуухыг өшиглөөд түлхэж унагаасан. Дараагаар хөргөгчийг нь урагш татаад унагаасан... Би бодохдоо тэр өндөр залуугийн найз охинтой манай ах уулздаг юм шиг байна лээ. Түүнийг нь тэр өндөр залуу мэдээд хардаж ирээд зодсон юм болов уу л гэж бодсон юм. Би тэр охиноос юу болоод байгаа юм бэ гэхэд юу ч дуугарахгүй байсан бөгөөд чи энд яаж ирсэн юм бэ чаталж байгаад ирсэн юм уу гэсэн чинь толгой дохиж байсан. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад найз банди болох Б-н гэр рүү алхаж очсон юм. Тэгээд Б бид хоёр тэдний гэрт байж байгаад 00 цаг өнгөрөөгөөд гэртээ харихаар болоод таньдаг ах А-тай дуудлага хийж холбогдож хаана байгааг нь асуухад гадуур алхаж байна гэхээр нь та такси авч ирээд намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн удалгүй А хүрээд ирлээ гэж хэлэхээр нь би гэрээс гарахад А нэг такситай ирсэн байсан бөгөөд би таксинд суухад А ах жолооч хоёр байсан. Тэгээд намайг машинд суухад хаана хүрэх вэ гэхээр нь Зүүн сайхан 7а-49 тоотод очно гэсэн чинь А хоёулаа манайд очъё гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэртээ очно гэсэн. Тэгээд баруун сайхан 7-27 тоот хашаа буюу А ахын гэрийн гадаа очоод буусан. Бид хоёр яваад А-ын гэрт орсон. А-ын гэрт орчихоод би одоо харилаа дүү нар дуудаад байна гэж хэлсэн. Тэгсэн А такси 10 минутын дараа ирнэ гэж хэлээд нөгөө таксины жолоочид тамхи өгөөд ирнэ гээд гараад явсан. Тэр хооронд нь би найз банди Б-гаа .............. тоотод хүрээд ирээ би энд ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд байж байхад А гэртээ ороод ирсэн. А бид хоёр юм ярьж сууж байгаад бэлгийн харьцаанд орсон. Бид хоёрыг бэлгийн харьцаанд ороод байж байхад Б гаднаас ороод ирсэн. Тэгээд Б А-ыг 2-3 удаа цохиод авсан чинь А гараад зугтаасан. Б араас нь хөөж байгаад эргээд ирсэн. Тэгээд Б ирэхдээ 2 найзтайгаа хүрээд ирсэн юм. Б бид хоёр, хоёр найзынх нь хамтаар хажуу талд нь ороод байж байхад гаднаас А ороод ирсэн. Б бид нарыг хажуу талын гэрт байгааг мэдчихээд А өөрийнхөө гэр рүү гүйгээд орсон. Гэрт юу болсныг мэдээгүй би хажуу талын гэрт нь нэг эгчийн хамтаар байж байхад Б орж ирээд намайг таксигаар гэрт хүргэж өгчихөөд явсан юм. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би найз Б-той хамт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой Нисэх хороололд байдаг \хаягийг нь сайн мэдэхгүй байна\ эгч Ундармаагийн гэр байж байсан чинь 00 цаг өнгөрч байх үед Б гадаа ирээд над руу утсаар яриад гэрийн чинь гадаа ирчихлээ. Ба та 2 гараад ир гэхээр нь бид 2 гараад очсон чинь Баруун сайханд манай найз охиныг нэг залуу дагуулаад явсан байна гээд бид 3 Баруун сайхан хороололд очоод Б нэг айлын хашаа руу дагуулаад орсон. Хашаанд 3 гэр байсан. Бид 3 хамгийн баруун талын гэрт орсон чинь С гэж Б-н найз охин гэрийн зүүн талын орон дээр нэг танихгүй залуутай нүцгэн хэвтэж байсан чинь Баярсайхан очоод тэр залуугийн нүүрний хэсэгт нь нэг удаа цохиод авсан чинь нөгөө залуу хувцасгүй гараад зугтахаар нь Б бид 2 араас нь хайгаад гадуур явсан чинь тэр залуу олдоогүй. Хэсэг явж байгаад эргээд ирэх үед Б анх байсан гэрт нь зодож байхаар нь бид 2 салгасан. Тэгээд Б зүүн талын гэрт байсан найз охин Сийг гэрт нь хүргэж өгөх гээд дагуулаад явсан. Б-г явсан хойгуур зүүн гэрт байсан нэг эгч орж ирээд бид 3 нөгөө зодуулсан залууг орон дээр гаргаад хэвтүүлчихээд байж байсан чинь Б найз охиноо хүргэж өгчхөөд эргээд ирсэн чинь нөгөө зүүн талын гэрт байсан эгч цагдаад дуудлага өгсөн байсан. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой найз М-тай хамт Нисэх хороололд байдаг М-рын эгч гэх айлд унтаж байсан чинь 00 цаг өнгөрч байх үед Б миний утас руу яарсан шинжтэй гараад ирээч гэхээр нь М бид 2 гараад очсон чинь Б манай найз охиныг нэг залуу гэртээ авч очоод гэрээсээ гаргахгүй байх шиг байна. Хамт явъя гээд бид 3 хамт яваад Баруун сайханд ............... тоот хашаанд ороход 3 гэр байсан. Хамгийн баруун талын гэрт Б түрүүлээд орсон. Бид 2 араас нь орсон чинь С гэж Б-н найз охин гэрийн зүүн талын орон дээр нэг танихгүй залуутай нүцгэн хэвтэж байсан чинь Б очоод тэр залуугийн нүүрний хэсэг, гар, мөрний хэсэгт нь цохиод авсан чинь нөгөө залуу хувцасгүй гараад зугтахаар нь М бид 2 араас нь хайгаад гадуур явсан чинь тэр залуу олдоогүй. Хэсэг явж байгаад гэртээ эргээд ирсэн. Б нөгөө залууг зодсон байдалтай нөгөө залуу гэрийн зүүн талд хэвтэж байсан. Тэгээд Б С-ийг гэрт нь хүргэж өгөх гээд дагуулаад явсан. Б-г явсан хойгуур нөгөө залууг гэрийн зүүн талын орон дээр хөнжил нөмрүүлээд хэвтүүлсэн. Удалгүй Б эргээд ирсэн чинь нөгөө зүүн талын гэрт байсан эгч цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд бид гэр гэртээ очсон. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.А-ын биед тархины доргилт, дух, зүүн шанаа, чихний дэлбээ, хүзүү, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 34 дэх тал/

Өсвөр насны шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Даланзадгад сумын Нисэх хорооллын .................. тоотод байж байхад найз охин С ирж байж байгаад 00 цагийн үед гэртээ харих гээд манай ах ирж авна гээд нэг хүн таксигаар ирж авсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз охин С над руу чат бичээд Баруун сайханы ............. тоотод байна. Намайг ирээд аваач гэхээр нь гэрээс гарч яваад замдаа найз М, Б нарыг аваад Баруун сайхны .............. тоот хашаад ороход 3 гэр байсан. Хамгийн баруун талын гэрт орсон чинь манай найз охин С нэг танихгүй залуутай гэрийн зүүн талын орон дээр хувцасгүй нүцгэн байж байхаар нь би очоод нөгөө залууг барьж аваад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиод авсан. ...Бид ороод хэсэг хугацааны дараа нөгөө манай найз охинтой байсан залуу орж ирж хаалгаар харчихаад гараад гэртээ орохоор нь би араас нь дагаж ороод тэр залууг 3, 4 удаа нүүрэн тус газар нь цохиж авсан. Нөгөө залууг орон дээрээс нь татаж унагаад хөлөөрөө цээжин тус газар нь 2 удаа өшиглөж авчихаад байж байхад нөгөө айлын эгч орж ирээд боль юу болоод байгаа юм гэсэн. Тэр үед миний 2 найз болох М, Б нар тэр манай найз охинтой хамт байсан залууг хайж явж байгаад ороод ирсэн. Манай 2 найз тэр айлын эгчтэй хамт манай найз охинтой байсан залууг хараад үлдсэн. Би С-ийг гэрт нь хүргэж өгчихөөд эргээд очсон чинь миний зодсон залуу амьсгаа авч чадахгүй байна цагдаа дууд гэсэн. Нөгөө айлын эгч цагдаа дуудсан. Бид тэгээд тарсан. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/

Өмнөговь аймгийн Политехник коллежийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 237 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 50 дахь тал/

Нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 57 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:  

Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ..............................тоотод орших гэрт Э.А-ыг найз охинтой нь унтсан гэх шалтгаанаар маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Э.А-ын нүүрэн тус газар болон цээж, гар хэсэг рүү нь өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.   

Тодруулбал: Хохирогч Э.А-ын: ... Б гээд дуудаад байдаг залуу орж ирээд миний нуруун дээр гараараа цохиод авахаар нь би гэрээс гараад зугтааж яваад хэсэг хугацааны дараа гэрийн хашаанд ороод хажуу айлдаа орсон чинь Б, нөгөө охин, манай дүү Аз нар сууж байсан. Би гэрээс нь гараад гэртээ орсон чинь Б гэж залуу араас орж ирээд намайг олон удаа гараараа цохиж авсан. Араас нь 2 танихгүй залуу орж ирээд хараад сууж байсан. Б миний цээж, гар хэсэг рүү өшиглөсөн. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/ гэх мэдүүлэг,  

Гэрч Б.Аз-гийн: ...Би гэрээс гараад ахыг хайгаад нэг хэсэг гудамжаар явсан чинь олдохгүй байсан. Эргээд гэртээ ирсэн чинь ах гэртээ ирчихсэн зодуулсан байдалтай хэвтэж байсан... Би бодохдоо тэр өндөр залуугийн найз охинтой манай ах уулздаг юм шиг байна лээ. Түүнийг нь тэр өндөр залуу мэдээд хардаж ирээд зодсон юм болов уу л гэж бодсон юм. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ө.Сийн: ...А бид хоёр юм ярьж сууж байгаад бэлгийн харьцаанд орсон. Бид хоёрыг бэлгийн харьцаанд ороод байж байхад Б гаднаас ороод ирсэн. Тэгээд Б А-ыг 2-3 удаа цохиод авсан чинь А гараад зугтаасан. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Х.М-ын: ...Бид 3 хамгийн баруун талын гэрт орсон чинь С гэж Б-н найз охин гэрийн зүүн талын орон дээр нэг танихгүй залуутай нүцгэн хэвтэж байсан чинь Баярсайхан очоод тэр залуугийн нүүрний хэсэгт нь нэг удаа цохиод авсан чинь нөгөө залуу хувцасгүй гараад зугтахаар нь Б бид 2 араас нь хайгаад гадуур явсан чинь тэр залуу олдоогүй. Хэсэг явж байгаад эргээд ирэх үед Б анх байсан гэрт нь зодож байхаар нь бид 2 салгасан. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Т.Б-ын мэдүүлэгт: ...Бид 2 араас нь орсон чинь С гэж Б-н найз охин гэрийн зүүн талын орон дээр нэг танихгүй залуутай нүцгэн хэвтэж байсан чинь Б очоод тэр залуугийн нүүрний хэсэг, гар, мөрний хэсэгт нь цохиод авсан чинь нөгөө залуу хувцасгүй гараад зугтахаар нь М бид 2 араас нь хайгаад гадуур явсан чинь тэр залуу олдоогүй. Хэсэг явж байгаад гэртээ эргээд ирсэн. Б нөгөө залууг зодсон байдалтай нөгөө залуу гэрийн зүүн талд хэвтэж байсан. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд тархины доргилт, дух, зүүн шанаа, чихний дэлбээ, хүзүү, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн бугалга, гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34 дэх тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ..............................тоотод орших гэртээ Э.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан эрүүл мэндэд тархины доргилт, дух зүүн шанаа чихний дэлбээ, хүзүү, баруун гуя, шилбэ зүүн өвдөг шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Бтай холбоотой нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид 2 эвлэрсэн байгаа./хавтаст хэргийн 14-15 дахь тал/ гэснээр өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Өсвөр насны шүүгдэгч Д.Б-гийн хувийн байдал нь ....................... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.-Бд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Д.Б-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болон шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэцэгжаргал нарт даалгаж шийдвэрлэв.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 192.1-д заасан ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.” гэж заасны дагуу энэхүү ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах болохыг дурдах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Б-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Б-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болон шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц нарт даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах болохыг дурдсугай.  

5. Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА