Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.А,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Д.З,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн А-д холбогдох 2128000000132 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Б овгийн Б-ийн А, ................................  

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, .......................... тоот хашааны гадна хохирогч Д.З-ыг түлхэж унагааж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, зүүн хацар, баруун гарын алга, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.А-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай гадаа очоод хүнтэй барьцалдаад зодолдоод байхаар нь болиоч гэж 2, 3 удаа салгасан. Тэгээд дахиад барьцалдаж аваад байхаар нь дундуур нь ороод салгах гэж байхад миний мөр хэсэг рүү цохиод тийрч унагасан. Би унахдаа баруун гартаа тулж унасан. Унахад миний гарт утас байсан. Миний утасны дэлгэц хагарсан. Нүүрний зүүн тал тэр чигээрээ урагдсан байсан. Би 10 хоног ажлаа хийж чадаагүй. Би үйлчилгээний газар ажилладаг. Гэтэл миний нүүр хавдаж нүүрний нэг тал урагдсан байдалтай байсан. Ажилгүй байсан хугацааны зардал 500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үед шүүгдэгч надад эмчилгээний зардалд 250,000 төгрөг төлсөн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой Даланзадгад сумын 8 дугаар баг .......................... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамтаар унтаж байхад манай гэрийн гадаа хэдэн эмэгтэйчүүд хашхиралдаад байсан. Тэр дунд нь манай охин дүү З-ийн дуу нь гараад байхаар нь юу болдог юм бол гээд гэрээс гараад ирэхэд манай урд талын үсчингийн байрны довжоон дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зууралдаад нэг нэгнийгээ янз бүрийн үгээр хэлж байсан. Тухайн үсчингийн байранд манай төрсөн дүү З байдаг бөгөөд би дүүгийн гэрт орох гээд тухайн үсчингийн хаалганы довжоон дээр гараад нөгөө зууралдаж байгаа хоёрыг та хоёр болиоч одоо эндээс яв гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу тэндээс явах гээд үсчингийн үүдний довжооноос буугаад явсан. Тэгэхээр нь би тэнд байсан эмэгтэйг чи одоо явж амар гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй явах гэж байсан чинь нөгөө довжоон дээр байсан залуу эргэж үсчингийн үүдний довжоон дээр гараад ирэхээр нь чи одоо яваач дээ яах гэж эргэж ирээд байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу намайг зүүн гараараа хүзүүний ар шил рүү цохиж авсан. Тэгэнгүүтээ шууд тийрээд унагасан. Би тэр залууд тийрүүлж унахдаа довжоон дээрээс газар унасан. Газар унахдаа өвдөг, нүүрээрээ унасан, мөн баруун гараараа газар тулж унасан юм. Би газар унаад босч ирээд чамайг цагдаад хэллээ гээд цагдаагийн газрын дугаар руу залгасан чинь нөгөө залуу зүүн тийшээ гүйгээд явчихсан. Цагдаа удаагүй хүрээд ирсэн боловч нөгөө залуу зугтаагаад явчихсан байсан. Тэгсэн цагдаа нар эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Түүний дараа гэртээ ирж амарсан. Би довжоон дээрээс унаж баруун гарын бугуй хэсэгт зөөлөн эдийн гэмтэл авсан, мөн зүүн нүд хөхөрч хавдаж хөмсөг болон бусад хэсгээр зулгарсан. Зүүн өвдөг зулгарч гэмтэл үүссэн. Одоо биеийн байдал нэг л зовуурьтай байна. Миний эмчилгээний зардал гэж надад хохирол учруулсан залуу 250.000 төгрөг миний дансанд хийж өгсөн. Миний нүүр хавдаж, хөхөрсний улмаас ажилдаа явж чадалгүй ажлын 10 хоног гэрээр байсан. Энэ хугацаанд цалингүй байсан ба би энэ хугацааны цалингаа нэхэмжилж байна. Миний өдрийн цалин 50.000 төгрөг байдаг. Ингээд нийт 500.000 төгрөг болж байгаа юм. Би энэ хүнээс 500.000 төгрөг нэхэмжилж байна.” /хавтаст хэргийн 09-10, 13 дахь тал/

Гэрч Ж.Одбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “З-ийн найз гээд А гэх залуу гаднаас архи, пивотой орж ирсэн. Бид нар авч ирсэн архи, пивийг уугаад сууж байсан чинь Түвшинтөр, А нар хоорондоо маргалдаад байсан. Тэр үед Г гэдэг залуу гадуур хашхичаад яваад байсан. Тэгж байхад А, Түвшинтөр нар маргалдаад найзын салоноос гараад үүдний довжоон дээр байж байхад З-ийн эгч нь З хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг тарцгаа гэх мэт зүйл хэлээд гадаа шатны довжоон дээр зогсож байхад А хажуунаас нь түлхсэн үү яасан мэдэхгүй нөгөө эгч газар унаад өгсөн. Тэгсэн удаагүй З эгч нүүр, духны хэсэгтээ шалбарсан байдалтай босоод ирсэн. Нөгөө эгч цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа ирсэн, ийм зүйл болсон. Цагдаа ирэхэд А алга болчихсон байсан.” /хавтаст хэргийн 17 дахь тал/

Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай эгч салон руу орох гэж байхад нь А шатны довжоон дээрээс жийгээд унагах шиг болсон. Эгч ёолоод газар хэвтэж байсан. Тэгээд манай эгч босоод цагдаад дуудлага өгсөн юм.” /хавтаст хэргийн 19 дэх тал/

Гэрч М.Түвшинтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байхад найз Одбаяр залгаад З-ийн салон дээр пиво аваад ир гэхээр нь би 6 ширхэг лаазтай пиво аваад ирсэн. Намайг З-ийн салон дээр ирэхэд салон дотор З, Одбаяр хоёр байсан, өөр хүн байгаагүй бөгөөд бид гурав миний авч ирсэн пивийг ууцгаасан. Тэгээд байж байхад З би нэг найзыгаа дуудчихлаа гэсэн удаагүй тэр А гэх залуу хүрээд ирсэн. Тэр залуу архи, пивотой ирсэн. Бид нар тэгээд пиво, архи уугаад сууж байхад гадаа нэг согтуу залуу ирчихээд З-ийн гэрийн хаалгыг нүдээд байсан. Тэгсэн чинь З энэ залуу Г гэдэг юм. Манай дүү охины найз залуу нь байгаа юм. Манай дүү охин гэртээ байхгүй байгаа тэгээд энүүгээр эргэлдээд байгаа юм гэж хэлсэн. Тэр гадаа байсан залуу хөл дээрээ тогтохгүй согтуу байгаад байсан бөгөөд Одбаяр энэ залуу ингэж явж байгаад хөлдөөд үхэх эсвэл хүн амьтанд зодуулчих вий миний найз аргалаад цагдаа дээр хүргээд өгчих гэхээр нь би гараад нөгөө залууг аваад цагдаагийн газар руу дагуулаад явж байсан чинь нөгөө залуу гүйгээд яваад өгсөн. Тэгээд эргэж гүйгээд нөгөө З-ийн гэрийн хаалга нь дээр очсон. Тэгэхээр нь би тэр залууг тэнд нь орхичихоод З-ийн салонд орсон чинь нөгөө А гэдэг залуу над руу гөлгөө угаадсаа өөрөө долоохгүй юу гэж хэлсэн. Бид хоёр муудалцаж, хэрэлдээд чи зайл би зайл гээд байж байхад А намайг түлхээд салоноос гаргасан. Тэгэхээр нь би хаалгыг нь нүдээд байж байхад З-ийн эгч нь хүрээд ирсэн. Тэгээд та нар болиоч ямар сонин юм бэ гэж хэлсэн. Тэр үед А гараад ирсэн. Тэр хоёр бас маргалдаж байхад А нөгөө эгчийг тийрчихсэн чинь нөгөө эгч шатны довжоон дээрээс унаад өгсөн. Тэгээд босоод ирэхдээ нүүр нь халцарчихсан байдалтай босоод ирсэн. Тэр эгч цагдаад дуудлага өгсөн, удаагүй цагдаа нар ирэхэд А зугтаачихсан байсан, ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 21 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Д.Зын биед тархины доргилт, дух, зүүн хацар, баруун гарын алга, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой найзуудтайгаа уулзаад байж байхад үсчин З гэдэг эмэгтэй ажил дээрээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь үсчингийн газар дээр нь найз Маргадын хамтаар очсон. Намайг З-ийн ажил дээр ирэхэд З хоёр эмэгтэйтэй пиво уугаад сууж байсан. Маргад намайг хүргэж өгчихөөд буцаад яваад өгсөн. Би тэр эмэгтэйчүүдтэй нийлээд пиво, архи ууцгаасан. Бид нарыг архи, пиво уугаад сууж байхад Г гэдэг залуу ирээд З-ийн гэрийн хаалгыг нүдээд чанга чанга хашхираад байсан. Тэгсэн чинь З-ийн эгч нь гээд нэг эгч орж ирээд яагаад айл амьтан унтуулахгүй шуугилдаад байгаа юм бэ та нар одоо боль гээд намайг загнаад байсан. Тэр үед хамт ууж байсан махлаг эгч гэрээс гарч ирээд намайг зайл гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би тэгээд тэр махлаг эгчтэй маргалдаж байсан чинь З-ийн эгч нь ирээд намайг гэртээ харь яв гээд гараараа түлхээд байхаар нь би тэр эгчийг зөрүүлээд түлхсэн чинь тэр эгч шатны довжоон дээрээс газар унасан. Тэр үед манай найз Төгсөө хүрээд ирэхээр нь би Төгсөөгийн хамтаар яваад өгсөн ийм л зүйл болсон... Би тэр эгчийн дансанд 250.000 төгрөг өгсөн байгаа.” /хавтаст хэргийн 32 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн 05 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1442 дугаартай тодорхойлолт /хавтас хэргийн 35 дахь/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Б.А нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, .......................... тоот хашааны гадна хохирогч Д.З-ыг түлхэж унагаасан үйл баримт тогтоогдож байна.  

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.З-ын: ...Тэр залуу намайг зүүн гараараа хүзүүний ар шил рүү цохиж авсан. Тэгэнгүүтээ шууд тийрээд унагасан. Би тэр залууд тийрүүлж унахдаа довжоон дээрээс газар унасан. Газар унахдаа өвдөг, нүүрээрээ унасан, мөн баруун гараараа газар тулж унасан юм. /хавтаст хэргийн 09-10, 13 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Оын: ...З-ийн эгч нь З хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг тарцгаа гэх мэт зүйл хэлээд гадаа шатны довжоон дээр зогсож байхад А хажуунаас нь түлхсэн үү яасан мэдэхгүй нөгөө эгч газар унаад өгсөн. Тэгсэн удаагүй З эгч нүүр, духны хэсэгтээ шалбарсан байдалтай босоод ирсэн. /хавтаст хэргийн 17 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.З-ийн: “Манай эгч салон руу орох гэж байхад нь А шатны довжоон дээрээс жийгээд унагах шиг болсон. Эгч ёолоод газар хэвтэж байсан. Тэгээд манай эгч босоод цагдаад дуудлага өгсөн юм.” /хавтаст хэргийн 19 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч М.Т-ийн: ...би хаалгыг нь нүдээд байж байхад З-ийн эгч нь хүрээд ирсэн. Тэгээд та нар болиоч ямар сонин юм бэ гэж хэлсэн. Тэр үед А гараад ирсэн. Тэр хоёр бас маргалдаж байхад А нөгөө эгчийг тийрчихсэн чинь нөгөө эгч шатны довжоон дээрээс унаад өгсөн. Тэгээд босоод ирэхдээ нүүр нь халцарчихсан байдалтай босоод ирсэн. /хавтаст хэргийн 21 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А-гийн үйлдлийн улмаас хохирогч Д.З-ын эрүүл мэндэд тархины доргилт, дух, зүүн хацар, баруун гарын алга, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 536 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, .......................... тоот хашааны гадна хохирогч Д.З-ыг түлхэж унагааж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, зүүн хацар, баруун гарын алга, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.З-д хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.  

Хохирогч Д.З-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Тийрч унагахад баруун гартаа тулж унасан, унахад миний гарт утасны дэлгэц хагарсан, нүүрний зүүн тал тэр чигээрээ урагдсан тул 10 хоног ажлаа хийж чадаагүй, миний нүүр хавдаж нүүрний нэг тал урагдсан байдалтай байсан. Ажилгүй байсан хугацааны зардал 500.000 төгрөгийг нэхэмжилж” байна гэх боловч 500.000 төгрөгөөс 250.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байгаа тайлбарыг гаргав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба хохирогч Д.З-ын гар утасны дэлгэц хагарсан болон нүүрний хэсэгт гоо сайхан алдагдсаны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчийн багасгаж нэхэмжилсэн 250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Д.З-д олгож, 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 250.000 төгрөгийг хохирогч Д.З-д төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Агийн хувийн байдал нь ........... гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэх тайлбарыг, хохирогчид өөрөө өөрийгөө өмгөөлж үг хэлэх боломжоор хангасан боловч хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ял оногдуулж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.З-д 250.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гаас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Авга овгийн Дугаржавын З олгож,  Д.З-ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.З-д 250.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА