Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0054/э |
Дугаар | 2022/ШЦТ/47 |
Огноо | 2022-01-28 |
Зүйл хэсэг | 22.1.2., |
Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
Улсын яллагч Х.Насанжаргал
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Хасархүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч Б.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзууд овогт Бүтийн Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 2121001940381 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 31-48 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Галзууд овогт Бүтийн Алтанцэцэг /РД: ЖЛ 86072603/.
Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй өөрийн нэр дээр бүртгэлтэй “Чулуут мөнх нутаг” ХХК-ийн Төрийн банкин дахь 261700520518 тоот дансаар 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 2020 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд нийт 7 удаагийн үйлдлээр нийгмийн халамжийн сангийн 27,776,000 /хорин долоон сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгийг хүнсний эрхийн бичгийн санхүүжилт гэж шилжүүлэн авсан, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээ бүхий аж ахуй нэгжүүд болох “Чулуут-Өндөр” ХХК, “Улаан айраг” ХХК, “Алсын хайрхан” ХХК, “Тансаг гэгээ” ХХК, “Баян-Аят” ХХК, “Буйрын мандал” ХХК, “ЦЭЦА” ХХК-ийн харилцах данс руу 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 2020 оны 08 дугаар сарын 25-ны хооронд нийгмийн халамжийн сангийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний мөнгийг илүү шилжүүлж, уг илүү шилжүүлсэн мөнгийг өөрийн Хаан банкин дахь 5414079475 тоот дансаар 18,806,000 төгрөгийг, Төрийн банкин дахь 261700220518 тоот дансаар 21,166,000 төгрөгийг, иргэн н.Ариунзаяагийн 5022868250 тоот дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг нийт 42,972,000 төгрөгийг тус тус буцаан авч, хувьдаа захиран зарцуулж, өөртөө давуу байдал бий болгож, нийгмийн халамжийн санд их хэмжээний буюу 70,748,000 /далан сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Алтанцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Хасархүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Алтанцэцэг хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул санал хүсэлтгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Хасархүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Алтанцэцэг нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн халамжийн сангийн мэргэжилтэн болон ахлах мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Б.Батгэрэлийг ажилд нь оруулах болж Б.Алтанцэцэгийн ажлыг шалгах үед нийгмийн халамжийн сангийн хүнсний эрхийн бичгийн гүйлгээ, тооцоонд хэд хэдэн зөрчил илэрсэн тул газрын даргын тушаалаар санхүүгийн баримтыг нягтлан шалгах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нийгмийн халамжийн сангийн үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж гэсэн чиглэлийн хүрээнд шалгалт хийсэн бөгөөд шалгалтын явцад Б.Алтанцэцэг нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй хүнсний дэлгүүр болох Цагаан-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Чулуут мөнх нутаг” ХХК-ийн данс руу 27,000,000 төгрөгийг, мөн өөрийн хувийн данс руу 33,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн зөрчлүүд илэрсэн. Мөн Б.Алтанцэцэг нь хүнсний эрхийн бичгийн гэрээ байгуулсан Матад, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо зэрэг сумдын дэлгүүрүүдийн данс руу сард олгох ёстой мөнгөнөөс илүү мөнгө шилжүүлж андуурагдсан гүйлгээ гэсэн нэрийдлээр өөрийн эзэмшлийн данс руу буцаан шилжүүлсэн авсан байснаас гадна тэдгээр сумдын хүнсний эрхийн бичгийн гэрээ байгуулсан дэлгүүрүүдэд сард олгох ёстой мөнгөн дүнг дутуу олгосон зэрэг үйлдлүүд нь удаа дараагийн давтамжтай гарсан байсан...” гэжээ. /1хх-ийн 19-21/
Гэрч Н.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажлын хэсгийн шалгалтаар Б.Алтанцэцэг нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй Цагаан-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Чулуут мөнх нутаг” ХХК-ийн дансанд 27,776,000 төгрөг, Гурванзагал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлдэг гэрээт дэлгүүрүүдээс нийт 33,896,000 төгрөгийг өөрийн ... тоот данс руу нийт 61,672,000 төгрөгийг шилжүүлж авсан нь ажлын хэсгийн хяналт шалтгалтаар тогтоогдсон. Мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан Баяндун сумын хүнсний дэлгүүрт 2,262,000, Баян-Уул сумын хүнсний дэлгүүрт 2,288,000, Халхгол сумын хүнсний дэлгүүрт 11,352,000 төгрөгийг дутуу олгосон нь тухайн ажлын хэсгийн хяналт шалгалтаар тогтоогдсон...” гэжээ. /1хх-ийн 23-25/
Гэрч Х.Оюундарь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын данс руу ХЭБ санхүүжилт гэсэн утгатай 2,900,000 6,996,000 4,096,000 төгрөгийн гурван гүйлгээ орсон. Яг гүйлгээ орсны дараа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтан Б.Алтанцэцэг над руу залгаад танай байгууллага руу андуурагдсан гүйлгээ хийгдчихлээ, та буцаагаад явуулчих гээд ... данс өгөхөөр нь тухайн данс руу 2,900,000 6,996,000 төгрөгийг “андуурагдсан гүйлгээ буцаав халамж” гэсэн утгатай шилжүүлсэн...” гэжээ. /1хх-ийн 30-31/
Гэрч С.Сэржмядаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай байгууллагын данс руу 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4,336,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэний дараа 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 4,336,000 төгрөгийн гүйлгээ дахин хийгдсэн. Би тухайн үед хоёр удаа манай байгууллагын данс руу гүйлгээ хийсэн талаар мэдээгүй байхад нийгмийн халамжийн сангийн мэргэжилтэн Алтанцэцэг гэх хүн над руу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр залгаад танай байгууллагын данс руу хоёр удаа гүйлгээ хийгдсэн тул буцаалт хийх хэрэгтэй байна гэхээр нь би тухайн 4,336,000 төгрөгийг байгууллагын данснаас өөрийнхөө данс руу шилжүүлж аваад Б.Алтанцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэжээ. /1хх-ийн 34-35/
Санхүүгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот “...Б.Алтанцэцэг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байх хугацаандаа өөрийн эзэмшлийн “Чулуут мөнх нутаг” ХХК-ийн Төрийн банкин дахь 261700520518 тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 2020 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд нийт 7 удаагийн үйлдлээр 27,776,000 төгрөгийг ХЭБ /хүнсний эрхийн бичгийн/ санхүүжилт гэж шилжүүлэн авсан, 2020 оны 06 дугаар сарын 02-нд “Чулуут-Өндөр” ХХК-аас 1,526,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг “буруу гүйлгээ буцаав, 2 сар талон” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2020 оны 08 дугаар сарын 13-нд “Улаан айраг” ХХК-аас 2,900,000 төгрөг, 6,996,000 төгрөгийг “андуурсан гүйлгээ буцаав, халамж үйлчилгээ” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2020 оны 08 дугаар сарын 25-нд “Алсын хайрхан” ХХК-аас 7,744,000 төгрөгийг “андуурсан гүйлгээг буцаав, залруулга” гэсэн утгатайгаар нийт 21,166,000 төгрөгийг шилжүүлэн авсан ба Бүть овогтой Алтанцэцэгийн Хаан банкин дахь 5414079475 тоот дансанд 5411061392 тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 24-нд 4,336,000 төгрөгийг буцаалт гэсэн гүйлгээний утгатайгаар, Цагаан-Овоо сумын “Тансаг гэгээ” ХХК-ийн дэлгүүрийн 5417002760 тоот данснаас 8,070,000 төгрөгийг махны үнэ гэж нийт 12,406,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Нийт 61,348,000 төгрөгийг өөрийн харилцах дансанд шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт хавсаргагдсан дансны хуулгуудаар нотлогдож байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас шилжүүлэн авч ашигласан 61,348,000 төгрөгийг Бүть овогтой Алтанцэцэг хариуцна...” гэх дүгнэлт /1хх-ийн 56-61/
Санхүүгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06 тоот “...Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Алтанцэцэг нь Гурванзагал сумын “ЦЭЦА” ХХК-аас 3,000,000 төгрөг, Халхгол сумын “Буйрын мандал” ХХК-аас 6,400,000 төгрөг нийт 9,400,000 төгрөгийг хариуцан төлөх нь хавтаст хэрэгт хавсаргагдсан нотлох баримтаар нотлогдож байна. ...61,348,000 төгрөгийг илүү шилжүүлж Бүть овогтой Алтанцэцэг нь өөрийн харилцах дансаараа тухайн байгууллагуудаас авсан ба нэмж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 7,960,000 төгрөгийг, Гурванзагал сумын “ЦЭЦА” ХХК-ийн захирал С.Цогтсэргэлэнд 1,440,000 төгрөгийг тус тус төлөх нь баримтаар нотлогдож байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 66-71/
Б.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...миний хувьд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хүнсний эрхийн бичгийн гэрээ байгуулсан хүнсний дэлгүүрүүдийг тухайн сард арай илүү хүнсний эрхийн талон буюу халамжийн сангаас арай илүү мөнгө авдаг байдлыг нь тооцож тухайн дэлгүүрүүдийг сонгодог байсан. Учир нь дэлгүүрүүд нэг суманд харилцан адилгүй байдаг, мөн хүнсний эрхийн бичгийн халамж үйлчилгээ авдаг хүмүүс нэг суманд харилцан адилгүй байдаг болохоор сард олгох мөнгөн дүн нь янз бүр байдаг. ...би эдгээр мөнгийг арилжааны банк болон хувь хүмүүсээс зээлсэн зээлэндээ зарцуулсан. Тухайн үед нөхөртэйгээ гэр бүлийн маргааны улмаас салахаар болсон бөгөөд тухайн зээлийг нөхрөөсөө гэрлэлтийн баталгаагаа салгахдаа би төлөхөөр болж үлдсэн юм. Тухайн 24 орчим сая төгрөгийн зээлийн хүү нь 60,000,000 орчим төгрөг болсон...” гэжээ. /1хх-ийн 78-81/
Төрийн сангийн төлбөрийн хүсэлт, санхүүгийн баримтын хуулбар, дансны лавлагаа /1хх-ийн 108-178/
“Чулуут-Өндөр” ХХК, “Буйрын мандал” ХХК, “ЦЭЦА” ХХК, С.Цогсэргэлэн нарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 189-191, 193-194, 196, 197-199/
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Б.Алтанцэцэгийн түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал /1хх-ийн 179, 181/
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Б.Алтанцэцэгийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал /1хх-ийн 182/
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 238-245/
Халамжийн санд хохирол төлбөр шилжүүлсэн тухай банкны шилжүүлгийн баримт /1хх-ийн 204, 205, 224, 225, 233-237/
“Мянган жаргалан” ӨЭМТ-ийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмчийн тэмдэглэл /1хх-ийн 183-184/
Б.Алтанцэцэгийн жирэмсний хяналтын картын хуулбар, жирэмсэн тухай баримт /1хх-ийн 215-216/
Алтанцэцэгийн Төгс-Ялгуунд холбогдох эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн үзлэгийн баримт /1хх-ийн 217-220/
Б.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 82/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 83/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Галзууд овогт Бүтийн Алтанцэцэг нь Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй өөрийн нэр дээр бүртгэлтэй “Чулуут мөнх нутаг” ХХК-ийн Төрийн банкин дахь 261700520518 тоот дансаар 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 2020 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд нийт 7 удаагийн үйлдлээр нийгмийн халамжийн сангийн 27,776,000 /хорин долоон сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгийг хүнсний эрхийн бичгийн санхүүжилт гэж шилжүүлэн авсан, мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээтэй “Чулуут-Өндөр” ХХК, “Улаан айраг” ХХК, “Алсын хайрхан” ХХК, “Тансаг гэгээ” ХХК, “Баян-Аят” ХХК, “Буйрын мандал” ХХК, “ЦЭЦА” ХХК-ийн харилцах данс руу 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 2020 оны 08 дугаар сарын 25-ны хооронд нийгмийн халамжийн сангийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний мөнгийг илүү шилжүүлж, уг илүү шилжүүлсэн мөнгийг өөрийн Хаан банкин дахь 5414079475 тоот дансаар 18,806,000 төгрөгийг, Төрийн банкин дахь 261700220518 тоот дансаар 21,166,000 төгрөгийг, иргэн н.Ариунзаяагийн 5022868250 тоот дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг нийт 42,972,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өөртөө авч, нийгмийн халамжийн санд нийтдээ 70,748,000 /далан сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч Б.Алтанцэцэгийн “...миний хувьд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хүнсний эрхийн бичгийн гэрээ байгуулсан хүнсний дэлгүүрүүдийг тухайн сард арай илүү хүнсний эрхийн талон буюу халамжийн сангаас арай илүү мөнгө авдаг байдлыг нь тооцож тухайн дэлгүүрүүдийг сонгодог байсан. ...би эдгээр мөнгийг арилжааны банк болон хувь хүмүүсээс зээлсэн зээлэндээ зарцуулсан. Тухайн үед нөхөртэйгээ гэр бүлийн маргааны улмаас салахаар болсон бөгөөд тухайн зээлийг нөхрөөсөө гэрлэлтийн баталгаагаа салгахдаа би төлөхөөр болж үлдсэн юм. Тухайн 24 орчим сая төгрөгийн зээлийн хүү нь 60,000,000 орчим төгрөг болсон...” гэх, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Хасархүүгийн “...шалгалтын явцад Б.Алтанцэцэг нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй хүнсний дэлгүүр болох Цагаан-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Чулуут мөнх нутаг” ХХК-ийн данс руу 27,000,000 төгрөгийг, мөн өөрийн хувийн данс руу 33,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн зөрчлүүд илэрсэн. Мөн Б.Алтанцэцэг нь хүнсний эрхийн бичгийн гэрээ байгуулсан Матад, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо зэрэг сумдын дэлгүүрүүдийн данс руу сард олгох ёстой мөнгөнөөс илүү мөнгө шилжүүлж андуурагдсан гүйлгээ гэсэн нэрийдлээр өөрийн эзэмшлийн данс руу буцаан шилжүүлсэн авсан байснаас гадна тэдгээр сумдын хүнсний эрхийн бичгийн гэрээ байгуулсан дэлгүүрүүдэд сард олгох ёстой мөнгөн дүнг дутуу олгосон зэрэг үйлдлүүд нь удаа дараагийн давтамжтай гарсан байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Н.Мөнхгэрэл, Х.Оюундарь, С.Сэржмядаг нарын мэдүүлэг, санхүүгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06 тоот дүгнэлтүүд, төрийн сангийн төлбөрийн хүсэлт, санхүүгийн баримтын хуулбар, дансны лавлагаа, “Чулуут-Өндөр” ХХК, “Буйрын мандал” ХХК, “ЦЭЦА” ХХК, С.Цогсэргэлэн нарын дансны дэлгэрэнгүй хуулга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Б.Алтанцэцэгийн түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-г нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Алтанцэцэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарах албан тушаалтан юм.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх эсхүл хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгж рүү нийгмийн халамжийн сангийн мөнгийг шилжүүлсэн, мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж рүү нийгмийн халамжийн сангийн мөнгийг илүү шилжүүлж, илүү шилжүүлсэн мөнгийг өөртөө авч нийгмийн халамжийн санд хохирол учруулж байгаа үйлдлүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Т.Энхболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Алтанцэцэгт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бүтийн Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 70,748,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Алтанцэцэгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, нийгмийн халамжийн санд учруулсан 70,748,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, 6 хоногтойгоос 14 насны дөрвөн хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 /гуч/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Алтанцэцэгийн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жилээр тогтоож, нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас төрийн нийгмийн халамжийн санд 70,748,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь нийгмийн халамжийн санд учруулсан 70,748,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Алтанцэцэг нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Хасархүү нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галзууд овогт Бүтийн Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 70,748,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүтийн Алтанцэцэгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 /гуч/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Алтанцэцэг нь цагдан хоригдоогүй, төрийн нийгмийн халамжийн санд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 70,748,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга, төлөөлөгч Б.Хасархүү нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Алтанцэцэгийн ЖЛ86072603 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА