Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор /онлайн/

Шүүгдэгч Э.Азбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шувуучин овогт Энхтуяагийн Азбаярт холбогдох эрүүгийн 2221000000019 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-07 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шувуучин овогт Энхтуяагийн Азбаяр /РД: ЖГ 98102119/.

Шүүгдэгч Энхтуяагийн Азбаяр нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиат хорооллын гудамжинд иргэн М.Мөнхдоржийн Самсунг S-7 загварын гар утсыг бусадтай утсаар яриад өгье гэж хэлж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг шилжүүлж авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Азбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч М.Мөнхдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад Хан-Уул болон Зангиат хорооллын дунд байдаг засмал замаар явж байхад Булган сумын соёлын төвд галчаар ажиллаж байсан таньдаг дүү Азбаяр гудамжинд таараад надаас “Утас байна уу, нэг яриад өгье” гэж хэлэхэд нь би өөрийн Самсунг эс-7 загварын гар утсаа өгсөн. Гэтэл Азбаяр гэх залуу миний утсыг өгөхгүй утсаар яриад яваад байсан ба утсаар ярьж явсаар байгаад 4 байшин хүртэл явсан. Тэгэхээр нь би “Утсаа авъя, явах ажилтай байна” гэхэд “Одоохон ахаа, би хүнээс юм авах ёстой юм” гээд утсыг маань өгөхгүй байсан. Явсаар байгаад утсыг маань аваад тэр чигтээ зугтсан. ...би араас нь дуудаад бахираад байхад миний үгийг сонсохгүй тэр чигтээ гүйсэн. Тэгээд би Азбаярыг алдсан. ...Би өөрийн алдсан гар утсаа эргүүлэн авсан болохоор ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11/

Гэрч Э.Аззаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай ээж Энхтуяа над руу залгаад “Дүү чинь хүний гар утас авчихсан байна, цагдаагаас залгаад байна, дүүгээ цагдаа руу явуул” гэж хэлж байсан. Дүү Азбаяр цагдаатай уулзана гээд гэрээсээ гараад хэд хоног гэртээ ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон...” гэжээ. /хх-ийн 15/

Э.Азбаяр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Зангиат хорооллын гудамжаар алхаж байгаад Булган суманд ирж очоод яваад байдаг таньдаг ах Мөнхдоржтой таарсан. Би Мөнхдорж ахаас утсаа өгчих нэг яриад өгье гэж хэлээд утсыг нь авсан. Ингээд утсаар нь хүнтэй ярьж байгаад Мөнхдорж ах бид хоёр урагшаа дөрвөн байшин хүртэл алхсан. Дөрвөн байшинд байдаг найз Мөнх-Очирын гэрт ирэхэд бас хүн байгаагүй. Гэтэл тухайн үед Мөнхдорж ах утсаа авъя явмаар байна гээд байсан. Би Мөнхдорж ахын утсаар яриад өгье гээд утсыг нь өгөөгүй. Мөнхдорж ахыг дагуулаад Гандангийн баруун талаар Зангиатын нарийн гудамжаар хойшоо хамт явж байгаад ахын утсыг өгөхгүй тэр чигтээ зугтсан. ...гэртээ ороод Мөнхдорж ахын утсанд өөрийнхөө симийг хийгээд оролдоод хэвтэж байхад манай гэрт цагдаа орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 24-25/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/

Э.Азбаярын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 29/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Шувуучин овогт Энхтуяагийн Азбаяр нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиат хорооллын гудамжинд хохирогч М.Мөнхдоржийн Samsung S-7 загварын гар утсыг “Яриад өгье гэж хэлж аваад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг шилжүүлж авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Т.Азбаярын “...би Мөнхдорж ахаас утсаа өгчих нэг яриад өгье гэж хэлээд утсыг нь авсан. Мөнхдорж ахыг дагуулаад Гандангийн баруун талаар Зангиатын нарийн гудамжаар хойшоо хамт явж байгаад ахын утсыг өгөхгүй тэр чигтээ зугтчихсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М.Мөнхдоржийн “...Азбаяр гудамжинд таараад надаас “Утас байна уу, нэг яриад өгье” гэж хэлэхэд нь би өөрийн Самсунг эс-7 загварын гар утсаа өгсөн. Гэтэл Азбаяр гэх залуу миний утсыг өгөхгүй утсаар яриад яваад байсан ба утсаар ярьж явсаар байгаад дөрвөн байшин хүртэл явсан. Тэгэхээр нь би “Утсаа авъя, явах ажилтай байна” гэхэд “Одоохон ахаа, би хүнээс юм авах ёстой юм, гээд утсыг маань өгөхгүй байсан. Явсаар байгаад утсыг маань аваад тэр чигтээ зугтчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Аззаяагийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Э.Азбаяр нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Энхтуяагийн Азбаярт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Энхтуяагийн Азбаярыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг шилжүүлж авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Азбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Азбаярын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Азбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Мөнхдорж эд хөрөнгөөрөө хохирсон байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь алдагдсан гар утсаа шүүгдэгчээс бүрэн бүтэн буцааж авсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Азбаяр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шувуучин овогт Энхтуяагийн Азбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг шилжүүлж авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхтуяагийн Азбаярт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Азбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Азбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Мөнхдорж нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Азбаярын ЖГ 98102119 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Азбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА