Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Т.Уянга, шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нарт холбогдох 2135001650181 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж ургийн овогт Сын Б /РД:ОК85042519/,

 

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Бын Н /РД:ОЭ81010471/,

 

3. Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Б ургийн овогт Ггийн А /РД:ОК83122110/,

 

4. Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Цийн Б /РД:ОК86071811/,

 

5. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Аийн Д /РД:ОК950112015/,

 

6. Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Рын Б /РД:НБ85030332/,

 

7. Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Бын Г /РД:ОК97051114/,

 

8. Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М ургийн овогт Мын Д /РД:ОК82061918/,

 

9. Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Эийн Г /РД:ОС83030811/,

10. Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц ургийн овогт Нын Б /РД:ОК81080714/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг “Хар асгын хэрвээ” гэх газарт буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зөвшөөрөлгүйгээр нэг тооны ойн зэрлэг гахай агнаж байгаль орчинд 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нар нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг “Хар асгын хэрвээ” гэх газарт буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зөвшөөрөлгүйгээр нэг тооны ойн зэрлэг гахай агнаж байгаль орчинд 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-10-р хуудас/,

2. Эд зүйл /галт зэвсэг, агнасан гахайн мах/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-14-р хуудас/,

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 141-р хуудас, 1-р хх-ийн 16-21-р хуудас/,

4. Эд мөрийн баримт /хөрөнгө, орлого, шинжилгээний обьект/-ыг өөр байгууллагад хадгалуулах тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоол, эд зүйл /гахайн эд эрхтэн буюу мах, баруун гуя 1 ширхэг, зүүн гуя 1 ширхэг, баруун хаа 1 ширхэг, зүүн хаа 1 ширхэг, ууц 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, толгой хүзүү холбоотой 1 ширхэг, шийр 4 ширхэг, бага зэргийн дотор өөх 1 ширхэг, бөөр, зүрх 1 ширхэг/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 30-32-р хуудас/,  

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хамт ажилладаг Бат-Эрдэнийн хамт Өндөрхангай сумын 3 дугаар багт ойн хортны судалгааны ажлаар явж эргүүл хяналт шалгалт хийж байсан. Тухайн үед Өндөрхангай сумын иргэд мод бэлтгэх гээд явж байхад нь таарсан. Тэгээд би 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр эргүүлээсээ бууж сумын төвд ирээд энэ талаар сонссон. Тухайн хэрэгт Өндөрхангай сумын иргэн А, Б, Н нарыг холбогдсоныг мэдсэн. Тухайн нэр бүхий хүмүүс нь Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг Цагаан жалга, Хар асгын хэрвээ гэх хоёр газраас мод бэлтгэсэн байсан. Уг мод бэлтгэсэн газарт Өндөрхангай сумын ойн анги, Тусгай хамгаалалтын газартай гэрээ байгуулан зөвшөөрөл авсны дагуу мод бэлтгэдэг. Мод бэлтгэх эрхийн бичгийг Өндөрхангай сумын байгаль хамгаалагч бичиж өгдөг. Дээрх хүмүүсийн мод бэлтгэх эрхийн бичиг надад байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Тухайн хүмүүс хугацаандаа мод бэлтгэсэн ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан. Мод бэлтгэх үйл ажиллагаа явагдсаны дараа сумын төв рүү буцах замдаа Хар асгын хэрвээ гэх газарт ой мод руу орж гахай агнаад баригдсан байсан. Сумын иргэдэд ухуулга яриа тогтмол хийдэг. Мөн сумын иргэдийн хандалт их фэйсбүүк группэд байнга урьдчилан сэргийлэх мэдээлэл оруулж, сурталчилгаа хийдэг. Эдгээр ухуулга, нөлөөллийн ажилд хэргийн холбогдогч нараас оролцсон, үзсэн харсан хүмүүс байгаа тул тусгай хамгаалалттай газар ан гөрөө хийж болохгүй гэдгийг тодорхой хэмжээнд мэдэх л ёстой. Энэ хүмүүс мэдэхгүйдээ биш, санамсар болгоомжгүйдээ биш, санаатайгаар ан гөрөө хийсэн нь тодорхой юм. Тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээ дүгнэлтээр 700,000 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр ногдуулна” гэж заасны дагуу тухайн хэргийн холбогдогч нар нь 1,400,000 төгрөгийн хохирлыг төлөхөөр байгаа. Хохирол бүрэн төлөгдчихвөл бидний зүгээс гомдолгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 183-р хуудас/,

6. Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн Хан хөхийн нурууны байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд 2021 онд ямар нэгэн ан агнах сайдын тушаал гараагүй учир болохгүй. Тухайн иргэд манай байгууллагаас ямар нэгэн ан агнах зөвшөөрөл аваагүй, тухайн иргэд сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р хуудас/,

-Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Өндөрхангай сумын ойн сангийн 90 хувь, нутаг дэвсгэрийн 40 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. 3 дугаар багийн нутаг Хар асгын хэрвээ гэх газар нь Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах тусгай хамгаалалттай газар юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хамгаалалттай газар нутагт бүх төрлийн ан агнах үйл ажиллагааг хориглодог. Ийм газарт ан хийх зөвшөөрөл огт олгодоггүй. Манай суманд гарсан гахайны хэргийн хувьд тухайн хүмүүс мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэх байсан. Гэтэл ан хийсэн болох нь тогтоогдсон. Тусгай хамгаалалттай газар нутагт буу үүрч, нохой дагуулж явахыг бараг хориглодог. Үүнийг сумын иргэд бүгд л мэддэг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 181-р хуудас/,

7. Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “...тус газар нь Өндөрхангай сумын гуравдугаар баг буюу Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дотор байна” гэх 57 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 109-р хуудас/,

8. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “1. Тухайн амьтан нь Ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ байна. 2. Тухайн Ойн зэрлэг гахай нь /Sus scrofa sibiricus/ нас гүйцсэн эр амьтан байна. 3. Ойн зэрлэг гахай нь Нэн ховор, ховор амьтны жагсаалтад байхгүй байна. 4. “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Ойн зэрлэг гахай нь /Sus scrofa sibiricus/ 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй байна. 5. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байна. Мөн Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичигт дурдсан байна” гэх 03 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 111-р хуудас/,

9. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “1. Шинжилгээнд 7052417731 дугаарын гол төмөртэй, 541 дугаарын замагтай, бор хүрэн өнгийн хундага модтой, ZZK-600 гэх бичиглэл бүхий буу нь ОХУ-д үйлдвэрлэсэн, иргэний зориулалттай, ZZK-600 маркийн 7х64 мм калибртай сумаар буудлага үйлдэх зориулалттай галт зэвсэг байна. 2. Уг галт зэвсэгт эвдрэл гэмтэл болон сольж өөрчилсөн зүйл байхгүй байна. 3. Уг буугаар 7х64 мм калибртай 2 ширхэг сумаар туршилтын буудлага үйлдэхэд хэвийн ажиллагаатай байна” гэх 21/54 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 117-119-р хуудас/,

10. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “1. Шинжилгээнд 47152424180 дугаарын гол төмөртэй, дугааргүй замагтай, ZZK-600 гэх бичиглэл бүхий буу нь ОХУ-д үйлдвэрлэсэн, иргэний зориулалттай, ZZK-600 маркийн 7х64 мм калибртай сумаар буудлага үйлдэх зориулалттай галт зэвсэг байна. 2. Уг галт зэвсэгт эвдрэл гэмтэл болон сольж өөрчилсөн зүйл байхгүй байна. 3. Уг буугаар 7х64 мм калибртай 2 ширхэг сумаар туршилтын буудлага үйлдэхэд хэвийн ажиллагаатай байна” гэх 21/53 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 125-127-р хуудас/,

11. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн 45773 дугаарын гол төмөртэй, 21153 дугаарын замагтай буу нь ОХУ-д үйлдвэрлэсэн, иргэний зориулалттай, Тоз-8 маркийн 5,6 мм калибртай сумаар буудлага үйлдэх зориулалттай галт зэвсэг байна. 2. Уг галт зэвсгийн замагны чавх хэсэгт модон түгжээ хийж өөрчилсөн байна. 3. Уг буугаар 5,6 мм-ийн калибртай 2 ширхэг сумаар туршилтын буудлага үйлдэхэд хэвийн ажиллагаатай байна” гэх 21/52 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 133-135-р хуудас/,

12. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хонгионы малгай хэсэгт “7х64,S-B” гэсэн бичиглэлтэй 4 ширхэг сум нь 7х64 мм калибртай, хагас бүрээстэй ангийн зориулалттай, 7х64 мм калибртай бүх галт зэвсгүүдээр буудлага үйлдэх боломжтой. Мөн “R” бичиглэл бүхий 2 төрлийн сум нь 5,6 мм-ийн калибртай, тугалган хошуутай ангийн зориулалттай, 5,6 мм калибртай бүх галт зэвсгүүдээр буудлага үйлдэх боломжтой. 2. Уг 2 төрлийн сумаар буудлага үйлдэж болох эсэхийг тогтоох зорилгоор 70525417731 дугаарын гол төмөртэй, 541 дугаарын замагтай ZZK-600, 7152424180 дугаарын гол төмөртэй, ZZK-600, 45773 дугаарын гол төмөртэй, 21153 дугаарын замагтай, ТОЗ-8 маркийн галт зэвсгээр тус бүр 2 удаа буудлага үйлдэхэд хэвийн үйлдэгдэж байв” гэх 21-55 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 141-143-р хуудас/,

13. Гэрч Б.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн газарт очиход мод бэлтгэж ачсан газар тээврийн хэрэгслүүд байсан ба хүмүүс нь байхгүй ганц эрэгтэй хүн байсантай уулзаж Б байгаа юу, мод бэлтгэсэн үү гэж асуухад Б байгаа, мод бэлтгэсэн хүмүүс бүгд хойшоо явчихлаа гэж хэлсэн. ...ингээд мөрөөр нь явсан чинь уг хүмүүс тэнд байх ой модноос ирсэн байсан мөрөөр мод руу дөхөөд явж байтал модны захад уг хүмүүсийн мөр дээр дээлээр хучсан зүйл байхаар нь сөхөөд үзсэн чинь зэрлэг гахай алж үе мөчөөр нь хуваасан байдалтай хажууд нь 3 галт зэвсэг байсан. Ингэж уг хүмүүсийг уулын зэрлэг гахай агнасан болохыг мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151-р хуудас/,

14. Гэрч Л.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай суманд мод бэлтгэлийн ажил 2021 оны 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20-ныг хүртэл явагдах байсан. Гэтэл байгаль цаг уурын хүндрэлийн улмаас мод бэлтгэлийн хугацааг сунгаж 2021 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл болгосон. Уг шийдвэрийг сумын Засаг даргын захирамжаар гаргаж биелүүлдэг. Тухайн үед хэрэгт холбогдсон Н нь 2021 оны 9 дүгээр сарын 18-наас 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 16 м.куб хэрэглээний, 48 м.куб түлшний мод бэлтгэн авах эрхийн бичиг анх авсан боловч хугацаандаа амжаагүй тул эрхийг сунгуулж 16 м.куб хэрэглээний, 16 м.куб түлшний модыг 2021 оны 9 дүгээр сарын 24-нээс 27-ны өдрийн хооронд бэлтгэж авах өөрчлөлт орж сунгалт хийлгэсэн. Дараагийн хэргийн холбогдогч Б нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ноос 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 24 м.куб түлшний мод бэлтгэж авах эрхийн бичиг авсан. Дараагийн хэргийн холбогдогч А нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ноос 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 30 м.куб түлшний мод бэлтгэж авах эрхийн бичиг авсан байсан. Тухайн эрхийн бичиг авсан 3 хүн бусад хүмүүсийн хамт модоо бэлтгэж авч дуусаад сумын төв рүү явах замдаа гахай агнаж хэрэгт холбогдсон байсан. ...Миний үзлэг шалгалтаар тухайн иргэдийн бэлтгэсэн модонд хэмжээ чанарын хувьд зөрчилгүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 173-р хуудас/,

15. Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед Г, Б нарын хамт Өндөрхангай сумын нутаг Ухаа гэх газраас түлшний мод бэлтгэсэн. Бид гурвын ойролцоо Н, Д нар болон өөр бусад хүмүүс мөн тус тус мод бэлтгэж байсан. Бид нар мод бэлтгэж машиндаа ачиж дуусаад сумын төв рүү 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хөдлөөд явсан. Ингээд явж байтал Хар асгын хэрвээ гэх газрын өгсүүр хэсгээр гарах гэтэл цастай байснаас болоод машинаа түр зогсоосон. Тэр үед Хар асгын хэрвээ гэх газрын ой мод руу чоно гүйгээд орсон. Бид нар хоорондоо ярилцаад мод руу орсон чоныг агнахаар болсон. Тухайн үед Н, А бид 3 машиндаа буутай явж таарсан тул чоно орсон модны гол хэсэгт буудах байрлалд суусан. Би газрынхаа доод талд, миний дээд талд Н, Нгийн дээд талд А суусан. Бусад хүмүүс үргээлэг хийж орилж хашгираад явсан. Нөгөө хэд үргээлэг хийгээд орилж байтал газрын дээд талд буюу Нгийн сууж байсан зүгт амьтан явах чимээ гараад удалгүй над руу чиглээд ирсэн ба уг амьтан цасан доогуур маш хурдтай ирсэн тул барааг нь хараад шууд буудсан чинь ойн зэрлэг гахай байсан. Уг гахайг би нэг буудалтаар алсан. Гэтэл бид нар Хан хөхийн нурууны тусгай хамгаалалттай газар нутаг гахай агнасан байна. Миний хувьд эзгүй газар мод бэлтгэж байхдаа өөрийгөө хамгаалах гэж том буу машиндаа авч явсан юм. Эзгүй хээр газар чоно, нохой хүн рүү дайрах эрсдэлтэй байдаг тул үүнээс хамгаалах байсан. Ийм зорилгоор буу авч явахдаа мод руу орж ан хийсэн Ийм зүйл хийсэн нь бид нарын буруу юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192-р хуудас/,

16. Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгж байтал хажуугийн ой мод руу 1 чоно гүйгээд орсон. Тэнд байсан бид нар хоорондоо мод руу орсон чонын талаар ярилцаад агнахаар болсон. Ингэж ярилцсаны дараа би тэд нарт буутай яваагаа хэлсэн. Тэгсэн чинь Б, А 2 бас буутай яваагаа хэлсэн. Ингэж бид гурав буутай яваагаа мэдэж мод руу орж буудах байрлалд суусан. Б, А бид 3 мод руу ороод хоорондоо 100 гаруй метрийн зайнд сууж буудахаар хүлээсэн. Миний дээд талд А, доод талд Б суусан. Тэгээд байж байтал яг миний урдаас модон дотроос нэг гахай гараад ирэхээр нь буудалгүй хаяад зөрүүлээд явуулсан. Тэр гахай миний хажуугаар зөрөөд доошоо Бийн хэсэг рүү гүйсэн. Тэгсэн чинь Б тэр гахайг буудаад алчихсан. Очиж харахад соёотой эр том биетэй гахай байсан. Б 1 буудалтаар гахайг алсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202-р хуудас/,

17. Шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед мод руу ороод дээд эхэнд нь би суусан, дунд хэсэгт Н суусан, тэрний доод талд Б суусан. Бусад нь бид гуравыг тойроод чоныг бид 3 руу үргээхээр орилж хашгираад эхэлсэн. Бид нар үргээлгийг 16-17 цагийн хооронд явуулж ан хийсэн байсан. Хүлээгээд сууж байтал Бийн хэсгээр бууны дуу гарсан. Яваад очсон чинь Б чоно биш гахай буудаад алсан байсан. Үргээлгийн явцад чоно гарч ирээгүй гахай гараад ирэхээр нь Б буудсан юм. Нэг буудалтаар тэр гахайг агнасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212-р хуудас/,

18. Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Явж байтал Хар асгын хэрвээ гэх газрын өгсүүрт машинуудын дугуй цасанд хий эргээд явж чадалгүй зогссон. Цасаар яаж гарах вэ гээд үзэж байтал гэнэт нэг нь мод руу чоно орлоо гээд тэр хэд шуугилдаад явсан. Би тэр үед машины дугуйнд шороо дэвсэж явсан. Тэд нар цуглаж ярилцаад чоныг агнахаар болсон. Харин эхлээд машинаа цааш нь давуулж тавьчхаад мод руу үргээлэгт оролцохоор шийдсэн. Тэгээд машинаа нөгөө өгсүүрээр гаргаад давуулж хонхор тэгш газарт хүргэж зогсоосон. Тэгээд мод руу явцгаах болсон чинь тэд нар намайг чи машинаа хараад байж бай гэж хэлж намайг машин дээр үлдээсэн. Тэд нар бүгдээрээ чоно орсон мод руу явсан. Би машин дээрээ үлдээд нөгөө хэдийг хүлээж байтал цагдаа нар ирээд Бийг хайж асуусан. Ирсэн цагдаа нар намайг машиндаа суулгаад нөгөө хэдийн мөрөөр араас нь мод руу очсон. Очиход модон дотор гахай алаад хажууд нь 3 буу тавиад нөгөө хэд хаашаа явсан нь мэдэхгүй алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222-р хуудас/,

19. Шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд бид нар чоно агнахаар болсон. Н, А, Б нар машинд нь бэлэн байсан буунуудаа аваад Хар асгын хэрвээ гэх газрын ууланд модонд отолт хийж суусан. Б машиндаа жаахан юм хийх гээд үлдсэн. Тэгээд бусад нь буюу Г, Д, Б нар модныхоо хаяанд харж, тухайн хэсэгт үргээлэг хийсэн, харин модон дунд Б, Г бид гурав үргээлэг хийсэн. Тухайн үед гадна гэгээтэй 15 цаг болж байсан юм. Бид нар ууланд үргээлэг хийгээд явж байтал нэг удаа буун дуу гарсан. Буун дуу гарахаар нь бид нар модноос гарч буутай хүмүүс дээрээ очиход нэг гахай буудаад алчихсан байсан ба уг гахайг Б нь буудчихсан байсан. ...Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-232-р хуудас/,

20. Шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Хар асгын хэрвээ гэх газрын өгсүүрт машинуудын дугуй цасанд хий эргээд явж чадалгүй зогссон. Цасаар яаж гарах вэ гээд ярилцаад байж байтал гэнэт мод руу чоно орлоо гээд тэр хэд шуугилдаад явсан. Тэд нар цуглаж ярилцахдаа чоныг агнахаар болж Г, Д, Б, Г, Д бид нар мод руу үргээлэгт оролцохоор бүгдээрээ чоно орсон мод руу явсан. Тухайн үед би үргээлэг хийж байсан тул ямар нэгэн гахай байсан эсэх талаар олж хараагүй, Б өөрийн эзэмшлийн буугаар 1 удаа буудах чимээ гарсан бөгөөд үргээлэгт оролцож байсан бид нар Б дээр ирэхэд гахай агнаж газар унагаасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142-р хуудас/,

21. Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Муссо загварын автомашинд А, Д, Б, Г нар явсан бөгөөд Өндөрхангай сум руу явж байхад чоно мод руу орчихлоо гэж хэлээд Б ах бүгдээрээ нийлж үргээе гээд үргээлэг хийхээр болсон. Б, Д бид гурав модон дотор явж байсан. Хэн буудсан талаар асуухад Б буудсан гэж хэлсэн. Б тухайн үед 800 метрийн тусгалтай урт буутай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 01-р хуудас/,

22. Шүүгдэгч М.Дийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тэр хүмүүстэй цуг байсан тул үйлдлээ зөвшөөрч байна. ...2021 оны 9 дүгээр сарын сүүлээр цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Мод бэлтгэхээр Нтай хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Хар асгын хэрвээ гэх нэртэй газар луу явсан. Тэгэхдээ би мотоциклтой явсан. Харин Н ачааны машинтайгаа явсан. Бид мод бэлтгэлийн газарт очоод модоо бэлтгээд хоносон. Тэнд бид 4 хоносон. ...Тэгтэл уг газрын ойролцоо байх Хар асга гэх нэртэй газар луу чоно гүйгээд орчихлоо гэж Б, Н нар хэлсэн. Тэд харсан юм шиг байна лээ. Тэгээд бид ярилцаж байгаад чоно агнахаар болсон. Би Нд хандаж “би урд талын орой дээр мотоциклтой гараад орилчхоод сумын төв рүү явлаа шүү” гэж хэлсэн. А, Б, Н нар буудахаар болж бусад хүмүүс нь үргээлэг хийхээр болсон. А, Б, Н нарын хэн нь буутай явсан талаар мэдээгүй. Бид тарж явсны дараагаар би уулын оройд гараад орилчхоод сумын төв рүү явах гэхэд Б ард суугаад явна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ардаа суулгаад сумын төв рүү явсан. Би Өндөрхангай сум руу явж байгаад мотоциклын гинж мултраад явахгүй болохоор нь буцаж машин дээрээ очсон. Очиход “цагдаа нар ирээд бид нарын агнасан гахайг хураачихлаа, буугаа хураалгачихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 09-10-р хуудас/,

            23. Шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай сумын А гэх хүний Мусо загварын жийп машинд Б, А, Б, Д нарын хамт би хойшоо Хар асга гэх газар луу модонд явсан. Бид замдаа цасанд суусан машиныг татаж гаргах, далимд нь мод ачиж ирэхээр явсан. Миний хувьд хэд хоногийн дараа өөрийн машинаар модонд явах гэж байсан тул тэдэнтэй хамт явж зам харгуй ажиглаж судлахаар явсан. Учир нь тэр үед цас орчихсон байсан. Бид замдаа цасанд суусан байсан машиныг татаж гаргаад цаашаа явж мод бэлтгэж байсан Н, Б, Г, Б, Д нар дээр очсон. Тэндээ мод бэлтгэж хоноод маргааш нь буцаж явтал гүвээ давах гэсэн боловч машин хүч алдаад гарч чадахгүй зогссон. Тэр үеэр хүмүүс “чоно гүйгээд мод руу орчихлоо” гэж ярилцаад тэр хавьд байсан модтой богино ойг үргээж чоно агнахаар болсон. Намайг бүр доош амны хадан дээр аваачиж суулгасан. Бусад хүмүүс тараад орилоод чимээ өгөөд явчихсан. Би хадан дээрээ суугаад хүлээгээд нэлээд удсан боловч хүн ирэхгүй болохоор нь алхаад бараг 2 км орчим яваад машин дээрээ очиход нөгөө хэд маань нэг зэрлэг гахай агнаад эвдээд тавьчихсан, цагдаа нар ирчихсэн байсан. ...Хэн хэн ямар буутай байсныг би мэдээгүй, сүүлд гахай агнасан цагдаа ирчихсэн буу хураагаад явахад А, Б, Н нарын буу болохыг мэдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20-р хуудас/,

            24. Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А, Н нарын модыг ачилцахаар Хорхойтын зураа гэх газарт очсон. Тэр өдрөө модоо ачаад хоносон. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мод ачих ажлаа дуусгаад сумын төв рүү явахаар болсон. Явж байтал Хар асганы хэрвээ гэх газрын өгсүүр замын хэсэгт том машины дугуй хий эргээд гарч чадалгүй зогссон. Тэгээд байж байтал “мод руу чоно орчихлоо, нийлээд агная” гэсэн зүйл ярилцаад модтой машинуудаа өгсүүрээр давуулж тэгш газар хүргэчхээд чоно орсон гэх мод руу орж чоно үргээж агнахаар явсан. Тухайн үед Д бид хоёр чоно орсон модны урд талд мотоциклтойгоо гарч хэсэг харж зогсож байгаад мотоциклын сигналыг дарж дуугаргаж, орилж хашгираад юм мэдэгдэхгүй болохоор нь Д бид хоёр сумын төв рүү тэд нараас салаад явсан. Явж байтал мотоциклын гинж мултраад зогссон. 2-3 удаа ингэж гинж мултарсан. Тэгээд бид хоёр буцаж машинууд руу явсан. Тэгтэл тэд нар урдаас ирсэн. Бид 2 тосоод уулзсан чинь тэд нар “чоно биш гахай алаад цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн. Д бид 2 модны урд зогсож хэсэг хугацаанд үргээж байгаад явсны дараа Б гахай буудаж алсан байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31-р хуудас/-үүдээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “...тус газар нь Өндөрхангай сумын гуравдугаар баг буюу Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дотор байна” гэх 57 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 109-р хуудас/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “1. Тухайн амьтан нь Ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ байна. 2. Тухайн Ойн зэрлэг гахай нь /Sus scrofa sibiricus/ нас гүйцсэн эр амьтан байна. 3. Ойн зэрлэг гахай нь Нэн ховор, ховор амьтны жагсаалтад байхгүй байна. 4. “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Ойн зэрлэг гахай нь /Sus scrofa sibiricus/ 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй байна. 5. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байна. Мөн Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичигт дурдсан байна” гэх 03 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 111-р хуудас/-ээр гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах нь тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1. Дархан цаазат газар, 2. Байгалийн цогцолборт газар, 3. Байгалийн нөөц газар, 4. Дурсгалт газар гэж 4 ангилан хуульчилжээ.

Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг Хар асгын хэрвээ гэх газар нь Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 3-т “...ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх” 12 дугаар зүйлийн 7-д “тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах”-ыг тус тус хоригложээ.

Гэтэл шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А нар нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг Хар асгын хэрвээ гэх улсын тусгай хамгаалалттай газар нутаг /Байгалийн цогцолбор газар/-т мод бэлтгэхээр очихдоо буу авч яван ан амьтан /ойн зэрлэг гахай/ агнасан, шүүгдэгч Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нар нь тухайн амьтныг үргээж, ан хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж ирүүлжээ.

Шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нар нь энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байх тул тэднийг энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч  С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нар нь бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар баг Хар асгын хэрвээ гэх газар нутагт /Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар/ зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнаж, байгаль орчинд 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг ан амьтны экологи-эдийн засагт 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12-т “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, ...байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын 100900013040 тоот дансанд 700,000х2=1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг /2-р хх-ийн 187-р хуудас/ төлсөн болох нь тогтоогдож байх тул ан амьтны экологи-эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

 

2. Шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан заасан “Улсын тусгай хамгаалалттай газар газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

-Шүүгдэгч С.Бийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай “Тус сумын иргэн Сын Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Цэцэрлэг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 132-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 91-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Ц.Нямсүрэн /2-р хх-ийн 151-р хуудас/, С.Дарханбаатар /2-р хх-ийн 153-р хуудас/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч Б.Нгийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай “Тус сумын иргэн Бын Н нь ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Цэцэрлэг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 131-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 110-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Б.Эрдэнэбайгаль /2-р хх-ийн 167-р хуудас/, Ч.Амаржаргал /2-р хх-ийн 171-р хуудас/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч Г.Аын хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Тус сумын иргэн Ггийн А нь ам бүл 2, эхийн хамт Цэцэрлэг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 126-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байсан гэх лавлагаа /2-р хх-ийн 112-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 117-122-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тогтоосон урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 108-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Ц.Ядамбаатар /2-р хх-ийн 169-р хуудас/-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч А.Дгийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай “Тус сумын иргэн Аийн Д нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Цэцэрлэг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 129-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 99-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Ж.Дарьсүрэн /2-р хх-ийн 143-р хуудас/, А.Хишигцэрэн /2-р хх-ийн 145-р хуудас/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч Р.Бын хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай “Рын Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 125-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 94-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Г.Б /2-р хх-ийн 147-р хуудас/, С.Батдэлгэр /2-р хх-ийн 149-р хуудас/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай “Тус сумын иргэн Бын Г нь ам бүл 3, эцэг, эхийн хамт Цэцэрлэг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 130-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 96-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Г.Тын /2-р хх-ийн 155-р хуудас/, С.Одгэрэл /2-р хх-ийн 157-р хуудас/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч М.Дийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 108 дугаартай “Тус сумын Жаргалант багийн иргэн Мын Д нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 124-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 106-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч А.Т /2-р хх-ийн 161-р хуудас/, Ч.Батзаяа /2-р хх-ийн 163-р хуудас/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч Э.Гын хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай “Тус сумын иргэн Эийн Г нь ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Цэцэрлэг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 127-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 101-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Ц.Ц /2-р хх-ийн 165-р хуудас/-ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,

-Шүүгдэгч Н.Бийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай “Тус сумын иргэн Нын Б нь ам бүл 6, ээж, дүү нарын хамт Цэцэрлэг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 128-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /2-р хх-ийн 103-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Д.Ж /2-р хх-ийн 159-р хуудас/-ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирол төлбөргүй, үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож ухамсарласан зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол болох 1,400,000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан ZKK-600 маркийн 2 ширхэг галт зэвсэг, ТОЗ-8 маркийн 1 ширхэг галт зэвсэг, 7.64 мм-ийн сум 5 ширхгийг тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөргүүрт хадгалагдаж байгаа ойн зэрлэг гахайн мах, эд эрхтэнг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт Сын Б, Х ургийн овогт Бын Н, Б ургийн овогт Ггийн А, Б ургийн овогт Цийн Б, Б ургийн овогт Аийн Д, Ш ургийн овогт Рын Б, Х ургийн овогт Бын Г, М ургийн овогт Мын Д, Б ургийн овогт Эийн Г, Ц ургийн овогт Нын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А, Ц.Б, А.Д, Р.Б, Б.Г, М.Д, Э.Г, Н.Б нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Н, Г.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан ZKK-600 маркийн 2 ширхэг галт зэвсэг, ТОЗ-8 маркийн 1 ширхэг галт зэвсэг, 7.64 мм-ийн сум 5 ширхгийг тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болохоор Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж байгаа ойн зэрлэг гахайн мах, эд эрхтэнг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХСАЙХАН