Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0248

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Л.Ю нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу иргэн Г.Гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Л.Юд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын Г.Гид холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартааГ.Г нь манай улсын байцаагч Л.Юын актад гомдол гаргасныг улсын ахлах байцаагч Д.О шалгаад гомдлыг үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн болно. Энэ хариу нь хэргийн материалд хавсаргасан байх тул нэмж хэлэх зүйлгүй. Улсын ахлах байцаагч Д.Огийн гаргасан тайлбар дүгнэлт хангалттай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартааМөрөн сумын Г.Гийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нэргүйд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 23-08-035/306 дугаартай актын Г.Гид холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 209 тоот шүүгчийн захирамжаар манай газрыг хамтран хариуцагчаар татсан байх бөгөөд хууль ёсныхоо эрхийн хүрээнд дээрх хэрэгт хамтран хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж хариу тайлбар гаргаж байна. Учир нь Санхүүгийн хяналтын чиг үүрэг Сангийн яам, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болж шилжүүлэх тухай Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн б/44 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд байсан санхүүгийн хяналт шалгалтын нэр бүхий 6 улсын байцаагчийг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн. Дээрх тушаалыг үндэслэн санхүүгийн хяналтын улсын байцаагчдаас гаргасан захиргааны актууд болон 2010-2014 оны архивын баримт, бусад холбогдох материалыг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. Иймд манай байгууллагад аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албатай холбоотой үүсэх эрх үүрэг, хариуцлага хүлээх баримт байх тул хамтран хариуцагчаар оролцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна

... 7 дугаар цэцэрлэгт 2010-2014 оны баримт дээр 4 сарын хугацаатай шалгалт хийсэн байдаг. Тухайн шалгалт дээр Л.Ю байцаагч ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус акт тавьсан зүйл байхгүй. Санхүүгийн анхан шатны баримт дээр үндэслэж хяналт шалгалт хийдэг. Анхан шатны баримтууд няравт төвлөрч байх ёстой байдаг. Гэтэл тухайн байгууллагад шалгалт хийх явцад анхан шатны баримт байгаагүй учир улсын байцаагчийн акт тогтоосон байдаг. 2011-2013 оны хооронд тухайн байгууллагын няравт өр зоогдсон байсан нь харагддаг.

Санхүүгийн шалгалтын дүнгийн хурал дээр тухайн байгууллагын удирдлагууд тавигдсан актыг хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгчийн тухайд мөн шалгалт явагдсан 4 сарын хугацаанд зарим баримт материалаа гаргаж өгч, баримт материал дээр тэмдэглэгээ хийж байсан. Энэ хугацаанд өөр дээрээ гарч байсан зөрчлүүдийг ойлгож байсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Л.Ю шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .. 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23-08-035/297 дугаар бүхий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнгийн баталсан удирдамжийн дагуу 7 дугаар цэцэрлэгийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2010 оны 4 дүгээр улирлаас 2014 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааг хамруулан санхүүгийн шалгалтыг санхүүгийн хяналтын улсын байцаагч Л.Ю миний бие гүйцэтгэсэн. Г.Г нь нярваар ажиллаж байх хугацаандаа өөрийн албан ажилд мөрдөх ёстой 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Сангийн сайдын №69 тоот тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн дүрмийн 17 дугаар зүйлд Өөрийн хариуцаж байгаа зүйлийн орлого, зарлагын болон үлдэгдлийн мэдээ, тайланг тухай бүр зохих маягтаар хариуцсан нягтлан бодогчид гаргаж өгч байна гэсэн заалтыг зөрчиж тайлан мэдээгээ цаг хугацаандаа гаргах үүргээ биелүүлээгүйгээс энэ зөрчил гарсан болно.

Нярвын тайлан бүрэн гараагүйгээс шалгалтын хугацаанд өдөр тутмын тогоочийн хоолны цэсээр хүнсний түүвэр хийн нягтлан бодогчийн программ руу тулган шалгаж зөрүүг гаргаж байсан болно. Тухайн зөрчил нь 2011 он, 2012 он, 2013 оны санхүүгийн тайлангаар жил бүр нэмэгдэн нярав дээр их хэмжээний үлдэгдэл гарч байгаа асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэж нярав Г.Гид үүссэн өр төлбөрөө барагдуулахад нь хамт олноос нь дэмжлэг үзүүлэн ажиллагсад бүрээс 10.0 мянган төгрөг хураамж 370.0 мянган төгрөгөөр Хүнсний зах дээр байрлах Агар хөгжил дэлгүүрээс 148 кг жимсний чанамалыг байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны анхан шатны нэгжийн дарга Т.Баярмаа, туслах багш Б.Цэнд-Аюуш нар авч ирж нярав асан Г.Гид хүлээлгэн өгсөн болон архи ууж ажлаа цалгардуулан тайлан мэдээгээ гаргаагүйгээс өр үүссэн нь хамт олны хурлын тэмдэглэлээр тогтоогдоно.

Актаар гарсан төлбөрийн зөрчил жил бүр өссөн нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад тооллого хийх тухай заасан байхад хуулийг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласантай болон нярав нь Эд хариуцагчийн дүрмийн 25 дугаар зүйлд заасан Хариуцсан хөрөнгийн тооллого, тооцоо, хөдөлмөр хамгаалалт, хөдөлмөрлөх нөхцөл, хөдөлмөрийн хөлс, шагналын тухай хүсэлт гомдлыг байгууллагын удирдлагад гаргах эрхтэй гэх заалтыг хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой бий болсон зөрчил юм. Тухайлбал Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцна. 11.2. Эд хөрөнгийн тооллогыг дараахь тохиолдолд заавал хийнэ. 11.2.1. жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, 11.2.2. эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, 11.2.3. эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед, 11.3. Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хуульд заасан хугацаанд болон зайлшгүй шаардлагатай үед хийнэ гэж заасан бөгөөд хийх журам, заавар, бэлтгэл хангуулах зэрэг бүхий л ажлыг хуульчлан зааж өгсөн байдаг.

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байсан тул Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу зөрчил гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож төсвийн хохирлыг барагдуулах төлбөрийн акт тавьсан. Хяналт тавилгүй 1, 2 дугаар гарын үсэг зурж их хэмжээний хүнсний материалыг дутагдуулсан эрхлэгч Д.Ундармаа, нягтлан бодогч М.Бямбадорж, нярав Г.Г, Д.Отгончимэг нараар хувь тэнцүүлэн төлүүлэх 23-08-035/306 тоот актыг гаргасан.

Санхүүгийн зөрчил гаргасны улмаас улсын болон орон нутгийн төсөвт, өөрийн байгууллагадаа хохирол учруулсан мөн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, аливаа орлого зарлагын гүйлгээнд холбогдох хууль дүрэм, журмын дагуу анхан шатны үндсэн баримтыг бүрдүүлээгүй тохиолдолд улсын байцаагчийн акт тавьдаг. Түүнээс биш тодорхой ямар нэг хууль зөрчөөгүй, санхүүгийн зөрчил гаргаагүй, өөрийн байгууллагадаа болон улс, орон нутгийн төсөвт хохирол учруулаагүй тохиолдолд улсын байцаагч акт тавьдаггүй. Мөн улсын байцаагчийн актыг ахлах байцаагч нь хянадаг бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Зөвлөлийн хурлаар бүх улсын байцаагчийн тавьсан актууд хэлэлцэгдэж хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт хийгдсэний дараа актуудыг батлах шийдвэр хурлаас гарч баталсан юм. Нөгөө талаар улсын байцаагчийн тавьсан актанд ямар зөрчил гаргасан, ямар хуулийн заалт зөрчсөн, хэдий хэмжээний төлбөр, хохирол учруулсан талаар ямар ч мэргэжлийн хүнд ойлгогдохуйц тодорхой бичигдсэн байгаа бөгөөд хариуцагч нягтлан бодогч М.Бямбадорж, нярав Г.Г, Д.Отгончимэг нартай хамтран сууж тооцоог бодож гаргасан.

7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Ундармаа, нягтлан бодогч М.Бямбадорж нараар нярав асан Г.Гийг дуудуулан ирүүлж шалгалтанд хамруулж байсан болно. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэж заасанчлан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг зөрчсөн тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Ундармаа, нягтлан бодогч М.Бямбадорж, нярав асан Г.Г, Д.Отгончимэг нараар хариуцаж байсан үеийн зөрчлийн дүнг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Г.Г нь энэ асуудлаар санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчид гомдол гаргаж, улсын ахлах байцаагч актуудыг хянаад хариуг өгсөн болно. 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Ундармаа, нягтлан бодогч М.Бямбадорж, нярав Г.Г, Д.Отгончимэг нарын Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь акт тавьж гаргасан зөрчилд нь захиргааны арга хэмжээ тооцолгүй төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснээ зөв гэж үзэж байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. ...Нярав тайлангаа гаргаж яваагүйгээс үүссэн хариуцлагыг нэхэмжлэгч хүлээх ёстой. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан үеийн төлбөрийг нэхэмжлэгчид, түүний ажлаасаа гарснаас хойшхи үеийн төлбөрийг дараагийн няравт хариуцуулан акт тавьсан. Нийт дүнгээрээ 11,2 сая төгрөгийн акт тавьсан. Нэхэмжлэгчийн тухайд өөрийнх нь хариуцаж байсан үеийн үнийн дүнгээр тасалбар болгож хувь тэнцүүлэн буруулж 3,7 сая төгрөгийн акт тавьсан байдаг. 7 дугаар цэцэрлэг нярав тайлангаа гаргаж өгөөгүйгээс шалтгаалж, 2013 оны аудитын тайлангаа хоцроосон байдаг. ...шалгалтын явцад Г.Гийг байлцуулсан, нэхэмжлэгч өөрт байсан зарим баримт материалаа гаргаж өгч, санхүүгийн баримт материал дээр өөрөө тэмдэглэгээ хийж байсан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.1.4, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4.1, 64.4.2, 64.4.3, 64.4.4, 64.4.5, 64.4.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Г.Гийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын Г.Гид холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Г.Г миний бие Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийдвэр, түүний үндэслэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, үндэслэлгүй дүгнэлт хийлээ гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23-08-035/297 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн 2012-2013 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалтыг хийх ёстой байсан. Гэтэл улсын байцаагч уг шалгалтыг хийхдээ удирдамжийн дагуу шалгалтаа хийгээгүй, удирдамжид заагдаагүй 2010, 2011 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж, уг онуудад гаргасан санхүүгийн зөрчилд холбогдуулан акт үйлдэж төлбөр ногдуулсан үйлдэл нь Төрийн хяналт шалгалтыг явуулах хуульд заасан журмыг зөрчсөн байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.

Мөн миний хувьд тайлан тооцоогоо цаг тухайд нь гаргаж. нягтланд өгдөг байсан. Харин нягтлан, дарга нар нь өөрсдийн дураар тайлан гаргаж байсан байдаг. Би хэдийгээр тайлан тооцоо гаргаж өгч байгаагүй байсан юм бол энэ олон жил, сар, улирал тайлан гаргахгүй байгаа нярав надад яагаад хариуцлага тооцохгүй арга хэмжээ авахгүй ажиллуулсаар байсан юм бол... гэдэгт мөн шүүх дүгнэлт хийж чадсангүй. Миний гаргаж өгсөн тайлан анхан шатны баримтуудыг нягтлан хянаж, дарга баталгаажуулах ёстой. Энэ их өр дутагдал нь миний буруутай үйлдлээс үүдэн бий болоогүй, нягтлан бодогч, дарга нарын хариуцлагагүй байдлаас ийм их хэмжээний зөрчил дутагдал гарсан.

Шүүгчийн захирамжаар мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэж, эдийн засгийн шинжээчээр дүгнэлт гаргуулсан байдаг боловч уг дүгнэлт нь шүүгчийн захирамжид заасан шаардлагыг хангаагүй, хагас дутуу дүгнэлт болсон байсан. Энэ байдлыг шүүгч анхааран үзэж захирамжид заасан зүйлийг тодруулах үүднээс дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийх боломжгүй, тооцооллыг он оноор нь нарийвчлан гаргах боломжгүй гэсэн байдлаар хариу хүргүүлсэн. Мөн хариуцагчийн тайлбараар ч гэсэн удирдамжид заасан хугацаан дахь 2012, 2013 тус бүр няравын дутагдуулсан гэх дутагдлыг нарийвчлан гаргаж тооцоолол хийх боломжгүй гэж тайлбарлаж байсан зэргээс үзэхэд ч гэсэн хяналтын байцаагчийн уг акт үндэслэлгүй болохыг тодорхойлж байсан. Гэвч шүүгчийн захирамжид заасан шаардлагыг хангаж хийгдээгүй эдийн засгийн шинжээчийн 282 дугаартай дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэлээ болгон дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй эргэлзээтэй байгаа юм.

Аливаа зүйл шударга, бодит үнэнд нийцсэн байх ёстой. Гэвч Мэргэжлийн хяналтын байцаагчийн тайлбарлаж байснаар уг тооцооллыг хэн ч тооцож гаргахааргүй тооцоолол тооцож гаргахааргүй тооцооллыг шаардлаа гэж шүүгчийн захирамжид гаргасан гомдолдоо дурдсан байдаг зэргээс үзэхэд ч гэсэн уг санхүүгийн хяналт шалгалт нь бодит байдалд хүрэхгүй, няраваар ажиллаж байсан Г.Г миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дүгнэлт байса н.

Мэргэжлийн хяналтын байцаагч 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 тоот актыг надад танилцуулсан боловч хавсралт 1 хуудастай байсныг би тухайн үед мэдээгүй, тооцооллыг хийхэд оролцоогүй, мэдээгүй. Уг хавсралтад бараа материал дутагдуулсан гэх тооцооллыг бодож дутагдлыг тодорхойлсон маш чухал хэсэг байсан боловч уг баримтыг буюу актыг бүрэн эхээр мь надад танилцуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвзрийг дахин хянан үзэж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэн Г.Г нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдуулан "Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын өөрт холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурдсан үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үндэслэл тус бүрт холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Мэргэжлийн хяналтын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Л.Ю нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн 2010 оны 4 дүгээр улирлаас 2014 оны 05 дугаар сарыг дуустал хугацааг хамааруулан санхүүгийн хяналт шалгалтыг хийсэн байх ба уг шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрснээс нэхэмжлэгч Г.Гид холбогдох зөрчилд 3 508 938 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Хариуцагчаас Г.Гийг нярваар ажиллаж байх хугацаандаа өөрийн албан ажилд мөрдөх ёстой 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Сангийн сайдын 69 тоот тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн дүрмийн 17 дугаар зүйлд заасныг зөрчиж, тайлан мэдээгээ цаг хугацаандаа гаргах үүргээ биелүүлээгүй гэж түүний зөрчил гаргасан үндэслэлийг тайлбарладаг бөгөөд ийнхүү зөрчил гаргасны улмаас улс, орон нутгийн төсөв, өөрийн байгууллагадаа хохирол учруулсан, мөн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, аливаа орлого, зарлагын гүйлгээнд холбогдох хууль дүрэм, журмын дагуу анхан шатны үндсэн баримтыг бүрдүүлээгүйгээс нэхэмжлэгчид хариуцлага ногдуулсан актыг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагыг хангаж, Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийх болсон талаарх шалгалтын удирдамжаа танилуулсан, түүнчлэн нярваар ажиллаж байсан Г.Гийн ажиллаж байсан үетэй холбогдох баримтыг шалгахдаа түүнийг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...миний ажилтай холбоотой шалгалт хийхдээ намайг байлцуулаагүй, шалгалтын тэмдэглэлтэй танилцуулаагүй гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Хяналт шалгалтанд хамрагдсан хугацааны тухайд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга Н.Пүрэв-Осорын баталсан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23-08-035/297 тоот хяналт шалгалтын удирдамжаас үзэхэд Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхээр, шаардлагатай бол өмнөх оныг татаж үзэхээр тусгагдсан байх хугацааг хариуцагч зөрчөөгүй бөгөөд хяналт шалгалт явагдсан журмын талаар анхан шатны шүүхээс дэлгэрэнгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...шинжээчийн дүгнэлт шаардлага хангаагүй тул дахин дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон. Шинжээч дүгнэлт гаргах боломжгүй хариу өгсөн байхад өмнөх /шүүгчийн захирамжид заагдсан шаардлагыг хангаагүй/ 282 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 300 дугаар захирамжаар шинжээч томилсоны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч д/а Ц.Энхмаа 2015 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 282 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна .

Шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 тоот захирамжаар дахин шинжилгээ хийлгэх зорилгоор шинжээч томилжээ. Дээрх захирамжийн дагуу шинжээч томилсныг дахин шинжилгээ хийсэн бус харин нэмэлт шинжилгээ хийлгэх зорилготой байжээ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь дахин шинжилгээ-г шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал хийдэг бол нэмэлт шинжилгээ-г шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд хийдэг.

Тодруулбал 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 тоот шинжээч томилох захирамжийн Үндэслэх хэсэгт ...282 дугаар шинжээчийн дүгнэлтийг дэлгэрэнгүйгээр гаргуулан авах шаардлагатай байна... гэж дүгнээд шинжээч томилж шинжилгээ хийлгэжээ. Өөрөөр хэлбэл, 282 тоот шинжээчийн дүгнэлтийг тодруулах /зөрчлийг он тус бүрээр гаргуулахаар/ асуултыг шинжээчид тавьсан байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд 282 тоот шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзээгүй, зөвхөн тодруулах зорилгоор шинжилгээ хийлгэхээр захирамж гаргасан боловч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04/90 дүгээр албан бичгээр Шинжилгээнд ирүүлсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдсон зөрчил дутагдлын тооцоолол нь он тус бүрээр дэлгэрэнгүй байдлаар гараагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул шинжилгээ хийхээс татгалзаж буцаав гэсэн хариуг ирүүлжээ.

Дээрх үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийгдэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон учир 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 282 тоот шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж, хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагаас хяналт шалгалт явуулахдаа хяналт шалгалтанд хамрагдсан оны бүх баримтыг авч шалгасан байна. Энэхүү шалгалтаар тогтоосон актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, өөрийгөө зөрчил гаргаагүй, тайлангаа цаг тухайд нь гаргаж өгдөг байсан гэж маргадаг.

Гэвч нярав Г.Г нь бараа материалын тайлангаа 2010-2013 онуудад гаргаж байгаагүй нь Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгээс тус шүүхэд нотлох баримтаар шинжлэн судлуулахаар ирүүлсэн 14 хадгаламжийн нэгж бүхий 2010-2014 оны "Нярвын тайлан" гэх санхүүгийн баримтуудад нярвын тайлан авагдаагүй, өөр бусад баримтууд үдэгдсэн байдалтай байгаа зэргээс болон гэрчийн мэдүүлэг, Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот ...нярвын тайланг архивт хүлээлгэн өгсөн бүртгэл байхгүй... гэх албан бичгүүдээр тогтоогджээ.

Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 171/111 тоот тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-т бараа материалын тайланг агуулахын нярав, эд хариуцагч нь аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан хугацаанд агуулахын бүртгэлд үндэслэн материалын нэр төрөл тус бүрийн тоо хэмжээгээр нэгтгэн гаргана гэж заасны дагуу нярав Г.Г нь бараа материалын тайлангаа гаргаж хүлээлгэн өгч, тайлан хүлээлцсэн тухай баримт үйлдэх ёстой. Гэвч тухайн байгууллагад болон тайлан хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа Г.Гид ч мөн адил хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй байна.

Иймээс Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэж заасныг үндэслэн Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав нарт хариуцлага хүлээлгэж, төлбөрийг хувь тэнцүүлэн ногдуулсан хариуцагчийн гаргасан захиргааны акт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагааг шалгахдаа 2011, 2012, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл буюу тус цэцэрлэгийн нярваар Г.Г ажиллаж байх хугацаан дахь хүнсний бараа материалын нийт дутагдлыг тооцож, 10 526 814 төгрөгийн төлбөр, Г.Гийн ажлаа хүлээлгэж өгснөөс хойшхи хугацааны хүнсний бараа материалын дутагдалыг тооцож, нийт 766 559,2 төгрөгийн төлбөрийг тус тус тогтоож, үүнээс нярав Г.Гийн ажиллаж байсан хугацаанд хамаарах төлбөрийг цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав нарт хувь тэнцүүлэн хариуцуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Г.Гид ажиллаагүй хугацааны дутагдлыг нь ногдуулаагүй, зөвхөн ажиллаж байх хугацааны төлбөрийн зарим хэсгийг хариуцуулсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 23-08-028/306 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дээрх захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаатай гэж маргажээ.

Улсын байцаагч өөрийн гаргасан актдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 гэж бичих байтал 10.6.8 гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР