Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 73

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АмгтгКхт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК

Хариуцагч: АмгтгКх,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. АмгтгКхд-н тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах,

2. Ашигт малтмал,    газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах (XV-014*******)

3. АмгтгКхд-н тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаг сунгахыг даалгах,

4. Ашигт малтмал,    газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах (ХV-014*******)

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“1/ “Э*******” ХХК-ийн ХV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай:

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7/2087 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ““Э*******” ХХК-ийн ХV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 112 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн” агуулга бүхий хариуг манай компанид 2018 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр мэдэгдсэн.

Манай компаниас дээрх мэдэгдлийг гардаж аваад хуульд заасан 30 хоногийн дотор буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13/18 дугаар “Өргөдөл гаргах тухай” албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж гомдол гаргасан. /Нэхэмжлэлд хавсаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын албан дугтуйн дээрх Монгол шуудангийн магадалгаан дээр "хаягаар очиход “Э*******” ХХК байхгүй байсан тул буцаав 2018.04.11” гэснээс харвал манай компани дээрх мэдэгдлийг 4 сараас хойш гардаж авсан болох нь харагдана/.

Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шуудангаас Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3709 дүгээр “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгээр “манай компанийн ХУ-014******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 261 дүгээр шийдвэрээр цуцалж” шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн байсан /Нэхэмжлэлд хавсаргасан монгол шуудангийн магадалгаа хэсэгт хаяган дээр байхгүй гэсэн тул буцаав 2018.06.11 гэсэн байгааг анхаарч үзнэ үү/.

Дээрх 2 албан мэдэгдлийг хаягаас буцсан гэдгийг мэдээд манай компаниас биеэр очиж 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан болно /“Монгол шуудан” ХК-иас авсан тодорхойлолтоор 2018 оны 06 сарын 13-ны өдөр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3709, 1/3725 тоот албан мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн болохыг тодорхойлсон болно. 7/3709 тоот албан бичгийн дугтуйны дугаар RD13273610ЗМN, 7/3725 тоот албан бичгийн дугтуйны дугаар RD132736050MN/.

Бид дээрх шийдвэрийг мөн адил хүлээн зөвшөөрөөгүй тул 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хандаж гомдол гаргасныг хавсралтаар хүргүүлж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл манай гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй байна.

2/ “Э*******” ХХК-ийн ХV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай:

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/2618 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ““Э*******” ХХК-нйн ХV-0014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 171 дүгээр шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн” агуулга бүхий хариуг манай компанид хүргүүлж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14/18 дугаар “Өргөдөл гаргах тухай” албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж гомдол гаргасан /нэхэмжлэлд хавсаргасан Ашигт малтмал газрын тосны газрын албан дээрх Монгол шуудангийн магадалгаан дээр “хаягаар очиход “Э*******” ХХК байхгүй байсан тул буцаав Д.Б*******э 2018.04.20” гэснээс харвал манай компани хуульд заасан хугацаанд гомдол гаргасан нь харагдана/.

Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шуудангаас Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3725 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгээр “манай компанийн ХV-014******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 284 дүгээр шийдвэрээр цуцалж” шийдвэрлэсэн албан бичгийг гардаж авсан. /Нэхэмжлэлд хавсаргасан монгол шуудангийн магадалгаа хэсэгт хаяган дээр байхгүй гэсэн тул буцаав 2018.06.11 гэсэн байгааг анхаарч үзнэ үү/.

Манай компани дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хандаж 2 тусгай зөвшөөрлийн хувьд хамтад нь гомдол гаргасан юм.

Ийнхүү эхний хоёр “Э*******” ХХК-ийн хайгуулын ХV-014*******, XV-014******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрүүдэд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13/18, 14/18 тоот албан бичгээр тус тус гомдол гаргасан” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж байна.

1. Сонсох ажиллагаа хийгээгүй талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын (талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заагаад мөн хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг хэрхэн хийх талаар тусгасан байна.

Гэтэл АмгтгКхд-н ХV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэр, АмгтгКхд-н тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэр, АмгтгКхд-н XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэр, АмгтгКхд-н тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийг тус тус гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 , 27 дугаар зүйлд заасны дагуу хийгээгүй байна.

Энэ нь маргаан бүхий захиргааны актууд хууль зөрчиж гарсан гэх үндэслэл болох тул хууль бус захиргааны акт болно.

... Сүүлд ирсэн баримтаас харахаар цуцлах тухай шийдвэрлэх дотоод хяналтын хуудас мөн сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэгээ байхгүй байна. Өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах шийдвэрийн сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудас дээр бусад хэсэг дээр сонсох ажиллагаа хийсэн гэх боловч шүүхээс сонсох ажиллагаа хийсэн талаарх баримтыг шаардсан. Гэтэл хариуцагчийн зүгээс тухайн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх хуулийн журмыг зөрчигдсөн шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь дуусгавар болгосон хэрнээ дараа нь цуцалсан шийдвэр гаргаж байгаа нь нэг ёсондоо давхардсан буюу гарах ёсгүй шийдвэр гарсан. Нэгэнт дуусгавар болгосон гэж үзэж байгаа бол хариуцагчийн зүгээс цуцлах шийдвэр байхгүй юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ хэдийн дуусгавар болгосон хэдий ч дуусгавар болсны дараа төлбөрөө төлсөн тохиолдолд сэргэх боломж байдаг гэж тайлбарлаад байгаа. Үнэхээр сэргэх боломж байдаг юм бол тэр талаарх сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Хэрэв хийсэн бол ийм асуудал  үүсэхгүй байх байсан. Нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Төрийн захиргааны байгууллага болон албан тушаалтны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Тусгай зөвшөөрөл сунгахад хэн нэгэн хохирох зүйл байхгүй.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан маргаан бүхий хоёр шийдвэр дээр гурван зүйлийг хариуцагчаас ярьж байгаа. Хугацаандаа гаргаагүй тусгай зөвшөөрлийг хувь болоод төлбөр төлөөгүй гэдэг зүйл хэлж байгаа. Хугацаандаа гаргаагүй гэдэг тал дээр Засаг даргын албан бичиг зөвтгөх байх. Тусгай зөвшөөрлийн эх хувь гээчихсэн. Эх хувь өгөх боломжгүй хуулбарыг өгсөн. Энэ бол яах аргагүй амьдралд тохиолдох үйл явц юм. Энэ нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Төлбөр төлөөгүй гэж байгаа боловч хугацаандаа алдангийн хамт төлбөр төлөх нөхцөлийг нь бүрдүүлээгүй хугацаанаас нь өмнө цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлснээс болоод хугацаандаа төлбөр төлөөгүй байдал бүрдсэн. Сунгахаас татгалзсан шийдвэр нь өөрөө үндэслэлгүй гарсан. Мөн цуцлах шаардлага байгаагүй. Тийм учраас маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус улмаар хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э*******” ХХК-ийн зүгээс анх 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Г*******” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Баянхонгор аймгийн Б******* сумын нутагт орших Б******* нэртэй газарт XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хувьд 440,19 гектар талбайг шилжүүлж авсан. Харин XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хувьд энэ нь Баянхонгор аймгийн Б******* сумын нутагт орших Б******* нэртэй газарт 335,18 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. “Э*******” ХХК-ийн зүгээс дээрх хоёр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байгаа. Бидний хувьд хугацаа сунгуулах өргөдлөө гаргахдаа холбогдох баримтуудыг хавсаргасан байдаг. Тухайн үед менежментийг төлөвлөгөөг хугацаандаа баталж ирээгүй улмаас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа сунгах өргөдлөө гаргасан. Хугацаа хэтэрсэн шалтгааныг Б******* сумын Засаг даргын тухайд Өвөр Монгол улсад ээжийгээ эмчлүүлэх шалтгааны улмаас явсан. Ийм үндэслэлээр хугацаандаа менежментийн төлөвлөгөөг баталж ирүүлээгүй. Энэ талаарх нэхэмжлэгч компанийн албан тоот болон тусгай зөвшөөрөл бүхий талбайд харьяалах сумын Засаг даргын тодорхойлолтыг хавсаргаад батлуулсан менежментийн төлөвлөгөөг холбогдох баримтуудын хамт хугацаа сунгах өргөдлөө гаргасан байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ хоёр тусгай зөвшөөрлийг XV-014******* дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 03 дугаар сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. XV-014******* дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ хоёр татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлийн хувьд нэгдүгээрт Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1 гэсэн зохицуулалтыг үндэслээд Аж ахуй нэгж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх зохицуулалтыг үндэслэж гарсан хоёр шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн хувьд  үндэслэлгүй гарсан гэж маргаж байгаа.

Нэгдүгээрт тухайн тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзаж байгаа үндэслэлээ буруу заасан гэж үзэж байгаа. Энэ хоёр тусгай зөвшөөрлийн хувьд дотоод хяналтын хуудаст хяналт хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл нь тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзах үндэслэл биш. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т тодорхой заасан. Ингэж заахдаа тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 34 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан байх юм бол тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргах ёстой. Хэрэв энэ хоёр  шаардлагыг хангаагүй байх юм бол хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдлийг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэсэн зохицуулалттай. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс сунгахаас татгалзах үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1 гэж тайлбарласан байдаг. Энэ нь өөрөө сунгахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаагүй асуудал нь тухайн компанийн буруутай үйл ажиллагаа байгаагүй. Энэ нь өөрөө төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан. Хоёр тусгай зөвшөөрлийн хууль зүйн үндэслэлгүйгээр гаргасан. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэсэн зохицуулалт байгаа. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн нөхцөл шаардлагыг ярьдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл төлбөр төлөөгүй гэдэг нь тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзах үндэслэл биш юм. Тусгай зөвшөөрлийн эх хувийг ирүүлээгүй шалтгаанаа гээгдүүлсэн учраас бидний зүгээс зайлшгүй хуулбарыг нь хавсаргасан. Гэтэл хуулбар хавсаргаагүй үндэслэл нь тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзах үндэслэл биш юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хууль зүйн үндэслэлийг буруу баримталсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дахь хэсэгт заасан хууль үндэслэх мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт гэж заасан. Шүүх энэ талаар заасан баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс энэ талаарх баримтаа ирүүлсэн байна. Хоёр тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, сунгуулах үүргийн талаар:

1. Баянхонгор аймгийн Б******* сумын нутаг Б*******-1 нэртэй 440.19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХХ/-014******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Г*******” ХХК-д олгож, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Г*******” ХХК-д, 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Э*******” ХХК-д тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.

Баянхонгор аймгийн Б******* сумын нутаг Б*******-1 нэртэй 335.18 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-014******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Г*******” ХХК-д олгож, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Г*******” ХХК-д, 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Э*******” ХХК-д тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.

2. Ашигт малтмалын хайгуулын ХV-014******* дугаартай, 440,19 га талбай бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн байдал:

а/Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалт:

АМГ-ын /ГУУКХ/ КХ-ийн даргын шийдвэр /огноо, дугаар/

 

Сунгасан хугацаа

Хүчин төгөлдөр байх

хугацаа

/хүртэл/

1

2012.01.11 №49

3 жил

2015.01.19

2

2015.01.08 №9

3 жил

2018.01.19

 

б/ ХV-014******* тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлт/сүүлийн 4 жил/:

Тусгай зөвшөөрлийн төлбөр ногдох жил

Төлбөр төлөх хугацаа

Төлбөр төлсөн огноо, төлсөн хэмжээ

1

7 дахь жил

2015.01.19

1,280,300 төгрөг, 205.01.20

2

8 дахь жил

2016.01.19

957,420 төгрөг 2016 01.18

3

9 дэх жил

2017.01.19

957,500 төгрөг 2017.01.19

4

10 дахь жил

2018.01.19

Төлөөгүй

 

3. Ашигт малтмалын хайгуулын Х\/-014******* дугаартай, 335,18 га талбай бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн байдал:

а/Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалт

 

АМГ-ын /ГУУКХ/ КХ-ийн даргын шийдвэр /огноо, дугаар/

Сунгасан хугацаа

Хүчин төгөлдөр байх

хугацаа

/хүртэл/

1

2012.01.11 №49

3 жил

2015.02.03

2

2015.01.10 №19

3 жил

2018.02 03

 

б/ тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлт /сүүлийн 4 жил/:

 

Тусгай зөвшөөрлийн төлбөр ногдох жил

Төлбөр төлөх хугацаа

Төлбөр төлсөн огноо, төлсөн хэмжээ

1

7 дахь жил

2015.02.03

2015.02.03 980,185 төгрөг

2

8 дахь жил

2016.02.03

730,000 төгрөг 2016.03.02

3

9 дэх жил

2017.02.03

729,100 төгрөг 2017.02.08

4

10 дахь жил

2018.02.03

Төлөөгүй

 

4. Ашигт малтмалын хайгуулын Х\/-014******* тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болохоос өмнө Ашигт мал малын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай жшөөрпийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасан ба “Э*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувиар ирүүлээгүй, ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.6

 

дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй байх тул АмгтгКхд-н 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-014*******, Х\/-014******* тусгай зөвшөөрлүүдийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд өөрийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын Х\/-014*******, Х\/-014******* тоот тусгай зөвшөөрлүүдийг сунгах үндэслэлгүй юм.

5. Дээрх хүснэгтэд дурдсаны дагуу “Э*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд 9 дэх жилийн төлбөрийг төлөх хүртэл үүргээ биелүүлж ирсэн байна.

Гэвч тус компани нь Х\/-014******* тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс, Х\/-014******* тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тухайн компани төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор алдангийн хамт төлбөрөө төлөх боломжтойгоор хуульчилсан.

“Э*******” ХХК-ийн хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 болон 34.6-д заасан хугацааны алинд ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй баримтыг ирүүлээгүй байна.

Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн АмгтгКхд-н 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрээр /кадастрын бүртгэл дээр тус тусгай зөвшөөрлүүд нь дуусгавар болж бүртгэгдээгүй байсан тул/ "Э*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-014*******, Х\/-014******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус цуцалсан нь үндэслэл бүхий захиргааны акт юм.

Хоёр.Тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдлийн талаар:

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХV-014******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/504 тоот, ашигт малтмалын хайгуулын Х\/-014******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/1293 тоот мэдэгдлийг “Э*******” ХХК-д Кадастрын хэлтсийн системд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Б******* сумын нутаг Б*******-1 нэртэй 440,19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Г*******” ХХК-д олгож, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Г*******” ХХК-д 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Э*******” ХХК-д тус тус шилжүүлэн бүртгэсэн.

Ашигт малтмалын хайгуулын XV-014******* тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болохоос өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан ба нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 1 сарын өмнө гаргаагүй, мөн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй.

“Э*******” ХХК нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тул АмгтгКхд-н 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-014*******, XV-014******* тусгай зөвшөөрлүүдийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд өөрийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаагүй. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын XV-014*******, XV-014******* тусгай зөвшөөрлүүдийг сунгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрийг төлөх хүртэл үүргээ биелүүлж ирсэн. Гэвч тус компани нь XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс XV-014******* тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүй байна. Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тухайн компани төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор алдангийн хамт төлбөрөө төлөх боломжтойгоор хуульчилсан. Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 болон 34.6-д заасан хугацааны алинд ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй баримтыг ирүүлээгүй байна. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан нөхцөл бүрэлдэж АмгтгКхд-н 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр “Э*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-014*******, XV-014******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь үндэслэл бүхий захиргааны акт юм. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, АмгтгКхд-н 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрүүдийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 216[1] дугаар шийдвэрийн дагуу Баянхонгор аймгийн Б******* сумын нутагт Б******* нэртэй 440,19 гектар талбай бүхий XV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг, мөн газрын даргын 2012 оны 215[2] дугаар шийдвэрийн дагуу дээрх нутаг дэвсгэр дэх Б******* 1 нэртэй 335,18 гектар талбай бүхий XV-014******* тоот тусгай зөвшөөрлийг тус тус шилжүүлэн авч, шийдвэрийн мэдэгдэл болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтуудыг тус компанийн захирал Г.Эрдэнэбилэг хүлээн авчээ[3].

Хариуцагч АмгтгКхд-н 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112[4] дугаар шийдвэрээр дээр дурдсан хайгуулын XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн,  2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171[5] дүгээр шийдвэрээр XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг “...хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувиар ирүүлээгүй, ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.6 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй” гэсэн үндэслэлээр тус тус сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Улмаар ээлжит жилийн төлбөрийг алдангийг хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр АмгтгКхд-н 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрийн холбогдох заалтаар “Э*******” ХХК-ийн XV-014******* тоот,  2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийн холбогдох заалтаар мөн хуулийн этгээдийн XV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус цуцалжээ[6].

 

1/ АмгтгКхд-н тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрүүдийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, XV-014******* болон ХV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгахнэхэмжлэлийн тухайд:

“Э*******”  ХХК-ийн XV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр[7], XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн мөн 9 дэх жилийн хугацаа 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр[8] тус тус дуусгавар болох тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “хариуцагч нь “Э*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээгүй атлаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан, улмаар хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хугацаа сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамаараагүй болохыг харгалзаагүй нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хугацаа сунгуулах тухай хүсэлтийг татгалзаж шийдвэрлэхээр байгааг захирлын эхнэрт утсаар мэдэгдсэн бөгөөд тусгайлсан зохицуулалттай хуулийг мөрдөж ажилласан нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж тус тус маргажээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, ... баримт”-ыг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргасан байхаар заасан байх ба уг хүсэлтийг хүлээн авсан захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, 22.4-т заасны дагуу хугацааг сунгахаас татгалзах шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, эсхүл сунгахаас татгалзах шийдвэр гаргах аль ч тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйл/тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн эсэх, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хангасан эсэх/-д  заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан эсэхийг захиргаа шалгах үүрэгтэй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй. Хариуцагч нь мөн хуулийн 22.2 дахь хэсэгт заасныг үндэслэх ёстой байтал 22.4 дэх заалтыг үндэслэсэн буруу” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй боловч хариуцагч нь маргаан бүхий актуудыг гаргахдаа “...ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.6 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн буруу байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” гэж тус тус заасныг нэгтгэн дүгнэж үзвэл мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх, 34.7 дахь алданги төлөх зохицуулалтууд нь тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд хэрэглэгдэхээс биш хугацаа сунгахаас татгалзах үндэслэл биш байна.

Өөрөөр хэлбэл, Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ захиргааны байгууллагын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд түүний нөхцөл, шаардлага/ээлжит жилийн төлбөрийг төлж байсан эсэх, байгаль орчны менежментийг төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан эсэх, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн зардлын доод хэмжээг хангасан эсэх/-ыг хэрхэн хангаж ажилласныг шалгах үүрэгтэй болохоос биш хуулийн дээрх зохицуулалт нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргах үед сунгагдаагүй байгаа, эсхүл сунгагдах эсэх нь тодорхойгүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх үүргийг үүсгэхгүй.

Харин захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн тохиолдолд сунгагдсан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөөр байна.

Гэтэл “Э*******” ХХК нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан үйлчилгээний хөлсөнд тус бүр 1,000,000.00 төгрөг төлсөн баримтыг захиргааны байгууллага хүлээн авсан[9], XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад анх олгогдсон 2009 оноос хойших 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг, XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад мөн 2009 оноос хойших 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг тухай бүрд нь төлсөн талаарх бичилтүүд хийгдсэн[10] нь тус тус зөвшөөрлүүдийн хувийн хэрэгт авагдсан байхад хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.6 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр гаргасан нь энэ үндэслэлийн тухайд хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар, дээр дурдсан баримтаас гадна 22.1.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар..., хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар” болон бусад баримтыг хугацаа сунгуулах тухай хүсэлтдээ хавсаргасан байхаар хуульчилжээ.

Хууль тогтоогчоос хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргавал зохих баримтуудыг хүсэлтдээ хавсаргах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар ногдуулсан нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд түүний нөхцөл шаардлагыг хангаж ажилласан болохоо нотлох боломжийг олгосон зохицуулалт юм.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргаагүй, мөн XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах өдөр, XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 17 хоногийн өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж хүсэлтээ гаргасан байна.

Мөн дээрх хүсэлтүүдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө хугацаандаа хянагдаж ирээгүйгээс хуульд заасан хугацааны дотор хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах боломжгүй байснаа дурдаж Баянхонгор аймгийн Б******* сумын Засаг даргын 1/15 тоот албан бичгийн хавсаргажээ.

Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувиар ирүүлээгүй” гэж дүгнэхдээ түүний хүсэлтдээ дурдсан шалтгаан, нөхцөлийг харгалзсан эсэх, хавсаргасан нотлох баримтыг үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 2009 оноос хойш 9 жил хайгуулын үйл ажиллагаа явуулсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалагдах эсэхийг тодруулах шаардлагатай юм.

Мөн АмгтгКхд-н 2018 оны  112 болон 171 дүгээр шийдвэрүүд нь ХV-014*******, XV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Э*******” ХХК-ийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий актууд байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй атал энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэлийн хувьд нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх нь зүй ёсны хэрэг боловч энэ нь тухайн хуулиар зохицуулагдаагүй харилцаа болох шийдвэрийг гаргах процесс ажиллагаанд оролцогчийг татан оролцуулах, оролцоог нь хангах, оролцогчийг сонсох талаарх захиргааны байгууллагын Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхээс чөлөөлөхгүй.

Хариуцагчаас ирүүлсэн Ашигт малтмал хайгуулын ХV-014*******, XV-014******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудаст “2018.01.19, 2018.01.31-ний өдрүүдэд компанийн менежер Ц.О/үйлчилгээний хөлс төлсөн баримтад Ц.О гэж тэмдэглэгдсэн/-д өргөдлийг татгалзаж шийдвэрлэх талаар сонсох ажиллагаа явуулсан болно”[11] гэж тэмдэглэгдсэн байх боловч энэ нь уг ажиллагааг хийсэн гэх огнооны хувьд зөрүүтэй байх ба оролцогчоос ямар тайлбар, санал гаргасан нь тэмдэглэгдээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “сонсох ажиллагаа” нь  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасантай нийцэхгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “захиргааны байгууллага нь захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Харин шүүхээс шаардсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 1/369[12] тоот албан бичгээр нотлох баримтуудыг ирүүлэхдээ “Э*******” ХХК-ийн XV-014******* болон XV-014******* тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайнуудын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний нүүр хуудсууд болон хайгуулын жилийн ажлын тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажуулсан эсэх баримтуудыг ирүүлсэн байх ба эдгээр нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, тус хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн талаарх хүсэлтийг хэрхсэн нь тодорхойгүй, холбогдох баримтууд тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт авагдаагүй, түүнчлэн “Э*******” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан эсэхийг шалган тогтоох зэрэг нотолбол зохих нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь “Э*******” ХХК-ийн XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 112, XV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 171 дүгээр шийдвэрүүдийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

2/ “Ашигт малтмал,   газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсэг(XV-014*******), мөн даргын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахV-014*******) нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “хариуцагч нь “Э*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хуульд заасны дагуу хугацаа дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь тус тус хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““Э*******ХХК нь хуулиар хүлээсэн ээлжит жилийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй гэж тус тус маргаж байна.

 

Хариуцагч ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 267, мөн сарын 287-ны өдрийн 284 дүгээр шийдвэрүүдийн холбогдох хэсгүүдээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн XV-014*******, XV-014******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн атлаа дахин тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, алдаатай шийдвэр байна.

Учир нь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг тухайн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бөгөөд түүнийг эзэмшигчээс тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн буруутай нь тогтоогдсон нөхцөлд гаргах ёстой бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасны дагуу дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр байдал нь алдагдсан тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн боломжгүй. Хугацаа нь дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хувьд ээлжит жилийн төлбөр гэсэн ойлголт байхгүй бөгөөд уг төлбөрийг төлөх үүрэг хуулийн этгээдэд үүсэхгүй.

 

Хэрэвзээ, хариуцагч нь XV-014*******, XV-14******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Э*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн бол Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасныг хэрэгжүүлэх эрхтэй.

“Э*******” ХХК-ийн ХV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд 2018 оны 02 дугаар сарын 19, ХV-014******* тоот тусгай зөвшөөрлийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 03—ны өдрөөс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Гэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхийн тулд хариуцагч нь мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө хадгалах эрхийг хангах шаардлагын үүднээс түүний тайлбар санал гаргах боломж олгож  урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай юм.  

Хариуцагчаас “Э*******” ХХК-ийн эзэмшиж байгаа ХV-014******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/504[13] тоот мэдэгдлийг хүргүүлэхээр шууданд хүлээлгэн өгсөн байх боловч нэхэмжлэгч байгууллага нь уг мэдэгдлийг хүлээн аваагүй, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буцаалт[14] хийгдсэн, мөн ХV-014******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 7/1293[15] тоот мэдэгдлийг хүргүүлэхээр мөн сарын 13-ны шууданд хүлээлгэн өгсөн байх боловч нэхэмжлэгч байгууллага нь уг мэдэгдлийг мөн хүлээн аваагүй, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буцаалт[16] хийгдсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Мөн тус тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудасны 4 “Эзэмшигчийн хариуг нягтлах, шийдвэрийн төсөл боловсруулах”[17] хэсэгт эзэмшигчийн хариуг нягталсан талаар тэмдэглээгүй, шийдвэрийн төсөл боловсруулав гэсэн байгаагаас үзвэл, хариуцагч нь тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул АмгтгКхд-н 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрүүдийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11, 106.3.13-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “АмгтгКхд-н 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрүүдийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, мөн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрүүдийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг тодруулж нотолсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд “Э*******” ХХК-ийн XV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, XV-014******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э*******” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.М

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь талд

[2] 2 дугаар хавтаст хэргийн 3 дахь талд

[3] 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь талд

[5] 2 дугаар хавтаст хэргийн 22 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь талд

[8] 2 дугаар хавтаст хэргийн 18 дахь талд

[9] 2 дугаар хавтаст хэргийн 95, 106 дахь талуудад

[10] 2 дугаар хавтаст хэргийн 18, 25 дахь талуудад

[11] 1 болон 2 дугаар хавтаст хэргийн 117 дахь талд

[12] 2 дугаар хавтаст хэргийн 98, 109 дэх талд

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 228 дахь талд

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь талд

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь талд

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь талд

[17] 2 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь талд