Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0041/э |
Дугаар | 2022/ШЦТ/39 |
Огноо | 2022-01-27 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Н.Баатарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Нямсүрэнгийн Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 2121001800471 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66-54 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Нямсүрэнгийн Баатарсүрэн /РД: ЖИ81022211/.
Шүүгдэгч Нямсүрэнгийн Баатарсүрэн нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Уурхайн 4 замын уулзварт Тоёота Приус-30 маркийн 02-02 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас “Loncin” маркийн 26-04 ДОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч А.Энхжаргалын амь насыг хохироож, мотоциклын зорчигч Э.Дэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Баатарсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хэргийн улмаас нагац ахын маань амь нас хохирсон. Шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн зүгээс 1,360,000 төгрөгөөр буяны ажлын үйлчилгээ авч өгсөн. Тэрээр “миний зүгээс тусламж болгож өгч байгаа юм шүү” гэж хэлээд 4,000,000 төгрөг өгсөн. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны өмнөхөн миний дансанд оршуулгын ажлын зардал 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ долоо хоногт багтаагаад оршуулгын ажлын үлдэгдэл 1,556,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд манай ээж Оюунтунгалаг миний гар утас руу залгаад “Биеэ бариарай, 05 сарын 31-ний өдөр ах нь автын ослоор өнгөрчихсөн байна. Дорнод аймаг руу яаралтай ирээрэй” гэж хэлсэн. 2021 оны 06 сарын 03-ны өдөр цагдаагийн газарт ирж мөрдөгчтэй уулзаж хэргийн талаар мэдээлэл авахад цагдаагийн машинтай мөргөлдөж нас барсан талаар надад хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 86-91/
Хохирогч Э.Дэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2021 оны 05 сарын 31-ний өдөр Энхжаргал ахын хамт уурхайн замаар яваад гэрлэн дохиотой уулзвар дээр ирэхэд ямар ч байсан намайг харахад улаан гэрэл асчихсан байсан. Тэгэхээр нь би Энхжаргал ахад “Улаан гэрлээр орлоо” гэж хэлэхэд Энхжаргал ах “Хамаагүй” гээд шууд хөдөлсөн.Тэгээд би юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би тухайн үед гэрэл дохиог харахад улаан асаалттай байсан бөгөөд Энхжаргал ах ч зогсоогүй шууд хөдлөөд явсан. Мөн би түс хийх чимээ сонсоогүй бөгөөд машинтай мөргөлдснийг ч мэдээгүй нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн. Миний хувьд тухайн үед улаан гэрэл асаалттай байсныг л санаж байгаа болохоор тэрийгээ өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Би зам тээврийн осолд орсноос хойш 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний төлбөрт 36,000 төгрөг, бусад эм тариа гаднаас авсан төлбөр 100 гаруй мянган төгрөг болсон. Би хөл болон толгойгоо дахин үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэжээ. /1хх-ийн 94-95/
Гэрч Д.Жавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажил дээрээ ирэхэд зохицуулагч Н.Баатарсүрэн ажлаас гарч байгаа таараад би Баатарсүрэнд Тоёота Приус-30 маркийн 02-02 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгсөн. Тэгээд би ажлынхаа өрөөнд байж байхад 21 цаг 04 минутад дэслэгч Баатарсүрэн над руу ... утсаараа залгаж “Даргаа уурхайн дөрвөн замын уулзварт ирээрэй” гэхээр нь хошууч Х.Батсайханы хамт хэргийн газар луу явсан. Уурхайн дөрвөн замын уулзварт 21 цаг 15 минутад ирэхэд зохицуулагч Баатарсүрэн ганцаараа зогсож байсан бөгөөд юу болсон талаар асуухад “урдаас хойд тал руу уулзвараар нэвтэрч байхад зүүн талаас мотоцикл ирээд мөргөсөн” гэж хэлсэн. Байрлалыг харахад тухайн уулзварын голд Лонгкин маркийн мотоцикл, албаны Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хойд талын уулзвар нэвтрээд зогссон байдалтай байсан. Батсайхан бид хоёрыг очиход зохицуулагч Баатарсүрэн түргэн тусламж дуудаад зорчигч болон жолоочийг өгөөд явуулсан байсан...” гэжээ. /1хх-ийн 121-122/
Гэрч Х.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Би зохицуулагч Баатарсүрэнгээс мотоцикл жолоодож явсан хүн нь хаана байгаа талаар асуухад мотоциклд 2 хүн явж байсан би эмнэлэг дуудаад өгөөд явуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд 102 руу станцаар дуудлага өгч бүрэлдэхүүнийг дуудсан. Удалгүй мөрдөгч Очир-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг болон бусад ажиллагааг хийсэн...” гэжээ. /1хх-ийн 124-125/
Гэрч Ц.Идэрзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дуудлага ирсний дагуу би жолооч Жаргалсайханы хамт осол болсон газарт очиход Уурхайн дөрвөн замын уулзварт 2 хүн газар хэвтсэн байдалтай, цагдаагийн машин хойд талын хөндлөн зам дээр хойшоо харсан байдалтай, хажууд нь цагдаа зогссон байсан. Газар хэвтэж байгаа хоёр хүнийг үзэхэд нэг нь доошоо харсан толгойноос нь их хэмжээний цус гарсан гүрээний судсыг нь барьж үзэхэд цохилохгүй нас барсан байсан. Хамт явсан эмэгтэй нь согтуу байдалтай, эрэгтэйг нь үзэж байхад босож ирээд алхаж чадахгүй хөл өвдөөд байна гэсэн. Тэгээд хоёуланг нь эмнэлэгт авчраад нас барсан эрэгтэйг нь моорогт оруулсан. Эмэгтэй нь хүлээн авах тасагт ирээд урдаас нь машин ирээд мөргөсөн гэж ярьж байсан...” гэжээ. /1хх-ийн 127-128/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 59 тоот дүгнэлтэд:
1. А.Энхжаргалын цогцост гавлын ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, тархины суурь хэсэг нилэнхүйдээ, зүүн тал бөмбөлгийн чамархайн урд хэсэг, бага тархины суурь хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, зүүн чамархайн дээд хэсгийн хуйхны цус хуралт, хамар, зүүн хацрын ясны цөмөрсөн хугарал, баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал, нүүр баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, доод уруулын язарч урагдсан гүн шарх, баруун шилбэний язарсан шарх, баруун мөрний зулгаралт, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, гэмтэл үүссэн хэсэг тус бүрт хүч үйлчилсний улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, тархины суурь хэсэг нилэнхүйдээ, зүүн тал бөмбөлгийн чамархайн урд хэсэг, бага тархины суурь хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэг, 2.3.1-т зааснаар баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, зүүн чамархайн дээд хэсгийн хуйхны цус хуралт, хамар, зүүн хацрын ясны цөмөрсөн хугарал, нүүр баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, доод уруулын язарч урагдсан гүн шарх, баруун шилбэний язарсан шарх, баруун мөрний зулгаралт, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Талийгаач нь гавлын ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, тархины суурь хэсэг нилэнхүйдээ, зүүн тал бөмбөлгийн чамархайн урд хэсэг, бага тархины суурь хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт гэмтлүүдийн улмаас нас баржээ. Задлан шинжилгээгээр талийгаач нь нас бараад 6 цагаас дээш хугацаа өнгөрсөн байх боломжтой.
5. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ. /1хх-ийн 193-200/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 296 тоот дүгнэлтэд:
1. Э.Дэлгэрийн биед зүүн хөлийн тавхайн ясны бяцарсан хугарал, тархи доргилт, хуйханд зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ар гадаргын зураасан зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн шууны цус хуралт, зүүн гарын эрхий хурууны ар гадаргын няцарсан шарх, баруун өвдөгний няцарсан шарх, цус хуралт, цээжний ард зүүн талын няцарсан шарх, бүсэлхийн зүүн талын зураасан зулгаралт, баруун шилбэний цус хуралт, зүүн хөлийн тавхайн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүссэн байх боломжтой.
3. Зүүн хөлийн тавхайн ясны бяцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1хх-ийн 204-205/
Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 202133 тоот дүгнэлтэд:
1. Toyota Prius-30 маркийн 02-02 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Баатарсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Loncin маркийн 26-04 ДОЗ улсын дугаартай мотоциклын жолооч, амь хохирогч А.Энхжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол гарахад зам орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх нотлох баримт байхгүй байна.
4. Loncin маркийн 26-04 ДОЗ улсын дугаартай мотоциклын жолооч нь Замын хөдөлгөөний дүрмэнд зааснаар давуу эрхтэй оролцох бөгөөд Toyota Prius-30 маркийн 02-02 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тус дүрмийн дагуу зам тавьж өгөх үйлдлийг хийх шаардлага байгаа нь тухайн ослын нөхцөл байдал болон хэрэгт авагдсан материалын хүрээнд илэрч байна гэжээ. /2хх-ийн 11-12/
Техникийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/04 тоот дүгнэлтэд:
2. Loncin маркийн 26-04 ДОЗ улсын дугаартай мотоциклд зорчин явагч Э.Дэлгэр нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. б/ мотоцикл мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Toyota Prius-30 маркийн 02-02 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Баатарсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Loncin маркийн 26-04 ДОЗ улсын дугаартай мотоциклын жолооч, амь хохирогч А.Энхжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна
4. Toyota Prius-30 маркийн 02-02 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Баатарсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх заалтыг, Loncin маркийн 26-04 ДОЗ улсын дугаартай мотоциклын жолооч, амь хохирогч А.Энхжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэжээ. /2хх-ийн 22-23/
Н.Баатарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би цагдаагийн газраас гараад уурхайн дөрвөн замын уулзварт ирэх үед улаан гэрэл асч урд талд нэг жижиг тээврийн хэрэгсэл, харин нэгдүгээр эгнээнд Портер маркийн тээврийн хэрэгсэл тус тус зогсож байсан. Уулзварын гэрлэн дохио ногоон болж миний урд талын тээврийн хэрэгсэл хойшоо эргэх үед зүүнээс баруун тийш чиглэлтэй нэг тээврийн хэрэгсэл явж байхаар нь уг тээврийг хэрэгслийг өнгөрөөгөөд харахад зүүнээс баруун тийш чиглэлтэй тээврийн хэрэгсэл хол харагдахаар нь хөдөлгөөнд оролцож хойш эргэх боломжтой гэж үзээд тээврийн хэрэгслээр зүүн гар тал руу эргэх үед гэнэт хойно чимээ гарахаар нь тээврийн хэрэгслээ зогсоож гарч харахад мотоциклтой хоёр хүн ойчсон байсан. Эрэгтэй хүн нь мотоциклынхоо хажууд доошоо хараад хэвтсэн байдалтай, эмэгтэй нь мотоциклынхоо урд хэсэгт суусан байдалтай байхаар нь эхэлж түргэн тусламж дуудаад дараа нь Замын цагдаагийн тасгийн дарга Д.Жавхланд мэдэгдсэн...” гэжээ. /2хх-ийн 28-29/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 19/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 20-21, 25-30, 31-36, 37-41/
Зам тээврийн осолд холбогдсон 02-02 ДОА улсын дугаартай, Тоёота Приус маркийн, 26-04 ДОЗ улсын дугаартай, Loncin маркийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 22-23/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 24/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 42-45/
Амь хохирогч А.Энхжаргалын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-52/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 61-64, 65-70/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нөхөн зураглал /1хх-ийн 74-77/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 78-79/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1859 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 211-215/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 23, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Авто машин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 237-239/
Мөрдөгчийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 03 тоот магадлагаа /2хх-ийн 1-3/
Гэрч Б.Жамъянгүнригийн мэдүүлэг /1хх-ийн 134-135/
Гэрч Б.Насанбатын мэдүүлэг /1хх-ийн 138-139/
Гэрч О.Алтайхүүгийн мэдүүлэг /1хх-ийн 158-160/
Гэрч Ц.Энхтайваны мэдүүлэг /1хх-ийн 169/
Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /1хх-ийн 171/
Гэрч Д.Оюунцэцэгийг мэдүүлэг /1хх-ийн 173/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 99 тоот “Н.Баатарсүрэнгийн цусанд спиртийн алкоголь илрээгүй тухай” дүгнэлт /1хх-ийн 179-180/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 100 тоот “Э.Дэлгэрийн цусанд 1 промилли спиртийн алкоголь илэрч, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарах тухай” дүгнэлт /1хх-ийн 184-185/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101 тоот “А.Энхжаргалын цусанд 1,4 промилли спиртийн алкоголь илэрч, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарах тухай” дүгнэлт /1хх-ийн 186-187/
Н.Баатарсүрэнгийн шагнуулсан шагналын үнэмлэхийн хуулбарууд /2хх-ийн 30-35/
Н.Баатарсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 68/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 71/
Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 73-74, 88-96/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн оршуулгын зардал төлөгдсөн тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаагийн тодорхойлолт, ХААН банкны дэлгэрэнгүй хуулга /нийт 3 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар ирсэн бичлэг бүхий сиди, Нийслэл гэх шошготой 2,5 литрийн пивоны сав, бор өнгийн цүнх, мотоциклын банкны таг, дугуйны обудын хагархай хэсэг, цагаан өнгийн эмэгтэй хүний 1 хос гутал, хөх өнгийн тээврийн хэрэгслийн хаалганы бариул, хүрэн өнгийн цүнхний оосор, мотоциклын хагарч эвдэрсэн эд зүйлс, зайны нь таг салсан Нокиа маркийн гар утас, тээврийн хэрэгслийн гадна бариулын эвдэрсэн хэсэг, ногоон өнгийн малгай, мотоциклын дугуйны хагарсан обудын хэлтэрхий, мотоциклын ягаан өнгийн хөгжмийн дефузерны хэлтэрхий, хуванцар шаргал өнгийн хамгаалах малгай, тээврийн хэрэгслийн толины арын таг зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Монгол овогт Нямсүрэнгийн Баатарсүрэн нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн дөрвөн замын уулзварт 02-02 ДОР улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас 26-04 ДОЗ улсын дугаартай, Loncin маркийн мотоциклтой мөргөлдөж хохирогч Э.Дэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, А.Энхжаргалын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн “...уулзварын гэрлэн дохио ногоон болж миний урд талын тээврийн хэрэгсэл хойшоо эргэх үед зүүнээс баруун тийш чиглэлтэй нэг тээврийн хэрэгсэл явж байхаар нь уг тээврийг хэрэгслийг өнгөрөөгөөд харахад зүүнээс баруун тийш чиглэлтэй тээврийн хэрэгсэл хол харагдахаар нь хөдөлгөөнд оролцож хойш эргэх боломжтой гэж үзээд тээврийн хэрэгслээр зүүн гар тал руу эргэх үед гэнэт хойно чимээ гарахаар нь тээврийн хэрэгслээ зогсоож гарч харахад мотоциклтой хоёр хүн ойчсон байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э.Дэлгэрийн “...Энхжаргал ах ч зогсоогүй шууд хөдлөөд явсан. Мөн би түс хийх чимээ сонсоогүй бөгөөд машинтай мөргөлдснийг ч мэдээгүй нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн...” гэх, гэрч Д.Жавхлангийн “...Баатарсүрэн ганцаараа зогсож байсан бөгөөд юу болсон талаар асуухад “урдаас хойд тал руу уулзвараар нэвтэрч байхад зүүн талаас мотоцикл ирээд мөргөсөн” гэж хэлсэн. Байрлалыг харахад тухайн уулзварын голд Лонгкин маркийн мотоцикл, албаны Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хойд талын уулзвар нэвтрээд зогссон байдалтай байсан....” гэх, гэрч Ц.Идэрзоригийн “...Уурхайн дөрвөн замын уулзварт 2 хүн газар хэвтсэн байдалтай, цагдаагийн машин хойд талын хөндлөн зам дээр хойшоо харсан байдалтай, хажууд нь цагдаа зогссон байсан. Газар хэвтэж байгаа хоёр хүнийг үзэхэд нэг нь доошоо харсан толгойноос нь их хэмжээний цус гарсан гүрээний судсыг нь барьж үзэхэд цохилохгүй нас барсан байсан. Хамт явсан эмэгтэй нь согтуу байдалтай, эрэгтэйг нь үзэж байхад босож ирээд алхаж чадахгүй хөл өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаа, гэрч Х.Батсайхан нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 59 тоот, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 296 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогч А.Энхжаргалын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нөхөн зураглал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1859 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот магадлагаа, шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 202133 тоот дүгнэлт, техникийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/04 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Баатарсүрэн нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 59 тоот, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн 296 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1859 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот магадлагаа, шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 202133 тоот дүгнэлт, техникийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/04 тоот дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Баатарсүрэнд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Нямсүрэнгийн Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Баатарсүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаад 6,860,000 төгрөг, хохирогч Э.Дэлгэрт 131,800 төгрөг тус тус төлсөн, цаашид оршуулгын зардалд 1,556,000 төгрөгийг төлөөлөгч О.Баярмаад нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.
Мөн түүнчлэн амь хохирогч А.Энхжаргал, хохирогч Э.Дэлгэр нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөнгөн зэргийн согтолттой байсан, А.Энхжаргал нь А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, Э.Дэлгэр нь хамгаалах малгай өмсөөгүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг барагдуулахад гаргасан харилцаа хандлага зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.
Түүнээс гадна шүүгдэгч Н.Баатарсүрэн нь урьд ял шийтгүүлж байгаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байхаас гадна шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ... 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай тус тус нийцэж байх тул шүүгдэгч Н.Баатарсүрэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг гурван жилээр тогтоож, ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Энэ гэмт хэргийн улмаас А.Энхжаргалын амь нас хохирч, Э.Дэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Баатарсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Дэлгэрээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 131,800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байхаас гадна амь хохирогч А.Энхжаргалын хууль ёсны төлөөлөгч О.Баярмаад буян ажлын үйлчилгээнд 1,360,000 төгрөг, тусламж болгон 4,000,000 төгрөг нийт 5,360,000 төгрөгийг тус тус өгсөн байна. Мөн түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаагаас оршуулгын зардалд нэхэмжилсэн 3,056,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож шүүх хуралдаанаас өмнө 1,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,556,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Баатарсүрэн нь оршуулгын зардалд нөхөн төлөхөө илэрхийлсэн 1,556,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаад олгохоор тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Нийслэл гэх шошготой 2,5 литрийн пивоны сав, бор өнгийн цүнх, мотоциклын банкны таг, дугуйны обудын хагархай хэсэг, цагаан өнгийн эмэгтэй хүний нэг хос гутал, хөх өнгийн тээврийн хэрэгслийн хаалганы бариул, хүрэн өнгийн цүнхний оосор, мотоциклын хагарч эвдэрсэн эд зүйлс, зайны нь таг салсан Нокиа маркийн гар утас, тээврийн хэрэгслийн гадна бариулын эвдэрсэн хэсэг, ногоон өнгийн малгай, мотоциклын дугуйны хагарсан обудын хэлтэрхий, мотоциклын ягаан өнгийн хөгжмийн дефузерны хэлтэрхий, хуванцар шаргал өнгийн хамгаалах малгай, тээврийн хэрэгслийн толины арын таг зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаад 6,860,000 төгрөгийг, хохирогч Э.Дэлгэрт 131,800 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Баатарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Нямсүрэнгийн Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Н.Баатарсүрэнгээс оршуулгын зардалд нөхөн төлөхөө илэрхийлсэн 1,556,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүгдэгч Н.Баатарсүрэнгээс 1,556,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бодонгууд овогт Оюунтунгалагийн Баярмаа /ЖЯ 95012805/-д олгохоор тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Нийслэл гэх шошготой 2,5 литрийн пивоны сав, бор өнгийн цүнх, мотоциклын банкны таг, дугуйны обудын хагархай хэсэг, цагаан өнгийн эмэгтэй хүний нэг хос гутал, хөх өнгийн тээврийн хэрэгслийн хаалганы бариул, хүрэн өнгийн цүнхний оосор, мотоциклын хагарч эвдэрсэн эд зүйлс, зайны нь таг салсан Нокиа маркийн гар утас, тээврийн хэрэгслийн гадна бариулын эвдэрсэн хэсэг, ногоон өнгийн малгай, мотоциклын дугуйны хагарсан обудын хэлтэрхий, мотоциклын ягаан өнгийн хөгжмийн дефузерны хэлтэрхий, хуванцар шаргал өнгийн хамгаалах малгай, тээврийн хэрэгслийн толины арын таг зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Баатарсүрэн нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баярмаад 6,860,000 төгрөгийг, хохирогч Э.Дэлгэрт 131,800 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн ЖИ 81022211 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Баатарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА