Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 0031

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

улсын яллагч Н.Бадам,

шүүгдэгч П.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Сайхан сум дахь  сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд ирүүлсэн П.Эрдэнэчимэгт холбогдох 201618010091 дугаар нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 04 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, “Питро хими” ХХК-д нярав ажилтай, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-122-А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистерийн ГЮ- дугаартай, Аргууныхан овгийн Пүрэвийн Эрдэнэчимэг  

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

2016 оны 06 дугаар сарын  06-ны өдөр 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн асфалдан замын 131-132 дахь км-т П.Эрдэнэчимэг нь Тоёото Ист маркын 0447  УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргаж С.Янжиндулам, Г.Мөнхцацрал, П.Нямдаваа нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч П.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-24/,
  2. Насанд хүрээгүй хохирогч С.Янжинлхамын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-26-27/,
  3. Насанд хүрээгүй хохирогч Ц.Хажидсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-29/,
  4. Насанд хүрээгүй хохирогч Г.Мөнхцацралын хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвжавын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-31/,
  5. Хохирогч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-33/,
  6. Гэрч А.Пүрэвээгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-34-35/,
  7. Хэргийн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5,8-9/,
  8. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал,  ослын газрын бүдүүвч зураг /хх-6-7/,
  9. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-10/,
  10. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Х.Мянганбаярын  шинжээчийн дүгнэлт /хх-54/,
  11. Хохирогч Г.Мөнхцацралын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8334 тоот акт /хх-37/,
  12. Хохирогч Ч.Мөнхбатын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8333 тоот акт /хх-40/,
  13. Хохирогч С.Янжинлхамын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8331 тоот акт /хх-43/,
  14. Хохирогч П.Нямдаваагийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8332 тоот акт /хх-47/,
  15. Хохирогч Ц.Хажидсүрэнгийн биед шүүх эмнэлгийн үлэг хийсэн №461 тоот акт/ хх-51/,
  16. Шүүгдэгч П.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-71-72, 76/,
  17. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 2/66 тоот тодорхойлолт /хх-77/,
  18. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/,
  19. Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 698 тоот тодорхойлолт /хх-80/,
  20. Насанд хүрээгүй хохирогч Ц.Хажидсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвжав нарын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хх-88, 89/,
  21.  Хохирол төлбөр төлсөн баримтууд /хх-119,120, 121, 133-134,/
  22.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвжав, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нямдаваа нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт /135-136/,
  23. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,
  24. Эд мөрийн баримтаар хураагдсан В ангилалын №622643 дугаартай жолоочийн үнэмлэх, 04-47 УНБ улсын дугаартай Тоёота ист маркийн тээврийн хэрэгслийн №1195593 дугаартай гэрчилгээ зэрэгт үзлэг хийж шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч П.Эрдэнэчимэг нь 2016 оны 06 дугаар сарын  06-ны өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн засмал замын 131-132 дахь километрт Тоёото Ист маркийн, 04-47 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинаар зорчиж явсан хохирогч С.Янжинлхамын биед  тархи доргилт, эгэм, сээрний 11, 12 дугаар нугалам, зүүн шууны далд хугарал, зулайн хуйхны  зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Г.Мөнхцацралын биед зүүн эгэмний зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Д.Нямдаваагийн биед тархи доргилт, сээрний 6, 7 дугаар нугалам, эгэм яс, зүүн богтос ясны далд хугарал, баруун чих, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Ч.Мөнхбатын биед баруун талын 9 дүгээр хавирганы далд хугарал бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Ц.Хажидсүрэнгийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдэд цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэлүүдийг тус тус болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

 

хохирогч П.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд Сайхан уулын тахилга наадам болоод тэнд нэг төгсөлтийн Эрдэнэчимэгтэй уулзсан. 2016 оны 06 сарын 06-ны өдөр Эрдэнэчимэг бид нар хамтдаа Улаанбаатар хот руу гарсан. Эрдэнэчимэг саарал өнгийн суудлын машин жолоодож явсан. Орхон аймгаар дайрч би ахынхаараа ороод хэсэг амарч байгаад эргээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Орхон аймагт ахынхаасаа өөрийн охин Янжинлхамыг аваад явсан. Энгээд Орхон аймгаас хөдлөхөд машиныг Эрдэнчимэг жолоодож түүний хажууд урд талын суудал дээр аав нь Пүрэвээ гэх хүн сууж, хойд талын суудал дээр Мөнхбат, Янжинлхам бид нар сууж явсан. Хоёр жаахан хүүхэд байсан. Тэр хоёр хүүхдийн нэгийг нь урд авч нэгийг нь Мөнхбат өвөр дээрээ авч суусан байсан. Наашаа гараал явж байгаад би унтаад өгсөн. Тэгээл юу болсон юм байгаа мэдэхгүй. Замд осолд орсон байсан. Би тэр осолд орсон болон Орхон аймгийн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн талаар мэдэхгүй байгаа. Улаанбаатар хотод эмнэлэг дээр хүргэгдэж ирсэнээ санаж байна. Одооч гэсэн бас л юм сайн санахгүй болчоод байна...”гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

насанд хүрээгүй хохирогч С.Янжинлхам мөрдөн байцаалтад өгсөн:“...2016 оны 06 дугаар 06-ны өдөр намайг Орхон аймагт ахындаа байж байтал манай ээж Нямдаваа найз Эрдэнэчимэг гэх хүнтэй хамт ирж намайг аваад Улаанбаатар хот руу явсан. Орхон аймгаас гарахад цагаан саарал суудлын машинд сууж явсан ба тэр машиныг Эрдэнэчимэг гэх хүн жолоодож хажуу талын суудал дээр түүний аав нь гэх настай хүн байсан. Хойд талын суудал дээр жолоочын арын хэсэгт би сууж миний хажуу талд ээж, түүний цаад талд Эрдэнэчимэгийн нөхөр нь суусан байсан. Хоёр жаахан хүүхэд байсан. Тэр хоёр хүүхдийн нэг нь урд талд настай хүний өвөр дээр сууж, Эрдэнэчимэгийн нөхрийх нь өвөр дээр нь нэг нь сууж байсан. Орхон аймгаас гарахдаа дэлгүүр орж ундаа боов авсан. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу гарсан. Замд явж байтал манай  ээж болон Эрдэнэчимэгийн нөхөр хоёр унтсан байсан. Наашаа явж байхад машин их л хурдтай явж байх шиг байсан. Тэгээд л юу болсон юм мэдэхгүй. Нэг сэрсэн машины хажууд газар хэвтэж байсан. Осолд орсон газар эмнэлэгийн машин ирэхэд намайг сумын эмнэлэг дээр авчиран өвчин намдаах эм тариа хийгээд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Тэндээ эм тариа хийлгэж байгаад шөнөдөө Улаанбаатар хот руу шилжиж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эгэм зөрөөтэй хугарсан байна гээд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

насанд хүрээгүй хохирогч Ц.Хажидсүрэнгийн мөрдөн байцалтанд өгсөн: “...Булган аймгаас 2016 оны 06 дугаар 06-ны өдөр манай өвөө Пүрэвээ, Мөнхбат агаа, Нямдаваа эгч, Янжинлхам эгч, манай дүү Мөнхцацрал нарын хамт Эрдэнэчимэг эгчийн 0447 УНБ  дугаартай машинтай Улаанбаатар хотруу явсан. Эрдэнэт өнгөрөөд хөшөөтийн даваа гэдэг газар машин онхолдсон. Тэр үед би машины хойд талд сууж байсан болохоор машины хурдыг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

насанд хүрээгүй хохирогч Г.Мөнхцацралын хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай аав Мөнхбат нь надад утсаар зам тээврийн осолд орсон гэж мэдэгдсэн. Тухайн үед би Ховд аймагт байсан. Манай охин Г.Мөнхцацрал над дээр байдаг. 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед эмээ өвөө дээр нь амраах гэж өгсөн байсан. Манай аав Мөнхбат Булган аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хот руу явж байгаад Сэлэнгийн нутагт замын хажуу руу онхолдчихлоо гэж мэдэгдсэн. Манай аав өвөө хоёр машин дээрээ үлдээд бусад эмнэлэг рүү түргэний машинаар хүргэгдсэн гэж хэлсэн. Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Гэмтэл нь хүндэвтэр гэж гарсан байна. Одоо биеийн байдал нь гайгүй болсон. Өвдөж зовиурлаж байгаа гэх зүйл байхгүй байна. Зүүн эгэм нь хугарсан одоо зүгээр болсон. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй. Миний охины биеийн байдал зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-31/,

 

хохирогч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 6-ний өдөр Эрдэнэтээс Улаанбаатар чиглэлд 14 цагийн орчим явсан. Би эхнэр Эрдэнэчимэг, манай хадам аав, манай ангийн охины хүүхэд, манай зээ охин, манай эхнэрийн дүүгийн бас нэг охин бид хэд явсан. Тэгээд хөшөөтийн даваа уруудаад явж байтал урдаас 1 машин гарч ирсэн. Тэгтэл манай машин салганаад явчихсан. Тэгээд замын хажуу руу шидэгдсэн. Нэг л мэдэхэд л шидэгдсэн их хурдан өнгөрсөн. Тэгээд эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

гэрч А.Пүрэвээгийн мөрдөн байцалтад өгсөн: “...Булган аймгийн Сайхан сумаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн охин Эрдэнэчимэгийн 0447 УБН улсын дугаартай Тоёото Ист маркын машинаар манай хүргэн Мөнхбат, манай ач охин Мөнхцацрал, Хажидсүрэн нар мөн жолооч Эрдэнэчимэгийн найз ангийн хүүхэд гэсэн байхаа Нямдаваа түүний охин Янжинлхам бид нар Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд Эрдэнэт өнгөрөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Хөшөөтийн даваа гэх газар миний сууж явсан машин онхолдож зам тээврийн осол гаргасан. Би машины урд талд жолоочийн хажуу талд сууж явсан миний өвөр дээр манай ач охин Мөнхцацрал сууж явсан. Бусад нь машины ард талын суудал дээр зорчиж явсан болохоор гэмтэл аваагүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-34-35/,

2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8334 дугаартай “1. Мөнхцацралын биед зүүн эгэмний зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-37/,

2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8333 дугаартай “1. Мөнхбатын биед баруун талын 9-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-40/,

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8331 дугаартай “1. Янжинлхамын биед тархи доргилт, эгэм, сээрний 11,12-р нугалам, зүүн шууны далд хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-43/,

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8332 дугаартай “1. Нямдаваагийн биед тархи доргилт, сээрний 6,7-р нугалам, эгэм яс, зүүн богтос ясны далд хугарал, баруун чих, цээж, нуруу, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-47/,

2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны №461 дугаартай “1. Ц.Хажидсүрэнгийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдэд цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт болон гоо сайханд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-51/,

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах ахлагч Х.Мянганбаярын №14 дугаартай “1. Тоёото ист маркийн 0447 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Эрдэнэчимэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2. Тоёото ист маркийн 0447 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэдэн км цагийн хурдтай явсаныг тогтоох боломжгүй. /тооромзны мөр байхгүй байна/ 3. Ослын шалтгаан: Тоёото ист маркийн 0447 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Эрдэнэчимэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна. 9.2  жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-54/, 

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Бан Хас” ХХК-гийн 10 дугаартай автомашины техникийн 10 дугаартай хохирлын үнэлгээнд: “Тоёото ист маркийн 0447 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 3.273.000 төгрөгийн эвдрэлийн үнэтэй” гэжээ.

Шүүгдэгч П.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын Агуут гэх газраас 11 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Гарахдаа аав Пүрэв, нөхөр Мөнхбат, хамт сурч байсан Нямдаваа, зээ охин Мөнхцацрал, дүү Цогтбаатарын охин Хажидсүрэн нарын хамт явсан. Булган аймгаас гараад бид нар Орхон аймаг дээр ирсэн. Хамт сурч байсан Нямдаваа Орхон аймгаас өөрийн охин Янжинлхамыг аваад ингээд бид нар Улаанбаатар хот руу 16 цаг өнгөрч байхад гарсан. Би өөрийн эзэмшлийн Тоёото ист маркийн 0447 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож миний хажууд урд талын суудал дээр аав Пүрэв сууж өвөр дээрээ Мөнхцацралыг авч хойд талын суудал дээр Мөнхбат өвөр дээрээ Хажидсүрэнг авч хажууд  нь Нямдаваа сууж түүний цаана охин нь болох Янжинлхам сууж явсан. Би машин жолоодож явахад тухайн өдөр цаг агаар тогтуун, зам чөлөөтэй байсан. Орхон аймгийн Хөшөөтийн даваа өнгөрөөд уруудаж явж байгаад сүүлийн тойрог хэсэг дээр жаахан хурдтай явж байгаад үрүүлээ огцом дартал машин савлаал үрүүл ямар ч жолоодлогогүй болоод замын хажуу руу орсон. Би уруудаж байхдаа 50 орчим км цагийн хурдтай л явсан байх. Онхолдсоныхоо дараа хүмүүсээ буулгаж ирээд 3 хүүхдээ аваад замын машинд суугаад Баруунбүрэн сумын эмнэлэг дээр ирсэн. Тэндээсээ хүүхдүүдэд анхны тусламж үзүүлээд эмнэлэгийн машинаар Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Араас Мөнхбат, Нямдаваа хоёр Орхон аймагт хүргэгдэж ирсэн. Шөнөдөө гокын түргэний машинаар Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Өөрийн хийсэн алдаанд маш их гэмшиж байна. Осол миний буруугаас болж гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-71-72/,

Шүүгдэгч П.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хот руу гарсан. Эрдэнэтээс 16 цагийн үед гараад Хөшөөтийн хөтөл өнгөрч яваад осолд орсон. Тухайн үед хохирогч Нямдаваа, Хажидсүрэн, Мөнхбат, Пүрэвжав нартай хамт явж байсан. Энэ хүмүүст хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан. Өөрийн үйлдэлдээ харамсаж байгаа. Хохирогч нарт ослын дараа тухай бүр арга хэмжээ авч эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хохирогч нартай одоо эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Оногдуулах ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч П.Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Эрдэнэчимэг нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нямдаваа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвжав, хохирогч Ч.Мөнхбат, Ц.Хажидсүрэн нарын хувьд шүүгдэгчтэй эвлэрэхийг хүсч, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй, хэн аль нь сайн дураараа эвлэрч байгаа нь тогтоогдож байх тул П.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 Шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болмогц В ангилалын №622643 дугаартай жолоочийн үнэмлэх, 04-47 УНБ улсын дугаартай Тоёота ист маркийн тээврийн хэрэгслийн №1195593 дугаартай гэрчилгээг эзэмшигч П.Эрдэнэчимэгт буцаан олгож, 04-47 УНБ улсын дугаартай Тоёота ист маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч П.Эрдэнэчимэгт тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Эрдэнэчимэг нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                               

 ТОГТООХ нь:

1. Аргууныхан овгийн Пүрэвийн Эрдэнэчимэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэчимэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Эрдэнэчимэгийн В ангилалын №622643 дугаартай жолоочийн үнэмлэх болон 04-47 УНБ улсын дугаартай Тоёота ист маркийн тээврийн хэрэгслийн №1195593 дугаартай гэрчилгээг тус тус буцаан олгосугай.

            4. Шүүгдэгч П.Эрдэнэчимэг нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 04-47 УНБ улсын дугаартай, Тоёота ист маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч П.Эрдэнэчимэгт буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.  Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эрдэнэчимэгт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХБАЯР