| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0153/а |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Ций Ц, Т ургийн овогт Цгийн Э нарт холбогдох эрүүгийн 213500106180 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, Увс-АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Увс аймгийн Улаангом сум 7 дугаар багийн 1-8 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Ц-ий Ц, регистрийн дугаар: ОЮ 70051712.
Монгол Улсын иргэн, 1962 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сум 10 дугаар багийн 1-23 тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т ургийн овогт Ц-гийн Э, регистрийн дугаар: ОЮ62030472.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Ц нь нийтийн албан тушаалтан буюу “Увс-Авто зам, засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эхнэр М.Агийн нэр дээрх бүртгэлтэй байсан “Тоёота Хайс” загварын 26-64 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Доктор цэг” ХХК-д шилжүүлж, өөрийн удирдаж байгаа “Увс-АЗЗА” ТӨХК-д “Үйлчилгээний автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал” гаргаж сонгон шалгаруулалт явуулахдаа уг тендерт “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн өөрийн эхнэр М.Агийн нэр дээр байсан 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлж, улмаар уг автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Увс-АЗЗА” ТӨХК-д хүлээлгэн өгч “Доктор цэг” ХХК-ийн ХААН банкны 5800635526 тоот дансаар дамжуулан машины үнэ 19,500,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 19,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Э нь нийтийн албан тушаалтан буюу “Увс-Авто зам, засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ц.Цын эхнэр М.Агийн нэр дээр бүртгэлтэй байсан “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эхнэр Д.Бийн “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, улмаар “Увс-АЗЗА” ТӨХК-д нийлүүлэх автомашины тендерт оролцохоор бүрдүүлсэн баримт бичигт Д.Бээр гарын үсэг зуруулан, тэмдэг даруулан өгч тендерт шалгарсан, “Доктор цэг” ХХК-ийн ХААН банкны 5800635526 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр машины үнэ гэж 19,500,000 төгрөг шилжүүлэн авсны дараа 15,500,000 төгрөгийг бэлнээр Ц.Цд өгч, гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлэн өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь нийтийн албан тушаалтан буюу “Увс-Авто зам, засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эхнэр М.Агийн нэр дээрх бүртгэлтэй байсан “Тоёота Хайс” загварын 26-64 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Доктор цэг” ХХК-д шилжүүлж, өөрийн удирдаж байгаа “Увс-АЗЗА” ТӨХК-д “Үйлчилгээний автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал” гаргаж сонгон шалгаруулалт явуулахдаа уг тендерт “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн өөрийн эхнэр М.Агийн нэр дээр байсан 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлж, улмаар уг автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Увс-АЗЗА” ТӨХК-д хүлээлгэн өгч “Доктор цэг” ХХК-ийн ХААН банкны 5800635526 тоот дансаар дамжуулан машины үнэ 19,500,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 19,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Э нь нийтийн албан тушаалтан буюу “Увс-Авто зам, засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ц.Цын эхнэр М.Агийн нэр дээр бүртгэлтэй байсан “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эхнэр Д.Бийн “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, улмаар “Увс-АЗЗА” ТӨХК-д нийлүүлэх автомашины тендерт оролцохоор бүрдүүлсэн баримт бичигт Д.Бээр гарын үсэг зуруулан, тэмдэг даруулан өгч тендерт шалгарсан, “Доктор цэг” ХХК-ийн ХААН банкны 5800635526 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр машины үнэ гэж 19,500,000 төгрөг шилжүүлэн авсны дараа 15,500,000 төгрөгийг бэлнээр Ц.Цд өгч, гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлэн өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн: “Увс-АЗЗА”-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. ...Төлөөлөн удирдах зөвлөл нь худалдан авах ажиллагааны процесст оролцдоггүй, оролцох боломж хуулиар байхгүй. ...Тоёота Хайс загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 19,500,000 төгрөгөөр худалдан авч байсан байна. Шинжээчийн дүгнэлтээр Увс аймагт Тоёота Хайс загварын тээврийн хэрэгслийг 21,275,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ дүгнэлтээс харахад ямар нэгэн хохирол учраагүй байна. Тиймээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-р хуудас/,
2. Гэрч Д.Бийн: “...Манай “Доктор цэг” ХХК-ийг миний нөхөр бид хоёр хамтдаа ажиллуулдаг. Манай компани “Увс-АЗЗА” ТӨХК-ийн захирал Ц.Цын эхнэр М.Агийн нэр дээр байх “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, уг машиныг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Увс-АЗЗА” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэн талаар манай нөхөр Ц.Э сайн мэдэх байх. Тэгэхдээ автомашин манай компанийн нэр дээр шилжиж ирснийг мэдэж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/,
3. Гэрч Д.Б-гийн: “...Манай “Увс-АЗЗА” ТӨХК-ийн 2018 оны худалдан авах ажиллагаанд олон хүн суух зориулалттай, суудлын автомашин худалдан авахаар төлөөлөн удирдах зөвлөлөөр 20,000,000 төгрөгөөр төсвийг батлуулж байсан. “Доктор цэг” ХХК-иас манай “Увс-АЗЗА ТӨХК-д нийлүүлсэн “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг одоо манай байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа ажилчдыг зөөвөрлөж ашиглаж байгаа. Уг машины жолоочоор Д.Ч гэх хүн байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-р хуудас/,
4. Гэрч Я.Д-гийн: “...байгууллагын даргын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай тушаалаар байгуулагдсан “Увс-АЗЗА” ТӨХК-д “Үйлчилгээний автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан. Байгуулагдсан үнэлгээний хороо харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахаар болж “Өгөөмөр Өгөөж” ХХК, “Нарлаг наран” ХХК, “Доктор цэг” ХХК гэсэн гурван аж ахуйн нэгжид үнийн санал, урилга хүргүүлсэн. “Доктор цэг” ХХК-иас “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 19,500,000 төгрөгөөр нийлүүлэх үнийн санал болон тендерийн материалыг ирүүлсэн. Нөгөө хоёр компаниас үнийн санал, материал ирүүлээгүй. “Доктор цэг” ХХК-иас ирүүлсэн үнийн санал, нийлүүлэх тээврийн хэрэгсэл нь манай байгууллага болон захиалагчийн талаас тавьсан шаардлага, техникийн тодорхойлолтыг бүрэн хангаж байсан, машины зургийг үзэхэд боломжийн сайн машин байсан. Ингээд уг тээврийн хэрэгслийг авах тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу манай байгууллагын дарга Ц нь “Доктор цэг” ХХК-ийн захирал М.Бадамцэцэг нар гэрээ байгуулан тухайн тээврийн хэрэгслийг 19,500,000 төгрөгөөр байгууллагад авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р хуудас/,
5. Гэрч М.Агийн “...Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн үед “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлж байсан. Учир нь Э ах уг машиныг авч байхдаа 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түүний дараа уг машиныг компанийхаа нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед компанийн нэр дээр зээл аваад машины мөнгийг өгнө гэж хэлж байсан. Машин уг компанийн нэр дээр шилжсэнээс хойш ямар нэгэн мөнгө өгөөгүй. Тэгэхдээ машин бол надад байсан. Уг машины үлдэгдэл мөнгийг өгсний дараа дээрх тээврийн хэрэгслийг Эад өгөх гэж байсан. Түүний дараа нөхөр Ц нь Э ахад өгөх гэж байсан тээврийн хэрэгслийг манай компани худалдан авсан гэж хэлсэн. Мөн тухайн машины үлдэгдэл мөнгө гэж 15,500,000 төгрөгийг Э ахаас авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-р хуудас/,
6. Гэрч О.Э-ын: “...Тендерт материалаа ирүүлсэн “Доктор цэг” ХХК-ийг сонгон шалгаруулж уг тээврийн хэрэгслийг авах талаар зөвлөмжийг хүргүүлж байсан. Уг зөвлөмжийн дагуу манай байгууллагын дарга Ц нь “Доктор цэг” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулж “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 19,500,000 төгрөгөөр байгууллагад авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р хуудас/,
7. Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд М.Агийн нэр дээр, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хооронд “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл “Увс-АЗЗА” ТӨХК-ийн нэр дээр тус тус бүртгэлтэй байна” гэх 174 тоот албан бичиг /1-р хх-ийн 226-р хуудас/,
8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 105-110-р хуудас/,
9. Гэрч Н.Згийн: “Би Увс аймагт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг наран” ХХК-ийн захирлаар 2014 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. ...Увс аймагт авто зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Увс-АЗЗА” ТӨХК-ийн захирал Цаас манай компанид 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр “Увс-АЗЗА” ТӨХК нь танай компанийг Зам засвар арчлалтын ажлын хэрэгцээнд зориулж худалдан авах үйлчилгээний автомашин нийлүүлэх тухай тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлж байгаагүй. Хэрэв ирүүлсэн бол манай байгууллага уг тендерт оролцох, оролцохгүй талаараа мэдэгдэнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-р хуудас/,
10. Гэрч Б.Н-ын: “Би Увс аймагт хүнс, барилга, автомашины худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр өгөөж” ХХК-ийн инженерээр 2011 оноос хойш ажиллаж байна. ...Увс аймагт авто зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Увс-АЗЗА” ТӨХК-ийн захирал Цаас манай компанид 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр “Увс-АЗЗА” ТӨХК нь танай компанийг Зам засвар арчлалтын ажлын хэрэгцээнд зориулж худалдан авах үйлчилгээний автомашин нийлүүлэх тухай тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлж байгаагүй. Ийм албан бичиг ирсэн үед бид тендерийг судалж үздэг. Гэхдээ энэ компанийн талаар тендерийн урилга ирээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-р хуудас/,
11. Шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Би Цаас “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохирсон. Ингээд 4,000,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн байсан. 2018 оны эхээр эхнэрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан. ...26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц өөрийнхөө “Увс-АЗЗА” ТӨХК-д зарна гэж хэлээд өөрөө материал бүрдүүлж авч ирээд надад өгөхөөр нь би эхнэр Д.Бээр гарын үсэг зуруулаад өөрт нь өгдөг байсан. Тухайн автомашиныг Ц удирдаж байгаа “Увс-АЗЗА” ТӨХК-д зарахаар тендерийн баримт, материал гэж эхнэр бид хоёроос нэг ч хуудас бүрдүүлсэн удаа байхгүй. Шууд эхнэрээр гарын үсэг зуруулаад компанийх нь тамга даруулаад өөрт нь өгдөг байсан. ...Ялладагчаар татсан тогтоолтой танилцлаа, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 2-р хх-ийн 235-237-р хуудас/,
12. Шинжээчийн /тээврийн хэрэгсэлд хийсэн зах зээлийн үнэлгээ/ дүгнэлт /1-р хх-ийн 117-128-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.
“Увс-АЗЗА” ТӨХК нь Төрийн өмчит аж ахуйн нэгж байх бөгөөд “Увс-АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул шүүгдэгч Ц.Цыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Цыг нийтийн албан тушаалтан буюу “Увс-Авто зам, засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эхнэр М.Агийн нэр дээрх бүртгэлтэй байсан “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Доктор цэг” ХХК-д шилжүүлж, өөрийн удирдаж байгаа “Увс-АЗЗА” ТӨХК-д “Үйлчилгээний автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал” гаргаж сонгон шалгаруулалт явуулахдаа уг тендерт “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн өөрийн эхнэр М.Агийн нэр дээр байсан 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлж, улмаар уг автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Увс-АЗЗА” ТӨХК-д хүлээлгэн өгч “Доктор цэг” ХХК-ийн ХААН банкны 5800635526 тоот дансаар дамжуулан машины үнэ 19,500,000 төгрөгийг гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Э нь нийтийн албан тушаалтан буюу “Увс-Авто зам, засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ц.Цын эхнэр М.Агийн нэр дээр бүртгэлтэй байсан “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эхнэр Д.Бийн “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, улмаар “Увс-АЗЗА” ТӨХК-д нийлүүлэх автомашины тендерт оролцохоор бүрдүүлсэн баримт бичигт Д.Бээр гарын үсэг зуруулан, тэмдэг даруулан өгч тендерт шалгарсан, “Доктор цэг” ХХК-ийн ХААН банкны 5800635526 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр машины үнэ гэж 19,500,000 төгрөг шилжүүлэн авсны дараа 15,500,000 төгрөгийг бэлнээр Ц.Цд өгч, гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэсэн атлаа гэмт хэргийг “Бүлэглэн гүйцэтгэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлажээ.
Шүүгдэгч Ц.Эыг “Увс-АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эхнэр М.Агийн эзэмшлийн “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Доктор цэг” ХХК руу шилжүүлж, тендерт ирүүлэх материалыг “Доктор цэг” ХХК-ийн захирал Д.Бт өгч гарын үсэг зуруулах, улмаар автомашин нийлүүлэх гэрээ байгуулахад нь дэмжин тусалж, бичиг баримтыг нь зөөх, гэрээнд гарын үсэг зуруулах гэх мэтээр Ц.Цын үйлдлийг хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж түүнд давуу байдал олгох зорилгоор урьдчилан амлаж санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжин тусалсан хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Ц.Э нь урьдчилан амлаж үйлдлээрээ гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх тул түүнийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж үзнэ. Энэ гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хамжигчаар оролцож байгаа этгээд нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй.
Шүүгдэгч Ц.Цын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгохын тулд өөрийн эхнэр М.Агийн эзэмшилд байсан “Тоёота Хайс” загварын 26-65 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Эын дэмжлэгээр “Доктор цэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, буцааж өөрийн удирддаг “Увс-АЗЗА” ТӨХК-ийн эзэмшилд авч өөртөө давуу байдал үүсгэхийн тулд гэмт хэргийг төлөвлөсөн, албан үүрэг, бүрэн эрхээ ашиглан тендер сонгон шалгаруулалтад “Доктор цэг” ХХК-ийн өмнөөс бүх бичиг баримтыг бүрдүүлж, өөр компани шударгаар өрсөлдөж тендерт оролцох боломжийг хаасан зэрэг тухайн гэмт хэрэгт зохион байгуулагчийн үүрэгтэй оролцсон байна гэж дүгнэлээ.
Тиймээс Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийг зохион байгуулсан гэж, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж тус тус өөрчилсөн болно.
Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг улсын яллагч хүлээн авсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь “...ямар нэгэн хохирол учраагүй байна. Тиймээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон гэрч Ж.Лгийн “...Ц.Ц нь ажилчдыг ямар нэгэн байдлаар ялгалгүйгээр тэгш шударга харьцдаг, ажилчид бидний үгийг сайн сонсдог, аль болох ажилчдын ажиллах боломжийг сайжруулан ажилладаг. Ямар нэгэн байдлаар хүнтэй уурлаж, дээрэнгүй харьцаж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 209-р хуудас/, гэрч Ч.Хын “Би Цтай 1992 оноос хойш найзалж, нөхөрлөж явна. Зан аашийн хувьд хүнд их тусархаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүн чанар сайтай, ямар ч хүнтэй зөв боловсон харилцаад явдаг хүн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 214-р хуудас/, гэрч Ж.Эын “Би Ц.Эын найз нь. Найз маань зан аашийн хувьд хүнтэй хүнлэг, даруухан, эелдэг харьцдаг, маш их хөдөлмөрч, ажилсаг хүн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-р хуудас/, ял шалгах хуудас /2-р хх-ийн 247-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ц.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь 3 дугаар хавтаст хэргийн 36-37, 38-39-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийг зохион байгуулсан гэж, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б ургийн овогт Ц-ий Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Т ургийн овогт Ц-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгоход дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Э нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН