Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Цт холбогдох эрүүгийн 2135000000168 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б ургийн овогт Сгийн Ц. Регистрийн дугаар: ОЭ71020510.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг, Эрдэнийн эхэн гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр улсын номер дугааргүй Мустанг загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.4 в, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч иргэн П.Б нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2135000000168 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-15-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-27-р хуудас/, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 16-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 44-47-р хуудас/, гэрч Ц.Бгийн мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/, гэрч П.Бын мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, гэрч Д.Бийн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/, гэрч Д.Аийн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/, шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-103-р хуудас/, Замын цагдаагийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 142-144-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав: шинжээчийн 2021 оны 10 дугаар  сарын 13-ны өдрийн Шүүх химийн шинжилгээний 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-р хуудас/, Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 182-р хуудас/, гэрч З.Бийн мэдүүлэг /хх-ийн 190-р хуудас/, гэрч С.Нгийн мэдүүлэг /хх-ийн 192-р хуудас/, гэрч С.О-ы мэдүүлэг /хх-ийн 194-р хуудас/, Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 196-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг тус тус шинжлэн судалсан байна.

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд “Би шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй” гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг, Эрдэнийн эхэн гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр улсын номер дугааргүй Мустанг загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч иргэн П.Б нь нас барсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтууд болох

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын Увс аймгийн автотээврийн төвийн шинжээчийн /ТХҮ-ын үзлэгийн инженер Б.Б/ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “1. Улсын дугааргүй LXYPCKL01E0263813 арлын дугаартай Мустанг загварын мотоциклд дараах эвдрэл гэмтэл гарсныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: зүүн урд дохио хагарсан, зүүн гарны хамгаалалтын боолт мултарсан, урд гэрлийн зүүн бэхэлгээ салж хойш чихэгдсэн, өвдөгний хамгаалалтын доод бэхэлгээ тахийсан, урд амартизатор хойш гулзайсан, баруун хойд дохио хагарсан, хойд гишгүүр гагнасан байсан гагнаас нь салсан зэрэг эвдрэл гэмтэл гарсан байв. 2. Улсын дугааргүй LXYPCKL01E0263813 арлын дугаартай Мустанг загварын мотоцикл нь урд тормоз ажиллагаагүй, хойд тормозтой холбоотой эд анги эвдэрч гэмтээгүй байв. 3. Осол болохын өмнө урд тормоз байхгүй хэзээ салгасныг тогтоох боломжгүй. 4. Улсын дугааргүй LXYPCKL01E0263813 арлын дугаартай Мустанг загварын мотоцикл “А” ангиллын тээврийн хэрэгсэлд хамаарна. Тухайн автомашиныг “А” ангиллын жолооны үнэмлэхтэй жолооч жолоодох эрхтэй. 5. Улсын дугааргүй LXYPCKL01E0263813 арлын дугаартай Мустанг загварын мотоцикл нь хамгийн сүүлд тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр орж тэнцсэн. Үүнээс хойш үзлэг, оношлогоонд хамрагдаагүй. 6. Уг тээврийн хэрэгсэл нь 2 хүний суудалтай. Жолоочоос гадна 1 хүн тээвэрлэх боломжтой. 7. Уг мотоцикл нь улсын бүртгэлээс 8896ХХ8 дугаартай хасагдсан тээврийн хэрэгсэл байна. С овогтой Нарантуяагийн нэр дээр 2014 онд УВЗ4766 улсын дугаар авсан. Гэрийн хаяг Увс аймаг, Малчин сум 2-р баг. 8. Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйл байхгүй байна” гэх 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 142-144-р хуудас/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ний өдөр манай аав Ц, ээж Б нар нь манай ээжийн ах Батбуяны том залуугийн найранд аавын мотоциклтой очсон юм. Тухайн өдөр би уг айлын найранд очоод түрүүлээд өөрийнхөө гэртээ харьсан байсан. Намайг явж байхад манай аав, ээж хоёр найран дээр үлдсэн байсан юм. Тэгээд тэр орой аав маань найран дээр бага зэрэг архи уучхаад ээжтэй хамт тэндээсээ харьж яваад замдаа мотоциклтой онхолдож ээж маань газар дээрээ нас барсан үйл явдал болсон юм. Тухайн өдөр аав маань айлын найранд очсон учраас архи уучхаад ээжийг ардаа суулгаад мотоциклоо жолоодож гэр лүүгээ явж байгаад онхолдож зам тээврийн осол гарсан. Миний зүгээс болон манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй. Энэ асуудал хуулийн дагуу шалгагдаж байгаа учир ямар нэгэн гомдол байхгүй. Тухайн осол нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн учраас бидний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

-гэрч Ц.Бгийн “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний нагац ах Бын хүү Аын гэр бүрэх ёслолын ажил Малчин сумын 4-р багийн нутаг дэвсгэр "Эрдэнийн ар" гэх газарт болсон. Тухайн ажилд оролцохоор эхнэр Б бид 2 өөрсдийн "Мустанг" мотоциклоор 11 цаг өнгөрч байхад очсон. Очиход гэрийн оёлогоны ажил эхэлсэн байсан. Талийгаач Б, нөхөр Ц нар биднээс өмнө тухайн айлд ирчихсэн, ажилд нь оролцож байсан. Ажил 15-16 цагийн хооронд дуусч хүмүүс явж эхэлсэн. Эхнэр бид 2 явах гэж байтал талийгаач Б “манай нөхөр Ц архи уучихсан байна, бараа болоод цугтаа явцгаая” гэхээр нь би зөвшөөрч “аль замаар явах вэ, сумын төвөөр дайраад явах уу” гэсэн чинь талийгаач “төв дээр цагдаа нар байгаа, Ц архи уучихсан байна, сумын төвийн урдуур явчихъя” гэж хэлэхээр нь зөвшөөрч би эхнэрийнхээ хамт, талийгаач нөхөр Цын хамт өөр өөрсдийн мотоциклтой хөдөлсөн. Бид хөдлөөд ар талд байх “Эрдэнийн он” гэх газрын шороон зам руу орж, уг замаар доороос дээш чиглээд гэр лүүгээ явцгаасан. Эхнэр бид 2 урд талд нь гараад явсан, араас нөгөө 2 явж байсан. Бид нар замаараа яваад “Эрдэнийн эхэн” гэх газарт явж байтал замын баруун талын хэсэг буюу бид нарын явж байсан замын хэсэг талд шавартай хэсэг таарсныг би дайраад дээгүүр нь гараад явсан. Уг шавраас зөрөөд холдоогүй байтал ард гэнэт нөгөө хоёрын мотоцикл унах шиг “пид” гэж дуугарах чимээ гарсан. Би мотоциклоо зогсоогоод эргээд харсан чинь ард явсан нөгөө хоёрын мотоцикл газар уначихсан харагдсан. Тухайн осол болох үед цаг 16 цаг өнгөрч байсан. Бын гэрээс хөдлөөд 2-3 км орчим газар явж байсан. Би мотоциклоосоо буугаад тэд нар луу гүйгээд очсон чинь нөгөө 2 осолд орчихсон Ц мотоциклд замын баруун талдаа дарагдсан байдалтай, талийгаач мотоциклийн урдхан талд мөн замын баруун талд доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тухайн үед би талийгаачийг мотоциклоос шидэгдээд газар хэвтэж байна гэж бодоод цаашаа зөрж гүйгээд Ц дээр очоод мотоциклийг нь өргөж босгосон. Доороос нь Ц босоод мөлхөөд тэр газраасаа холдсон. Тэгэхээр нь би мотоциклийг замын баруун талд гаргаад данхраадаж зогсоосон. Ц миний дайрч гарсан шавартай замын хэсгээр гарахдаа шавар дээр халтирч жолоодлого алдаж осолд орсон гэж би бодсон. Тухайн газар, шороон зам дээр өөр осол гарчих хэмжээний бартаа, садаа болохоор газар байгаагүй. Мөн Ц архи ууж согтсон байсандаа мотоциклдоо дарагдчхаад босож чадахгүй байсан юм шиг байсан. Би буцаад талийгаач руу очих гээд эргээд явтал замын баруун талын газарт яг мотоциклийн урд газарт бага зэргийн цус болсон, талийгаач дээр очсон чинь толгойн дээд талын газар нэлээн их цус болчихсон байсан. Уг байдлыг харангуутаа айж сандраад мотоцикл дээрээ гүйж очоод асааж хүмүүст хэл дуулгахаар явах гэсэн чинь мотоцикл асахгүй байсан. Хэд хэдэн удаа асаах гэж оролдоод болохгүй болохоор нь мотоциклоо хаяад Бын гэр лүү буцаад гүйсэн. Тухайн үед миний эхнэр тэр газарт байдлыг хараад зогсож харагдсан. Харин Ц талийгаач руу чиглээд мөлхөж харагдсан. Би тэд нарын хажуугаар зөрөөд шууд гүйгээд байж Бын гэрт очиж тэнд байсан хүмүүст “Ц, Б хоёрын унаж явсан мотоцикл осолд орсон, яаралтай дуудлага дуудмаар байна” гэдгийг хэлсэн. Гэрт байсан хүмүүсээс хэн нэг нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн байх. Бын гэрээс осол болсон газар луу хүмүүс мотоциклоор очсон. Би Б гэх хүнтэй нэг мотоциклд, А, Ц 2 нэг мотоциклд сууж ослын газарт очсон. Тухайн газарт Алтанцэцэг, Б нар бас очсон. Бид нарыг очиход талийгаач намайг Бын гэр лүү явах үед анх хэвтэж байсан тэр газартаа хэвтсэн хэвээр ямар ч хөдөлгөөн хийгээгүй байсан, хажууд нь Ц бас доошоо хараад хэвтэж байсан. Миний эхнэр нөгөө 2-ыг хараад зогсож байсан. Бид нар сумын эмнэлэг, эмч ирэхийг хүлээсэн. 1 цаг орчмын дараа байх сумын эмч Байгальмаа ирсэн. Талийгаачийг үзээд “нас барсан байна, цагдаа дуудаарай” гэж хэлснээр бид нар талийгаачийг нас барсан болохыг албан ёсоор мэдсэн. Харин эмч Цыг үзээд эмнэлгийн машинд суулгаад төв рүү аваад явсан. Үлдсэн хүмүүс нь тэр газарт цагдаа ирэхийг хүлээсэн. Удалгүй сумын цагдаа нар ирсэн. Ослын газрыг хамгаалалтад авч зарим хүмүүсийг тэр газраас явуулсан. Талийгаач мотоциклийн урд 5-10 метрийн зайнд газарт доошоо хараад ямар ч хөдөлгөөнгүй нүүр, толгой хэсэг нь цус болчихсон, толгойн дээд талын газарт цус болчихсон байсан. Ямар ч хөдөлгөөн хийгээгүй, юу ч хэлж дуугарахгүй урд хэсгээрээ доошоо хараад хэвтэж байсан. Ер нь бол талийгаач газар дээрээ нас барчихсан байх гэж би бодож байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

- гэрч П.Бын “Өчигдөр би өөрийн хүү Ат зориулж шинэ гэр бүрэх ёс үйлдсэн. Тухайн ажилд цөөн тооны төрсөн ах дүү нар ирж оролцсон. Үүнд талийгаач дүү маань нөхөр Цын хамт, Б, эхнэрийн хамт болон өөр бас бус хүмүүс ирсэн. Ажил 09-15 цагийн хооронд явагдсан. Энэ хугацаад шинэ гэрээ босгож, хүмүүсийг оруулж цайллага явагдсан. Мөн архи тойруулсан. Ц шинэ гэрт орж ирж тойруулсан архинаас ууж байсан. Ингээд хүмүүс 15 цаг өнгөрөөд гэр гэр лүүгээ явж эхэлсэн. 16 цагийн үед талийгаач дүү маань нөхөртэйгээ, Б эхнэртэйгээ явчихсан. Тэд нар анх ирэхдээ мотоциклтой ирсэн. Буцаад мөн л мотоциклтойгоо явсан. Энэ хүмүүстэй явах үед уулзаагүй болохоор ямар байдалтай явсныг нь мэдээгүй. Ингээд 17 цагийн үед байх Б ганцаараа буцаад гүйгээд манайд ирсэн. Ирээд “Талийгаач, Ц 2 осолд орсон, эмч дуудах шаардлагатай байна” гэж хэлсэн. Манайд байсан хүмүүсийн нэг нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн байх. Тэгээд Бтой цуг гэрт байсан хэсэг хүмүүс ослын газар луу явсан. Би ч бас тэд нарын араас очсон. Осол “Эрдэнийн эхэн” гэх газарт болсон байсан. Уг газарт очиход талийгаач дүү маань доошоо хараад ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Хажууд нь нөхөр Ц бас доошоо хараад, ухаантай хэвтэж байсан. Би очоод удалгүй араас сумын эмч ирсэн. Эмч ирээд надад “таны дүү юм чинь та дээшээ харуулаад биеийг нь эгцлээд хэвтүүлээд өгөөч” гэхээр нь би талийгаачийг өргөөд дээшээ харуулаад хэвтүүлсэн. Тэгэхэд талийгаачийн толгой, нүүр хэсэг нь тэр чигтээ цус болж гэмтсэн, хувцасных нь энгэр хэсэг бас цус болсон байсан. Эмч талийгаачийг үзээд “нас барсан байна, цагдаад мэдэгдээрэй” гэдгийг хэлсэн. Ер нь бол намайг ослын газарт анх очих үед талийгаач нас барсан гэмээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Эмч Цыг үзээд машиндаа суулгаад аваад явсан. Араас нь цагдаа ирсэн. Ийм зүйл болсон. ...2021 оны 10 дугаар сарын 01-ний орой 15 цагаас 00:00 цаг хүртэл нойтон бороо орсон. Үүний улмаас тухайн газар, хөрс тэр чигтээ нойтон болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

- гэрч Б.Бын “Өчигдөр миний хадам ах Бын хүүхдийн гэрийн бүрлэгийн ажил болсон. Би ажилд оролцохоор 10 цагийн үед эхнэрийн хамт мотоциклоор очсон. Эхнэр бид 2-ыг ирэхээс өмнө Ц, талийгаач эгчийн хамт ирчихсэн байсан. Миний дараа 11 цагийн үед Б, Б хоёр ирсэн. Намайг ирснээс 2 цагийн дараа гэрээ битүүлээд 12 цаг гэхэд хүмүүс шинэ гэрт найрлаж эхэлсэн. Би шинэ гэрт орж найрласан, давхар гадуур хоол ундны ажил хариуцаж байсан. Шинэ гэрт хүмүүс орчихсон найрлаж дуулж хуурдаж байсан. Гэхдээ корона гээд найранд хүн цөөн оролцсон. Ц шинэ гэрт найрлаж байсан тул архи уусан. Б гадуур дотуур орж гараад ажилтай яваад байсан тул архи уугаагүй. Харин талийгаач Б, Б нар архи уугаагүй. Талийгаач цай чанах ажил хариуцаж хийж байсан. Шинэ гэрийн найр 15-16 цагийн хооронд дуусаж хүмүүс явж эхэлсэн. Талийгаач Б, нөхөр Цын хамт, Б, эхнэр Бийн хамт өөр өөрсдийн мотоциклоор цугтаа явцгаасан. Би уг хүмүүсийг үдэж өгөөд “баяртай” гэж хэлээд явуулсан. Тэд нар ч бас намайг “баяртай” гээд ямар нэгэн хэл ам, хэрүүл тэмцэлгүй сайхан явцгаасан. Ингээд хүмүүс яваад цэгцрээд дууссан тул би эхнэрээ аваад бас гэр лүүгээ явсан. Би гэртээ ирээд удаагүй байтал Б над руу устаар ярьж “би Б ахынд ирчихсэн байна, Ц, Б 2 осолд ороод уначихсан байна” гэхээр нь би Б ахын гэр лүү буцаж очсон. Очиход хүмүүс ослын газар луу явах гэж байхаар нь би Бг суулгаж аваад явсан. Ослын газарт очиход “Эрдэнийн эхэн” гэх газарт байсан. Замын баруун талд мотоцикл данхраадаж зогсоосон, мотоциклийн нүүр болон зарим хэсэг эвдэрсэн, гажсан байсан. Мотоциклийн цаад талд холгүй мөн замын баруун талд талийгаач Б доошоо хараад ухаангүй хэвтэж байсан. Хажууд нь Ц доошоо хараад ухаантай хэвтэж байсан. Бид нарын араас удалгүй сумын эмч ирж талийгаачийг үзээд “нас барсан байна” гэдгийг мэдэгдсэн. Тухайн ослын газрын эргэн тойрныг харахад Ц замаар явж байгаад ослын газарт замын баруун талын хэсэгт байх шавартай хэсгийг дайрч гарахдаа жолоодлого алдаад цааш нь эргэж хэсэг газар даялж явж байгаад баруун тал руугаа онхолдсон юм шиг байдалтай мөр гарсан байсан. Үүнээс болж мотоцикл осолдож талийгаач шидэгдэж нас барсан юм шиг байсан. Талийгаач осолд ороод газар дээрээ нас барсан гэмээр ямар ч хөдөлгөөнгүй байсан. Мөн талийгаачийн толгой, нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

-гэрч Д.Бийн “2021 оны 10 дугаар сарын 02-нд миний нөхөр Бгийн төрөл садны ах Б гэх хүний хүүхдийн гэр бүрэх ажил болсон. Нөхөр бид 2 ажилд оролцохоор мотоциклоор 11 цагийн үед очсон. Тэгэхэд хүмүүс аль хэдийнээ ирчихсэн оёдлын ажил хийгээд дуусч байсан. Ирсэн хүмүүс дотор Ц, талийгаач Б нар бас ирээд ажиллаж байсан. 12 цаг гээд шинэ гэрт хүмүүс орж найр эхэлсэн. Хоол цай болсон, дундуур нь архи тойруулж явсан. 15-16 цагийн хооронд найр дуусаж хүмүүс явж эхэлсэн. Нөхөр бид 2 бас гэр лүүгээ явах гэж байтал Ц, талийгаач Б 2 миний нөхөр Бтой уулзаад цугтаа гэр лүүгээ явахаар болсон. Манай 2 айл хоёулаа өөр өөрсдийн мотоциклоор ирсэн байсан. Тухайн үед Ц ах ер нь бол уучихсан халамцуу байдалтай, өөрийгөө аваад явах хэмжээний чадвартай боловч хэл ам орооцолдсон байдалтай байсан. Шинэ гэрт найранд байхдаа архи уусан байсан. Ц ах найранд гадуур гараад яваад байгаагүй, байнгын шахуу гэрт сууж найрлаж байсан. Харин миний нөхөр Бгийн бөөр өвддөг, олгой дотор нь хагарч мэс ажилбарт орж хүндэрч байсан тул архи уугаагүй. Ингээд Ц, талийгаач нар мотоциклдоо суугаад, нөхөр бид 2 мотоциклдоо суугаад явахаар болсон чинь Ц манайхыг “та 2 түрүүлээд яв, ах нь араас чинь дагаад явна” гэж хэлэхээр нь манайх урд талд нь гараад түрүүлээд 17 цагийн үед явсан. Араас нөгөө 2 дагаад явсан. Бид хэд Бын ахынхаас хөдлөөд арын Эрдэнийн шороон зам руу ороод уг замаар гэр лүүгээ дээшээ чиглээд явсан. Эрдэнийн эхээр өгсөж гараад явж байтал зам бага зэргийн шавар болсон байсныг дайраад зөрөөд явсан. Уг шавар дээгүүр дайрч гарч яваад удаагүй явж байтал ард ямар нэгэн зүйл газарт хүчтэй унах шиг болж “пид” гэсэн чимээ гарсан. Нөхөр мотоциклоо зогсоогоод эргээд харсан чинь нөгөө 2 онхолдож унасан байсан. Нөхөр мотоциклоосоо буугаад тэд нар луу гүйгээд очсон ба талийгаач замын баруун талд доошоо хараад хэвтэж байсан, цаад талд нь Ц мотоциклдоо дарагдаад замын баруун талд хэвтэж байсан. Б эхлээд Ц дээр очоод мотоциклийг нь өргөж босгоод замын хажууд гаргаад данхраадаж тавьсан. Би тэд нарт ойртож очихоосоо айгаад зайнаас хараад балмагдаад зогсож байсан. Тэгээд би нөхөрт “чи хурдан яв, тэр хүмүүст мэдэгд” гэж хэлсэн. Нөхөр эхлээд мотоцикл дээрээ очсон чинь мотоцикл нь асахгүй болохоор нь мотоциклоо орхиод Бын ахын гэр лүү хэл чимээ өгөхөөр гүйгээд явсан. Ард нь би байдлыг хараад зогсож байсан ба Ц ах босож явж чадахгүй байгаа бололтой мөлхөөд эхнэрийн хажууд ирсэн. Талийгаач доошоо харсан чигтээ хөдөлгөөнгүй хэвээрээ л байгаад байсан. Ц ах эхнэрийнхээ хажууд нь ирээд “Б, Б” гээд дуудаад байсан. Талийгаач огт хөдлөхгүй болохоор нь Ц ах бие нь муудах шиг болоод доошоо хараад бас хэвтсэн. Удалгүй Б хүмүүс дагуулж ирсэн. Араас нь эмч ирээд талийгаачийг үзээд “нас барсан байна, газар дээрээ унаад нас барсан юм шиг байна, цагдаад мэдэгд” гэж хэлсэн. Ц ахыг эмч үзээд машиндаа суулгаад аваад явсан. Ард нь сумын цагдаа нар ирсэн. Цагдаа нар ослын газарт байсан хүмүүсийг явуулсан. Уг нь тухайн шороон зам дээр саад бартаа, хад асга байхгүй. Бид хэд “Эрдэнийн эхэн” дээр гарч ирээд явах үед шавартай хэсэг байсан. Тэр шавар дээгүүр Ц ах гарахдаа хальтарч онхолдсон байсан. Ер нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний оройжин бороо орсон. Үүнээс болж газар чийгтэй болж, зарим хэсэгт шавар шавхай үүссэн байсан. Бид нар 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Нөхөр бид 2-ын араас Ц эхнэртэйгээ 20-30 метрийн зайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас,

-гэрч Д.Аийн өгсөн “Өчигдөр миний нөхөр Цын төрөл садны ах Б хүүхэддээ гэр бүрэх ёс үйлдсэн. Тухайн ажилд нөхөр бид 2 оролцохоор 11 цагийн үед очсон. Очих хүмүүс аль эрт ирээд оёдлын ажил дууссан байсан. 12 цагийн үед шинэ гэрт хүмүүс орж богино хугацаанд найрлаж хоол унд идээд тарсан. Хоол ундны дундуур бага хэмжээний архи тойруулсан. Ингээд 15 цаг өнгөрөөд найр дуусаж хүмүүс явж эхэлсэн. Нөхөр бид 2 үлдэж Б ахынд байж байтал 17 цагийн үед Б ганцаараа гүйсэн байдалтай ирсэн. Ирээд “Ц, Б 2 мотоциклтой онхолдчихлоо, эмнэлэгт дуудлага өгмөөр байна” гэж хэлсэн. Гэрт байсан Өлзий утсаар ярьж дуудлага өгсөн. Тэгээд бид нар ослын газарт очсон. Очиход талийгаач замын баруун талд газарт доошоо хараад хэвтэж байсан. Хажууд нь Ц ах бас хэвтэж байсан. Тэр 2-ын ард талд жоохон зайнд мотоцикл мөн замын баруун талд данхраадсан байдалтай байсан. Талийгаач ямар ч хөдөлгөөнгүй таг хэвтэж байсан. Харин Ц ах ухаантай байсан. Бид нарын араас сумын эмнэлэг, эмч ирсэн. Эмч ирээд Б ахаар талийгаачийг дээшээ нь харуулж хэвтүүлээд үзсэн. Эмч талийгаач “нас барсан байна, цагдаад мэдэгд” гэж хэлсэн. Хөдөлгөөнгүй газарт хэвтэж байхдаа нас барчихсан байсан юм байна лээ. Тэгээд Ц ахыг эмч үзэнгүүтээ машинд суулгаад сумын төв авч явахаар болсон. Би бас эмнэлгийн машинд сууж сумын төв орсон. Төвд ороод Цыг эмнэлэгт хүргэсэн. Ц замдаа ухаантай, бие нь нэлээн тааруу шокны байдалтай явж эмнэлэгт очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

-гэрч Ө.Бгийн өгсөн “Цэцгээ буюу Оюунцэцэг гэх хүнээс 18 цаг 53 минутад “мотоциклтой хүн онхолдож ухаангүй байна” гэх дуудлага ирүүлсний дагуу “Эрдэнийн эхэн” гэх газарт очиход замын хажууд эрэгтэй, эмэгтэй 2 хүн хэвтэж байсан. Эрэгтэйг нь татаж үзсэн чинь ухаантай ёолж байсан. Тэгэхээр эмэгтэйг нь үзэх гээд доошоо харсан байсныг ар гэрийнхнээр нь дээш харуулж үзэхэд “амьсгал хураасан” байсан. Үүнийг хажууд нь байсан хүмүүст хэлсэн. Улмаар нөгөө эрэгтэйг үзэхэд ухаантай, ухаан санаа орж гарч манарсан шокны байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,

-гэрч Б.Оийн өгсөн “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал миний утсанд Ц.Ө гэх манай садны хүүхдээс дуудлага ирсэн ба “Эрдэнийн эхэн” гэх газарт Ц мотоциклтой унаад эхнэр Б нь ухаангүй байгаа юм шиг байна, та эмчийн дугаар олоод яаралтай эмч дуудаж өгөөч” гэж хэлсний дагуу би сумын Эрүүл мэндийн төвийн дуудлагын утсанд дуудлага мэдээллийг тэр дор нь өгсөн. Дуудлагын дагуу эмч нар явсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,

-гэрч С.Ж-ийн өгсөн “Би Малчин сумын төвд ажил үүргээ гүйцэтгээд байж байтал сумын Эрүүл мэндийн төвийн жолооч С над руу 19-20 цагийн хооронд шиг санагдаж байна утсаар ярьж “Эрдэнийн эхэн” гэх газарт мотоциклтой 2 хүн онхолдсон байна гэх дуудлагаар очсон чинь зорчигч эмэгтэй нь газар дээрээ нас барсан байна гэх мэдээллийг хэлэхээр нь уг мэдээллийг хэсгийн төлөөлөгчдөө танилцуулаад хамтдаа ослын газар болох Малчин сумын 4-р багийн нутаг “Эрдэнийн эхэн” гэх газарт очиход замын баруун талд осолд орсон гэх Мустанг загварын улсын дугаартай улаан өнгийн мотоциклыг данхраадаж зогсоосон, мотоциклоос 3-5 метрийн зайнд талийгаач Б замын баруун талд дээшээ харсан байдалтай, дээгүүр нь бор богино дээлээр хучсан байдалтай байсан. Харин сумын эмнэлэг мотоцикл жолоодож явсан Цыг сумын төв рүү тээвэрлээд авч явж байсан. Хэсгийн төлөөлөгч бид 2 хэргийн газрыг хамгаалалтад авч, тухайн газарт байсан гэр бүлийн гишүүдийг буцаан явуулсан. Хэргийн газрын ойр орчим хамгаалалтад авахаар үзэх үед мотоциклоос доошоо тэд нарын ирж байсан талд 10 метр орчим газарт замын хэсэгт шавар байгаад хөлдсөн байсан ба уг шавар дээгүүр мотоцикл гарахдаа жолоодлого алдсан бололтой мөр үүсч цааш нь даялж яваад ослын газарт хүрч унаж онхолдсон юм шиг байдалтай харагдаж байсан. Талийгаач Бгийн нүүр, толгойн хэсэгт гэмтэлтэй, нэлээн их хэмжээний цус гарч хэвтэж байсан газрын хэсэгт нэвчсэн байсан. Хэргийн газрыг хамгаалж байтал аймгийн бүрэлдэхүүн ирж хүлээлгэн өгч нөхцөл байдлыг танилцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “1. Талийгаач П.Б-н биед суурь ясны баруун талын их далавч турк эмээл хэсгийн, дух, баруун чамархай ясны хайрст хэсэгт, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн чамархай ясны чулуулаг хэсэгт, дагз ясны зүүн талд шугаман хугарал, эрүү ясны баруун урд хэсэгт хөндлөн хугарал, тархины суурь хэсэг, баруун зулай, зүүн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховлуудад шингэн цусны агууламж, баруун хөмсөг, баруун нүдний дотно буланд, хэлний дунд хэсэгт, амны баруун, зүүн буланд, доод уруулын салстад язарсан шарх, духны хуйхан доор цус хуралт, дух, хамар, баруун хацар, эрүү, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цөм нэг дор үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг осолд орох үед буюу амьд үед үүссэн байна. 5. Суурь ясны баруун талын их далавч, турк эмээл хэсгийн, дух, баруун чамархай ясны хайрст хэсэгт, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн чамархай ясны чулуулаг хэсэгт, дагз ясны зүүн талд шугаман хугарал, эрүү ясны баруун урд хэсэгт хөндлөн хугарал, тархины суурь хэсэг, баруун зулай, зүүн чамархайд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдлуудад шингэн цусны агууламж, баруун хөмсөг, баруун нүдний дотно буланд, хэлний дунд хэсэгт, амны баруун, зүүн буланд, доод уруулын салстад язарсан шарх, духны хуйхан доор цус хуралт, дух, хамар, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь талийгаачийн үхэлд шууд нөлөөлсөн байна. 7. Талийгаач П.Б нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна. 8. Талийгаач П.Бгийн биед бүтцийн хувьд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 9. Талийгаач П.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 10. Талийгаач нь нас барах үедээ эрүүл байсан байна...” гэх шинжээчийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-103-р хуудас/,

-Шүүх химийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “1. С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. С.Цаас авсан гэх 00005700 дугаартай хуруу шилтэй цусанд 1,0% промилли спиртийн агууламж илэрч байна. 2. С.Цын цусны дээж авах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх шинжээчийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114-р хуудас/,

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “1. С.Цын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун хацар ясны хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний доод, дотор ханын хугарал, нүүр, баруун гар, баруун өвдөгт зулгаралт, баруун нүдний дотор салст, дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. ...5. Баруун хацар ясны хоёрлосон хугарал, баруун нүдний доод, дотор ханын хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснь дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун нүдний дотор салст, дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд цус хуралт, нүүр, баруун гар, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1,5 хувийн талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 424 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122-р хуудас/,

-Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад Ц.Эрдэнэболдын “1. С.Ц нь Мустанг загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. С.Ц нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.в-д мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. С.Цын жолоодож явсан мотоциклийг “А” ангиллын эрхийн үнэмлэхээр жолоодох эрхтэй. С.Цт жолоодох эрхийн ямар ч үнэмлэх байхгүй байна. 4. Зорчигч П.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 6.1б-д Мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэсэн заалтыг зөрчсөн байна. 5. МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6. “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно. 6. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нөхцөл нь С.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.в-д мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна” шинжээчийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 152-р хуудас/,

- Шүүгдэгч С.Цын яллагдагчаар өгсөн “2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Малчин сумын 4-р багт талийгаач эхнэрийн маань төрсөн ах Бын хүүхдийн гэр бүрэх ёслолд оролцоод буцаад эхнэрийн хамт гэр лүүгээ мотоциклоор явах замдаа “Эрдэнийн эхэн” гэх газарт зам тээврийн осол гаргасны улмаас эхнэр маань нас барсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна, анхаарал болгоомжгүй байдлаас болж ийм осол аваарь гарсан. Би мотоцикл жолоодож эхнэр, маань миний ард сууж явсан. “Эрдэнийн эхэн” гэх газарт уулын өндөрлөг хэсэгт хөдөөний шороон замаар явж байтал жолоодлого алдаж осол аваарь гаргасан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа ойлгосон, хохирогчид учирсан хохирлын бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг санаатай зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, амь насыг хохироосон тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч С.Цын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч иргэн П.Бгийн амь нас хохирсон, мөн согтуурсан үедээ Мустанг загварын улсын дугааргүй мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон тул шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б “...Энэ асуудал хуулийн дагуу шалгагдаж байгаа учир ямар нэгэн гомдол байхгүй. Тухайн осол нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн учраас бидний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. Тиймээс шүүгдэгч С.Цыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, мөн Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч С.Цын хувийн байдлын талаар гэрч С.Нгийн “...С.Ц нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, архи дарс нэг их уугаад байдаггүй, элдэв муу зуршилгүй, амьдарлын төлөө хэдэн малаа маллаж амьдарч байсан жирийн нэг айл өрх юм. Амжиргааны түвшингийн хувьд дундаж, хөдөө 300-400 орчим бог, бод нийлсэн малтай, амьдралд нь дутагдаж гачигдаад байх зүйл байхгүй. Ц нь урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, бие эрүүл мэндийн хувьд эрүүл биетэй, ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй юм. Одоогоор Цын ар гэрийн хувьд хүнд байдалтай байгаа бөгөөд эхнэр нь ослын улмаас нас барсан, өөрөө гэмт хэрэгт шалгагдаж байгаа, том хүү Б нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн байдалтай, ар гэрт нь үндсэндээ Б, Батбаяр нар нь үлдээд байгаа юм. Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 25 настай, харин Батбаяр нь Малчин сумын сургуульд 8-р ангийн сурагч юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлжээ.

Уг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц нь Увс аймгийн Малчин сумын 4-р багт малчин, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 4-р багт оршин суудаг гэх хувийн байдал тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 жил 8 сарын хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг эзэмшигч С.Цт буцаан олгож, мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Сгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч С.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 жил 8 сарын хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклыг эзэмшигч С.Цт буцаан олгож, мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН