Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч А.А,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн А-ийн А-д холбогдох 2128002980165 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

  Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, ...........................................

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Баян булагын 21-01 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ө.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, тархи доргилт, баруун хацар, эрүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.А-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр шөнө уснаас болж маргалдаж эхэлсэн. Баллонтой ус дууссан гэсэн чинь уурлаад юм дуугарахгүй буруу хараад уурлаад хэвтээд байсан. Араас нь тэврэхээр өшиглөөд уурлаад байсан. Хоёр хацраас нь татсан чинь намайг чимхлээ гээд уурлаад хазахаар нь зөрүүлээд алгадсан. Чи намайг ингэлээ тэглээ гээд уурлаад би явлаа гэсэн. Хар шөнө яах гээд байгаа юм бэ хотоос аав ээж ирсэн ядарч байгаа гэж хэлэхэд явлаа гээд босохоор нь тэврээд хэвтүүлэх гэсэн орны дээд талын толгойд цохигдсон. Тэгсэн чинь уурлаад уйлаад базахаар нь дахиад нэг алгадсан. Улам хэрэлдээд тэгээд би уурлаад гараад явсан. Гарч яваад дүүгийндээ хоносон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнийн 02 цагийн үед гэртээ байж байгаад Ад би ууртайхан чи ус авчихгүй яасан юм бэ гэсэн чинь А над руу юу гээд уурлаад байгаа юм гэхээр нь би огт юм хэлээгүй, дуугарахгүй байсан чинь А миний зүүн хацарнаас чимхээд намайг аргадахаар нь би бас юу ч дуугараагүй. Тэгсэн бас миний хоёр мөр рүү гараараа алгадсан. Алгадахад нь би уурлаад хашхирсан чинь А гэрээс гараад гүйгээд явчихсан. Би араас нь гарах гэтэл хадам эх, эцэг намайг гаргаагүй. Би гэртээ унтаад өгсөн. Тэгсэн өглөө А 11 цагийн үед гэрт ирсэн... Гэрлэлтийн баталгаа байхгүй. 2021 оны 04 дүгээр сараас хойш хамт амьдарч байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээ хийлгээгүй, хэд хоноод хацрын хөхөрсөн зүйл эдгэсэн, эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 11 дэх тал/

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос ирээд гэртээ амарч байхад шөнийн 02 цагийн үед байшингийн хаалга дуугарахаар нь сэрээд А, М хоёрын амьдардаг хажуу өрөө рүү ороод очтол М хувцсаа өмсчихсөн А-ийн араас гарах гээд зогсож байхад нь жирэмсэн байж хар шөнөөр хаачих гээд байгаа юм гээд гаргаагүй. Тэгээд юу болсон талаар нь асуухад А бид хоёр маргалдаад тэгсэн А гараад явчихлаа гэж байсан. Тэгээд М-ийн гадуур хувцсыг тайлуулаад одоо миний охин унтаж амар, А удахгүй хүрээд ирэх байлгүй дээ гээд М-ийг амраасан. А манай дундах хүүхэд байгаа юм. Хүмүүжлийн хувьд хачин сайн, гадуур дотуур тэнээд байхгүй, спортоор хичээллэх дуртай хүүхэд байгаа юм. Одоо Политехникийн коллежид суралцдаг. 2021 оны 04 дүгээр сараас Ханбогд суманд М-ийд байж байгаад 2021 оны 09 дүгээр сараас бид хоёрын хажуу өрөөнд хамтран амьдарч эхэлсэн. М, А хоёр хоорондоо хачин сайн таарамжтай, залуу хүүхдүүд ч болоод тэр юм уу хачин эвтэй байдаг, одоо М нь төрөх гэж байгаа юм. Тухайн үед М-д ил харагдах шарх сорви байгаагүй. Маргааш нь хацар нь хөхөрсөн байгаа харагдсан. Өмнө нь Ханбогд суманд амьдарч байсан болохоор сайн мэдэхгүй байна. Надад өмнө нь тэглээ ингэлээ гэж юм ярьж байгаагүй.” /хавтаст хэргийн 19 дэх тал/

Гэрч Д.Г өрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А.А нь хөнгөн хийсвэр зантай, цагаахан цайлган тийм хүүхэд байгаа юм. Заасан юмыг хурдан ойлгодог, сурлага номын хувьд дунд зэргийн сурлагатай, сагсан бөмбөгөөр хичээллэх дуртай, цахилгааны ангийн шигшээ багийн тамирчин. Саяхан сагсны тэмцээнээс мөнгөн медаль авсан, спортоор сайн хүүхэд байгаа юм.” /хавтаст хэргийн 17 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ө.М-ийн биед тархины доргилт, баруун хацар, эрүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Өсвөр насны шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ эхнэр М бид хоёр унтах гээд орондоо орчихсон байхдаа утсаар оролдоод хэвтэж байхад эхнэр М над руу ус байгаа юу гэж хэлсэн. Хариуд нь би ус байхгүй дуусчихсан шүү дээ гэж хэлсэн чинь М уурлаад хэвтэж байхдаа намайг түлхсэн. Тэгэхээр нь яагаад уурлаад байгаа юм бэ гэсэн чинь цаашаа хараад огт юм дуугарахгүй байхаар нь миний хайр яагаад уурлаад байгаа юм бэ гээд эхнэрийн хоёр хацрыг чимхсэн чинь уурлаад дуугарахгүй байхаар нь үнсэхдээ доод уруулыг нь зөөлхөн хазаад тавьсан. Тэгсэн М явлаа гээд хувцсаа бэлдэнэ гээд орноосоо өндийсөн. Хар шөнөөр хаачих гээд байгаа юм гээд буцаагаад хэвтүүлэх гээд өөр рүүгээ татахад М орны толгойг, толгойн ар хэсгээрээ мөргөсөн. М уйлаад зөрүүлээд намайг миний хацар хавьд зөөлөн хазсан. Тэгэнгүүт нь зөрүүлээд би баруун мөр хэсэгт алгадсан чинь М хашхирсан. Тэгэхээр нь би гэрээс гараад яваад дүүгийнхээ гэрт очоод амарчхаад маргааш нь өдөр гэртээ ирсэн. М бид хоёр 2021 оны 04 дүгээр сараас хамтран амьдарч байгаа... М надаас нэхэмжилсэн зүйл байхгүй, одоо бид хоёр эвлэрсэн, ямар нэгэн асуудал байхгүй.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1650 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дэх тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Ө.М, шүүгдэгч А.А нар нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Баян булагын 21-01 тоотод баллонтой ус авсангүй гэх шалтгаанаас болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч А.А нь хохирогч Ө.М-ийн зүүн хацарнаас чимхэж, мөр рүү нь алгадсан  үйл баримт тогтоогдож байна.    

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Маргад-Эрдэнийн: ...А миний зүүн хацарнаас чимхээд намайг аргадахаар нь би бас юу ч дуугараагүй. Тэгсэн бас миний хоёр мөр рүү гараараа алгадсан. Алгадахад нь би уурлаад хашхирсан чинь А гэрээс гараад гүйгээд явчихсан. /хавтаст хэргийн 11 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Хоролгаравын: Тухайн үед М-д ил харагдах шарх сорви байгаагүй. Маргааш нь хацар нь хөхөрсөн байгаа харагдсан. /хавтаст хэргийн 19 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Баян булагын 21-01 тоотод оршин гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ө.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.М-ийн эрүүл мэндэд тархины доргилт, баруун хацар, эрүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 614 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/-ээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А нь хохирогч Ө.М-тэй 2021 оны 04 дүгээр сараас хойш хамт амьдарч, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба өсвөр насны шүүгдэгч А.А нь эхнэр Ө.М-ийн биед тархины доргилт, баруун хацар, эрүүний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч А.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хохирогч Ө.М нь гэмт хэрэг гарах үед 9 сартай жирэмсэн байсан болох нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “жирэмсэн болохыг мэдсээр байж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хүндрүүлэх шинжид хамаарч байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дээрх хүндрүүлэх шинжийг орхигдуулсан байх боловч шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэв.

Хохирогч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч А.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ...... зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч  А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргасан ба шүүх шүүгдэгч А.А-ийг өөрөө өөрийгөө өмгөөлж үг хэлэх боломжоор хангасан боловч хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан бөгөөд шүүгдэгч А.А нь 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 17 хоногтой буюу өсвөр насны шүүгдэгч байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.

Прокурор 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэх үед шүүгдэгч А.А нь 18 насанд хүрсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан хуулийн заалт зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.А-ийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэж, түүний бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ө.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн А-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ө.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА