Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ө.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө.Чд холбогдох эрүүгийн 2135000000202 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржгон ургийн овогт Өсөхбаярын Ч, Регистрийн дугаар: ОТ77092579.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ө.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх гэх дэлгүүрийн гадна архины шил, чулуугаар хохирогч У.Цын толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000202 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч У.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед хөрш айлын хүн болох Б гэх хүнтэй Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баязүрх гэх дэлгүүрийн урд талд байрлах автобусны буудлын хажуу талд байрлуулсан сандал дээр юм яриад сууж байтал миний зүс таних залуу болох М /Ө.Ч/ согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байдалтай ирээд Б ахтай муудалцаж хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн үед би буруу хараад суутал М гэх залуу өмсөж явсан куртикны зүүн энгэрээс архи гаргаж ирээд миний духан тус газарт нэг удаа цохисон. Миний толгойноос цус гарч би зугтах гэтэл миний хойноос чулуу шидэхээр нь би эргээд Мг барьж аваад баруун гараараа шанаан тус газар 2 алгадсан. Миний толгойн дух болон дагз хэсгээс цус гоожиж байсан. Намайг цохисон залуу намайг заамдаж аваад “хашааны ард гараад эр хүн шиг үзье” гэж хэлээд дагуулаад явсан. Хашааны ард гарч миний толгойн тус газар цохисон архиа бид 2 хамт хувааж уусан. 16 цагийн үед тухайн залуу босоод явахаар нь би гэр лүүгээ харьтал ээж миний толгойноос их хэмжээний цус гарсан байсан тул цагдаад дуудлага өгсөн. Бид 2 тухайн үед хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. ...М зодуулчихаад аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр толгойдоо оёдол тавиулсан тухайн үед эмч миний дух хэсэгт 3, дагз хэсэгт 3, нийт 6 оёдол тавьсан гэж хэлсэн. Одоогоор толгой бага зэрэг өвдөж байна, өөр ямар нэгэн өвдөж байгаа зүйл байхгүй. Би өөрөө одоогоор ажилгүй, гэртээ 75 настай ээжийгээ асардаг тул эмчилгээ болон эм тарианы мөнгө хэрэгтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

-Хохирогч У.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Надад учирсан хохирлыг Ө.Ч нь төлж барагдуулсан бөгөөд Ө.Ч эмчилгээний зардал гэж эхлээд 100,000 төгрөгийг өгсөн. Дараа нь надад эмийн мөнгө гэж дахин 100,000 төгрөг өгсөн ба миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

2. Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөрш айлын залуу болох Ц /С/ гэх хүнтэй Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх гэх хүнс, барааны дэлгүүрийн урд талд байрлах явган хүний замын хажуу талд байрлах сандал дээр юм яриад сууж байтал надтай урд өмнө хамт ажиллаж байсан М гэх залуу согтуу ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилж архи авч өг гээд над руу томроод байсан. Тухайн үед С миний хажууд сууж байсан. Тэгтэл гэнэт М надтай юм яриад сууж байсан Сг “4 замын муу бацаан, чи юу хийж сууж байгаа юм, хоёулаа ганц зодолдох уу?, би чамайг мөнгөөр цохих уу, архиар цохих уу” гэж хэлээд энгэрээсээ нэг шил архи гаргаж ирээд Сгийн дух хэсэгт нэг удаа, толгойн ард дагз хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд Сгийн толгойн дух болон дагз хэсгээс цус гарч байсан. Би өөрөө даралт харвасан, хөл гар муутай тул салгаж чадаагүй. Тэгтэл М Сг хоёулаа хашааны ард гараад ганц зодолдоно гээд Сг заамдаж чирээд явахаар нь би гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

3. Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулатороос оёдол тавиулах шаардлагатай хүн байна гэж 16 цагийн үед дуудсан. Би тухайн үед очиж үзэхэд 50 орчим насны согтуу эрэгтэй хүн байсан ба толгойн дух, дагз хэсэгт оёдол тавьсан. Духний хэсгийн шарх V хэсгийн 4 см орчим, дагзны хэсгийн шарх шулуун 3 см орчим шарх байсан. Тухайн үед би оёдлыг тавьж эмийн эмчилгээ зөвлөөд явуулсан. Тухайн үед надад архины шилээр намайг цохисон гэж хэлсэн, гэхдээ ямар хүн цохисон талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...1. Үзүүлэгч У.Ц-н биед тархи доргилт, дух, дагзны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт, зүүн шанаа, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 4. Тархи доргилт, дух, дагзны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,

6. Эд мөрийн баримт /0.33 литрийн “Ерөөл” архины шил/-аар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-р хуудас/,

7. Шүүгдэгч Ө.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 01-ний өглөө гэрийнхээ гадна нэг шил архи ганцаараа уучихаад гурилын үйлдвэрийн 4 замд өөрийн хуурай ах болох Чангаатай таараад юм яриад зогсож байтал, Чангаа ах өөрийн танил гэх нэг хүнтэй таарч гэрт нь очиж мах чанаж идэхээр болж гэрт нь очсон. Би тухайн айлаас гараад явж байгаад Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дэлгүүрийн урд талын явган хүний зам дээр зүс таних хүн болох Ц, Б гэх хүмүүстэй таарсан. Би тухайн үед мэнд асуугаад юм яриад зогсож байтал С /У.Ц/ гэх хүн намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Гэхдээ Ц ахтай маргалдаад зогсож байгаад гэнэт уур хүрч өглөө гэрээсээ гарахдаа авч гарсан 0.33 литрийн Ерөөл гэх архиа энгэрээсээ гаргаж Ц ахын толгой дундуур нэг цохих шиг болсон. Тэгтэл Ц ах намайг алгадчихаад цаашаа эргээд явахаар нь би хойноос нь чулуу авч шидсэн. Тэрнээс хойш юу болсныг тодорхой сайн санахгүй байна. Би Ц ахыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би уг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Ч нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт Баянзүрх гэх дэлгүүрийн гадна 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Ц.Цыг зодож хохирогчийн биед тархи доргилт, дух, дагзны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт, зүүн шанаа, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүдийг учруулсан үйл баримт болжээ.

Хохирогчийн биед учирсан тархи доргилт, дух, дагзны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт, зүүн шанаа, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Чгийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ө.Ч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Ө.Ч нь нөхөн төлсөн болох нь хохирогч У.Цын “...Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/-ээр нотлогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ө.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Б-ийн “Ө.Ч нь миний том эгч Атай 2003 онд гэр бүл болсон. Улаангом сумын 7 дугаар багийн нутагт эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Ө.Ч нь хүнтэй зөв боловсон харилцдаг, илүү ааш зан байдаггүй, хүнд тусархаг зан ааштай элдэв хорт зуршилгүй, хааяа архи уудаг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч Б.А-ын “...Ө.Ч нь ааш авир сайтай, хүний үгнээс гардаггүй, гэрийн ажилд сайн. Олон найз нөхөд гэж байдаггүй, үнэнч шударга, архи тамхи хэрэглэдэггүй, гэр бүлдээ хайр халамжтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болохыг шалгасан хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ө.Ч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор Х.Энхтуул нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 89-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ө.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон ургийн овогт Өсөхбаярын Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ө.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ө.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.33 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН