Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Т.Ш,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ийн Ш-д холбогдох 2128003270004 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Х овогт Т-ийн Ш, .........................    

Шүүгдэгч Т.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс 2 орчим километрийн зайтай газарт өөрийн эзэмшлийн 14-85 ӨМЭ улсын дугаартай, Lexus LX470 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор байхдаа, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.О-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж тархины доргилт, дээд уруулын зулгаралт үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Ш-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Ог нүүрэн тус газарт нь цохьсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 19-ний Өмнөговь аймгийн Булган суманд Д гэх айлын найранд би сууж байхад Т.Ш нь тэр айлд ирсэн. Би гэрийн гадаа гараад байж байхад Т.Ш нь мөн гэрээс гарч ирсэн. Бид хэд тамхилж байгаад би өмнө нь бид хоёр муудалцаад хутга тулгуулж байсан, та битгий хутга шөвөг барьж бай гэж хэлсэн. Тэгээд байж байтал найранд сууж байсан Б гэх хүний эхнэр тэр айлаас хойш цасанд суучихлаа гэж хэлсэн. Ш машинаараа татах тэр машиныг цаснаас гаргахаар явах болоод Б, Дү нэг танихгүй эмэгтэй бид хэд явсан. Тэгээд зогсоод Ш нь машинаасаа бууж машинаа Б ахад унуулаад өөрөө буруу талын хойд хаалгаар орж ирээд намайг нүүр хэсэгт хоёр удаа цохисон. Би тухайн үед ухаан балартсан байсан. Нэг мэдсэн чинь суусан машин дээр очсон байсан. Би тэр үед найранд сууж байсан өөрийн төрсөн ах Д-г дуудаад цуг явсан. Би ахтай явж байгаад цусаа цэвэрлэх гээд хээр зогссон. Тэр үед Ш нь араас давхиж ирсэн. Намайг ална гээд машинаараа бидний зогсож байсан машиныг хурдтай 2-3 тойрсон бөгөөд машинаараа тулж ирээд шүргээд зогссон. Би тэр машины салхины шилийг нь гараараа цохиж хагалсан. Намайг машиндаа суусан байхад мөн 2-3 удаа машинаараа тулж ирж зогсоод байсан. Тэгж байгаад болихоор нь би эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод хамраас гарсан цусаа угаасан. Миний нүүр, хамар руу Ш гэх хүн нь 2 удаа цохисон, цохиулснаас миний хамраас цус гарсан байсан. Уруул язарсан, хамар хөндүүр, толгой их өвдөлттэй байсан. Тэгээд маргааш аймгийн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн. Миний биед шинжээч томилж дүгнэлт гаргуулахад хөнгөн зэргийн гэмтэл гарсан... Би эмнэлгээр явж эмчлүүлсэн. Одоо надад өвдөж барих зовуурь байхгүй бөгөөд би тухайн үед Ш-гийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан. Тийм болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй, мөн би Ш-тэй уулзсан. Хэн хэнээсээ уучлалт гуйж учир зүйгээ олсон байгаа.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган суманд Д гэх хүний найранд сууж байсан миний эхнэр сумаас 10 гаран километр зайд айлд очих гэж яваад цасанд машинаа суулгачихлаа гэж хэлсэн. Найрнаас гараад ирэхэд тэр хоёр Ш-гийн машины хажууд байж байсан юм. Би Ш-г гуйгаад явсан юм. О нь Ш-г машин барьж явахад нь дээлээс нь татаад байсан. Би тэгэхээр нь тэгж болохгүй машин тэрэг барьж явж байж ингэж болохгүй гээд би машиныг нь бариад машин дээрээ очсон. Намайг Ш-гийн машиныг бариад явж байхад О-гийн нүүр хэсэгт Ш-г цохичихлоо гэж О хэлсэн.” /хавтаст хэргийн 15 дахь тал/

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган суманд Д гэх хүний найранд сууж байсан. Тэр үед тэр хоёр мөн сууж байсан. Тэр хоёр гараад явсан байсан юм билээ. Тэгээд манай дүү О залгаад намайг хүн зодчихлоо гэж хэлээд би очсон дүүг аваад буцаад сум руу явж байхад дүүгийн хамраас цус гараад байхаар нь сумын орой дээр зогсоод дүү буугаад цусаа арчиж байтал Ш араас машинтайгаа давхиж ирсэн. Тэгснээ ахиж хөдлөөд тойрч ирээд миний дүүг мөргөх шиг болоод ойчиж байх шиг харагдсан. Тэгээд дүү машин тойрч гүйж байгаад миний машинд орж ирж суусан. Тэгээд л Ш нь миний машинд 2-3 удаа дайрч ална гэж тулж ирж зогссон. Би дүүгээ аваад Булган сумын эмнэлэг дээр очсон. Эмчид үзүүлэхэд зүгээр гэж дүүд хэлсэн байсан. Би эмнэлэг рүү ороогүй... Намайг найранд сууж байхад О нь утсаар залгаад би хойно цасанд суусан машин гаргах гэж яваад Ш ахад зодуулчихлаа гэж хэлсэн. Би очиж авсан юунаас болоод яагаад маргалдав гэж асуухад Ш ахтай зун маргалдаж байсан юм тэрний талаар ярьсан чинь бид хоёр маргалдаад тэгээд Ш ах намайг нэг цохичихлоо гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 17, 19-20 дахь тал/

Гэрч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Сумын төв дээр манай найз болох Дамдинсүрэнгийнх гэрийн цайллага, найр хийсэн. Би тэднийд 19 цагийн орчимд очсон, очоод цай хоол идэж, уугаад нэлээн суусан. Тэгж байтал тэр айлын хашааны гадаа цасанд машин суусан байсныг Шинээ ах машинаараа татаж гаргаад байж байтал Б ах хойно машин цасанд суучихлаа татаад өгөөч гээд Ш ахыг гуйгаад Б ах машиныг нь унаад О, би Ш ах нэг эмэгтэй бид хэд Шинээ ахын машинаар татах гээд явсан. Тэгсэн Ш ах О хоёр хэрэлдэж маргалдаад байсан. Ямар шалтгаанаар маргалдаад байсныг нь мэдээгүй. замдаа явж байтал Ш ах Отгоноог нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохисоно. Тэгсэн О-гийн хамраас цус гарангуут нь би одоо больцгоо гээд хэлсэн чинь О хамрынхаа цусыг цэвэрлэсэн. Тэгээд хэдүүлээ чигээрээ яваад цасанд суусан машиныг татаж гаргаж байтал нэг жижиг тэрэг ирсэн. Хартал Д ирчихсэн байсан. Машинаа цаснаас гаргачихаад Б өөрийнхөө цасанд суусан машиныг унаад Шинээ ах өөрийнхөө машиныг унаад ирсэн. Д О-г суулгаад сум руу хөдлөөд явцгааж байсан. Тэгээд явж байтал өмнө түрүүлээд явж байсан хоёр машины нэг болох Б нь түрүүлээд явсан. О-гийн сууж явсан машин зогсоод үлдсэн. Тэгээд Шинээ ах бид хоёр нөгөө машины ард талд нь зогсоод Шинээ ах над руу наад хүмүүс чинь чамайг зодох гэж байна гэж хэлсэн. Шинээ ах бид хоёр машинд сууж байтал О нь урд машинаас бууж ирээд Шинээ ахтай маргалдсан. Ш ах О-г дайрч ална гээд хөдлөх үед О нь машины урд шилийг гараараа цохиж хагалсан. Тэгээд машинаа хөдөлгөөд хажуугаар нь гараад эргэж тойрч ирээд хажууд нь зогссон. Тэгтэл О нь гар утсаараа бичлэг хийгээд байгаа харагдсан. Тэгж байгаад О нь Д-гийн машинд суугаад сум руу явсан.” /хавтаст хэргийн 22 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 634 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О-гийн биед тархины доргилт, дээд уруулын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1060 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд “Нийт тогтоогдсон дүн 290,000 төгрөг” /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Шүүгдэгч Т.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн юм. Сумын төвд байдаг Дамдинсүрэн гэх айл дайвар захисан байсан. Тэр дайврыг өгөх гээд очих үед тэр айлын хашааны гадаа цас хунгарласан байсан бөгөөд тэр цасанд 2 машин суусан байсныг татаж гаргаж өгөөд айлын дайврыг өгөх гээд айлд ороод айлын найранд цай уугаад сууж байтал Б гэх хүний машин сумын төвөөс хойд зүгт 2-3 километр зайд цасанд суучихлаа гээд Б намайг хүргээд өгөөч гэхээр нь би гэрээс гараад машин асаахад миний машинд О, Б, Дү, мөн нэг танихгүй эмэгтэй суугаад бид хэд хойшоо явж байхад О нь над руу дайрч агсраад машин бариулахгүй байсан. Би зогсоод Б-гаар машинаа бариулаад өөрөө баруун талын хойд хаалгаар машиндаа орж суугаад Ог согтуурхаад агсраад байхаар нь нүүр хэсэгт нэг цохисон. Тэгсэн О-гийн хамраас цус гарсан бөгөөд Б машин бариад эхнэрийнхээ суусан машин дээр очсон. Тэр хооронд О бид хоёр ч маргалдахаа больсон байсан. Тэр машиныг түлхэж гаргасан. Тэгэхэд О нь түлхэлцэж гаргасан. Тэр үед О-гийн ах Д ирсэн. Би Дг хэн дуудаад яагаад ирснийг мэдээгүй цасанд суусан байсан. Машиныг түрж гаргах хооронд л араас ирсэн. Тэгээд О нь ахынхаа машинд суусан бөгөөд Б тэр Д нар хөдлөөд сум руу явсан, би араас нь хөдөлсөн. Тэгсэн Д-гийн машин зогсоод машинаас О нь буусан байсан намайг хажууд нь тулаад зогсоход над руу дайрч эхэлсэн бөгөөд миний машины урд шилийг баруун талаас ирж чулуу атгасан баруун гараараа нэг удаа цохиж хагалсан. Намайг хөдлөх гэхээр машины урд хойно гараад байхаар нь би дайрчхаад явчихна шүү гэж хэлсэн бөгөөд Д-гийн зогсож байсан машины баруун талаас нь хөдлөөд зүүн талд нь гарч зогссон. Би машинаа хий хэд хэд хаазалсан. Тэгж байхад О нь ахынхаа машинд суугаад сум руу явсан.” /хавтаст хэргийн 50-51 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/

Өмнөговь аймаг Булган сумын Дэн багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр  сарын 05-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 62 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Б.О, шүүгдэгч Т.Ш нар нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс 2 орчим километрийн зайтай газарт өөрийн эзэмшлийн 14-85 ӨМЭ улсын дугаартай, Lexus LX470 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Т.Ш нь хохирогч Б.О-гийн нүүр хэсэгт хоёр удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.  

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн: ...Ш нь машинаасаа бууж машинаа Б ахад унуулаад өөрөө буруу талын хойд хаалгаар орж ирээд намайг нүүр хэсэгт хоёр удаа цохисон... /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч М.Б-гийн: ...О нь Ш-г машин барьж явахад нь дээлээс нь татаад байсан. Би тэгэхээр нь тэгж болохгүй машин тэрэг барьж явж байж ингэж болохгүй гээд би машиныг нь бариад машин дээрээ очсон. Намайг Ш-гийн машиныг бариад явж байхад О-гийн нүүр хэсэгт Ш-г цохичихлоо гэж О хэлсэн. /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Д-гийн: ... Намайг найранд сууж байхад О нь утсаар залгаад би хойно цасанд суусан машин гаргах гэж яваад Ш ахад зодуулчихлаа гэж хэлсэн. Би очиж авсан юунаас болоод яагаад маргалдав гэж асуухад Ш ахтай зун маргалдаж байсан юм тэрний талаар ярьсан чинь бид хоёр маргалдаад тэгээд Ш ах намайг нэг цохичихлоо гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 17, 19-20 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Ө-ийн: ...Ш ах О хоёр хэрэлдэж маргалдаад байсан. Ямар шалтгаанаар маргалдаад байсныг нь мэдээгүй. замдаа явж байтал Ш ах Отгоноог нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохисоно. Тэгсэн О-гийн хамраас цус гарангуут нь би одоо больцгоо гээд хэлсэн чинь О хамрынхаа цусыг цэвэрлэсэн. /хавтаст хэргийн 22 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ш-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд тархины доргилт, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 634 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/-ээр  тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс 2 орчим километрийн зайтай газарт өөрийн эзэмшлийн 14-85 ӨМЭ улсын дугаартай, Lexus LX470 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор байхдаа, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.О-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж тархины доргилт, дээд уруулын зулгаралт үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ш-гийн гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогчийн гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч Б.О-гийн тээврийн хэрэгсэлд “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1060 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд “Нийт тогтоогдсон дүн 290,000 төгрөг” /хавтаст хэргийн 43-44 дэх тал/ хохирол учирсан ба хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би эмнэлгээр явж эмчлүүлсэн. Одоо надад өвдөж барих зовуурь байхгүй бөгөөд би тухайн үед Ш-гийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан. Тийм болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй, мөн би Ш-тэй уулзсан. Хэн хэнээсээ уучлалт гуйж учир зүйгээ олсон байгаа.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн ба шүүгдэгч нь эд хөрөнгөтэй холбоотой хохирол төлбөрийн талаар тайлбар гаргаагүй тул хохирогч, шүүгдэгч нар нь харилцан бие биедээ төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ш-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Т.Ш-гийн хувийн байдал нь ..... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Т.Ш нь өөрийгөө өмгөөлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ш нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.    

Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Т.Ш нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ш, хохирогч Б.О нар нь харилцан төлөх төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА