Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн өмгөөлөгч В.Давааням

Шүүгдэгч С.Отгонсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Санжаажамцын Отгонсүхэд холбогдох эрүүгийн 2121003500027 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, монтер мэргэжилтэй, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цахилгаан шугам сүлжээний цехийн Чойбалсан дэд станцын диспетчер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бат-Уулын 5-5 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Санжаажамцын Отгонсүх /РД: ЖЯ 69060770/.

Шүүгдэгч С.Отгонсүх нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 20 минутын орчим Тоёота Королла маркийн 16-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Ган хэрлэн” зочид буудлын урд талын төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч яваа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Хорлоог мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Отгонсүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Яллах дүгнэлтэд дурдсан хохирлын мөнгийг өгсөн. Түүнээс хойш эм авсан мөнгийг бас өгсөн” гэв. 

Хохирогч Б.Хорлоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БОЭТөвийн халдвартын тасагт хэвтэж эмчлүүлж байсан төрсөн эгчийгээ эргээд хоол цай өгчихөөд буцаад 16 цаг 10 минутын орчим байх Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Ган хэрлэн” зочид буудлын урд талаар зорчих төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан жижиг тээврийн хэрэгсэл намайг мөргөж осол гаргасан бөгөөд би машинд мөргүүлээд босож чадахгүй хэвтэж байхад жолооч залуу ирээд намайг босгож түргэн тусламж дуудсан...” гэжээ. /хх-ийн 33-34/

Гэрч Х.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэргэлэн сумын 1 дүгээр багт хөдөө гэртээ байж байхад 16 цаг өнгөрч байх үед манай нутгийн залуу Батбаатар миний гар утас руу залгаад “Хорлоо эгч эмнэлгийн хойд талын төв зам дээр машинд мөргүүлээд хэвтэж байна, түргэн ирээд сая аваад явсан би охинд чинь хэлчихсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө гэрээсээ гараад Дорнод аймгийн төвд ирээд хүлээн авах тасаг дээр очиход миний ээжийн хамар амнаас нь цус гарсан нүүр нь хавдчихсан эмнэлгийн сандал дээр ёолсон байдалтай амьсгалын аппарат зүүчихсэн байсан...” гэжээ. /хх-ийн 45-46/

Гэрч А.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед ... Хэрлэн сумын 7 дугаар багт байх Ган хэрлэн зочид буудлын урд төв замаар өөрийн эзэмшлийн машинтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхад эсрэг урсгалын зам дээр буюу тухайн замын явган хүний гарцаас бага зэрэг урагш нэг машин өнгөрөөд зогсчихсон мөн тэр машины урд буюу газарт нэг настай эмэгтэй мөргүүлсэн байдалтай хэвтэж байхад нь би зогсоод харахад манай нутгийн эгч Хорлоо байсан...” гэжээ. /хх-ийн 49-50/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 605 тоот дүгнэлтэд:

1. Б.Хорлоогийн биед ууцны 2, 3-р нугалмын түвшиндэх баруун талын хугарал, сээрний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал болон lamina-н 2 талын хугарал, сээрний 8-р нугалмын зүүн талын хажуугийн сэртэнгийн хугарал, умдаг ясны баруун талын дээд, доод нумын хугарал, баруун 8-р хавирганы зөрүүгүй хугарал, цээжний баруун хөндийн шингэн болон хий хуралдалт, духны баруун тал, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун шанаа, хамрын нуруу, хамрын үзүүр, баруун угалзны зулгаралт, умдагны тархмал цус хуралт, баруун ташаа, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэний тархмал цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт, 2 талын сарвууны цус хуралт болон зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Ууцны 2, 3-р нугалмын түвшиндэх баруун талын хугарал, сээрний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал болон lamina-н 2 талын хугарал, сээрний 8-р нугалмын зүүн талын хажуугийн сэртэнгийн хугарал, умдаг ясны баруун талын дээд, доод нумын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 54-55/

С.Отгонсүх мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд тээврийн хэрэгсэл жолоодож явахад нар өөдөөс эгц тусаад машины нарны хаалтыг доош буулгачихсан мөн машины цонх гадна талдаа тоостой үзэгдэх орчин хязгаарлагдмал явж байсан учраас явган зорчигчийг хараагүй юм. Хэрэв харсан бол зогсох байсан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нь зогсож явган хүний гарцаар гарч байгаа зорчигчийг өнгөрөөх ёстой...” гэжээ. /хх-ийн 62-64/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/

Замын ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14-15/

Зам тээврийн осолд холбогдсон Toyota Corolla маркийн 16-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаа /хх-ийн 19-21/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 23-29/

С.Отгонсүхийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 67/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/

С.Отгонсүхийн жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 70/

16-18 ДОР улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 71/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Монгол овогт Санжаажамцын Отгонсүх нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Ган хэрлэн” зочид буудлын урд талын төв замаар 16-18 ДОР улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч яваа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Хорлоог мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч С.Отгонсүхийн “...тээврийн хэрэгсэл жолоодож явахад нар өөдөөс эгц тусаад машины нарны хаалтыг доош буулгачихсан мөн машины цонх гадна талдаа тоостой үзэгдэх орчин хязгаарлагдмал явж байсан учраас явган зорчигчийг хараагүй. Хэрэв харсан бол зогсох байсан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нь зогсож явган хүний гарцаар гарч байгаа зорчигчийг өнгөрөөх ёстой...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Хорлоогийн “...Би “Ган хэрлэн” зочид буудлын урд талын төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байхад жижиг тээврийн хэрэгсэл намайг мөргөж осол гаргасан бөгөөд би машинд мөргүүлээд босож чадахгүй хэвтэж байхад жолооч залуу ирээд намайг босгож түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Бямбадорж, А.Батбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 605 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон Toyota Corolla маркийн 16-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч С.Отгонсүх нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 605 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Отгонсүхэд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Санжаажамцын Отгонсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Отгонсүх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Отгонсүхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Отгонсүхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хорлоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 2,790,548 төгрөгийг хохирогчид төлсөн ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.Отгонсүх нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Отгонсүх нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Санжаажамцын Отгонсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Санжаажамцын Отгонсүхэд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонсүх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Отгонсүх нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Хорлоод 2,790,548 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Отгонсүхийн ЖЯ69060770 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Отгонсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА