Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Э.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Занги овогт Энхбаярын Батмөнхөд холбогдох эрүүгийн 2221000000043 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг, “Рашаан” гэх газарт оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 3-15 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Занги овогт Энхбаярын Батмөнх /РД: ЛГ95081010/.

Шүүгдэгч Э.Батмөнх нь Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Холбоо толгой” гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Ж.Идэрмөнхтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь уурганы хугархай модоор олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Батмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Ж.Идэрмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батмөнх нь надтай муудалцаад хугалсан уургаараа цохиод байхаар нь би барьцалдаж авсан. Тэгсэн чинь миний нүд рүү гараараа цохисон бөгөөд машинаас Б.Бат-Отгон гарч ирээд Батмөнхтэйгөө нийлээд намайг хашааны буланд зууралдаж аваачаад Батмөнх намайг газар унагаасан. Тэгээд миний дээрээс Батмөнх нь уургатай гараараа толгой болон чих рүү нэлээн олон удаа цохисон. ...манай эхнэр гарч ирээд салгасан бөгөөд би босоод гэр рүүгээ орсон. ...Надад гомдол санал, нэхэмжлах зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 7-8/

Гэрч Ч.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гадаа хүмүүс бахиралдаад явчихаар нь би гарсан чинь Батмөнх нь уурганы мод барьчихсан хугалж байсан. Тэгснээ хугалсан модоороо манай нөхрийг цохиж байснаа зууралдаж аваад газар унагаагаад дээрээс нь дэвсээд, хугарсан уурганы модоороо цохиод байсан...” гэжээ. /хх-ийн 10/

Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батмөнх, Идэрмөнх хоёр нэлээн согтсон байсан. Миний харснаар Батмөнх ах хугарсан уурганы модоор Идэрмөнх ахыг цохиж байсан...” гэжээ. /хх-ийн 15-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 тоот дүгнэлтэд:

1. Ж.Идэрмөнхийн биед тархи доргилт, хуйханд зүүн зулай хэсгийн няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, хамрын зүүн угалзны зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгийн урагдсан шарх, хүзүүний баруун талын зулгаралт, цээжний урд талын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шууны цус хуралт, баруун далны цус хуралт, бүсэлхийн зүүн талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

Э.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байхад Идэрмөнх ах нэг 0,5 граммын архи задалж өгсөн бөгөөд уг архийг нь уучихаад Эрдэнэбаатар, Бат-Отгон, Төгстөгөлдөр нарын хамт гэрээс нь гараад мориных нь уяан дээр очоод зогссон. Би машинаас буугаад газар байсан уургыг нь аваад байж байхад Идэрмөнх ах араас гарч ирээд бид хоёр муудалцсан бөгөөд би юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Би барьж байсан уургаа голоор нь хугалаад бөгсөн хэсгээр нь Идэрмөнх ахыг 4-5 удаа цохисон. ...Салгасны дараа би Идэрмөнх ахын гэр рүү нь орж уучлалт гуйсан...” гэжээ. /хх-ийн 31-32/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Гэрч Б.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-ийн 12-13/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/

Э.Батмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-41/

Ж.Идэрмөнхийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Занги овогт Энхбаярын Батмөнх нь 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Холбоо толгой” гэх газарт хохирогч Ж.Идэрмөнхтэй маргалдаж, толгойн тус газарт нь уурганы хугархай модоор цохиж түүний биед тархи доргилт, хуйханд зүүн зулай хэсгийн няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, хамрын зүүн угалзны зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгийн урагдсан шарх, хүзүүний баруун талын зулгаралт, цээжний урд талын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шууны цус хулат, баруун далны цус хуралт, бүсэлхийн зүүн талын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.Батмөнхийн “...би барьж байсан уургаа голоор нь хугалаад бөгсөн хэсгээр нь Идэрмөнх ахыг 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ж.Идэрмөнхийн “...Батмөнх нь надтай муудалцаад хугалсан уургаараа цохиод байхаар нь би барьцалдаж авсан. Тэгсэн чинь миний нүд рүү гараараа цохисон бөгөөд машинаас Б.Бат-Отгон гарч ирээд Батмөнхтэйгөө нийлээд намайг хашааны буланд зууралдаж аваачаад Батмөнх намайг газар унагаасан. Тэгээд миний дээрээс Батмөнх нь уургатай гараараа толгой болон чих рүү нэлээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Ганчимэг, Б.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Э.Батмөнх хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э.Батмөнхийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Идэрмөнхийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Энхбаярын Батмөнхөд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Энхбаярын Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Батмөнхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Батмөнхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Идэрмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Батмөнх нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Батмөнх нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Занги овогт Энхбаярын Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбаярын Батмөнхөд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батмөнх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Батмөнх нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Идэрмөнх нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Батмөнхийн ЛГ 95081010 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА