Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч Н.Энхтулга,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

              Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Од холбогдох эрүүгийн 2138003000016 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

              Шүүгдэгч М.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” ресторан дотор 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Нн баруун гарыг хөшиж эрүүл мэндэд нь гуравдугаар шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138003000016 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч М.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” ресторан дотор 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Нн баруун гарыг хөшиж эрүүл мэндэд нь гуравдугаар шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Оын өгсөн: ... Хүмүүс манайд ирээд бид хэд нэг шил вино уусан байдаг. Тэгээд “Өргөө” гэдэг ресторанд орсон. Тэнд ороход анхнаасаа үйлчилгээ үзүүлж байгаа нь одоо ойлгож байгаагаар н.Нн хамаатан хүүхэн үйлчлэхдээ бид нар руу зүй бусаар харьцаж эхэлсэн. Би өөрөө үйлчилгээний байгууллагад 20 гаруй жил ажилласан учраас тэр талаар их анхаардаг л даа. Маргаан гарах болсон шалтгаан нь манай “Номин Фүүдс”-ийн оруулж ирдэг 4,000 төгрөгийн үнэтэй чипсийг 15,000 төгрөгөөр бид нарт зарах гэсэн. Тэгээд би танайх ядаж нэг нугалж болно шүү дээ баар ресторан ч гэсэн. 15,000 төгрөг гэдэг чинь арай дэндүү байна гээд баримт шаардахад надад баримт өгөөгүй. Тэр маргаан үүсэх шалтгаан болсон. Бид нарыг тэнд маргалдаж байх үед ширээний яг урд талд гэмтсэн гэж байгаа н.Н гэдэг хүүхэн ах, дүү нараараа архи ууж суусан. Тэдний нэг эгч нь босож ирээд уусан идсэнээ төлж чадахгүй юм бол яах гэж тэнэдэг юм бэ гээд дайрсан. Тэгээд гарахдаа намайг мөр рүү цохиод гарсан. Би араас нь гарах гэтэл тэд нар 5, 6-уулаа явж байсан учраас нэг нь гаргахгүй намайг өшиглөсөн. Тэгээд намайг зодох гээд байхаар нь гарыг нь барьсан... Нэгэнт ийм асуудал болж энэ хүн гэмтсэн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Нн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн үед хуурай эгч Эээ, төрсөн эгч Т, Н, найз Ж, хүргэн ах Ш нарын хамтаар Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Өргөө ресторанд орж үйлчлүүлсэн. ...Т эгчийг текний орчимд байж байхад О гэх эмэгтэй Т эгчийг түлхээд унагаачихсан. О Т эгчийг түлхээд унагаачихаар нь би явж очсон. Намайг очиход О гэх эмэгтэй Т эгч рүү дайраад араас нь хөөгөөд байсан. Би тухайн үед хоол ундныхаа тооцоог хийчихээд Н эгчийн хамтаар ресторанаас гарч явахад О гэх эмэгтэй ирснээ Н эгчийг түлхэж унагаагаад дээрээс нь дэвссэн. Би тухайн үед яаж байгаа юм бэ гэж хэлэхэд О гэх эмэгтэй миний баруун гарнаас барьж аваад хойш нь дарчихсан. Тэгэхэд Ээ эгч “наадахаа битгий зодоорой, бие муутай хүн шүү” гэж хэлсэн. Тэгэхэд О миний гарыг тавьсан. О миний гарыг хойш нь дарснаас болж миний баруун гар гэмтэж хавдсан. ....Уг өдрийн маргааш миний баруун гар хавдчихсан байхаар нь өөрийн төрсөн эгч Ттайгаа очиж уулзаад: О гэх хүний утасны дугаарыг олуулж авсан. Би тухайн үед Отай утсаар нь ярьж байгаад Т эгчийнхээ гэрт дуудаж уулзсан. О гэх эмэгтэйтэй уулзахад намайг эмнэлэг рүү дагуулж явж гарны маань зургийг авахуулаад гараа хугарсан гэдийг мэдээд гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч А.Лгийн өгсөн: “.... Орой 20 цаг 30 минутын үед гаднаас 4 эмэгтэй орж ирээд 1 номерын өрөөнд үйлчлүүлэхээр орсон. Энэ дөрвөн эмэгтэйгийн нэг нь болох О /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх эмэгтэй өрөө рүүгээ явж байхдаа “бүжгийн ая тавь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манайх бүжиг явдаггүй юмаа” гэхэд О гэх эмэгтэй “яагаад бүжиг явдаггүй юм бэ, чи үйлчилгээний хүн биш байна, намайг хүн 20.000.000 төгрөгөөр үнэлж байхад та нар ер нь өнөөдөр хэн бэ” гэж хэлсэн. Би тухайн үед дуугүй л сонсож байгаад караокеных нь цагийг хийж өгчихөөд захиалсан вино, чипсийг нь оруулж өгсөн. Удалгүй Ц багш гарч ирж тооцоогоо хийсэн. Ц багшийг тооцоо хийгээд явсны дараа түүнтэй хамт явсан гурван эмэгтэй тооцоогоо хийе гээд ирсэн. Би тэр гурван эмэгтэйд Ц багш тооцоогоо хийсэн гэж хэлэхэд О гэх эмэгтэй “би шалгах эрхтэй, надад тооцоогоо үзүүл, шалгуул” гээд байсан. Тэгэхээр нь би өрөөнийх нь гарсан тооцоог тооны машин дээр бодож үзүүлсэн, мөн бараа зарах үнийнхээ тарифыг үзүүлсэн. Тэгэхэд О гэх эмэгтэй “танай байгууллага 4000 төгрөгний чипсийг 8000 төгрөгөөр зардаг хэн бэ, даварсан гарууд байна ш дээ, шалгах эрх нь надад байна, шалгуул” гээд байсан. Тэгэхээр нь би шалгуулах юмаа шалгуулсан, одоо танд шалгуулах зүйл байхгүй гэж хэлсэн. ... Тухайн үед Н эгч надтай ирж уулзаад би тооцоогоо хийгээд хүмүүсээ аваад явъя гэж хэлсэн. ... Н эгч тооцоогоо хийчихээд Н эгчийн хамтаар гарч явах гэж байхад Н эгчийг О гэх эмэгтэй түлхээд унагаачихсан. Н эгч уначихаад босож ирэнгүүтээ О руу дайрах гэхээр нь би хориглоод дайруулаагүй. Би Н эгчийг үүд рүү гаргачихаад буцаад орж ирэхэд Н эгч: О гэх эмэгтэй чинь миний гарыг хананд шахаж байгаад мушгиад гэмтээчихлээ гээд гараа надад харуулсан. Тухайн үед Н эгчийн гар нь улайгаад хүн базчихсан гэмээр байдалтай харагдаж байсан. .. Уг өдрийн маргааш над руу Н эгч залгаад: “эгчийнх нь гар аягүй аймаар хавдчихлаа, шөнөжингөө янгинаж хонолоо” гэж ярьсан. ... Хэрэг болсон өдрийн маргааш О гэх эмэгтэйтэй уулзахад: “миний эгч саяхан хавдрын хагалгаанд орсон, Монгол Улсад анх удаа хийгдсэн хагалгаа байгаа юм, эмчийнхээ хяналтад байнга байдаг” талаар хэлэхэд О “гар байсан нь яамайдаа, яаж гэдэс рүү нь өшиглөчихөөгүй юм, би ёстой дэвтэй архи уучихаж” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Ш.Нийн өгсөн: “...Би тухайн үед Жг авч гарах зорилгоор буцаад заал руу ороход цагаан куртиктэй эмэгтэй надтай хэрүүл маргаан үүсгэж байснаа, намайг татаад газарт унагаачихсан. Энэ эмэгтэй намайг ямар шалтгааны улмаас түлхэж унагаах болсныг нь мэдэхгүй байна. Би газарт уначихаад арай хийж босож ирсэн, тэгэхэд тэр цагаан куртиктэй эмэгтэй Нг хананд шахчихаад гарыг нь мушгиад зогсож байсан. Тухайн үед Н ёооё гээд орилж байхаар нь би явж очоод тэр эмэгтэйг түлхээд болиулсан. Тэгж байхад намайг Л салгаад хаалгаар гаргасан. Би гарснаасаа хойш дахиж ороогүй. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 23 тал/,

Гэрч С.Цгийн өгсөн: “...Би захиалсан зүйлүүдийнхээ тооцоог хийсэн. Тухайн үед тооцоо яг хэд болсныг одоо сайн санахгүй байна. Намайг 1 давхар луу бууж тооцоо хийчихээд буцаад гарч ирэхэд нөгөө хэд маань үйлчилгээний төвийн рэсэпшин эмэгтэйтэй чипс үнэтэй байгаа талаар маргалдаж байсан. Би тэд нарыг маргалдаад байхаар нь би тооцоогоо хийчихсэн, битгий маргалд, одоо больцгоо гэж хэлсэн. Өөр юу гэж хэлснээ одоо сайн санахгүй байна. Тэд нар миний үгийг тоохгүй маргалдаад байхаар нь түрүүлээд гадагш гарсан. ...Зодоон цохион болохыг хараагүй, хэн нь хэнийгээ цохьсоныг ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг 25-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11  дүгээр сарын 22-ний өдрийн 535 дугаартай: “...Г.Нн биед баруун 3 дугаар шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/,

Шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Бид нар манайхаас гараад Цгийн очдог газар болох Өргөө нэртэй үйлчилгээний төв дотор орж үйлчлүүлсэн. Тухайн үйлчилгээний төвийн вип өрөөнд орж суугаад вино, чипс зэрэг зүйлүүдийг захиалж аваад сууцгаасан. Авсан юмаа ууж дуусгачихаад бид нар тооцоогоо хийгээд гарахаар болсон. Би текэн дээр очоод танайх чипсээ хэдэн төгрөгөөр зарж байгаа юм бэ, арай хэтэрхий үнэтэй байна, ингэж үнэтэй зарж болохгүй гээд маргаан үүсгэж байтал хажуунаас үл таних эмэгтэй хүрч ирээд өөр хаа хамааралгүй зүйл яриад намайг хэл амаар доромжилсноо цохиод авсан. Тэр эмэгтэй намайг цохиж авчихаад гараад явсан. Би тэр эмэгтэйгийн араас очиж уулзах гээд гарах гэхэд хамт явсан эмэгтэйчүүд нь намайг гаргахгүй байсан. Үүнээс болж тэр эмэгтэйчүүдтэй маргалдсан. Маргалдаж байхдаа бие биенийгээ түлхэж байсан. Би тэр эмэгтэйчүүдтэй түлхэлцэж байсан, тэрнээс биш цохиж зодолдсон асуудал байхгүй. Н гэгч эмэгтэй намайг түлхээд байхаар нь гарыг нь хойшоо хальтхан дараад түлхсэн. Тэгэхэд Н намайг нэг удаа өшиглөсөн. Миний хувьд Н гэгчийг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед ийм л асуудал болсон. ...Намайг очиж уулзахад Нгийн гар нь гэмтсэн гэхээр нь би “эмнэлэг очиж үзүүлье, эмчилгээнд гарсан бодит хохирлыг төлж барагдуулая” гэж хэлээд эмнэлэг рүү дагуулж явж үзүүлсэн. Эмнэлгээр явахад Нгийн дүү Л гэх эмэгтэй хамт явсан бөгөөд намайг онгоц дуудаж Улаанбаатар хот руу авч яваад үзүүл гэж дарамталж байсан. Энэ хүмүүс өөрсдөө буруутай асуудал гаргасан учраас би хуулийн дагуу шалгуулж, шийдвэрлүүлье гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг хх-ийн 35-37-р тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Нн мэдүүлэг, гэрч А.Л, Ш.Н, С.Ц нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 535 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Оы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.О нь Г.Нн эрүүл мэндэд баруун 3 дугаар шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Нн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Оы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч М.Оы үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч М.Оы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” ресторан дотор 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Нн баруун гарыг хөшиж эрүүл мэндэд нь гуравдугаар шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч М.Оы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд цаашид гарах эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Оы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 41-44 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.О нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 46-40 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч М.Оын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв

Энэ хэрэгт шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 хэсэг бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Х овогт Мын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Мын Оыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Оаас хохирогч Г.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 хэсэг бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээсүгэй.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН