| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2017/0070/и |
| Дугаар | 644 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 644
Э.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00070 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 4 623 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Буянхишиг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Чинбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Э.Бат-Өлзий нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Бодь даатгал” ХХК-тай авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. 97-55 УНП улсын дугаартай “Ниссан Тиида” маркийн тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаатай даатгуулсан. Э.Бат-Өлзий нь 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тээврийн хэрэгслээр Архангай аймгаас Улаанбаатар хот руу явахдаа Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар зам тээврийн осол гаргасан. Осол гарсны дараа Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас хэргийн газарт шалтгалт хийж, цагдаагийн хошууч н.Ууганбаяр, ахмад Г.Батхуяг нар зам ослын акт үйлдсэн. Уг актаар Э.Бат-Өлзийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчиж зам тээврийн ослыг гаргасан гэж үзсэн. Даатгалын гэрээний дагуу “Бодь даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 4 623 000 төгрөг авахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлт гаргахад “Бодь даатгал” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр нөхөн төлбөрийг олгох боломжгүй гэдэг хариу өгсөн. “Бодь даатгал” ХХК-ийн үзэж байгаагаар уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орох үедээ 112 км/цаг хурдтай явж байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Ингээд Э.Бат-Өлзий уг маргаантай асуудлаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Бодь даатгал” ХХК-д албан тоот, мөн улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Э.Бат-Өлзийд даатгалын нөхөн төлбөр олгохыг даалгасан байдаг. Үүнийг бид бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гэтэл “Бодь даатгал” ХХК нь Даатгалын тухай хуулийн 9.1.4., Иргэний хуулийн 434-р зүйлийн 434.1.-д заасныг тус тус зөрчиж, даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нөхөн төлбөр 4 623 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зөвлөх инженер А.Цэцэгмаагийн хурд хэтрүүлсэн гэсэн дүгнэлт нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4.-т заасны дагуу шаардлагатай гэж үзвэл эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт мөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ дүгнэлт дээрх хуулийн заалтад хамаарахгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн албан бичгүүд нь “Бодь даатгал” ХХК-ийг буруутай гэдгийг тогтоосон байх тул хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж, даатгалын нөхөн төлбөрийг гаргаж өгөх үндэслэлтэй байгаа юм. Өөрсдийн гэрээтэй ажилладаг, хувь хүн, ямар нэгэн этгээдээр аливаа дүгнэлт гаргуулж, түүнийгээ үндэслээд нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа нь хууль бус байна. Эрх бүхий шалгах үүрэгтэй Цагдаагийн байгууллага нь Э.Бат-Өлзийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн гэж тогтоосон, түүнийг 9.3-ыг зөрчсөн гэж буруутгасан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна” гэжээ.
Хариуцагч “Бодь даатгал” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Тухайн гэрээний нөхцөл буюу сонгосон бүтээгдэхүүн нь экстра си гэсэн нөхцөлтэй. Энэ нь дээрээсээ 4 дэх ангилал, хураамжийн хэмжээ бага байдаг. Даатгуулагч өөрийн буруутай үйлдлээс зам тээврийн осолд холбогдох юм бол даатгуулагч өөрийн хариуцах хэсгийг буюу тухайн хохирлын 20-иос доошгүй хувийг хариуцна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэлийн шаардлага болох 4 623 000 төгрөгөөс 20 хувийг хасаж тооцох ёстой. Гэхдээ бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасныг үндэслэн зөвшөөрөхгүй байна. Мөн даатгалын гэрээний 16.2.9-д хурд хэтрүүлвэл нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн зохицуулалт байгаа. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан зохицуулалттай холбоотой юм. Уг заалтад тээврийн хэрэгслийн хурд суурин газарт 60 км/цаг, суурин газрын гаднах замд 50 км/цаг, тууш замд 100 км/цаг гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газарт зам тээврийн осол гаргасан. Тухайн зам нь орон нутгийн шинжтэй, ямар нэгэн тууш зам гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй гэдгийг зам тээврийн ослын акт, схем газрын зураг дээрээс баталгаажуулж өгсөн байдаг. Үүнийг Замын цагдаагийн газрын дэслэгч н.Анхбаяр, даатгуулагч Э.Бат-Өлзий болон хамт байсан хүмүүс нь гэрчээр байлцсан байна. Энэ зам нь орон нутгийн шинжтэй суурин газар гэж үзсэн. Замын цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг тогтоохдоо жолооч нь 9.2-т зааснаар хурдыг хасаагүй буюу их хурдтай явсан гэдгийг нь гаргаж өгсөн 2 баримтаар батлагдаж байгаа. Замын цагдаагийн байгууллагаас хурдыг тогтоож өгөөгүй учраас бид нар дүгнэлт гаргах эрх бүхий этгээдэд хандаж, тухайн схем зураг нь дээр үндэслэж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд тус тээврийн хэрэгсэл 112 км/цагийн хурдтай явж байсан гэдгийг тогтоож өгсөн. Осол гарах шалтгаан нь мал тойрох үйлдэл хийсэн. Хэрэв даатгуулагч 80 км/цагийн хурдтай явж байсан бол биет зүйлийг мөргөхгүйгээр зогсоох боломжтой байсан. Тийм учраас бид гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Даатгуулагч нь урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандсан бөгөөд дээрх байгууллага нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эрх бүхий зөвлөх инженерийн дүгнэлтэд тайлбар хийгээгүй. А.Цэцэгмаа инженерийн дүгнэлтийг яагаад үгүйсгэснээ нотлолгүйгээр хэт нэг талыг баримталж, нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн хариу албан бичгийг манайд удаа дараа ирүүлсэн. Ийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. А.Цэцэгмаа инженер нь мэргэшсэн, зөвлөх инженер хүн, тийм инженер олон биш юм. Нэхэмжлэгчийн зүгээс уг дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн бол мэргэжлийн байгууллагаар дахин нягтлан шалгуулах боломжтой байсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Механик, техникийн сургуулийн эрдэмтэн доктороор дүгнэлт гаргуулах боломж байсан. Бид зөвлөх инженертэй хувийн шугамаар хандаж дүгнэлт гаргуулдаггүй, бүх даатгалын байгууллага зөвлөх инженерийн эрхтэй инженерт ханддаг. Даатгагч нь Даатгалын тухай хуульд заасан эрхийн дагуу бид өөрсдөө шалгах эрхтэй. Өөрөөр хэлбэл ямар нэмэлт баримт шаардлагатай байгааг өөрсдийн эрхийн дагуу шалгасан. Бидний хэрэгжүүлж байгаа эрхийг Санхүүгийн зохицуулах хороо ямар нэгэн үгүйсгэсэн баримтгүйгээр хэт нэг талыг барьж шийдсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан шаардлага, албан бичгийг зөвхөн даатгуулагч, даатгагч нарын хооронд болсон маргаан дээр урьдчилан шийдвэрлэх талаар гаргаж байгаа дүгнэлт юм. Бид Санхүүгийн зохицуулах хорооны байцаагчийн албан шаардлагад гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, тэгэх шаардлагагүй гэж үзсэн. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “Бодь даатгал” ХХК-иас 3 698 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэлээс 924 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 74 124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бат-Өлзийд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Э.Бат-Өлзий нь талуудын хооронд байгуулсан “Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 16.2.9 дэх хэсгийг зөрчсөн нь тусгай зөвшөерөл бүхий Монгол Улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн №12-дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч анхан шатны шүүх дээр үнэлээгүй болно. Энэхүү дүгнэлт нь Иргэний хуулийн 439 дугаар зүйлийн 439.2 дах хэсэгт "Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хзмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх хэсэгт "шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт." гэж тус тус заасны дагуу хийгдсэн ажиллагаа юм. Булган аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн' зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямбаярын үйлдсэн №44 дугаартай ослын акт дахь хэмжилтын гар зураг хэсгээс харахад Э.Бат-Өлзий нь тоормозлосон цэгээс дунджаар 56,05 метр яваад зогссон нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлсэн нь тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн "Ниссан Тийда маркийн 97-55 УНП улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 112 км/цаг орчим хурдтай явсан байна" гэж дүгнэснээр нотлогдож байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т "Хариуцагч талаас гаргасан, Монгол Улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн №12 дугаартай дүгнэлтэд "....Ниссан Тийда маркийн 97-55 УНП улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 112 км/цагийн хурдтай явсан байна" гэсэн байх ба дүгнэлтийг хэний хүсэлтээр болон хэн үүрэг хүлээлгэснээр гаргасан нь тодорхойгүй, инженер А.Цэцэгмаа болон "Бодь Даатгал" ХХК-ийн хооронд байгуулсан гэх хамтран ажиллах гэрээ хэрэгт авагдаагүйн дээр, уг дүгнэлт нь нэхэмжлэгч Э.Бат-Өлзийг Замын хөдөлгөөнйи дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн буруутай болохыг тогтоосон Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 тоот "Зам тээврийн ослын акт"-ыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм" гэж үндэслэсэн нь хэт нэг талыг баримталсан байна. Энэхүү 44 тоот Зам тээврийн ослын акт нь ослын схем зураг зэргээс бүрдэж байгаа бөгөөд уг схем зурагт тоормозны мөрийн хэмжээ, тормоз эхэлсэн цэг зэрэг хэмжээсүүд тодорхой авагдсан боловч тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох ажиллагааг дутуу хийсэн байдаг. Иймд Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 тоот "Зам тээврийн ослын акт"-д баримтжуулсан тоо баримт, хэмжээсүүд зэрэг тодорхой зүйлүүд дээр тооцоолол хийж хурд тогтоох дүгнэлт гаргасан болно.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх хэсэгт "шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт" гэж заасан нь дүгнэлт гаргасан зөвлөх инженерийг мэргэжлийн байгууллага биш гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Учир нь мэргэжпийн байгууллага нь эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн дагуу дүгнэлт, тодорхойлолт гаргадаг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын зөвлөх инженер А.Цэцэгмаа нь тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий инженер тул №12 тоот дүгнэлтийг нотлох баримт гэж үзэн үнэлэх нь зөв гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э.Бат-Өлзий нь хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4 623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “уг зам тээврийн осол нь хууль болон гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдолд үл хамаарах нөхцөл буюу нэхэмжлэгч нь хурд хэтрүүлсэн” гэж маргажээ.
Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний эрх, үүрэг үүссэн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Э.Бат-Өлзий нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 601104030418 дугаартай “Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын” гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Э.Бат-Өлзийгийн эзэмшлийн “Ниссан Тида” маркийн 97-55 УНП улсын дугаартай автомашиныг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай даатгуулсан байна. /хх 6/
Нэхэмжлэгч Э.Бат-Өлзий нь даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах тухай гомдол гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу даатгагчийн үүргээ биелүүлж, даатгуулагчийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авч, гаргасан зөрчлөө арилгахыг үүрэг болгон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 88 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн албан шаардлага, 2015 оны 10 дугаар сарын 22-нд 9/4425, 2015 оны 12 дугаар сарын 14-нд 2/5123 тоот албан бичгүүдийг тус тус хариуцагч “Бодь даатгал” ХХК-д хүргүүлсэн байх тул Э.Бат-Өлзийг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Э.Бат-Өлзий нь 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Номын булаг гэх газар даатгалын зүйл болох “Ниссан Тида” маркийн 97-55 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс уг автомашин замын хажуу руу унаж, эд анги нь эвдэрч гэмтсэн болох нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 тоот Зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын газрын схем зураг, 26 тоот тодорхойлолт, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/1182 тоот “Бодь даатгал” ХХК-иас Э.Бат-Өлзийд явуулсан албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 7-8, 12, 13, 22
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан болон талуудын хоорондох даатгалын гэрээний тээврийн хэрэгслийн даатгалын хамгаалалт гэсэн хэсэгт “...замын хөдөлгөөнд оролцож байх бүх төрлийн эрсдэл...” гэж заасны дагуу 97-55 УНП улсын дугаартай, Ниссан Тида маркийн автомашинд хохирол учирч даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Э.Бат-Өлзий Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас даатгалын зүйл болох Ниссан Тида маркийн 97-55 УНП улсын дугаартай автомашин унаж, кузовны ган каркас гажиж, орой үрчийсэн, ихэнх баганууд гулзайж, нүүрний хөдөл нугарсан, радиаторууд сэнсэрч бага зэрэг хядагдсан, баруун толь хугарсан, баруун 2 хаалаг, зүүн хойд хаалга чихэгдэж борооны хаалтууд хагарсан, капут овойж, урд буфер бутарсан, зүүн их гэрлийн тогтоогч цуурсан, баруун доод гар гулзайсан зэрэг эвдрэл гэмтэл үүсч, нийт 4 623 000 төгрөгийн хохирол учирсан нь “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 71614 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, үнэлгээний тайлангаар нотлогдсон байна. /хх 10/
Хэрэгт авагдсан Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 тоот Зам тээврийн осол дээр тогтоосон актад жолоочийг хурд хэтрүүлсэн талаар тусгаагүй байх ба нэхэмжлэгч Э.Бат-Өлзийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчиж “жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тэмдэглэсэн байгаагаас үзэхэд автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй байх нь даатгалын хохирлыг нөхөн төлөхөөс татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.
Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн Монгол Улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд “...Ниссан Тида маркийн 97-55 УНП улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 112 км/цагийн хурдтай явсан байна” гэсэн дүгнэлт нь Даатгалын тухай хуулийн 8.4.4-т зааснаар “эрх бүхий этгээд”-ийн гаргасан дүгнэлт гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Уг дүгнэлтэд зөвлөх инженер А.Цэцэгмаа нь “Ниссан Тида маркийн 97-55 УНП улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 112км/цаг орчим хурдтай явсан байна” гэж бичсэнээс үзэхэд зам тээврийн ослын шалтгаан, тээврийн хэрэгслийн хурд ямар хэмжээтэй байсныг тогтоох мэргэшсэн, эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй болно. /Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр дүгнэлт гаргасан/
Иймд хариуцагч байгууллагын “даатгалын гэрээний 16.2.9-д заасан ...тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлсэн... гэсэн үндэслэл тогтоогдож, нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасныг зөрчсөн, энэ нь цагдаагийн байгууллагын үйлдсэн ослын газрын схем зургаас зөвлөх инженер А.Цэцэгмаагийн хийсэн дүгнэлтээр Ниссан Тиида маркийн 97-55 УНП дугаартай автомашин нь осолд орох үедээ 112 км/цагийн хурдтай явсан нь нотлогдсон ба гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл үүссэн” гэх татгалзлаа баримтаар нотлооогүй болно. Саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ аваагүй байгааг “хурд хэтрүүлсэн” гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.
Шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг олгохоос татгалзах, зохигчдын хооронд байгуулсан даатгалын гэрээний 8-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх ерөнхий нөхцөл, 16.2-т заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нэмэлт ерөнхий нөхцөлд тус тус заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж үзэж хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас 3 698 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд даатгалын тохиолдолтой холбоотой хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бодь даатгал” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.ЦОГТСАЙХАН