Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 688

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ц.Э

Хариуцагч: ТАЗ

Нэхэмжлэлийн шаардлага: “ТАЗ өөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад Б.Ц, Э.О нарыг бүртгэж оруулсан үйлдэл, уг сонгон шалгаруулалтын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсэг, сонгон шалгаруулалтын дүнгээр Б.Цыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн, Э.Ог тус албан тушаалд томилогдох иргэний нөөцөд бүртгэсэн ТАЗ ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тогтоолын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, гуравдагч этгээд Б.Ц, Э.О, түүний өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шалгалтын дүнг эцэслэн гаргахад уг албан тушаалд Б.Ц 75.6 оноогоор 1-р байр, Э.О 65.2 оноотойгоор 2 дугаар байр, миний бие 62.0 оноог авч 3 дугаар байрыг эзэлсэн болохыг мэдсэн. Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэх явцад нэр дурдсан Б.Ц, Н.О нарыг уг ажлын байранд шалгалт өгч байгааг мэдээгүй, мэдэх бололцоогүй байсан. Харин сонгон шалгаруулалтын дүнтэй танилцаад тэдгээрийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд өрсөлдсөн болохыг олж мэдсэн ба улмаар миний бие ТАЗ д хандан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан юм.

Учир нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орон тоонд туршлагын хувьд “Эрүүл мэндийн салбарт 10 жилээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байсан ба сонгон шалгаруулалтын дүнгээр 1 болон 2 дугаар байрт орсон дээрх нэр бүхий иргэд уг шаардлагыг хангахгүй болохыг энэ салбарт олон жил ажилласны хувьд иргэн миний бие мэдэж байгаа юм. Тухайлбал, Б.Ц нь 2015 оны 5 дугаар сараас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2018 оны 4 дүгээр сараас Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах болсон ба харин Э.Огийн хувьд 2015 оны 1 дүгээр сараас Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 1 дүгээр сараас хойш тус яаманд өөр өөр газар, хэлтэст мэргэжилтний албан тушаал хашиж байгаа хүн бөгөөд Эрүүл мэндийн яаманд анх ажилд орохоос өмнө боловсролын салбарт буюу Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтийн Сургалтын албанд арга зүйчээр ажиллаж байсан болно. Дээрх хоёр иргэн нь хоёул эрүүл мэндийн салбарт 10 жилээс доошгүй ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа юм.

Энэ мэтээр хууль бусаар сонгон шалгаруулалт явуулсан, улмаар 1 дүгээр байранд орсон Б.Цыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Э.Ог тус албан тушаалд томилогдох иргэний нөөцөд бүртгэсэн тогтоол гаргасан нь холбогдох хуулиудыг зөрчиж төрийн албанд нэр дэвшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд ТАЗ өөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргынажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулатад Б.Ц, Э.О нарыг бүртгэж оруулсан үйлдэл, уг сонгон шалгаруулалтын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсэг, сонгон шалгаруулалтын дүнгээр Б.Цыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн, Э.Ог тус албан тушаалд томилогдох иргэний нөөцөд бүртгэсэн ТАЗ ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тогтоолын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Ц нь 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд буюу 0.63 жил Анагаах ухааны их сургуульд багш, 2007 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд буюу 3.42 жил Эрүүл мэндийн яамны Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн багийн мэргэжилтэн, 2010 оны 8 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сард буюу 3.67 жил Канад улсын Саймон Фрейзерийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн ажилтан, семинарын удирдагч, багш, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны  4 дүгээр сарын 23-ны хооронд буюу 3.06 жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд захирал, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс шалгалтын бүртгэл хийсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд буюу 0.47 жил Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажилласан байх ба эдгээр хугацааг тооцвол Б.Ц нь эрүүл мэндийн салбарт нийт 11.25 жил ажилласан байна.

2. Э.О нь 2004 оны 6 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 02-ны хооронд буюу 9,98 жил Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтэд арга зүйч, ахлах арга зүйчээр, 2014 оны 6 дугаар сарын 02-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд буюу 0,59 жил АШУҮИС-д ахлах арга зүйчээр, 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд буюу 1,04 жил Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд буюу 0,81 жил Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс шалгалтын бүртгэл хийсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд буюу 1,93 жил Эрүүл мэндийн яамны мэргэжилтнээр  ажилласан байх ба эдгээр хугацааг тооцвол Э.О нь эрүүл мэндийн салбарт нийт 14.35 жил ажилласан байна.

Уг албан тушаалын туршлагын шаардлагад “Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлага тавигдсан бөгөөд зөвхөн дотоодод ажилласан байх тухай заагаагүй, мөн сонгон шалгаруулалт явагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “...тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг тоймлох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд томилогдсоны дараа ажил үүргээ чанартай гүйцэтгэх туршлагатай албан хаагчийг сонгон шалгаруулах учиртай бөгөөд тухайн байгууллага нь Боловсролын сайдын эрхлэх асуудалд хамаарч буй эсэх нь ач холбогдолгүй юм. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудыг салбараар тодорхой ангилсан эрх зүйн акт байдаггүй тул төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяаллаар боловсролын салбар гэж үзэх үндэслэлгүй болно.

Сонгон шалгаруулалт хууль тогтоомжийн дагуу явагдсан байх тул ТАЗ ийн холбогдох тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.гэв.

Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ц би 2002 онд Анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний ангийг Хүний их эмч мэргэжлээр, 2005 онд АНУ-ын Колорадогийн Их сургуулийг Эрүүл мэндийн удирдлагын ухааны магистр, 2014 онд Канад улсын Саймон Фрейзерын Их Сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийг Анагаах ухааны доктор зэрэгтэй тус тус төгссөн. 2002 онд АУИС-ийн Физиологийн тэнхимд багш, АНУ-ын Колорадогийн Их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан, Дэнвэр хотын Глобаль эрүүл мэндийн төвд ажилтан, ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжилтэн, Энхийн хүрд эмнэлгийн зөвлөх, Канадын Саймон Фрейзерын их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан, төслийн зохицуулагч, багш, Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ-д гүйцэтгэх захирал, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж ирлээ.

2002 онд эмч мэргэжлээртөгссөнөөс хойш өнөөг хүртэл 17 дах жилдээ энэ л салбартаа нэр төртэй, үр дүнтэй, тасралтгүй ажиллаж яваа болохоо нотлон илэрхийлж байна. Үүнийг анагаахын сургуулийн эрдэмтэн багш нар, курсын найз нөхөд, үе үеийн ажлын газрын хамт олон, хэвлэлд өгсөн олон тооны ярилцлагууд, эрүүл мэндийн салбарынхны багагүй хувь бас нотлон илэрхийлж чадна.” гэв.

Гуравдагч этгээд Э.О шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлдээ намайг эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх төрийн албаны шалгалтын албан тушаалын туршлагын шаардлагыг хангаагүй буюу Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг эрүүл мэндийн салбар биш гэж үзжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын уйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ" гэж заасан байгаа нь АШУҮИС нь эрүүл мэндийн боловсрол, мэргэшил, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, эм хангамжийн үйл ажиллагааг хүртэл хамруулж авч үзсэн ойлголт юм. Хэрэв нэхэмжлэгчийн ойлголтоор Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ”эрүүл мэндийн байгууллага” гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээд” гэх заалтаар эрүүл мэндийн салбарыг тайлбарлах гэж оролдвол маш том гажуудал, салбараа ойлгохгүй байна гэж үзэхээс өөр тайлбаргүй байна. Эрүүл мэндийн байгууллага гэж ганцхан хүрээгээр авч үзвэл энэ нь зөвхөн эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан этгээдийн талаарх ойлголт болно.

Нэхэмжлэгч уг зарласан албан тушаалын орон тоонд тус яамнаас эсвэл, бодлого тодорхойлох аливаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хэн ч хамаарч чадахгүй байхаар, зөвхөн өөртөө тохируулж хууль тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Эын ойлголтоор эрүүл мэндийн байгууллага гэж өөртөө нийцүүлэн зөвхөн эмнэлэг гэж ойлгоод байгаа нь өрөөсгөл юм гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг болох “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо” гэх ойлголтыг тайлбарласан заалт баталж байна.

АШУҮИС-ийн бэлтгэн гаргасан төгсөлтийн дараах буюу үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшлийн эмч нар Эрүүл мэндийн салбарын бүх шатлалд ажиллаж байгаа бөгөөд үүнийг Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан болох “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо” гэх ойлголт, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,22,“үндсэн мэргэшил” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн их эмчийн анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг, 3.1.23.“төрөлжсөн мэргэшил” гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг ойлгоно гэж зааснаас харж болохоор байна.

Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд Миний эрхэлж байсан ажил нь төгсөлтийн дараах сургалт буюу /үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил, тасралтгүй сургалт/ мэргэжилтнүүдийг бэлтгэх үйл ажиллагаа буюу энэ дотроо резидентийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандарт, багшийн цагийн тооцоо, төгсөлтийн дараах сургалтын эрдэм, шинжилгээ, судалгааны ажил, тогтмол үйл ажиллагааг хянах гэсэн /багш, резидент, эмч/ гэрээний гол нөхцөлтэйгээр ажилладаг байсан.

Миний ажиллаж байсан АШИҮИС нь Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “...анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын уйл ажиллагаа хариуцсан төрийн... байгууллагаас бүрдэнэ” гэж заалтын бүрдэл хэсэг юм.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөц нь энэ салбарын салшгүй нэг хэсэг мөн бөгөөд төгсөлтийн дараах сургалт буюу үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил эзэмшихгүйгээр нарийн мэргэжлийн эмчийн ажил эрхлэх боломжгүй гэдгийг энэ сургуульд сурч, эмч мэргэжлээр ажиллаж байгаа нэхэмжлэгч үгүйсгэж чадахгүй.

Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7,-д “багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний болон төгсөгчийн мэргэшлийг дээшлүүлэх” гэх хэсгийг нэхэмжлэгч хамааруулан үзэж байх шиг байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуульд зааснаар АШУҮИС нь боловсролын салбар гэж хуулийг тайлбарлах гэж оролджээ. Их, дээд сургууль нь Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуульд боловсрол олгодог байгууллагын хувьд хамаарах буюу ерөнхийд нь дээд боловсролын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг тусгасан бол Эрүүл мэндийн тухай хуулиар тухайн салбарын асуудлыг нарийвчлан зохицуулсан байна. Үүнийг Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "... анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын уйл ажиллагаа хариуцсан төрийн ... байгууллагаас бүрдэнэ” гэх заалт баталж байна.

Нэхэмжлэгч нь мөн тус шалгалтад Э.О намайг өөрийн биеэр оролцоогүй гэж гүтгэсэн байна.

Би дээрх шаардлагын хүрээнд материалаа бүрдүүлээд төрийн өмчийн хорооны 10 дугаар байрны 3 давхарт очиж бүртгүүлсэн. Бүртгэгч эмэгтэй материалыг нягталж үзээд хүлээн авсан. Мөн хэд хоногийн дараа миний гар утас руу ТАЗ өөс ярьж байна, та материалын бүрдүүлэлтдээ тэнцсэн тул шалгалтандаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү гэсэн.

Шалгалт өгөх өдөр намайг Төрийн өмчийн 10 дугаар байранд ирэхэд 1 давхрын шилэн хаалганы гадаа 30 гаран хүн цугласан байсан. Шалгалт авах танхимд шалгалт өгөх иргэдийг иргэний үнэмлэхтэй тулган оруулсны дараа шалгалт авах комиссын нарийн бичгийн дарга гэх залуу шалгалт хэрхэн авах тухай бидэнд тайлбарласан.

Ярилцлагын шалгалт төрийн өмчийн 10 дугаар байрны 3 давхарт явагдсан. Э.О миний шалгалтын дүнгийн хуудсыг комиссын нарийн бичгийн дарга гэх залуу шалгалтын комиссын өмнө уншиж танилцуулсан бөгөөд би зөвшөөрч гарын үсэг зурснаар миний хувьд ярилцлагын шалгалт дууссан. Маргааш нь бидний шалгалтын дүнг сайтад байршуулсан байсан. Миний гарын үсэг зурж батлуулсан дүн мөн байсан.

Миний хувьд шалгалт хууль, дүрмийн дагуу, цаг хугацаандаа, нээлттэй явагдсан. ТАЗ өөс шалгалтын дэг, журмыг тухай бүр тайлбарлаж шударга зөв зохион байгуулсан гэж би үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь зөвхөн өөрийн ашиг сонирхолд нийцүүлж, өөрөө л тухайн албан тушаалд томилогдох ёстой мэтээр бусдыг илтэд үгүйсгэж, гүтгэж байгааг эрс эсэргүүцэж байна. Мөн энэ хүнд 100 оноо авах бүрэн боломж нь байсаар байтал шалгалтандаа хангалтгүй бэлдсэн буруугаа бусдын авсан оноо болон бусдыг үгүйсгэж байгаар илэрхийлж байгаа нь илтэд бүдүүлэг гүтгэлэг байна.

Шалгалт авахаар бас өгөхөөр бэлдсэн олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, хуулийг өөртөө нийцүүлэн тайлбарлаж байгаа үйлдэл нь зүй зохисгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн шаардлагуудыг бүгдийг эсэргүүцэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ТАЗ өөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад Б.Ц, Э.О нарыг бүртгэж оруулсан үйлдэл, уг сонгон шалгаруулалтын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсэг, сонгон шалгаруулалтын дүнгээр Б.Цыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн, Э.Ог тус албан тушаалд томилогдох иргэний нөөцөд бүртгэсэн ТАЗ ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тогтоолын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тодорхойлсон.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийх боломжтой хэдий ч маргааны үйл баримтад дүгнэлт хийх нь маргааныг нэг мөр шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзлээ.

 Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Б.Ц, Э.О нарыг бүртгэсэн ТАЗ ийн үйлдлийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд Б.Ц нь 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 7 сар 15 хоног Анагаах ухааны их сургуульд багш, 2007 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 жил, 5 сар Эрүүл мэндийн яамны ДОХ, сүрьеэгийн төслийн багийн мэргэжилтэн, 2010 оны 8 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сард хүртэл 4 жил 8 сар Канад улсын Саймон Фрейзерийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн ажилтан, семинарын удирдагч, багш, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны  4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 3 жил, 22 хоног Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд захирал, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 5 сар, 12 хоног Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажилласан,

Гуравдагч этгээд Э.О нь 2004 оны 6 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 9 жил, 5 хоног Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтэд арга зүйч, 2014 оны 6 дугаар сарын 02-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 7 сар 25 хоног  Анагаахын шинжлэх ухааны их сургуульд ахлах арга зүйчээр, 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жил, 1 сар Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 10 сар, 22 хоног Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил, 9 сар Эрүүл мэндийн яамны мэргэжилтнээр  ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Эдгээр хугацаа нь Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журамаар тогтоосон хугацаанд хамаарч байх тул ТАЗ өөс Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.9-т заасан чиг үүргийн хүрээнд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, ТАЗ ийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулсан үйл ажиллагаа, шийдвэр нь хуульд нийцжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Б.Ц, Э.О нар нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад тавьсан Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс  “... Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль нь эрүүл мэндийн салбарт хамаарахгүй”, гэж тайлбарлан маргасан боловч Эрүүл мэндийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын уйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ" гэж зааснаас үзэхэд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль /Анагаахын шинжлэх ухааны их сургууль/ нь Эрүүл мэндийн салбарын байгууллагад хамаарч байгаа бөгөөд  мөн хуулийн 3.1.4. ”эрүүл мэндийн байгууллага” гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;” гэж заасныг зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэдгээр хязгаарлан ойлгох боломжгүй юм.

            Эдгээр байдлаас үзэхэд хариуцагч ТАЗ  нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг зөрчиж, илт хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймээс ТАЗ өөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад Б.Ц, Э.О нарыг бүртгэж оруулсан үйлдэл, уг сонгон шалгаруулалтын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсэг, сонгон шалгаруулалтын дүнгээр Б.Цыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн, Э.Ог тус албан тушаалд томилогдох иргэний нөөцөд бүртгэсэн ТАЗ ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тогтоолын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.9-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эын ТАЗ д холбогдуулан гаргасан “ТАЗ өөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнгээр Б.Цыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн, Э.Ог тус албан тушаалд томилогдох иргэний нөөцөд бүртгэсэн ТАЗ ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тогтоолын Б.Ц, Э.О нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН