Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0001

 

П.Яын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч П.Я, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрт хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын дагуу П.Яын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоолыг илт хууль бус акт гэж үзэн хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахыг даалгуулах тухай гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...П.Я нь Хашаат сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтанд оролцоогүй. Хайрхан сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад Зоригтмаа 1-рт, Янжиндулам 2-рт гарч нөөцөд бүртгэгдсэн байсан. Удирдах ажилтны сонгон шалгаруулах журмын 9-р зүйлд ...өмнөх сонгон шалгаруулалтанд өрсөлдснөөс өөр албан тушаалд өрсөлдөх бол сонгон шалгаруулалтанд дахин орно гэсэн. Хашаат сум захиалга өгөөгүй. Эвлэрлийн дагуу гаргасан захирамж нь нэхэмжлэлийн дагуу томилох эрх томилох эсэх асуудлыг шийднэ гэсэн. Улмаар хурлаар хэлэлцүүлэн Тэргүүлэгчид сонгон шалгаруулалтанд орж тэнцснийг нь томилохоор болсон бөгөөд олонхийн саналаар томилохгүй гэсэн. А.Азбилэг нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба нарийн бичгийн дарга нь Тэргүүлэгч байж болох тул хууль зөрчөөгүй. гэжээ.

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зуйлийн 20.4, 22 дугаар зуйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Яын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Томилох эсэх асуудлыг шийдвэрлэх тухай 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Яыг Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг тус сумын Иргэдийн Төлеөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоол нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалтанд заасны дагуу Тэргүулэгчдийн хурлаас гаргасан хүчинтэй акт юм.

 

П.Я Хашаат сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтанд ороогүй, Хайрхан сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтанд орж 2-оор гарч нөөцөд бүртгэгдсэн байсан.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны Удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журмын 40-д Удирдах албан тушаалтаны нөөцийн жагсаалтанд бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтанд өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтанд өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтанд дахин орно гэж заасан байдаг. Хашаат сум Төрийн албаны салбар зөвлөлд захиалга хүргүүлээгүй байгаа. Хэрвээ Хашаат сум сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлээд түүний дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтанд П. Янжиндулам ороод тэнцсэн тохиолдолд нэр дэвших эрхтэй юм.

 

Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 06 сарын 05-ны өдрийн 21 тоот тогтоолыг хууль бус гэж үзэж болно.

Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд халдаж дур мэдэн сонгон шалгаруулалт зохион байгуулан уг шалгалтанд ороогүй П. Янжиндуламыг 2014 оны 06 сарын 05-ны өдрийн 21 тоот тогтоолоор нэр дэвшүүлэн ирүүлсэн нь томилох боломжгүй юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 17-ны өдрийн 27-р шийдвэрийг хүчингүй болгох, П.Яын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор нарийн бичгийн дарга Ц.Пийг ажлаас чөлөөлсөн ба үүссэн уг сул орон тоонд захиалга ирүүлэхийг Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 47, 49, 65 дугаартай албан бичгүүдээр мэдэгдсээр байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас захиалга ирүүлээгүй байна.

Тухайн албан тушаалд сул орон тоо гарсан байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан журмаар сонгон шалгаруулж орон тоог нөхөөгүй, мөн зүйлийн 17.4-д зааснаар дээрх байдлаар нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөц жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгаруулан авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавих үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч үүнийг тайлбартаа хүлээн зөвшөөрчээ.

 

Дээрх байдлаар сонгон шалгаруулалтын захиалга ирүүлээгүй тул төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөн тэнцэж, Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн П.Яыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор маргаан бүхий сул орон тоонд нэр дэвшүүлсэн Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Иймд хариуцагчийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд халдаж, дур мэдэн сонгон шалгаруулалт зарласан гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Үүнээс гадна Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хууль бус гэж үзсэн бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасан журмаар гомдол эрхтэй боловч гомдол гаргаагүй атлаа уг тогтоолыг хууль бус гэж үзсэн нь мөн зүйлийн 39.6-д заасан төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д өөрчлөлт орсон байхад хүчингүй болсон хэсгийг үндэслэл болгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байгаа А.Азбилэгийг Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон нь хууль бус талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, П.Яыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад томилох боломжгүй гэсэн Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР