Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч Т.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаанууд овогт Төгсжаргалын Сүхбатад холбогдох эрүүгийн 2221000000022 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникийн команд мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 085 дугаар ангийн тусгай хороотод ахлах оператор ажилтай байсан, одоо Төв аймгийн Хуурай замын цэргийн командлалд тусгай холбооны мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Улз цогцолборын 502 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ухаанууд овогт Төгсжаргалын Сүхбат /РД: ЖЯ 92101332/.

Шүүгдэгч Т.Сүхбат нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 085 дугаар ангийн сургалтын танхимд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн орчимд тус ангийн дэд ахлагч цолтой Б.Чулуундоржтой үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэг рүү нь мөргөж биед нь зүүн ухархайн дотор ханын дээд хэсгийн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Сүхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний буруу. Үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Б.Чулуундорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээрээ буюу зэвсэгт хүчний 085 дугаар ангид очсон. Ингээд зэвсэгт хүчний жанжин штабаас цахим сургалт орсон юм. Сургалт орж байхад ширээндээ хамт сууж байсан дэд ахлагч Эрэмгийбаатар, ахлах ахлагч Эрдэнэсүх нартай инээлдээд юм ярьж байтал ахлах Сүхбат надад хандаж “чимээгүй бай” гэж хэлэхээр нь би юм дуугарахгүй чимээгүй болсон. Сургалт завсарлахаар танхимаас гараад явсан чинь удалгүй Сүхбат дуудуулсан. Тэгэхээр нь очсон чинь Сүхбат “чиний яриа чинь их том болжээ наад явдал энтэр чинь нэг л болохгүй байна даа” гэж хэлсэн. Би чимээгүй зогсож байтал толгой хэсгээрээ миний нүүр рүү мөргөсөн. Би ойртоод гарыг нь хамгаалсан чинь дахиж нэг удаа мөргөхөд нь би газарт унагаагаад нэг мөргөсөн. Дэд ахлагч Цолмонсүх бид нарыг салгасан. Би цусаа цэвэрлээд байж байтал Сүхбат хэрвээ чамайг цагдаа шүүхээр явах гэж байгаа бол чамайг гүйцээчихье гэж хэлж байсан. Зүүн нүд хөхөрч хавдсан. Хамар хугарч мурийсан, хамрын нармай цөмөрсөн толгой өвдөж байна. Энэ гэмтлүүдийг Сүхбат ахлагч намайг мөргөж учруулсан. ...535.000 төгрөг өгсөн байна. Цаашид би Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох тул шаардагдах мөнгө төлбөрийг өгнө гэж надад хэлсэн учир надад учирсан эрүүл мэндийн хохирлын талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр уулзаж учраа ололцож ярилцаж байгаа...” гэжээ. /хх-ийн 8-9, 11/

Гэрч Э.Эрэмгийбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чулуундорж бид хоёр юм ярьж инээлдэх үед ард сууж байсан Сүхбат гэх ахлагч “Чимээгүй бол энд сургалт явж байна, дуу нь сонсогдохгүй байна” гэж хэлсэн. Чулуундорж “би энэ сургалтаас юу ч ойлгохгүй байна, нэг ч зүйл ойлгохгүй байна” гэж хэлсэн чинь Сүхбат ахлагч “сонсох юмаа сонсоод сонсохгүй зүйлээ сонсохгүй чимээгүй байж бай, бусдадаа битгий саад болоод бай” гэж хэлсэн. ...сургалтын танхимаас гарах гэж байхад ахлагч Сүхбат намайг дуудаж “Дүү жоохон эвдрээд байна, үгэнд орохгүй, хэлсэн зүйлийг хойш нь тавьж байх юм” гээд миний гэдэс хэсэгт нэг удаа зөөлхөн цохисон. Би хариуд нь тийм үйлдэл гаргасан бол намайг уучлаарай гэж хэлээд байж байхад ахлагч Сүхбат нь дэд ахлагч Цолмонсүхээр дэд ахлагч Чулуундоржийг дуудуулсан юм. Сүхбат ах толгойн дух хэсгээр Чулуундоржийн нүүр хэсэг буюу хамарт нь нэг удаа мөргөсөн. Маш хүчтэй мөргөсөн учир Чулуундоржийн хамраас цус гарч хамраа бариад газарт тонгойж суусан. Тонгойгоод сууж байхад нь хүзүүнээс заамдан авч газарт унагаан шахаж бариад хэрэлдээд байсан. Өөр ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй...” гэжээ. /хх-ийн 13/

Гэрч Ж.Цолмонсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сүхбат намайг замаараа Чулуундорж дэд ахлагчийг дуудаарай гэж хэлсэн учир би замаараа Чулуундорж ахлагчийг дуудаж өгөөд нойл орж бие засаад буцаж ирээд сургалтын танхим руу орох үед Сүхбат ах Чулуундорж ах хоёр барьцалдсан байдалтай байсан учир дэд ахлагч Тэмүүжин, дэд ахлагч Эрэмгийбаатар бид хэд салгасан. Хэрхэн яаж цохилцож зодолдсон талаар бол мэдэхгүй Чулуундорж дэд ахлагчийн хамраас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд бид хэд Сүхбат ахыг аваад сургалтын танхимаас гарч цааш ямар нэг зодоон болоогүй...” гэжээ. /хх-ийн 15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 тоот дүгнэлтэд:

1. 2. Б.Чулуундоржийн биед зүүн ухархайн дотор хананы дээд хэсгийн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. 5. 6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2022.01.03-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх зүүн ухархайн дотор хананы дээд хэсгийн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/

 

Т.Сүхбат мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Чулуундоржийг дуудаж цахим сургалтанд хамрагдаж байх үедээ маазарч яриад байсан талаар анхааруулж байгаад “Хүний үг авахаа байжээ” гэж хэлсэн чинь Чулуундорж халаасандаа гараа хийж зогссон байдалтай миний өөдөөс “Тэгээд чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “Ахын дүү ойрд их эвдрээд байна шүү, өөрийгөө болсон гэж бодоод байгаа юм уу” гэж хэлсэн чинь намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаад “Чи миний өөдөөс ингэж байгаа бол хоёулаа эр хүн шиг үзье” гэж хэлсэн чинь миний өөдөөс “Үзье” гэж хэлэхээр нь Чулуундоржийн нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Энэ үед Чулуундорж миний толгой хэсэгт цохиж хавирах гэж байхад нь би зөрүүлэн хавирч газарт унагаасан. Миний цээж хэсэгт жийсэн учир би хөлийг нь доош дарж цээжиндээ нааж хоёр биенээ боогоод байж байхад манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан. Үүнээс хойш нэг нэгнийхээ биед халдаагүй...” гэжээ. /хх-ийн 35/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25/

Т.Сүхбатын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 39/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

Б.Чулуундоржийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Ухаанууд овогт Төгсжаргалын Сүхбат нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 085 дугаар ангийн сургалтын танхимд тус ангийн дэд ахлагч цолтой Б.Чулуундоржтой үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар толгой хэсэг рүү нь мөргөж биед нь зүүн ухархайн дотор хананы дээд хэсгийн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Т.Сүхбатын “...намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаад “Чи миний өөдөөс ингэж байгаа бол хоёулаа эр хүн шиг үзье” гэж хэлсэн чинь миний өөдөөс “Үзье” гэж хэлэхээр нь Чулуундоржийн нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Энэ үед Чулуундорж миний толгой хэсэгт цохиж хавирах гэж байхад нь би зөрүүлэн хавирч газарт унагаасан. Миний цээж хэсэгт жийсэн учир би хөлийг нь доош дарж цээжиндээ нааж хоёр биенээ боогоод байж байхад манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Чулуундоржийн “...би чимээгүй зогсож байтал толгой хэсгээрээ миний нүүр рүү мөргөсөн. Би ойртоод гарыг нь хамгаалсан чинь дахиж нэг удаа мөргөхөд нь би газарт унагаагаад нэг мөргөсөн. Дэд ахлагч Цолмонсүх бид нарыг салгасан. ...Зүүн нүд хөхөрч хавдсан. Хамар хугарч мурийсан, хамрын нармай цөмөрсөн толгой өвдөж байна. Энэ гэмтлүүдийг Сүхбат ахлагч намайг мөргөж учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Эрэмгийбаатар, Ж.Цолмонсүх нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Т.Сүхбат нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Т.Сүхбатын үйлдлийн улмаас хохирогч Б.Чулуундоржийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Төгсжаргалын Сүхбатад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Төгсжаргалын Сүхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Сүхбат тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т.Сүхбатын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сүхбатад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Сүхбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чулуундоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “хохирлыг барагдуулсан учраас шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Сүхбат нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.Сүхбат нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ухаанууд овогт Төгсжаргалын Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төгсжаргалын Сүхбатад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сүхбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.Сүхбат нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Чулуундорж нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Сүхбатын ЖЯ 92101332 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Сүхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА