Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Бгийн Бд холбогдох эрүүгийн 2135001520174 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой /бичиг үсэг мэднэ/, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутагт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Бгийн Б, Регистрийн дугаар: ОЮ98040213.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Тарлан гэх газарт согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны орой хохирогч Б.Дг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135001520174 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаангом сумын 8 дугаар баг Хөндлөн гэх газарт багын найз болох Бороо болон Тогтохбаяр гэх дүүгийн хамт Г гэх айлд очиход Г, Б, Цоожоо гэх хүмүүс байсан. ...Б гэх залуу гараад уулзъя гэхээр нь би дагаад гартал ямар нэгэн юм ярихгүйгээр шууд миний нүүрэн тус газарт өшиглөсөн ба тухайн үед би ухаан алдсан юм уу түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нүдээ нээгээд сэртэл миний хавирга болон бүх бие өвдөж байсан. Тухайн үед миний төрсөн эгч намайг “чи юу гээд хүнээр зодуулаад байгаа юм бэ, чи үхэх гэж байна ш дээ” гээд хэлээд намайг босгох гэхэд миний хавирга болон бүх бие өвдөж байсан. ...Тухайн үед би гэр лүү ороод хартал миний өмсөж байсан өмдний 2 гуя хэсэгт цус болчихсон, хамраас цус гоожсон байдалтай байсан. ...Б намайг цохиж байх үед бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй, харин Гын гэрт Бороо, Г, Тогтохбаяр нар байсан. ... Б цохисон зүйл байхгүй. ...Надад учирсан хохирлыг Б нь бүрэн төлж барагдуулсан, одоо надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 33, 35-р хуудас/,

2. Гэрч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хоёр тэдний гэрт очиход Г, Б хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, ингээд бид нар нийлээд Гын гэрт нэг литр гаруй шимийн архи хувааж ууцгаасан. Архиа уугаад дуусаж байтал Б нь Дг дагуулаад гарсан, яах гэж авч гарсан талаар мэдэхгүй, Г бид хоёр энэ хоёрт гарч ярих зүйл байгаа юм байна гэж ярилцаад гэртээ үлдсэн. Удалгүй хэсэг хугацааны дараа Б гаднаас орж ирээд Дг чинь зодчихлоо, тэрнийгээ ав гэж надад хэлсэн. Би гараад харахад Д зодуулчихсан байдалтай, гадаа орилж байсан. Хажууд нь яваад очиход нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон газар уначихсан орилж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Б намайг зодчихлоо, миний нүүр, хавирга гэх зүйл хэлээд орилж байсан. ...Тэгээд Дгийн эгч Ж нь аваад гэр лүүгээ явчихсан. Тэр хоёр гэрт байхдаа ямар нэгэн байдлаар муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

3. Гэрч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гын гэрийн ойролцоо байсан дүү Дгийн орилоод байгаа чимээ гарах шиг болохоор нь “яасан юм бол” гээд Гын гэрт очиход Д нь гадаа орилж, чарласан байдалтай, нүд нүүр нь улаан цус болчихсон байсан. Тухайн үед би ганцаараа очсон боловч дүү Дгийн хажууд Ч гэх залуу зогсож байсан. Би “яасан бэ, юу болсон” гэж асуухад дүү Д нь “Б /Шараа/ намайг зодлоо” гэж хэлсэн. Би “яагаад юу болсон юм” гэж асуухад Ч надад “хамт сууж байгаад Б дагуулаад гарсан. Тэгээд сая гэрт буцаж орж ирээд Дг чинь зодчихлоо, ав” гэж хэллээ. Би гарч ирээд харахад ийм байдалтай болчихсон байна гэж надад хэлсэн. Би “Ба” гэж орилоод хайхад гадаа машин дотроо нуугдчихсан байсан. Тэгэхээр нь би “гараад ир чи, яагаад хүн ийм болгож зоддог юм” гэж хэлээд дуудахад гарч ирчхээд юу ч хэлээгүй хажуугаар зөрөөд газар хэвтэж байсан Д лүү дахин зодох гээд дайрсан. Тухайн үед би “болиоч” гээд түлхээд дүү Дг босгож өөрийн гэртээ ирээд ор засаад хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44-р хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “...1. Б.Д-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Цээжний зүүн талын 8, 9 дүгээр хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн хажууд цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салстад, эрүүний зүүн урд хэсэгт, зүүн завж, уруулын салстад цус хуралт, зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 5. Цээжний зүүн талын 8, 9 дүгээр хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн хажууд цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салстад, эрүүний зүүн урд хэсэгт, зүүн завж, уруулын салстад цус хуралт, зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

6. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Гын гэрт хоолны махаа авах зорилгоор очиход Г гэртээ байсан бөгөөд гэрийн шкафнаасаа 2 литрийн данхтай шимийн архи гаргаж ирээд бид хоёр тухайн архийг хувааж уусан. Удалгүй архи уугаад дуусаж байтал гаднаас Ч, Д нар орж ирж байсан юм. Тэгээд Г нь дахиад 1 литр орчим шимийн архи гаргаж ирээд тойруулж байсан. Тэгээд юу болсон талаар би санахгүй байна. Нэг сэрэхэд Гын машины гадна хэвтэж байсан. Тухайн үед намайг Г ирж сэрээсэн бөгөөд “чи яагаад Дг зодчихсан юм бэ” гэж асууж байсан. Тэгээд Дгийн эгч Ж ирээд аваад явчихсан гэх зүйл хэлж байсан бөгөөд би өөрөө юу болсон талаар мэдээгүй байж байтал удалгүй цагдаагийн машин ирээд намайг аваад явсан. Тухайн машин дотор Д байсан бөгөөд Д зодуулчихсан байдалтай байсан. Тэгээд би өөрийгөө Дг зодсон гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Тарлан” гэх нэртэй газарт 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Б.Дг зодож хохирогчийн биед зүүн талын 8, 9 дүгээр хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн хажууд цус хуралт, тархи доргилт болон бусад гэмтлүүдийг учруулсан үйл баримт болжээ.

Хохирогчийн биед учирсан зүүн талын 8, 9 дүгээр хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн хажууд цус хуралт, тархи доргилт болон бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 390 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Б.Б нь нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Дгийн “...Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 35-р хуудас/-ээр нотлогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Э-ын “Б.Б нь айлын ууган хүүхэд юм. Улаангом сумын 8 дугаар багийн нутагт эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр нь одоо 5 сартай жирэмсэн байгаа. Б.Б нь найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, элдэв, муу зуршил гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, гэрч Д.Д-ийн “2020 онд Б.Б нь манай хүргэн дүү болж миний төрсөн дүү Амарсанаатай гэр бүл болсон. ...Б.Б нь ааш авир сайтай, хүний үгнээс гардаггүй, гэрийн ажилд сайн. Олон найз нөхөд гэж байдаггүй, үнэнч шударга, архи тамхи хэрэглэдэггүй, гэр бүлдээ хайр халамжтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг шалгасан хуудас /хх-ийн 64-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай адил саналтай байна” гэж, шүүгдэгч ямар нэг санал байхгүй, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, ялын талаар хэлэх зүйлгүй” гэж тус тус санал гаргажээ.   

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Мөн шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Бгийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Дд 1,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН