Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2017/00324

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Ө аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, А овогт Ч Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Ж/-д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Урд эрхэлж байсан Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны гуанзны гэрээт ажилд эгүүлэн томилуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.М би Баян-Ө аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б\77 тоот тушаалаар тус төвийн гуанзны гэрээт ажилтны ажилд томилогдон ажил олгогчтой 2017 оны 08 дугаар сарын 03-ныг хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд би хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Гэрээт ажилтан чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" Б\44 тоот тушаалаар Ш.М намайг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гэрээт ажилтнаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь Ш.М надад орон тоо цомхтгосон гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А\21 тоот тушаалыг танилцуулаагүй юм. Ажил олгогч надтай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийсэн ба гэрээний хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусах ёстой юм. Гэтэл хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль бус гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаас Ш.М миний ажиллаж байсан тус төвийн дотуур байрны гэрээт ажилтны оронд захирал И.Ж нь "Түрээсийн гэрээ" хийх нэрийдлээр халхавч хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дээгүүр албан тушаал хашдаг Бауыржаны эцэг Зайтин нарын 3 хүнийг ажилд авч ажиллуулж байна. Энэхүү үйл баримт нь миний ажиллаж байсан гуанзны гэрээт ажилтны орон тоо бүрмөсөн хасагдаагүй болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 44.1-т "Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно" гэжээ. Гэтэл Ш.М намайг ажил олгогч орон тооны цомхтгол гэсэн хууль зүйн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мөртлөө өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж өгөөгүй юм.

Иймд Ш.М намайг урьд эрхэлж байсан тус төвийн гуанзны гэрээт ажилтнаар эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.М тус шүүхэд урд эрхэлж байсан Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны гуанзны гэрээт ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Би шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар тус Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаалаар урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох Урд эрхэлж байсан Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны гуанзны гэрээт ажилд эгүүлэн томилуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.М уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдуулан гаргасан Урд эрхэлж байсан Баян-Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны гуанзны гэрээт ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН