Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Хохирогч С.Батбаяр

Шүүгдэгч Б.Батжаргал

Гэрч Г.Төмөр-Очир /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Базарын Батжаргалд холбогдох эрүүгийн 2121000000448 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг, “Голын цагаан” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цагаангууд овогт Базарын Батжаргал /РД: ЖА 83041470/.

Шүүгдэгч Б.Батжаргал нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн иргэн С.Батбаярын эзэмшлийн 25 тооны үнээ, 26 тооны бяруу нийт 51 тооны үхрийг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хөлсөөр маллаж байгаад 5 тооны үнээ, 16 тооны бяруу завшиж 17,600,000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би дутааасан үхрийг өөрөө хэрэглэсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Батбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний танил “надад мал худалдаж авахад маань туслаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд мал цуглуулсаар байтал хүйтэн орчихсон учраас авсан малаа худалдаж авсан газартаа өвөлжүүлэхээр болж Б.Батжаргал гэдэг хүнээр 26 бяруу, 25 үнээг маллуулахаар өгсөн. Ингээд 2021 оны 9 дүгээр сард буцааж авахдаа мал дутсан. Байсан 20 тооны үхрийг л авсан учраас дутуу малаа авмаар байна. Иймд Батжаргалаас хохирлын 17,600,000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэв.

Гэрч Г.Төмөр-Очир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч Батбаярын ах Батмөнх надтай холбогдоод мал худалдаж авах тухай хэлсэн. Ингээд би Батбаяртай хамт 13 тооны тугалтай үнээг худалдан авч Б.Батжаргалд хүлээлгэн өгсөн. Үлдсэн 13 тооны тугалтай үнээг Батжаргал өөрөө явж байгаа айлаас нь цуглуулж авсан. Ингээд 1 үнээ үхээд нийт 25 тугалтай үнээ, 1 бярууг Батжаргал хүлээн авсан гээд бичиж өгсөн. Тухайн үед нийт хүлээж авсан үхэр нь 25 тугалтай үнээ, 1 бяруу болсныг нас зүсээр нь бичиж өгсөн. Ингээд Батжаргал маллахаар болж өөрсдөө хоорондоо цалин хөлсөө тохиролцоод үхрээ харуулж байсан. Намар нөгөө үхрүүдээ авахаар болсон тул хүлээлцээд өгчих гэж Батмөнх хэлсэн учраас Батбаяртай цуг буцааж авахад нь очсон...” гэв.

Хохирогч С.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батжаргал миний эзэмшлийн 25 тооны үнээ, 26 тооны бяруу нийт 51 тооны үхрийг 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Голын цагаан” гэх газарт нутаглан малладаг байсан. ...алдагдсан 5 тооны үнээ, 16 тооны бяруу буюу нийт 21 тооны үхрийг нэхэмжилж байна. Тухайн хохирлыг малаар нь барагдуулбал сайн байна...” гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч Г.Төмөр-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз Батмөнхөд мөнгөөр нь тугалтай үнээ цуглуулж өгсөн бөгөөд тэгээд цуглуулсан тугалтай үнээнүүдийг Батжаргал харъя гэсэн учраас Батбаяр Батжаргал нарыг уулзуулсан. ...Ингээд Батжаргал нь Батмөнхийн эзэмшлийн 25 тугалтай үнээ, 1 бяруу нийт 51 тооны үхрийг хөлсөөр харж маллахаар болсон ба хөлсийг Батмөнх өөрөө Батжаргалтай холбогдоод өгсөн байсан учраас энэ асуудал надад хамааралгүй болсон. ...2021 оны 09 дүгээр сард Батмөнх надад аймгаас нөгөө үхрийг авахаар хүн очиж байгаа, чи очоод цуг хүлээлцээд өгөөч гэсэн учраас би Батмөнхийн дүү Батбаярын хамт үхрийг хүлээлцэхэд 10 бяруу, 20 үнээ тоолж өгсөн. бусад нь яасан юм бэ гэж асуухад “6 бярууг би өөрөө, 4 бярууг хадам ээж хэрэглэж, 1 бяруугаар гэрийн хаалга авсан” гээд бусдыг нь хэлж чадахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 13-15/

Гэрч Д.Цэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай сумын гэр бүлийн хоёр хүн ирээд “ахаа мөнгө зээлээч, бид хоёр эсгий гэр авах гээд мөнгө дутаад байна” гэж хэлсэн. Би зөвшөөрч Б.Батжаргалын данс руу 4 тооны бярууны мөнгө 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Би худалдаж авсан 4 тооны бяруугаа мөнгөө шилжүүлснээс хойш 20 гаруй хоногийн дараа Батжаргалаас авсан. Тэгэхдээ өөрөө очиж авч чадахгүй болоод хажуу айлынх нь хүн болох Лхагвабатын тээврийн хэрэгсэлд ачуулж шууд Сэргэлэн суманд хүргүүлсэн...” гэжээ. /хх-ийн 17-18/

Гэрч Н.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...маллаж байх хугацаандаа эзнийх нь зөвшөөрөлгүйгээр 2020 оны 12 дугаар сард Лхагвабатад 1 бярууг 250,000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сард 4 бярууг Цэвээн гэх хүнд тус бүрийг нь 300,000 төгрөгөөр, 3 дугаар сард 1 бярууг Болдоо гэх хүнд 300,000 төгрөгөөр тус тус зарсан. 2021 оны 04 дүгээр сард 5 бяруу, 1 үнээг Улаанбаатар хотын Цэрэнтунгаа гэх хүнд бярууг 300,000 төгрөгөөр, үнээг 1,200,000 төгрөгөөр тооцож зарсан. Мөн 4 дүгээр сард Болдтөмөрийн хүргэнд 1 үнээ 1,200,000 төгрөгөөр, Чулуунбатад 1 бяруу 300,000 төгрөгөөр тус тус зарсан. Нийтдээ 12 бяруу, 2 үнээ зарсан...” гэжээ. /хх-ийн 21-22/

Б.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...би анх хүлээж авахад бяруу үхэр нийлсэн 49 тооны мал байсан. Үүнээс үнээ 23, тугал 26 байсан. ...би Батмөнх гэх хүний үхрийг маллахаар анх хүлээж авахад нийт 48 тооны үхэр байсан. Сүүлд 30 үхэр хүлээлгэж өгсөн. ...би тухайн 51 тооны үхрийг С.Батмөнхөд мал худалдан авч өгч байсан Төмөр-Очир гэдэг хүнээс хүлээж авсан...” гэжээ. /хх-ийн 25-26, 28-29, 34-35/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Г.Төмөр-Очирын Баяндун сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 6/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37-38/

Баяндун сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-40/

Б.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41/

Б.Батжаргалын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон үл хөдлөх хөрөнгийн лавлагааны хуулбар /хх-ийн 48-49/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Батжаргалд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Цагаангууд овогт Базарын Батжаргал нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч С.Батбаярын 25 тооны үнээ, 26 тооны бяруу буюу нийт 51 тооны үхрийг хөлсөөр маллаж байхдаа 5 үнээ, 16 бяруу буюу 21 тооны үхрийг завшиж, түүнд 17,600,000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч Б.Батжаргалын “...анх 25 тугалтай үнээ, 1 өнчин бяруу авсан нь үнэн. Үхрийг маллаж байх хугацаанд гэр бүлд мөнгөний хэрэгцээ гарахаар нь зарчихдаг байсан. Тухайн үед удаан хугацаанд харах юм чинь болно байх гэж бодсон...” гэх, хохирогч С.Батбаярын “...Батжаргал миний эзэмшлийн 25 тооны үнээ, 26 тооны бяруу нийт 51 тооны үхрийг 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Голын цагаан” гэх газарт нутаглан малладаг байсан. ...алдагдсан 5 тооны үнээ, 16 тооны бяруу буюу нийт 21 тооны үхрийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.Цэрэнгийн “...Б.Батжаргалын данс руу 4 тооны бярууны мөнгө 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Би худалдаж авсан 4 тооны бяруугаа мөнгөө шилжүүлснээс хойш 20 гаруй хоногийн дараа Батжаргалаас авсан. Тэгэхдээ өөрөө очиж авч чадахгүй болоод хажуу айлынх нь хүн болох Лхагвабатын тээврийн хэрэгсэлд ачуулж шууд Сэргэлэн суманд хүргүүлсэн...” гэх, гэрч Н.Амаржаргалын “...маллаж байх хугацаандаа эзнийх нь зөвшөөрөлгүйгээр ...12 бяруу, 2 үнээ зарсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Г.Төмөр-Очирын Баяндун сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба шүүгдэгч Б.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд “...анх хүлээж авсан нийт үхрийн тоог 48, 49, 51 байсан...” гэж өөр өөрөөр мэдүүлсэн байх боловч түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “...би 25 тугалтай үнээ, нэг өнчин бяруу анх авсан. Хүлээж авсан нийт малыг дэвтэрт бичихдээ манай эхнэр 48 гэж бичсэн. Гэвч анх 25 тугалтай үнээ, 1 бяруу авсан нь үнэн. Мөн хүлээлгэж өгсөн үхэр 30 гэдэгтэй маргах зүйлгүй” гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Г.Төмөр-Очирын “...Батбаяр бид нар эхлээд 13 тугалтай үнээ Батжаргалд өгсөн. Үлдсэн 12 тугалтай үнээ, 1 бярууны байгаа айлыг нь Батжаргалд зааж өгөөд Батжаргал өөрөө явж цуглуулж авсан. Тухайн үед нийт 25 тугалтай үнэ, 1 бяруу болсон гэж тоо зүсээр нь Батжаргал, түүний эхнэр Амаржаргал нар бичиж өгч байсан...” гэх, хохирогч С.Батбаярын “...би нийт 51 тооны мал маллуулсны хөлсөнд 9 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгийг Батжаргалд өгч байсан. Малаа авахад 30 тооны үхэр өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батжаргалын хохирогч С.Батбаярын 5 тооны үнээ, 16 тооны бяруу буюу нийт 21 тооны малыг завшсан үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батжаргал нь бусадтай хөлсөөр ажиллахаар тохиролцож хүлээлгэн өгсөн буюу итгэмжлэн хариуцуулсан малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр захиран зарцуулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

Иймд шүүгдэгч Б.Батжаргалд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Базарын Батжаргалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 17,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Батжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч Б.Батжаргал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах тухай” санал хүсэлтийг гаргаж байх боловч шүүгдэгч Б.Батжаргалд хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой тохиролцсон, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргасан эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан зэрэг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бодитой үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Батжаргал нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, өрхийн амьжиргаандаа 21 тооны бог малтай, эхнэр, таван хүүхдийн хамт Баяндун суманд мал маллаж амьдардаг хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад 17,600,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батжаргалд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Батжаргал нь Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.Батжаргалд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Батжаргалын үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас 21 тооны мал буюу 17,600,000 төгрөгийн хохирол хүлээсэн этгээд С.Батбаярыг хохирогчоор тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч Б.Батжаргалын “...би Батбаярын малыг харж байсан бөгөөд Батбаяр надад сарын цалин хөлсийг өгдөг байсан...” гэх, хохирогч С.Батбаярын “...би оронд нь мал өгөх зорилгоор хүнээс мөнгө авсан бөгөөд тэр мөнгөө төрсөн ах Батмөнхөд өгч түүний найз болох Г.Төмөр-Очироор үхэр авхуулсан. Авсан үхрээ тухайн ондоо багтааж мөнгө авсан хүндээ өгч чадахгүй болсон учраас малчин хөлсөлж маллуулахаар болж Батжаргалд малаа өгсөн...” гэх мэдүүлгээр энэ хэргийн улмаас хохирсон этгээд С.Батбаяр болох нь тогтоогдож байна. Түүнчлэн хохирогч С.Батбаяр нь завшсан малыг малаар нь авах санал хүсэлтийг шүүхэд гаргаж байх боловч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар хавтаст хэрэгт авагдсан Баяндун сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээг үндэслэн шүүгдэгч Б.Батжаргалаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 17,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батбаярт олгохоор тогтоож байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Батжаргал нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Базарын Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 17,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Базарын Батжаргалд 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батжаргалыг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.Батжаргалд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батжаргалд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батжаргалаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 17,600,000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1-53 тоотод оршин суух, Боржигин овогт Сүхбаатарын Батбаяр /РД: ЖЯ89041277/-т олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Батжаргал нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖА83041470 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА