Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

 

 

 

 “Сутай богд бридж транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Ганбаатарт холбогдох,

18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тээврийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, тээврийн хөлсөнд илүү төлсөн 10 110 590 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэрэнпунцаг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-ийн төлөөлөгч Б.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганбаатар нь БНСУ-аас автомашин оруулж ирэхээр “Сутай богд бридж транс” ХХК-тай олон улсын тээвэр зуучийн компаниар зуучлуулан 2013 онд 5 300 ам.долларын тээврийн хөлстэй DYLU5108479 дугаартай чингэлэг, 5 300 ам.долларын тээврийн хөлстэй GESU6493059 дугаартай чингэлэг, 5 300 ам.долларын тээврийн хөлстэй PCSU5102854 дугаартай чингэлэг, 4 800 ам.долларын тээврийн хөлстэй GESU6489207 дугаартай чингэлгүүдийг нийт 20 700 ам.долларын тээврийн хөлстэй БНСУ-аас Монгол улс руу тээвэрлүүлсэн. “Сутай богд бридж транс” олон улсын тээвэр зуучийн компаниар Ч.Ганбаатар нь 4 удаагийн ачаатай чингэлгийн тээвэрлэлтийн хөлсийг дараа төлөх нөхцөлтэйгөөр буюу ачааг эцсийн хүлээн авах газар болох Улаанбаатар хотод ирсний дараа төлөхөөр тохиролцсон. Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” олон улсын тээвэр зуучийн компаниар зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийг албан ёсоор хүлээн авсан боловч “төлөх боломжгүй байна, удахгүй төлнө” гээд зээлээр тухайн 2 чингэлгийг авч явсан бөгөөд тэрээр DYLU5108479 дугаартай чингэлгийн тээврийн хөлс болох 5 300 ам.доллараас 3 226 ам.долларыг төлж, үлдэгдэл 2074 ам.долларын 3 чингэлгийн хөлс болох 15 400 ам.доллар, нийт 17 474 ам.долларыг төлөөгүй. Ч.Ганбаатар нь зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийн хөлс болох 17 474 ам.долларыг төлөлгүй компанийг хохироож байсан тул 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Тээврийн зээлийн 14/001 тоот” гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Мөн тухайн үед “Сутай богд бридж транс” ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Цэндсүрэн нь Ч.Ганбаатартай тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг бөгөөд тус тооцоо нийлсэн актаар Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-д нийт 17 474 ам.долларын үлдэгдэптэй болохоо хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. 14/001 дугаар тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 1.5, 2.1-д заасны дагуу Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-иар зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийн нийт үлдэгдэл төлбөр болох 17 474 ам.долларыг 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч Ч.Ганбаатар нь DYLU5108479 дугаартай 40 тонн чингэлгийн үлдэгдэл хөлс болох 2 074 ам.долларыг бүрэн төлсөн, GESU6493059 дугаартай чингэлгийн хөлс болох 5 300 ам.доллараас 3 303 ам.доллар, нийт 5 377 ам.долларыг төлсөн боловч үлдэгдэл 12 097 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэлгүй “Сутай богд бридж транс” ХХК-ийг хохироож байна. Ч.Ганбаатар нь 14/001 дугаар тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 2.1-т заасан хугацаанд нэхэмжлэгч талаар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн үлдэгдэл төлбөр 12 097 ам долларыг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул “Тээврийн зээлийн гэрээ”-ний 2.3-д зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Зээлдүүлэгч талд үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу 14/001 тоот гэрээний 2.1-д заасан хугацаа буюу 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн алданги тооцох ёстой боловч Ч.Ганбаатар нь хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гарах өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хоногийн 60 ам.долларын алданги, нийт 156 өдрийн алданги 9 360 ам.доллар болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 6 048 ам.долларын алдангийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд тээвэрлүүлсэн чингэлгийн үлдэгдэл хөлс 12 097 ам.доллар, алданги 6 048 ам.доллар, нийт 18 145 ам.долларыг нэхэмжлэл гарах өдрийн Монголбанкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 1 996.32 төгрөгөөр тооцож, нийт 36 223 226 төгрөгийг Ч.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Сутай богд бридж транс” ХХК-иар БНСУ-аас DYLU5108479 дугаартай чингэлэг илгээгч н.Баттөгс, хүлээн авагч н.Анхзаяа. Чингэлэг дотор 2 ширхэг Grander суудлын автомашин, Country автобус ачигдаж ирсэн тээврийн зардал 5 300 ам.доллар. Энэ Ч.Ганбаатарт хамааралтай. Мөн GESU6489207 дугаартай чингэлэг илгээгч нь н.Баттөгс, хүлээн авагч н.Анхзаяа. Баттуул чингэлэг дотор 3 ширхэг Porter маркийн, 1 ширхэг Bongo маркийн автомашин ачигдаж ирсэн ба тээврийн зардал 4 800 ам.доллар. Энэ нь Ч.Ганбаатарт хамааралтай. Мөн GESU6493059 дугаартай чингэлэг илгээгч нь н.Баттөгс, хүлээн авагч нь н.Нандинцэцэг. Цэрэндорж тээврийн зардал 5 300 ам.доллар. Энэ нь н.Баттөгст хамааралтай. Мөн PCSU5102854 дугаартай чингэлэг илгээгч нь н.Баттөгс, хүлээн авагч нь н.Баттөгс, н.Батдэлгэр. Тээврийн зардал 5 300 ам.доллар. Нийт 4 ширхэг чингэлгийн тээврийн зардал 20 700 ам.доллар болсон. Дээрх чингэлэгүүдийг н.Баттөгстэй хамтран тээврийн зардлыг дараа төлөх нөхцөлтэйгээр тээвэрлүүлж авчирсан. Миний бие дээрх 4 ширхэг чингэлгийн тээврийн зардал 20 700 ам.доллараас өөрт хамааралтай DYLU5108479 дугаартай чингэлэгийн тээврийн зардал 5 300 ам.доллар, GESU6489207 дугаартай чингэлэгийн тээврийн зардал 4 800 ам.долларыг хариуцах ёстой ба уг 2 ширхэг чингэлэгийн тээврийн зардал болох 10 100 ам.доллараас баримтаар эхлээд 3 226 ам.доллар, дараа нь 5 377 ам.долларыг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн. Одоо тооцоогоор үлдэгдэл 1 497 ам.доллар төлөх ёстой. GESU6493059, PCSU5102854 дугаартай 2 ширхэг чингэлэгийн тээврийн зардал 10 600 ам.долларыг БНСУ-аас чингэлэг илгээгч н.Баттөгс, Монгол улсад хүлээн авагч нь н.Баттөгс, н.Нандинцэцэг нар бүрэн хариуцах ёстой. Хүлээн авагч н.Нандинцэцэг нь н.Баттөгсийн эхнэр бөгөөд тухайн үед БНСУ-ын визд орох гэж байсан тул чингэлгийн билл дээр би гарын үсэг зурсан. Иймд үлдэх 10 600 ам.долларыг н.Баттөгс хариуцах ёстой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчийг айлган сүрдүүлэн, түүнийг эрүүгийн хэрэгт холбогдсон байдлыг нь далимдуулан Б.Баттөгсийн төлөх ёстой тээврийн төлбөрийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ болгон хариуцагчтай байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар эд хөрөнгө, мөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцно. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн зүйл байхгүй. Иймд дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан айлган сүрдүүлж хийсэн гэрээ байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч.Ганбаатар нь 4 ширхэг чингэлгийн төлбөр тооцооны талаар нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн акт үйлдэж 17 474 ам.долларын үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан ба энэхүү баримтаар тухайн 4 ширхэг чингэлгийн үлдэгдэл төлбөр тооцоог Ч.Ганбаатар хүлээн зөвшөөрсөн. Дээрх тооцоо нийлсэн актыг үндэслэн өмнө нь үүссэн тээвэр зуучлалын эрх зүйн харилцааг өөрчилж 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тээврийн зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл төлбөр болох 17 474 ам.долларыг төлөх хугацаа, эрх, үүрэг, хариуцлагыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хуульд нийцүүлэн тогтоож хүчин төгөлдөр “Тээврийн зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан. Энэхүү Тээврийн зээлийн гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар өмнөх тээвэр зуучлалын үүрэг дуусгавар болж харин Тээврийн зээлийн гэрээний үүрэг үүссэн. Хоёр талын байгуулсан Тээврийн зээлийн зэрээнд заасан үүргийнхээ дагуу Ч.Ганбаатар нь зохих ёсоор үүргээ биелүүлж мөнгө төлж байсан зэрэг нь төлбөр төлж байсан баримтаар нотлогдоно. Хариуцагч Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны чингэлгийг тээвэрлэлтийн зардалд тооцоо нийлж, 17 474 ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-иар маргаан бүхий 4 чингэлгийг БНСУ-аас Улаанбаатар хот хүртэл зуучлуулан тээвэрлүүлсэн бөгөөд тэдгээрийн хооронд тээвэр зуулалын эрх зүйн харилцаа үүссэн. Энэ талаар талууд харилцан тохиролцож тээвэр зуучлалын эрх зүйн харилцаанаас үүсэх эрх, үүргийг сольж Тээврийн зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцэх бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн, айлган сүрдүүлж хийсэн гэж үзэх үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3 226 ам.долларыг, зээлийн гэрээ байгуулснаас хойш 5 377 ам.долларыг, нийт 8 603 ам.долларыг төлсөн бөгөөд 2013 онд DYLU5108479 дугаарын чингэлгийг 5 300 ам.доллар, РСSU5102854 дугаарын чингэлгийг 4 800 ам.доллар, GESU6493059 дугаарын чингэлгийг 5 300 ам.доллар, GESU6493059 дугаарын чингэлгийг 5 300 ам.доллараар тус тус тохиролцож тээвэрлүүлсэн хэмээн мэдүүлжээ. Гэтэл Ч.Ганбаатар нь эдгээр чингэлгүүдээс DYLU5108479 дугаарын чингэлгийг тээвэрлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд “Сутай богд бридж транс” ХХК-ийн сүрдүүлгэнд автан илүү төлөлт төлсөн байдаг. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа “хоёр чингэлгийн төлбөрийг би төлсөн учир хоёр чингэлгийн хариуцна” хэмээн мэдүүлсэн байдаг. Ч.Ганбаатар нь Худалдаа хөгжлийн банк дахь Ариунгэрэл Батдэлгэр 410028032 тоот дансанд Ч.Ганбаатараас 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг буюу 274 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг буюу 274 ам.доллар, 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 1 000 000 төгрөг буюу 555 ам.доллар, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг буюу 544 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1 100 000 төгрөг буюу 595 ам.доллар, нийт 4 400 000 төгрөг буюу 2 242 ам.доллар төлсөн байх ба 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3 226 ам.долларыг төлсөн байдлаас 168 ам.доллар илүү буюу илүү төлөлт 310 590 төгрөг болж байна. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2 500 000 төгрөг буюу 1 255 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг буюу 404 ам.доллар, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1 200 000 төгрөг буюу 609 ам.доллар, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөг буюу 255 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг буюу 258 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 700 000 төгрөг буюу 354 ам.доллар, нийт 10 110 590 төгрөгийг “Сутай богд бридж транс” ХХК нь Ч.Ганбаатараас айлган сүрдүүлж авсан байх тул “Сутай богд бридж транс” ХХК-иас илүү төлөлт 10 110 590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Ганбаатар нь “Сутай богд бридж транс” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны 4 ширхэг чингэлгийг тээвэрлэлтийн зардалд тооцоо нийлж, 17 474 ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Хариуцагч нь тээвэр зуучлалын гэрээ болон тээврийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлж байсан болохоос биш илүү мөнгө төлөөд байсан зүйл огт байхгүй тул 10 110 590 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ч.Ганбаатараас 18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д холбогдох, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “тээврийн зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 10 110 590 төгрөг гаргуулан тухай хариуцагч Ч.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549 599 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 339 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч талаас нотлох баримт болгон гаргаж өгсөн \хх 28-39\ чингэлгийн дагалдах бичигт:

1. DYLU5108479 дугаартай чингэлэг илгээгч Баттөгс хүлээн авагч Анхзаяа чингэлэг дотор 2 ш Grandeur суудлын автомашин, County автобус ачигдаж ирсэн

2. GESU6489207 дугаартай чингэлэг илгээгч Баттөгс хүлээн авагч Анхзаяа Баттуул чингэлэг дотор 3 ш Porter, 1 ш Bongo fronter ачааны автомашин ачигдаж ирсэн

3. GESU6493059 дугаартай чингэлэг илгээгч Баттөгс хүлээн авагч Нандиниэцэг, Цэрэндорж

4. PCSU5102854 дугаартай чингэлэг илгээгч Баттөгс хүлээн авагч нь Баттөгс, Батдэлгэр хэмээн илгээгч, хүлээн авагчийг тодорхой дурдсан байдаг.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 85-90 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан УБ хотын гаалийн газраас ирсэн гаалийн мэдүүлэг зэрэгт хариуцагч Ч.Ганбаатарын нэр ердөө дурьдагдаагүй байдаг. Иймд “Сутай богд бридж транс” ХХК нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.

Хариуцагч Ганбаатар нь тухайн чингэлгүүдийн илгээгч Баттөгстэй DYLU5108479, GESU6489207 дугаарын чингэлгүүдэд ачигдсан гахайн өөхний асуудлаар 2013 оны 02 сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан байдаг. Энэ нь 2014 оны 10 сарын 13 өдрийн Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяанагийн яллах дүгнэлт буюу Эрүүгийн 201301000064 дугаартай хавтаст хэрэг зэргээс нотлогддог. Эрүүгийн хэрэгт татагдсан сэжигтэн, яллагдагч нь худлаа мэдүүлэг өгч болох боловч гэрчүүд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулийг сануулж мэдүүлэг авсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэгт гэрчээр байцаагдсан гэрчүүд нь худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй байна.

Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээс Ч.Ганбаатар нь Баттөгсийг БНСУ-д. байхад нь бараа захисан болохоос ямар дугаартай, хэдэн ширхэг чингэлэгт хэн, хэний ачаа ачигдсан талаар ямар ч мэдээлэлгүй байсан байдаг. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талын шүүхэд гаргуулсан нотлох баримтын талаар дурдаагүй ба ач холбогдол өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дүгээр зүйлийн 118.4-д заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу асуулгасан гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг ба тухайн зээлийн гэрээг Ганбаатар нь тайлбарлахдаа: Баттөгсийн хамтаар Эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд хоёр ч зүйл ангиар шалгагдаж байсан. Үүнийг Цэндсүрэн захирал маш сайн мэдэж байгаа. Тэр үеэр Баттөгс байхгүй байсан байдаг ба Ч.Ганбаатар нь тухайн зээлийг төлнө гэсэн хүсэл зориггүй байсан, аргагүй эрхэнд зурсан гэж хэлдэг. Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу айлган сүрдүүлж хийсэн гэрээ гэж үзэж байна. Шүүх уг асуудлыг нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Ганбаатарын мөнгө төлж байсан үеийг шалгаж үзвэл Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш төлөлт хийгдээгүй байдаг. Мөн ямар нэгэн гэрээ хэлцлийг бусдын өмнөөс хийхэд заавал Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар төлөөлөх итгэмжлэлтэй байхыг шаарддаг. Иймд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд болон хэргийн материалд Ч.Ганбаатар нь ачааны илгээгч, хүлээн авагч гэдэг нь тэмдэглэгдээгүй байдаг. Мөн нэхэмжлэгч нь тус чингэлгүүдийн тээврийн зардлыг шаардах эрхтэй этгээд мөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд ямар бичиг баримтанд үндэслэн Ч.Ганбаатарын ачаа гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагчаас 2014 оны 08 дугаар сарын 30 өдрийн 1 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09 өдрийн 1 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 13 өдрийн 1 100 000 төгрөгийг Н.Ариунгэрэлийн Худалдаа хөгжлийн банканд төлсөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. ...Б. Баттөгсийн тээвэрлүүлсэн тус чингэлгийн үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, Н.Ариунгэрэлийн дансанд хийсэн мөнгө нь тус чингэлгүүдийн тээврийн зардал мөн эсэх нь тодорхойгүй буюу хавтаст хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байна хэмээн үзэж байна.

Хавтаст хэргийн 28-39 дугаар талд авагдсан нотлох баримт болох чингэлгүүдийн билл дээр нэхэмжлэгч компани буюу тээврийн гэрээ байгуулсан компани нь “Донг Ёнг Шиппинг” ХХК хэмээн мэдүүлсэн байдаг ба “Сутай Богд бридж транс” ХХК-д “Донг Ёнг Шиппинг” ХХК-ийг төлөөлөн тээврийн зардлыг нэхэмжлэх гэрээ хэлцэл болон итгэмжлэл олгосон эсэх, хариуцагч Ч.Ганбаатар нь нэхэмжлэгч “Сутай Богд бридж транс” ХХК-иар тээврийн зуучлал хийлгэхээр тохиролцсон эсэх нь, “Сутай Богд бридж транс” ХХК нь Ч.Ганбаатараас тус чингэлгүүдийн тээврийн зардлыг шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байгаагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д, 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Тээврийн зээлийн гэрээ” гэдгийг Р.Дулмаа нь Ч.Ганбаатартай хийсэн байдаг /хх- 40, 41, 42/ ба тухайн үедээ Р.Дулмаа нь “Сутай Богд бридж транс” ХХК-ийг төлөөлөх эрхгүй буюу тус компаний гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоогүй байсан нь хавтаст хэргийн 25 дугаар хуудаст авагдсан компаний Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хавсралтнаас харагддаг ба хавтаст хэрэгт Р.Дулмаа нь тус компаний ерөнхий захирал гэсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Мөн Б. Цэндсүрэн /хавтаст хэргийн 25 дугаар хуудасны хавсаралтаас 2015 оны 03 дугаар сарын 20-нд гүйцэтгэх захирлаар томилогдсон/ Р.Дулмаа /хавтаст хэргийн 25 дугаар хуудасны хавсралтанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон/ нар нь тус гэрээг хийх эрхтэй эсэх талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаагаас тус гэрээ нь Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг зөрчсөн, гэрээн дээр ямар нэгэн компанийн тамга тэмдэг байхгүй болон нотлох баримтгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нотариат баталгаажуулсан нь Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг зөрчжээ .

Тус зээлийн гэрээг “Сутай богд бридж транс” ХХК нь иргэн Ч.Ганбаатартай байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч нь тус чингэлгүүдийн тээврийн зардлыг шаардах эрхгүй байж, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзэж байна.

Иймд “Сутай Богд бридж транс” ХХК Ч.Ганбаатар нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 07 өдрийн “Тээврийн зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, Ч.Ганбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК нь хариуцагч Ч.Ганбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээврийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тээврийн хөлсөнд илүү төлсөн 10 110 590 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтанд DYLU 5108479/40, GESU6493059/40, PCSU5102854/40, GESU6489207/40 дугаартай чингэлгийн тээврийн хөлсний үлдэгдэл 17 474 ам.доллар байгаа талаар зөвшилцөн гарын үсэг зурсан, уг баримтыг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Тээврийн зээлийн гэрээ” нэртэй баримт үйлджээ. /хх 40-42/

            Харин уг гэрээний “нийтлэг үндэслэл” хэсгийн 1.1 дэх заалтад “хариуцагч нь тээврийн хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлнө” гэж талууд тохиролцсон байгаагаас тээврийн хөлс төлөх үүргийг зээлийн гэрээгээр сольсон гэж үзэх үндэслэлгүй, харин тээврийн хөлсний үлдэгдэл үүргийг харилцан тооцсон хэлцэл гэж үзэхээр байна.

            Иймээс хариуцагч Ч.Ганбаатар нь тээврийн хөлс 17 474 ам.доллар төлөх үүрэгтэй байснаас 5 377 ам.доллар буюу 10 300 000 төгрөгийг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт хэрэгт авагдсан /хх 4-24/ байх ба уг баримтад төлбөрийн зориулалтыг зээлийн төлбөр болох талаар тусгаагүй, тээврийн хөлс гэсэн агуулгаар, хэдний өдрийн ханшаар, хэдэн ам.доллар төлөгдсөн талаар тодорхой бичсэн байна.

            Мөн гэрээний 2.1-д “зээлдэгч нь тээврийн хөлсийг 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлөх”, гэрээний 2.2-т “зээлийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тохиолдолд зээлдүүлэгчийн шаардсан цагт зээлдэгч нь уг гэрээний зүйлийг төлнө” гэж үүрэг гүйцэтгэх хугацааг хоёр ялгавартай байдлаар тогтоосон байх тул гэрээгээр төлбөр төлөх хугацааг тодорхой тогтоосон гэж үзэхгүй тул хугацаа хэтрүүлсний алдангийг гаргуулах боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хариуцагчаас тээврийн хөлсний үлдэгдлийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хамт гаргуулан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тээврийн хөлсний үлдэгдэл 12 097 ам.долларыг нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Монголбанкны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1 999.37 төгрөгрөөр тооцон 24 186 378.89 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

            Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох боломжгүй, энэ талаарх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй.

            Мөн хариуцагч нь тээврийн хөлсөнд илүү мөнгө төлсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул тээврийн хөлсөнд илүү төлсөн 10 110 590 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Ч.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Хариуцагчаас Н.Ариунгэрэлийн Худалдаа хөгжлийн банк дахь 410028032 тоот харилцах дансанд 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 100 000 төгрөг тус тус төлснийг нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулан тооцох үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Хариуцагч холбогдох этгээдэд үндэслэлгүйгээр мөнгө төлсөн гэж үзэж байгаа бол энэ талаар нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэртийн 1 дэх заалтын “...36 223 226 төгрөг...” гэснийг “...24 186 378.89 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...339 100 төгрөг...” гэснийг “...278 882 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 066 төгрөгийг буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Б.НАРМАНДАХ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН