| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0174\э |
| Дугаар | 2021/ШЦТ/185 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Р.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Пд холбогдох эрүүгийн 2135000000206 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1949 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 72 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, охин, зээгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дугаар багийн 02-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Рийн П, Регистрийн дугаар: ОЙ49031416.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Р.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Ахмадын байранд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ү.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг ууж байсан архины шилээрээ толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000206 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ү.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах Ахмадын байранд очоод 1 давхарт байрлах амрах өрөө рүү ороход П, Т, Ч нар байсан. Тэгээд бид нар хөзөр тоглоод 16 цагийн үед дуусаад Т, П бид гурав ахмадын байранд үлдээд Ч гараад явчихсан. Би Тыг дэлгүүрээс архи аваад ир гэж хэлээд явуулахад Т дэлгүүрээс 0.75 литрийн “Сархад” гэх архи авч ирсэн. Т, П бид гурав Тын дэлгүүрээс авч ирсэн архийг хувааж уусан. ...Тэгээд би Ттай биллъяард тоглож харин П, Цтай нөгөө өрөөнд сууж байсан. П архийг аягалан тойруулж байсан. Т бид хоёр биллъяард тоглож байхад П нь архи аягалаад над руу авч ирэхэд би Пийг “нэг шил архины мөнгөгүй пизда” гэж хэлэхэд П баруун гартаа барьж явсан архины шилээр миний толгой руу цохиход би газар унасан. Миний толгойноос цус гараад Тгүй байсан. Миний хажууд Таас өөр хүн байгаагүй. Би газраас өндийгөөд харахад П байхгүй байсан. Тэгээд Т гэрт хүргэж ирсэн. Би гэрт ирээд толгойноос гарч байсан цусаа тогтоох гэсэн боловч цус Тгүй байсан болохоор хагарчихсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй мөн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
2. Гэрч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд өөрийнхөө 16-82 УВС дугаарьн автомашинтай Улаангом сумын 7-р багийн нутагт байрлах Увс аймгийн Ахмадын хорооны байранд очсон. ...Н, П нар нь коридорын өрөөнд хөзөр тоглоод үлдсэн. Т бид хоёр биллъяард тоглоод дуусч байтал Н нөгөө өрөөнөөс Ттой биллъяард тоглох гэж орж ирсэн. Тэр хоёр тоглож байгаад Н нь Т руу ам хэлээрээ янз бүрийн үг хэлээд байх шиг байсан. Тэгээд би байшингаас гарч тамхи татаад зогсож байтал байшин дотор хүмүүсийн чанга чанга дуугарах чимээ гарахаар нь би ахмадын хорооны байр луу ороход биллъяардны өрөөн дотор Нийн толгой хагарчихсан цус гарсан байдалтай байсан. П нь Н рүү дайрсан байдалтай тэр хоёрын дунд Т салгаад зогсож байсан. Тухайн өрөөнд архины шил хагарч цацагдсан, мөн шалан дээр Нийн толгойноос гарсан цус нэлэнхүйдээ дуссан байдалтай байсан. Тэгээд Т надад “энэ хоёр зодолдоод байна, наадхыгаа цаашаа аваач” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
3. Гэрч Ш.О-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Н нь гаднаас гэрийн хаалга онгойлгоод орж ирээд ариун цэврийн өрөө рүү орчих шиг болсон. Тэгээд удалгүй манай гэрийн хаалгыг гаднаас чанга цохиод байхаар нь хаалга тайлахад нэг танихгүй согтуу эрэгтэй хүн хаалгаар шагайчхаад надад “нөхөр чинь нэг хүнд архины шилээр цохиулж зодуулсан шүү” гэж хэлчхээд тэр хүн яваад өгсөн юм. Тэгээд би гайхаад ариун цэврийн өрөө рүүгээ ороход манай нөхөр угаалтуур дээр толгойгоо угааж байсан ба нөхрийн толгой хагарчихсан, маш цус гарч байсан. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад манай нөхөр өөрөө согтуу байсан ба надад хэлэхдээ “хэн намайг ийм болгочхвоо, би яагаад толгойгоо хагалуулчихсан юм бэ, намайг хэн авч ирсэн юм бэ” гэж хэлээд гэнэт ухаан орох шиг болсон. Би нөхрийгөө харахад толгойны зүүн орой хэсэгт гурвалжин хэлбэртэй зүсэгдсэн шархтай, мөн зүүн талын чихний доод хэсэг эрүүндээ язарч зүсэгдсэн шархтай байсан ба тухайн хэсгүүдээс цус гарч байсан. Ингээд би нөхрийнхөө цусыг тогтоосон бөгөөд тэр үед манай нөхөр өөрийнхөө толгойг хагалуулсанаа мэдэхгүй согтуу гэртээ ирчхээд гэнэт ухаан орсон бололтой цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
4. Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед ажлаасаа буугаад Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Ахмадуудын байр”-нд биллъяард тоглох гээд 12 цагийн үед ирэхэд П, Н, Ванчин гэх хүн байсан. ...Н бид хоёр биллъяардын өрөөнд хамт биллъяард тоглож байхад араас П орж ирж Нийг цохих шиг болсон. Тухайн үед би биллъяард тоглож байгаад архины шил хагарах чимээнээр эргээд хартал Н толгойгоо дараад хаалга руу хараад зогсчихсон байсан. П миний хажуугаар зөрөөд гараад явчихсан. Би Нийг хөтлөөд гадаа гарахад толгойноос нь бага зэргийн цус шүүрч байсан. Би Нийг гэрт нь хүргэхэд Нийн эхнэр нь байсан ба би эхнэрт нь хүлээлгэж өгчихөөд гэр лүүгээ явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “...1. Үзүүлэгч Ү.Н-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Толгой, эрүүнд шарх, толгойд зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь эдгэж буй шинэ гэмтэл байна. 6. Толгой, эрүүний шарх, толгойны зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 7. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх 480 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
6. Шүүгдэгч Р.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр юу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ 10 цагийн үед очоод Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах Ахмадын байранд очоод бариа засал хийлгэчихээд амрах өрөө рүү ороход Ч, Н Т нар байсан. Бид дөрөв нийлээд хөзөр тоглоод сууж байгаад 16 цагт дууссан. ...Би архи аягалаад Нэд өгөхөөр биллъяардын өрөө рүү ороход Н намайг “чи нэг шил архины мөнгөгүй сда” гэж хэлэхээр би уурласандаа барьж байсан архины шилээрээ толгой руу нь цохисон. Тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Т “чи хүн аллаа шдээ, гарч зайл” гэж хэлэхээр нь би ахмадын байрнаас гараад гэр лүүгээ явсан. Би гэр лүүгээ явж байхад миний араас Ц хүрч ирээд намайг машиндаа суулгаад гэрт хүргэсэн. Би Нээс уучлалт гуйсан. Би Ү.Нийн эмчилгээний төлбөрийг өгнө, уучлаарай гэж хэлэхэд Ү.Н “миний найз хэрэггүй, надад гомдол санал байхгүй” гэж хэлж байсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд учирсан хохирлыг төлж барагдуулна, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу хийснээ сайн санахгүй байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р хуудас,
8. Эд мөрийн баримт /бор өнгийн нүдний шил, нүдний хагарсан хэсэг 1 ширхэг, архины шилний хагарсан хэсэг 1 ширхэг, хагарсан архины шилний хүзүүний хэсэг 1 ширхэг/-аар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.П нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Ахмадын байранд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ү.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг ууж байсан архины шилээр толгойн тус газар нь цохиж, толгой эрүүнд шарх, толгойд зулгаралт гэмтлүүдийг учруулсан үйл баримт болжээ.
Хохирогчийн биед учирсан толгой эрүүнд шарх, толгойд зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 480 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Пгийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Р.Пгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогч Ү.Нээс нэхэмжлээгүй болох нь түүний “...Р.Пд ямар нэгэн гомдол санал байхгүй мөн нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Р.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч П.А-ийн “...Р.П нь гэр бүлдээ хайр халамж сайтай, дөлгөөн, амьдарлын төлөө хар бол ажил голохгүй хийж ирсэн, даруу төлөв, хүнтэй их хуучилж хөөрдөг, яриа хөөрөөсөг нийтэч хүн юм. Р.П нь найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, элдэв, муу зуршил гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, гэрч Т.Э-ын “...Р.П нь зан аашийн хувьд гэмгүй хүнтэй зүгээр харилцаатай хөгшин байдаг. Найз нөхдийн хувьд хүндлэл хүлээсэн, тусархуу хүнтэй мэндтэй устай илүү дутуу ааш зан байдаггүй. Р.П нь ааш авир сайтай, хүний үгнээс гардаггүй, гэрийн ажилд сайн. Олон найз нөхөд гэж байдаггүй, үнэнч шударга, архи тамхи хэрэглэдэггүй, гэр бүлдээ хайр халамжтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг шалгасан хуудас /хх-ийн 68-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Р.П нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохиролгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 84-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Р.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Рийн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Р.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Р.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН