Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00664

 

С.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар магадлалтай

С.Аын нэхэмжлэлтэй,

Г.Гт холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буманзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхоны гүүрэн дээр гуанз гаргаад ажиллаж байхад Сарантуяа гэгч эмэгтэй утасдаад Г зээл хаах 7 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Чи туслаад өгөөч гээд дахин дахин утасдаад байхад нь өөрөө ирж уулз гэж хэлснээр Г 2018 оны 08 дугаар сарын 09-10-нд 2 өдөр манай гадаа машиндаа сууж өглөөнөөс орой хүртэл намайг мөнгө олж өгөхийг хүлээж байгаад 10-ны өдөр найзаараа дамжуулж өдрийн хүүтэй мөнгө найзаас нь зээлж аваад тэр дороо Хөтөлд би бараа авангаа Г Сарантуяа хоёртой цуг мөнгө ирж ирэхийг хүлээж байсан учир 18 цаг дөхөж байхад дэлгүүрээс гараад мөнгө орж ирсэн байсныг мэдэж Төрийн банк дээр очиход Жаргалсайхан эдийн засагч гэр рүүгээ харихаар гарч ирэхэд нь зээл хаах гэсэн юм виза унших уу гэтэл та ХААН банкнаас хурдан /хаахаас нь өмнө/ аваад ир би хүлээж байя гэсний дагуу машинтай ХААН банк дээр очсон. ХААН банк яг намайг оронгуут хаалгаа барьсан. Би тэндээ мөнгөө аваад Гтай төрийн банк дээр ирэхэд биднийг Жаргалсайхан теллертэйгээ хүлээж байгаад орлого авсан. Би мөнгө тоолж өгч Г гарын үсэг зурахдаа нээрээ би мартчихаж 5 сая хэдэн зуун ч билээ үлдсэн ш дээ гээд үлдсэнээр нь би охиныхоо зээлийг хаагаад буцаж гүүрэн дээр ирээд үлдсэн мөнгөө таниас аваад махан дээр 2-3 хоног эргүүлээд хүүтэй нь 08 дугаар сарын 13-нд өгнө гэж тохиролцоод би орлогоосоо мөнгө өгч байхад худалдагч С.Оюунбилэг эгч ирээд машинаас буусан. Тэгэхэд нь би Оюунчимэг эгчид би мөнгө өгөх ёстой Гаа чи маргааш мах ачаад явахдаа авчихгүй юу гэхэд Г тэг тэг гээд 250 000 төгрөг буцааж өгөөд Оюунчимэг эгчид Г та 10 минут хоцорсон бол мөнгөө авч чадахгүй байх байлаа гээд инээлдээд өнгөрсөн. Түүнээс хойш Г мах ачиж явна гээд маргааш орой нь ирээд дутуу 250 000 төгрөгийг авч явсан. Түүнээс хойш утсаар ярилгүй таг чиг болохоор нь би нөхөртэйгөө хөдөө гэрт нь очиход хоёулаа эзэнгүй байсан. Хажуу айлаас нь асуухад үхэр алаад Дархан явсан гэх боловч дахиад дараа нь очиход авгай нь байсан. Мөнгөө нэхэхэд банк зээл гаргахгүй хаасан зээл гаргалаа л бол таны мөнгийг авч өгнө гээд бичиг баримтаа харуулсан мөртлөө тэр Сарантуяа чинь манай мөнгийг өгөхгүй байгаа Сарантуяагаасаа мөнгө авч өг гээд бидний хооронд маргаан болсон. Дараа нь Сарантуяатай шүүхдээд Сарантуяа эгчээс авлагагүй А мөнгөө нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж шүүхийн шийдвэр гарсан. Гэвч би ах дүү шиг өгөө аваатай сайн сайхан харилцаатай байсан үеэ бодоод шүүх цагдаа гээд яах вэ боломжоороо өгөөд дуусгах байх гээд зөндөө хүлээсэн. Одоог хүртэл нэг ч төгрөг өгсөнгүй. Тиймээс би Гаас 7 сая төгрөг нэхэмжилж байна. Гаас миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ааас мөнгө төгрөг зээлсэн асуудал огт байхгүй юм. Харин Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Сарантуяа нь өөрөө хэрэглэх зорилгоор намайг гуйж Төрийн банкнаас надаар малчны зээлийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авахуулсан байсан юм. Энэ мөнгөө хугацаандаа төлөхгүй учир Сарантуяа нь Ааас 2015 оны 08 дугаар сард зээл авч надаар авахуулсан банкны зээлийг хаасан. Сарантуяа нь надаар зээл авахуулахдаа зээлийг төлөх хугацаанд нь төлнө гэсэн учраас би түүнд итгэж зээл авч өгсөн юм. Гэтэл намайг эргээд Атай нийлж өр төлбөрт унагаж байгаад гомдолтой байна. Сарантуяа нь надад мөнгөө төлөхгүй байсан учир би түүнд мөнгөө хийгээч гэдгийг нь хэлсэн. 7 дугаар сард дахиад хэлсэн. Энэ үед мөнгийг  чинь өсгөөд 7 хувийн хүүтэй өгнө гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 10-нд зээлийн эргэн төлөлтийн хугацаа болсон. Энэ үед зээлээ төлөхийг шаардахад чи зээлийнхээ эргэн төлөлтийг хийж бай зээл төлөх хугацаанд чамаас зээлсэн мөнгөө 7 хувийн хүүтэй бодоод өгчихнө гэж хэлсэн юм. Би түүний өмнөөс банкинд 2 удаа нийт 3 500 000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн. Би 2014 оны 12 дугаар сараас эхлэн удаа дараа зээлийнхээ эргэн төлөлтийг хийхийг шаардаж байсан. Ийм байдлаар явсаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход Сарантуяа эгч надад Ааас мөнгө авахаар боллоо гээд бид хоёр миний машинтай Орхон голын гүүр дээр Аын цайны газарт ирж бид хамт Хөтөлд ирсэн. Би Ааас мөнгө зээлье гэж хэлээгүй, бид гэрээ хэлцэл ч байгуулаагүй. Сарантуяа эгч надаас авсан мөнгөө Ааас авч  зээлийг хаалгасан тул би Ат ямар ч өр байхгүй. А нь нэхэмжлэлдээ Сарантуяа утсаар залгаж мөнгө авсан талаар бичсэн байна. Энэ үнэн. Сарантуяа утсаар залгаж мөнгө авсан хамт явж байсан гэдэг нь үнэн. А нь Сарантуяаг надад өртэй, надаар зээл авахуулсан тэр мөнгөө төлөх гэж байна гэдгийг сайн мэдэж байгаа, Сарантуяаг төлж чадахгүй гэж үзээд надаас мөнгө нэхэж тэр хоёр хуйвалдаж байгаад маш их гомдолтой байна. Би Аыг надаас мөнгө нэхэж ирэхэд нь та Сарантуяа эгчид зээлүүлсэн биз дээ би таниас мөнгө аваагүй Сарантуяагаасаа нэхээч гэж хэлэхэд өр зээлэнд орсон хүнээс юуг нь авдаг юм гэж хүртэл хэлж байсан. Тэр ч бүү хэл А нь Төрийн банкны орлогын ордерыг хуурамчаар үйлдэж намайг цагдаагийн байгууллагад өгч дарамтлах гэсэн оролдлого хийсэн. Бид Ат банкнаас мөнгө авч өгнө гэж огт хэлээгүй ингэж хэлэх ч шалтгаан байхгүй. Би Аыг мөнгө зээлүүлээч гэж гуйгаагүй, түүнээс мөнгө аваагүй учир юу гэж түүнд ингэж хэлэх вэ? Харин намайг зээлийн эргэн төлөлтийн хугацаа боллоо гээд шаардахаар Сарантуяа нь Ааас мөнгө авч өгсөн. А, Сарантуяа хоёр нийлж цагдаад өгсөн болохоор би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харамсалтай нь Сарантуяа нь надаас зээлсэн/ноолуурын мөнгө/ мөн миний түүний мобайл банкийг ашиглаж хүүхдүүд рүүгээ явуулсан мөнгийг банкнаас авахуулсан мөнгөний эргэн төлөлт гэж зүтгэж би үүнийг няцааж чадаагүй учир шүүх Сарантуяагийн талд асуудлыг шийдвэрлэсэн би хохирч үлдсэн. Гэхдээ шүүх ноолуур зарсан мөнгөө Сарантуяад зээлүүлсэн болон Ааас Сарантуяагийн надад авч өгч банкны өр зээлийг хаасан мөнгөний асуудлыг миний тухайн үед гаргасан нэхэмжлэлтэй хамааралгүй асуудал гэж үзсэн. Би 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ааас мөнгө зээлээгүй, харин Сарантуяа надаар авахуулсан зээлээ төлөхийн тулд мөнгө авч өгч би банкны зээлээ хаасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Гаас зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ат олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас 126.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ат олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 127.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2014.02.10-нд Ю.Сарантуяа нь надаас гуйсаар байгаад Төрийн банкнаас 10 сая төгрөгийг 380 739 төгрөгийн хүүгийн хамт авахуулсан. С.А Ю.Сарантуяа 2 анхнаасаа л хуйвалдаж, гүжирдээд байгаа учир үнэн зөвийг олж өгнө үү. Буманзаяа өмгөөлөгч Ю.Сарантуяа 10 сая төгрөгийг 18 сая төгрөг болгож өгсөн гэж яриад байгаа нь ноолуурын 5 600 000 төгрөг, мөн хүүхдүүдрүүгээ бэлнээр өгч мобайл банкаар шилжүүлсэн мөнгийг нийлүүлээд байгаа юм. Ю.Сарантуяа зээлийн төлбөр, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд банкны зээл хүүгийн хамт нийт 13.807.839 төгрөг болсон. Үүнээс эцсийн өдөр нийт 11 сак төгрөг өгсөн. Би банкны зээлийн төлөлтөөр хохирсноос гадна сэтгэл санаагаар хохирч байгаадаа гомдолтой байна... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие өмгөөлөгч Л.Нинжбат ньз С.Аын нэхэмжлэлтэй Г.Гт холбогдох 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Гын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд маргааныг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 56 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Г.Гаас 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилдэг ч хариуцагч Г.Г нэхэмжлэгчээс огт мөнгө зээлсэн удаа байхгүй, харин Ю.Сарантуяа гэх этгээд нэхэмжлэгчээс мөнгө зээлээд банкны зээл дарсан гэдэг. Энэхүү үйл баримтыг шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Энэхүү зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд аль нэг тал гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч Г.Гт зээлийн төлбөр төлөх мөнгө хэрэгтэй байгаа талаар хоёр удаа Ю.Сарантуяагийн хамт С.Атай очиж уулзсан, нэхэмжлэгч С.А нь хариуцагчийн зээлийн төлбөрт мөнгө шилжүүлснээр хариуцагч нь мөнгийг хүлээн авч улмаар зээлийн төлбөрт төлөх мөнгө болон бусад байдлаар түүний шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан үйл баримтуудаас үзвэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 1-д заасан гэрээ байгуулах саналыг хариуцагч гаргасан, түүний саналыг хүлээн авч эд хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 1.1-т заасан хариуцагчийг гэрээ байгуулах саналын дагуу мөнгийг шилжүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ" гэжээ.

Гэрээ байгуулах санал гэдэгт нэг этгээд өөрийн хүсэл зоригийг өөр этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор бодитой, хангалттай, тодорхой илэрхийлсэн илэрхийллийг ойлгох бөгөөд хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлнэ гэж Монгол Улсын дээд шүүхийн 17 дугаартай тогтоолд тайлбарласан байдаг. Тэгвэл хариуцагч Г.Г нь анхнаасаа зээлийн гэрээ байгуулах санал гаргаагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориггүй байсныг шүүх анхаарч үзэлгүй Зээлийн гэрээ байгуулах санал гаргасан гэж тайлбарласан нь буруу юм. Учир нь Г.Г нь иргэн Ю.Сарантуяад Төрийн банкнаас авч өгсөн зээлээ буцаан төлөхийг шаарддаг байсан, Ю.Сарантуяа нь өр төлбөрөө төлөх гэж С.Ааас мөнгө зээлж түүнд өгсөн талаар олон удаа тайлбарлаж ирсэн байдаг. Мөн өмнө нь хариуцагч Г.Г Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд Ю.Сарантуяад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд уг нэхэмжлэлдээ “Ю.Сарантуяа нь 4.000.000 төгрөг өгөөд дээр нь С.Ааас 7 000 000 төгрөг авч энэ зээл хаагдсан. Энэ 7 000 000 төгрөгийг надаас С.А нэхээд байна. Иймд Ю.Сарантуяагаас 7 000 000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийг хүртэл гаргаж байсан юм. Гэтэл шүүх хариуцагчийг гэрээ байгуулах санал гаргасан гэж үзсэн бөгөөд анхнаасаа хариуцагч Г.Гт нэхэмжлэгч С.Ааас мөнгө зээлэх шаардлага, хүсэл зориг байгаагүйг шүүх анхаарч үзээгүй, зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ Ю.Сарантуяагийн хүсэлтээр Г.Гт мөнгө зээлдүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Ю.Сарантуяа нь С.Ааас мөнгө зээлж надаар авахуулсан зээлийн төлөлтөө хийсэн гэж маргадаг. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ : Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаартай шийдвэрээр Ю.Сарантуяа нь гэрээний дагуу Г.Гт төлөх төлбөрөө бүрэн төлж дуусгасан өөрөөр хэлбэл тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж шийдвэрлэсэн байна гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой бол шүүх түүнийг дахин нотлохгүй гэж үзжээ.

Гэвч 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаартай шүүхийн шийдвэр нь зөвхөн Г.Г болон Ю.Сарантуяа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар, мөн зээлийн гэрээ нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийг хариуцагч Ю.Сарантуяа төлж дуусгасан талаар дүгнэлт хийсэн бөгөөд зээлийг төлж дуусгах зорилгоор 7 000 000 сая төгрөгийг хэн нь хэнээс зээлсэн талаар огт дүгнэлт хийгээгүй байдаг юм. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчин маргааны талаар ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон хариуцагчийн Ю.Сарантуяа нь С.Ааас мөнгө зээлж Г.Гаар авахуулсан зээлийн төлөлтөө хийсэн гэсэн татгалзлыг шүүх дахин нотлохгүй гэж үзсэн нь алдаатай байна.

Г.Г анхнаасаа л иргэн Ю.Сарантуяад Төрийн банкнаас авч өгсөн зээлээ буцаан төлөхийг шаарддаг байсан, Ю.Сарантуяа энэ өр төлбөрөө төлөх гэж С.Ааас мөнгө зээлж түүнд өгсөн талаар олон удаа тайлбарлаж ирсэн. Энэ тайлбар нь утга агуулгын хувьд ч, хууль зүйн хувьд ч, яагаад ч нэхэмжпэлийн шаардлагыг хангах нотлох баримт гэж үзэх боломжгүй байхад шүүх зээлийн үйл ажиллагаа явагдсан гэж дүгнэсэн нь буруу байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт гэрч Ю.Жаргалсайхан "... С.А эгч нэг эрэгтэй хүнтэй явж байсан нь Г.Г ах байсан юм байна, ... Арслан эгч цүнхнээсээ мөнгө гаргаж ирж байсан, ... хэн нь хэнийхээ зээлийг төлсөн эсэхийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлэг ч бас С.А, Г.Галбаатар нарын хооронд мөнгө зээлсэн, зээлдүүлсэн үйл баримтыг нотлохгүй болохыг шүүх анхаараагүй байна. Яг тэр өдөр, тэр цагт Төрийн банкинд С.А нь өөрийн охины нэр дээр авсан зээлийн төлбөрөө төлж байсан, Г.Г нь Ю.Сарантуяагаас авсан мөнгөөрөө мөн өөрийн нэр дээр авсан зээлээ төлж байсан байдаг.

Шүүхийн шийдвэрт гэрч Б.Соёл “... Тэр хоёр мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаж байхад би байгаагүй. Би гадаа сараанд очоод суусан байсан...” гэсэн мэдүүлэг бий. Энэ мэдүүлэг ч бас нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтыг нотлохгүй юм.

Г.Гын тайлбар үндэслэл бүхий гэдгийг нотлох нэг нотлох баримт шүүх хуралдааны явцад яригдсан байдаг. Тэр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай шийдвэрт С.А гэрчээр “Галт, Сараа бид гурав ХААН банкинд очиход. би 7 000 000 төгрөгөө бэлэн аваад машиндаа суугаад...” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Үнэхээр Г.Г С.Ааас мөнгө зээлэх хүсэлт гаргаад мөнгө зээлсэн бол тэнд Ю.Сарантуяагийн хэрэг огт байхгүй байсан юм. Гагцхүү Ю.Сарантуяа Г.Гын нэрээр Төрийн банкнаас авсан зээлээ буцаан төлөх гэж С.Ааас мөнгө зээлэх хүсэлт гаргасан тул С.А Ю.Сарантуяад мөнгө зээлдүүлсэн байдаг.

Г.Гын Төрийн банкинд мөнгө төлсөн баримт дээр С.Аын утасны дугаар байгаа нь С.Ааас Г.Г мөнгө зээлсэн гэдгийг нотлох баримт биш юм. Давж заалдах шатны шатны шүүх энэ үйл баримтыг анхаарч үзсэнгүй.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 19 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 56 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

С.А нь Г.Гт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 7 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээл аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Г.Г нь Ю.Сарантуяагийн хүсэлтээр 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкнаас өөрийн нэр дээр малчны зээл авч, 8 297 000 төгрөгийг Ю.Сарантуяад шилжүүлсэн ба Сарантуяа нь дээрх зээлийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн, зээл төлөх сүүлийн өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С.Ааас 7 000 000 төгрөгийг авч, 5 808 000 төгрөгийг Г.Гын Төрийн банкин дахь малчны зээлийн төлбөрт төлж, зээлийг хааж, үлдэх 1 192 000 төгрөгийг Г.Г авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.  

Нэхэмжлэгч С.А нь тус мөнгийг Г.Гын хүсэлтээр зээлдүүлсэн гэж, хариуцагч нь Ю.Сарантуяа зээлээ төлөхөөр нэхэмжлэгчээс мөнгө зээлж, миний нэр дээр байсан зээлийг хаасан, би  нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С.А нь 7 000 000 төгрөгийг Г.Гт шилжүүлэн өгсөн, Г.Г мөнгийг хүлээн авч Төрийн банкин дахь өөрийн зээлийн төлбөрийг хаасан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсныг үндэслэн гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл авах шаардлага, хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээ байгуулах санал гаргаагүй зэргийг харгалзан үзсэнгүй гэх боловч хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчид мөнгө шилжүүлж, тус мөнгөөр хариуцагчийн зээлийг төлж барагдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, зээлийг Сарантуяа авсан гэх тайлбараа нотлоогүй байна.

Анхан шатны шүүх  хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг  зөрчөөгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөөр Төрийн банкин дахь өөрийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлоогүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байх тул “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй...” гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД