Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000000170 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Т ургийн овогт Б Н, /РД:ОО94092035/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Хээр морьт гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн Ш.А-ын малаас 30 тооны хонь буюу олон тооны бог мал хулгайлж түүнд 4,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000170 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-26-р хуудас/,

2. Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35-р хуудас/,

3. Эд хөрөнгө битүүмжлэх /харлаг зүсмийн зөв гуяндаа олом тамгатай морь, эмээл, хазаар, тохом/ тухай прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-41-р хуудас/,

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоол /хх-ийн 42-р хуудас/,

5. Хохирогч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай гэрийн урд 1 км зайд хар зам дагуу мал тасарсан байсныг хараад очоод харахад манай мал байсан. Тэнд 13 тооны хонь байсан. Уг хонь нь хөөгдсөн байдалтай байсан болохоор нь манай малыг хүн тасалж хөөсөн юм байна, хулгай авсан байна гэж үзээд малаа авч ирээд бүртгэж үзэхэд 30 тооны хонь дутсан. Уг дутсан хониноос 8 хурга, 22 тооны хонь нийлээд 30 хонь дутсан. Тэгээд би манай малыг тасалж хаясан байх гэж бодоод тэр хавиар хайгаад олоогүй. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Давст сумын цагдаа гэсэн хүн над руу залгаад та Давст сум руу хүрээд ир, танай мал мөн бишийг харуулмаар байна гэсэн. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө өөрийнхөө 76-98 УВА улсын дугаартай машинаараа Давст сум руу очсон. ...Г гэх айлд очиход миний хулгайд алдсан 30 тооны хониос 8 хурга, 12 тооны эх хонь, нийт 20 тооны хонийг хоёр чихийг нь имнээд, хонцог дээр нь цэнхэр өнгийн будгаар будаж тэмдэглэсэн байсан. ...Г гэх хүнээс “та энэ малыг хаанаас авч ирсэн юм бэ” гэж асуухад Улаангом сумын 8-р багт амьдардаг Б Н гэх манай хүргэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө бид нарыг унтаж байтал авч ирж өгсөн юм, машинаар ачиж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би манай малыг Н хулгайлсан талаар мэдсэн. ...Би хулгайд алдсан 30 тооны хонийг 2021 оны 10 дугаар сарын 03-ны шөнө гэрийн гаднаас хулгайд алдсан гэж үзэж байна. 10 сарын 03-ны орой малаа хотонд оруулсан, манай мал тасарсан бол мэдэгдэнэ. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өглөө босоод ирэхэд хонь их тарчихсан байсан. ...Одоо 10 тооны хонь дутаж байна, сайн зүсэлж мэдэхгүй байна. Манай алга болсон хонь чихэндээ улаан шар даавуутай, манай мал зүүн чих он, баруун чих урдаас нь цөгрөг имтэй мал байсан” гэх мэдүүлэг /46-49-р хуудас/,

-Хохирогч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 03-ны бүтэн сайн өдөр Түргэн сумын 2-р багийн нутаг Хээр морьт гэх газарт байхдаа өөрийн малыг ойр хавийн хүмүүсийг гуйж туслалцуулаад тоолсон. Тухайн үед хонь 1477, ямаа 377, нийт 1854 тооны бог мал тоологдсон. Гэтэл тэр орой мал үргэсэн тул би гарч орилж байгаад орж ирсэн. Өглөө харахад мал тасарсан байсан тул хулгай орсон байж магадгүй гэж бодоод 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин тоолж үзэхэд хонин сүргээс 30 тооны хонь дутсан. ...Одоо дутаж байгаа 10 хонь болон Давст сум руу очиж 20 малыг авч ирэхэд гарсан зардалд би өөрийн пробокс машинаар очиж ирсэн зардалд 50 литр А-92 бензин 125,000 төгрөг, портер машин дуудаж мал ачсан бөгөөд жолоочид 60 литр шатахуунд 150,000 төгрөг, хөлсөнд нь 200,000 төгрөг төлсөн, энэ хугацаанд мал хайсан зардалд 100,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

6. Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал миний 88530317 гэсэн дугаар луу манай хүргэн ах Б.Н нь залгаад “хонь авах уу, надад 10 хургатай хонь байна, нийт 20 тооны хонь, хурга байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй, манай ард байдаг Г гэх айл авч магадгүй, та ярьж үз” гээд Гын утасны дугаарыг өгсөн. Тэгээд энэ талаар өөрийн аав Г, ээж Оюунчимэг нарт хэлсэн. Тэгээд манай төрсөн дүү Эд мөнгө байна гэхээр нь бид нар уг малыг худалдаж авахаар болсон. Тэгээд би Н ахтай дахин утсаар яриад “би таны зарах гэж байгаа 20 тооны хонь хургыг 1,500,000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгэхэд “тэгвэл би одоо хонио ачаад гарлаа” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Н ах залгаад “би Давст сумын төвийн хажууд гол руу орж ирж байна, ах Атой явж байна, бид нар очоод шууд буцна, чи малаа буулгаж аваарай” гэсэн. Тэгээд байж байтал шөнийн 00:00 цагийн үед манай гэрийн гадна машинтай хүн ирсэн ба гараад харахад Н ах байсан. ...Тэгээд Н ахын цагаан өнгийн Портер загварын машинаар ачиж ирсэн 12 тооны хонь, 8 хурга, нийт 20 тооны малыг би буулгаж аваад малын хашаандаа хашиж авсан. Харин Н ах, А ах хоёр буцаад явсан. Уг хонины мөнгийг өглөө босоод 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд тэр 20 тооны хонийг имнэж аваад тэмдэглээд байж байтал 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цагдаа нар ирээд манай хүргэн ах Нгийн авч ирсэн хонины зураг болон уг хонийг хараад хулгайд алдсан хонь байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-59-р хуудас/,

7. Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр малаа бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэгээд тэр шөнө манай мал үргэсэн юм. Тэгээд өглөө босоод харахад төв замын ойролцоо хонь тасарсан байхаар нь очоод харахад манай хонь байсан ба малаа бүртгэж үзэхэд 30 тооны хонь, хурга дутсан. Тэгээд малаа хулгайд алдсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

 8. Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А ах манай малыг тоололцоод өг, хонь тасарсан байна, хулгай авсан байж болзошгүй байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ирж малыг нь тоолж өгөхөд 30 тооны хонь дутсан юм. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А ахын хонь, ямааг тоолж бүртгэхэд нийт 1854 гэж тоолсон. Тэгээд маргааш нь мал хулгай авсан байж болзошгүй гээд тоолоход 30 тооны хонь дутсан ба 1824 хонь тоологдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

9. Гэрч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай хүргэн болох Б.Н нь хургатай 20 тооны хонь зармаар байна гэж ярьсан. Мөн надад мөнгөний хэрэгцээ гарлаа, манай өөрийн хонь юм, та авахгүй биз гэж ярихад нь би Нд “одоогоор мөнгө төгрөг муу байна, ямар ч байсан мөнгөний бололцоо байвал аав нь хонийг чинь авна” гэсэн юм. 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой манай малд 20 тооны хонь буулгаж нийлүүлсэн байсан. Маргааш өглөө нь уг 20 тооны хонийг авахаар болоод охин Эгийн данснаас Нгийн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/,

10. Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний орой хүргэн ах Н манайд хонь авчирч ирсэн. Маргааш нь ах Б надад “Нгээс 10 хургатай хонь худалдаж авлаа, чамд мөнгө байгаа бол Н рүү 1,500,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь би өөрийн данснаас Нгийн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би уурхайд тогооч хийдэг байсан цалин буусан, мөнгөтэй байсан юм. Удалгүй сумын цагдаа нар ирээд мал шалгаад хулгайн мал байсан гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 08, 09-ний орчимд Б ах нөгөө 1,500,000 төгрөгийг Нгээс буцааж авсан гээд надад мөнгийг маань бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

11. Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө манай хүргэн Н нь ах Аын хамт машинтай мал ачиж ирсэн. Өглөө нь харахад манай малд 12 тооны хонь, 8 тооны хурга нийт 20 тооны мал авч ирсэн байсан. Тэгээд хүү Бгаас асуухад “энэ малыг зарна гэнэ, худалдаж авмаар байна” гэхээр нь бид нар ярилцаж байгаад худалдаж авахаар болсон. Тэгээд 1,500,000 төгрөгийг Нгийн данс руу хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81-р хуудас/,

12. Гэрч Ё.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байх манай нөхөр Г бид хоёр сумын төвөөр явж байтал миний 88458702 гэсэн дугаар луу 86635900 гэсэн дугаараас залгаад “би Н байна, та хургатай хонь худалдаж авах уу, надад 10 хургатай хонь байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи хэдээр өгөх вэ” гэж асуухад “1 хургатай хонийг 180,000 төгрөгөөр өгнө, тэгээд 10 хургатай хонь байна” гэж надад хэлсэн. Тэгээд би “140,000 төгрөгөөр бодож 1 хургатай хонийг авъя” гэхэд Н “за, болж байна, би орой мал ирэхээр машинаараа ачаад очъё” гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь Н над руу залгаад “би одоо гэрээс гарч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр шөнө буюу 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой гэртээ хоол унд бэлдээд хүлээсэн боловч ирээгүй. Маргааш нь буюу 05-ний өглөө Нгийн хадам аав Г гэх хүний гэр манай гэртэй ойрхон болохоор нь очоод “Н танайд ирсэн үү, мал авч ирсэн үү” гэж асуухад “20 тооны мал авч ирсэн. Бид нар худалдаж авлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ 20 тооны хонийг надад өгөх гэж байсан юм, яагаад та нар авсан юм” гэж асуухад “Н шөнө авч ирээд буцаад явсан. Манайх энэ малыг худалдаж авсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 83-86-р хуудас/,

13. Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Н нь манай эхнэр Оюундэлгэртэй 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гар утсаар залгаад 10 хургатай хонь, нийт 20 тооны хонь, хурга зарна гэж ярьсан. Эхнэр бид хоёр цөөхөн малтай тул малаа өсгөх гээд худалдан авахаар болсон. Тэгээд Н тэр орой малаа ачаад очно гэж манай эхнэртэй ярьсан болохоор нь бид хоёр хоол цай хийгээд тэр шөнө 23 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь унтсан юм. Тэгээд манай эхнэр өглөө босоод Нгийн хадам аав Гынд очоод ирэхээр нь юу болсон талаар асуухад Н өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 20 тооны мал буюу 12 хонь, 8 хурга ачиж ирээд хадам аав Год өгсөн байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90-р хуудас/,

14. Гэрч Г.Жын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байх өглөө 09 цагийн үед үхэр, хонь малаа бэлчээрт гаргасан юм. Тэгээд манай ард байдаг Г гэх залуу таарсан. Бид хоёр Улаангом сумын Долоодой гэх газар малын бэлчээрт явж байтал Б.Н нь Түргэн сумын “Хээр морьт” чиглэлээс 20 тооны хонь туучихсан ганцаараа алаг морьтой таарсан. ...20 гаруй тооны хонь байсан байх, би сайн тоолоогүй, чихэндээ бөстэй байсан, имийг нь сайн хараагүй, хаанаас ямар хонь тууж явсныг мэдээгүй, хурга хонь байсан, хар галзан, хар хүзүүтэй гэж хэлж болохоор хонь мал байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,

15. Гэрч В.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 03-ны үед байх, яг өдрийг нь санахгүй байна. Өглөө 09 цагийн үед манай урд байдаг Тужуу буюу Ж гэх хүн бид хоёр хамт гэрийнхээ баруун талын Хялгасан үүрийн хажууд морьтой явж байтал Н нь 20-иод гэж хэлэхээр чихэндээ утастай хонь тууж явсан юм. Тэгээд тэр хонио тууж ирээд  өөрийнхөө хонь руу нийлүүлж байсан. Н нь ганцаараа алаг зүстэй морьтой явсан. Яг тууж явсан хонийг нь би тоолоогүй. Хар галзан, хар хүзүүтэй хонь, хурга нийлсэн 20 гаруй тооны байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/,

16. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Тэс сум руу найранд оролцохоор яваад түүгээрээ Тэс суманд байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Долоодой гэх газарт байдаг гэртээ шууд харьсан. Намайг 17:00 цагийн орчимд гэртээ очиход Н гэрийн гаднаас өөрийн хониноос мал ялгаж ачиж байсан. Би очоод “ямар хонь ачиж байгаа юм” гэж асуухад “хадам аавын хүнээс худалдаж авсан хонь, 2 хонож байна” гэж хэлээд 8 хурга, 12 эх хонь нийт 20 хонийг Н өөрийнхөө портер машинд ачаад Давст сум руу явсан. Н намайг хамт Давст сум руу яваад энэ малыг хадам аавынд хүргэж өгөөд ирье гэж хэлсэн. Би зөвшөөрч 18:30 цагийн орчимд Долоодойгоос Давст сум руу хамт явсан. Давст суманд Г гэх Нгийн хадам аавынд очиход Гын хүү Батаа /Б/ гэх залуу гарч ирээд ачиж очсон хонийг буулгаж аваад малын хашаандаа хийсэн. Тэгээд бид 2 удалгүй буцаж гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/,

17. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “2021 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд нас гүйцсэн эр хонь 250,000 төгрөг, 5 настай эр хонь 230,000 төгрөг, 5 настай эм хонь 170,000 төгрөг, 4 настай эр хонь 220,000 төгрөг, 4 настай эм хонь 160,000 төгрөг, 3 настай эр хонь 180,000 төгрөг, 3 настай эх хонь 150,000 төгрөг, төлөг 120,000 төгрөг, хурга 35,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх 251 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-р хуудас/,

18. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Улаангом суманд портер машин 1,250,000 төгрөг, 3 настай морь 700,000 төгрөг, хуучин эмээл 20,000 төгрөг, хуучин суран хазаар 8,000 төгрөг, тохом 2,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх 299 дугаартай дүгнэлт /хх-ийн 121-р хуудас/,

19. Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 10:00 цагийн үед “Хээр морь” гэх газраас хатуу хучилттай замын баруун талд /уул талаас/ тасарсан мал байсныг нь би тэр чигт нь туугаад өөрийн мал руу нийлүүлсэн юм. Тухайн үед 30 тооны хонь байсан. Түүнээс 8 хурга, 12 эх хонийг нь Давст сум руу хадам руугаа зарсан. Үлдэгдэл малаас 2 хонийг хүнсэндээ хэрэглэсэн. Үлдэгдэл 8 малыг өөрийн малд үлдээсэн боловч хэд хоногийн дараа харахад алга болчихсон байсан. Би хохирогч Ат учирсан хохиролд 20 малыг зүсээр нь, амьдаар нь буцааж өгсөн, үлдэгдэл 10 малын төлбөр болон хайсан, тээвэрлэсэн зардал нийлүүлээд 2,555,000 төгрөгийг хохирогчид өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 140-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн иргэн Ш.Аын 30 тооны хонь буюу олон тооны бог мал хулгайлсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах насанд хүрсэн, хулгайлж авсан хонио бусдад худалдан борлуулж ашиг хонжоо олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба хохирогч Ш.Аын 30 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.Н нь бусдын 30 тооны хонийг хулгайлж авсан үйлдлээрээ хохирогч Ш.Ат 4’300’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 251 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нь хохирогчийн 30 тооны хонь буюу бог малыг хулгайлсан тул олон тооны мал хулгайлсан гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Аын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн “...Ш.А миний бие 2021 оны 10 дугаар сарын 04-нд алдсан 30 тооны малаас /хониноос/ амьдаар нь 20 тооны хонь буцаан авсан, 10 малын мөнгийг төлж барагдуулсан тул Б Нгээс нэхэмжлэх төлбөр тооцоо байхгүй” гэх тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч Б.Нг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Нгийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Д.Ц-ын “...Н нь багадаа эцэг, эхийн гар дээр хөдөө мал дээр өссөн. Н нь сургуульд бараг суугаагүй, бага сургуулиасаа гарч хөдөө мал маллаж эцэг, эхдээ тус болж өссөн. Зан араншингийн хувьд сэргэлэн цовоо, хүнтэй харьцах арга эвийг нь олохдоо сайн, өөрийн бодож санасныг бусдад ойлгуулахдаа сайн, авхаалж самбаатай, нийтэч харьцаатай, найз нөхөд олонтой хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 109-р хуудас/, гэрч Ш.Л-ын “...зан байдлын хувьд элдэв муу зуршилгүй, сэргэлэн цовоо, ажилд сайн, амьдралын төлөө зүтгэлтэй, архи, тамхи хэрэглээд байдаггүй, хөдөө мал маллаж, малын ашиг шимээр амьдрал ахуйгаа авч явдаг, хүнтэй харьцах харьцаа сайтай, яриа хөөрөө сайтай, олонтой нийтэч, хүнд өөрийгөө ойлгуулах чадвар сайтай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх-ийн 144-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдааны шатанд улсын яллагч шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.Н нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Нд 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ харлаг алаг морь унаж явсан болох нь  гэрч Г.Жын “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байх өглөө 09 цагийн үед үхэр, хонь малаа бэлчээрт гаргасан юм. Тэгээд манай ард байдаг Г гэх залуу таарсан. Бид хоёр Улаангом сумын Долоодой гэх газар малын бэлчээрт явж байтал Б.Н нь Түргэн сумын “Хээр морьт” чиглэлээс 20 тооны хонь туучихсан ганцаараа алаг морьтой таарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/, гэрч В.Гын “2021 оны 10 дугаар сарын 03-ны үед байх, яг өдрийг нь санахгүй байна. Өглөө 09 цагийн үед манай урд байдаг Тужуу буюу Ж гэх хүн бид хоёр хамт гэрийнхээ баруун талын Хялгасан үүрийн хажууд морьтой явж байтал Н нь 20-иод гэж хэлэхээр чихэндээ утастай хонь тууж явсан юм. Тэгээд тэр хонио тууж ирээд  өөрийнхөө хонь руу нийлүүлж байсан. Н нь ганцаараа алаг зүстэй морьтой явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/, хэрэгт уг харлаг алаг морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-р хуудас/, моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 700,000 төгрөгийн үнэ бүхий 3 настай харлаг зүсмийн морийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч нь хохирогчийн 20 тооны хонийг бусдад зарж борлуулан 1,500,000 төгрөгийн ашиг олсон байх тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас хэрэгт битүүмжлэгдсэн Хьюндай Портер загварын 27-30 УВА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл биш, өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа, хулгайлсан малыг бусдад зарж борлуулах зорилгоор тухайн автомашинаар зөөж тээвэрлэсэн байх тул эзэмшигч Б.Нд буцаан олгож, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох саналыг гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолоор “...хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж тайлбарласан бөгөөд энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн Хьюндай Портер загварын 27-30 УВА улсын дугаартай автомашин, эмээл, хазаар, тохом зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Нд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Үүнтэй холбоотой эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, мөн Эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Б Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 3 настай харлаг зүсмийн морь /700,000 төгрөгийн үнэ бүхий/-ийг хурааж, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон битүүмжлэгдсэн Хьюндай Портер загварын 27-30 УВА улсын дугаартай автомашин, эмээл, хазаар, тохом зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Нд буцаан олгосугай.

7. Эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, мөн Эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.МӨНХСАЙХАН