Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Р.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У ургийн овогт Рийн Сд холбогдох 2135000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.2, 239.2-т зааснаар 9 жилийн хорих ялаар, 2001 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 11 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 5 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж нийт 5 жил 1 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай У ургийн овогт Рийн С, Регистрийн дугаар: БВ70051913.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Р.Серих нь Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 82-26 УВА улсын дугаартай автомашин жолоодож яваад эргүүлийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан Өмнөговь сумын Цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Л, Ховд сумын хэсгийн цагдаа Б.Б нарт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар 2135000000201 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6-р хуудас/,

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10, 18-20-р хуудас/,

3. Хохирогч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус сумын хэсгийн төлөөлөгч Н, хэсгийн цагдаа Б нарын хамт сумын төв 1-р багийн нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын чиг үүргийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гудамж талбай болон олон нийтийн эзэмшлийн газарт эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. ...23 цаг өнгөрч байхад М гэх хүний дэлгүүрийн гадна байсан саарал өнгийн машинд тус дэлгүүрээс хүмүүс гарч ирээд суугаад хөдөлсөн. Тухайн цаг хугацаанд бол дэлгүүрүүд аль эрт хаачихсан, ажиллах ёсгүй байсан цаг юм. Уг машин бид нарын зогсож байсан чиглэл рүү буюу дэлгүүрээс зам тал руу ирсэн тул хуульд заасан журмын дагуу түр зогсоон шалгахад 52-26 УВА улсын дугаартай Кia Carnival маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд жолооч нь эрэгтэй хүн байсан, жолоочийн хажууд 1 эмэгтэй хүн сууж байсан. Жолоочийн бичиг баримтыг авч шалгахад зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгсөн ба тухайн хүн “жолоочийн үнэмлэхээ гэртээ орхисон байна” гэж хэлээд өөрөө “БВ70051913” гэсэн регистрийн дугаараа хэлэхээр нь бэлэн бусын торгуулийн төхөөрөмжид регистрийн дугаарыг нь оруулж шалгахад Рахымаш овогтой С гэх хүн байсан ба “В, С” ангиллын хүчинтэй жолооны үнэмлэхтэй байсан. Улмаар жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэмээр биеийн хэлэмжтэй байгаад байсан тул согтуурал шалгах тандагч багажаар үлээлгэж шалгахад “өндөр зэргийн согтолттой” буюу “High” гэх бичиглэлтэй хэсгийн улаан гэрэл асаж дуугарч заасан. Тандагч багажаар жолооч С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваа зөрчил гаргаж байгаа нь тодорхой болсон тул би жолоочид “та машинаасаа бууж арын суудалд сууж цагдаагийн хэсэг рүү явна уу, тэнд очиж тоон үзүүлэлттэй багажаар шалгах шаардлагатай байна” гэдгийг хэлэхэд жолооч миний хэлснийг эсэргүүцэж “машинаас буухгүй, би өөрөө машинаа жолоодож цагдаагийн хэсэгт очно” гэж хэлэхээр нь би “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа тул үүнээс цааш хөдөлгөөн үйлдэхгүй, таны машиныг хэсгийн цагдаа Боор бариулж цагдаагийн хэсэг оръё” гэж зөрчлийг таслан зогсоох шаардлага тавихад жолооч дахин эсэргүүцэж “тээврийн хэрэгслээ би өөрөө жолоодно, би хүнд жолоогоо өгдөггүй” гэж хэлээд машинаараа хөдөлгөөн үйлдэж урагш хөдлөөд явсан. Би тухайн үед машины гишгүүр дээр хөлөөрөө гарч зогсоод жолоочид “машинаа зогсоогоорой” гэж хэлсэн боловч жолооч намайг тоохгүйгээр яваад байсан. Энэ нь намайг машинд чирэгдүүлэх, гэмтээх осол аваар гаргах эрсдэлт нөхцөл байдалд оруулж эхэлсэн тул би жолоочийг “машинаа зогсоож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлээ таслан зогсоох”-ыг шаардсан. Жолооч зогсох бодолгүй шаардлагыг эсэргүүцээд яваад байхаар нь би машины рулиэс татаж машин руу тонгойж цээж хэсгээ оруулаад машины арааг “N”дээр тавьж салгахад машин замын хажуу тал руу ороод боржур даваад зогсохоор нь арааг “Р” дээр тавьж хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Арааг салгаж машиныг зогсоон тухайн жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг таслан зогсоож цаашид гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үйлдэл хийсний төлөө жолооч С намайг эсэргүүцэж баруун гараа атгаж байгаад эхлээд миний нүүрний баруун дээд уруул орчимд, дараа нь хамрын зүүн талд угсруулаад 2 удаа цохисон. Уг цохилтын улмаас миний хамраас шууд цус гарсан. Би цусаа гоожуулахгүй гэж бодоод тэр дорно татаад жолоочид “та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэсэн чинь жолооч “чамайг цохино ш дээ, намайг яах юм та нар, хошного минь чамайг ална” гэх мэтээр хараалын үгээр доромжлон заналхийлсэн. Тэгэхээр нь би жолоочид дахин машинаасаа бууж гаргаж байгаа үйлдлээсээ татгалзах шаардлага тавихад жолооч эсэргүүцээд, машинаас буухгүй гэж уурлаад бидний үйл ажиллагаанд саад учруулаад байхаар нь жолоочийг машинаас хүчээр татаж буулгасан. Буулгах энэ үед хэсгийн төлөөлөгч Н ирээд Сийг дагуулаад цагдаагийн хэсэг рүү явсан. Сийн машиныг Боор цагдаагийн хэсэг рүү хүргүүлэхээр болоод би цагдаагийн хэсэг рүү нөгөө 2-ын араас явсан. Хэсэг дээр очиход С бас л бид нарыг илтэд эсэргүүцэж “би олон жил шоронд явсан хүн, чи намайг таних уу бацаан минь, би чиний нүүр лүү цохисон уу, би чиний нүдийг ухах гээд чадсангүй, би арай дутуу хийчихлээ, гөлөг минь, үхэхээ мэдээрэй, би чамайг ална шүү” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж айлган сүрдүүлж заналхийлсэн. С эсэргүүцээд орилж хашгираад байхаар нь хэсгийн өрөөнөөс түр гаргаж тамхи татуулж тайвшруулаад буцаж оруулж ирээд согтуурал шалгах 7510 маркийн Драйгер багажид шинэ хошууг уутнаас гаргаж ирж үлээлгэж шалгахад 2.35 %-ийн согтолттой байсан. Согтуурал шалгагч багажийн заалтыг Ст танилцуулаад өөрт нь харуулах гээд үзүүлтэл С гараараа шалгагч багажийг савж цохиж газар унагаж хошууг хугалж гэмтээсэн. Үүний дараа С бид нарыг хэл амаар доромжилж заналхийллээ үргэлжлүүлж өрөөнд ширээний дээр байсан витамины сав аваад над руу шидэж миний цээж хэсгийг оносон. С дахиад ч эд зүйл авч шидэхээр байдалтай байгаад байсан тул өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, дахиж учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох зорилгоор Сийг Б гавласан. Гавтай байхдаа “ах нь одоо яах ч үгүй” гэж байснаа гэнэт ширээний дээр байсан ном авч над руу шидсэн. 2 ном авч шидсэний 1 ном нь миний гар хэсгийг онож газар унасан, нөгөө ном нь намайг онолгүйгээр ойгоод цонхны тавцан дээр унасан. С дахиад ч эд зүйл авч шидэх гээд над руу дайрч давшлаад байхаар нь хажуугаас Б Сийн үйлдлийг таслан зогсоож сандалд суулгасан чинь Бын гар луу 1 удаа цохисон. Уг нь Б Сийг тайвшруулж сандал дээр суулгах гэж байсан юм. Гэтэл С сандал дээр суугаад хөлөөрөө Бын хөл рүү жийж өшиглөсөн. Б биеэ татаад Сээс холдсон. С ийм байдлаар цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэж байх явцдаа намайг “хөлийг чинь буудна, Монголын цагдаад доголон цагдаа байдаггүй юм” гэсэн хүний санаанд багтамгүй зүйлийг бас хэлсэн. Ст гав хэрэглэсний дараа удалгүй тайвшраад гайгүй болсон. Би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа албанаас тавьж олгосон энгэрийн камерыг үйл ажиллагаандаа ашиглаж байсан тул С бид нарын хооронд үүссэн харилцаа, ярьсан яриа бичигдсэн байсан. Тухайн бичлэгийг үзвэл болсон зүйл тодорхой бичигдсэн байгаа. Тухайн үед бид улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Мал мах, Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ, аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах зэрэг цагдаагийн байгууллагын чиг үүргийн хүрээнд гудамж талбай, нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ хугацаанд жолооч С нь хэсгийн алба хаагч бид нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг нь илрүүлж таслан зогсоох гэсний төлөө хүч хэрэглэж намайг болон Б бид хоёрт халдаж цохисон, “ална, буудна” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, албаны тоног төхөөрөмж цохиж газар унаган эвдсэн. Машиныг зогсоож байх үед С гараараа миний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхэд хамраас цус гарсан, амны дотор шалбарсан. Харин Сийг машинаас буулгах гэж татаж түлхэлцэж байхад миний гарт жижиг шалбарсан байсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

-Хохирогч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Тухайн үед ашиглаж байсан Draiger 75-10 маркийн согтуурал шалгах багаж, түүний хошуу зэрэг техник хэрэгслүүд нь бүгд албаны эд хөрөнгө юм. Би аймгийн төвөөс хариуцсан сумдад хяналт шалгалт хийх, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар явахдаа тасгийн ахлах, цагдаагийн ахмад Н.Мөнгөнхүүгээс Draiger 75-10 маркийн согтуурал шалгах багаж, түүнд зүүж хэрэглэх хошуу зэргийг авч явсан. Энэ хугацаанд би хариуцан ашиглаж байсан албаны техник хэрэгсэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

-Хохирогч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Согтуурал шалгах драйгер багаж нь цагдаагийн газрын эд хөрөнгө юм. Тухайн үед Ст согтуурал шалгах драйгерын заалтыг үзүүлж байхад цохиж унагаасан. Гэхдээ согтуурал шалгах драйгер багаж нь эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Хэвийн ажиллагаатай байсан. Харин согтуурал шалгах драйгерыг цохиж газарт унагаахад драйгерын хошуу ашиглагдах боломжгүй эвдэрсэн. Согтуурал шалгах драйгер багажийн хошууг бол их хэмжээгээр авчихдаг. Эд хөрөнгөнд тооцогдохгүй. Яагаад гэвэл нэг удаа ашиглах хошуу юм. Нэхэмжлэх зүйл гэвэл тухайн үед Ховд сумаас аймгийн төвд ирж шүүх эмчид үзүүлэх шаардлагатай болсон. Би Бөхмөрөн сумаас Улаангом суманд ирж шүүх эмчид үзүүлээд буцаад Өмнөговь сум руу ажлаар явсан. Бөхмөрөн сумаас Улаангом суманд ирээд Өмнөговь сум руу явахдаа хүний аксент маркийн автомашинаар 30 литр А92 бензин хийсэн. Шүүх эмнэлгийн төлбөр 8000 төгрөгийг би өөрөө төлсөн байсан. Эдгээр гарсан нийт 90,000 төгрөгийг С надад өгч барагдуулсан. Санал хүсэлт гэвэл цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад ийм асуудалд өртсөн. Дахиж ийм асуудал гаргахгүй байх гэж найдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

2. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 16-нд хэсгийн төлөөлөгч Н, зохицуулагч Л нарын хамтаар сумын төвийн нутаг дэвсгэрт гудамж талбайд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 23 цаг өнгөрч байхад М гэх хүний дэлгүүрийн гадна байсан саарал өнгийн машин хөдлөөд бид нарын зүг рүү чиглээд ирэхээр нь би түр зогсоосон, зохицуулагч Л шалгаж өөрийгөө танилцуулаад жолоочийн бичиг баримтыг нь шалгасан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч С, түүний эгч М хоёр явсан. Зохицуулагч үргэлжлүүлээд согтуурал шалгах тандагч багажаар жолоочийг үлээлгэхэд тус багажийн согтуу байгааг илэрхийлдэг улаан гэрэл дуугарч анивчсан ба жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогдсон. Зохицуулагч жолоочид “та цааш нь хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй, жолоогоо өгөөд ард нь суугаад цагдаагийн хэсэг рүү явъя” гэхэд С “жолоогоо өгөхгүй, би өөрөө жолоодож явна” гээд эсэргүүцсэн. Зохицуулагч Ст дахин “жолоогоо өг, машинаасаа буу, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэж зөрчлийг таслан зогсоох зорилгоор шаардлага тавихад С “жолоогоо өгөхгүй” гэж эсэргүүцээд шууд машинаа хөдөлгөөд явсан. Тэгэнгүүт зохицуулагч Сийн машины гишгүүр дээр гарч зогсоод рулиэс нь барих шиг болоод “машинаа зогсоогооч ээ” гэж анхааруулж хэлсэн боловч С машинаа зогсоогоогүй. Тухайн үед зохицуулагч Сийн машинд чирэгдээд явж байгаа юм шиг л эвгүй харагдсан ба тэр чигтээ 10-20 метр газар яваад замын хажуугаар орж боржур даваад зогссон. Төлөөлөгч бид 2 араас нь гүйгээд очиход зохицуулагчийн хамраас цус гарч байсан ба С машинаасаа буулгүйгээр зохицуулагчтай нэг нэгнийхээ хувцаснаас бариад зууралдсан байсан. Зохицуулагч “С миний нүүр лүү 2 удаа цохичихлоо” гэж хэлж байсан ба зохицуулагч Сийн машиныг зогсоох үед зохицуулагчийн биед халдаж цохисон байсан. Зохицуулагч бид 2 Сийг машинаас татаад буулгасан. Сийг машинаас буулгах гээд татахын өмнө нь би машины түлхүүрийг нь авсан. Сийг төлөөлөгч дагуулаад цагдаагийн хэсэг рүү явсан. Араас нь зохицуулагч бас явсан. Би Сийн машиныг авч явах гээд асаах гэсэн чинь асахгүй болохоор нь Маг машинд нь үлдээгээд хэсгийн байр луу явсан. Хэсэгт очоод төлөөлөгчид Сийн машин асахгүй байна гэдгийг хэлээд төлөөлөгчийг машин руу явуулсан. Энэ хооронд С зохицуулагч бид 2-ыг эсэргүүцэж “ална, буудаж ална, голд живүүлнэ” гэх мэт үг хэлж заналхийлсэн. Удалгүй төлөөлөгч Сийн машиныг хэсгийн гадна авч ирсэн. С нь хэсгийн байранд ирснээс хойш тасралтгүй бид нарыг эсэргүүцээд байхаар нь би Сийг тайвшруулах гээд дагуулан гарч тамхи татуулаад буцаж оруулаад согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 2.35%-ийн согтолттой байсан. Согтолтын хувийг Ст харуулах гэтэл С шалгагч багаж руу цохиж газар унагасан ба багажийн хошууг хугалж эвдсэн. С үргэлжлүүлээд бид нар луу дайраад заналхийлээд ширээн дээр байсан жижиг савыг аваад зохицуулагч руу шидсэн. Дахиад ч эд зүйлс авч зохицуулагч руу шидэх гээд байхаар нь би Сийг зохицуулагчаас холдуулж тэврээд хамгаалтал С баруун гараараа миний зүүн гар луу “намайг тавь” гээд 1 удаа цохисон. Би цохиулсан чигтээ Сийг дараад сандал дээр суулгасан. С ийм байдлаар дайрч давшлаад дийлдэхгүй, шаардлагыг хүлээн авахгүй байхаар нь гав хэрэглэн гарыг гавлаж сандал дээр үргэлжлүүлэн суулгаж тайвшруулахыг оролдсон. Тэгэхгүй бол бид нар луу дайрч эд зүйл шидэж бид нарыг гэмтээх гээд байсан юм. Тэгтэл С гавтай чигтэй ширээн дээрээс ном аваад зохицуулагч руу шидсэн. Тэгээд үргэлжлүүлээд дайрч давшлаад заналхийлээд байхаар нь би Сийг “суу” гээд сандал дээр суулгатал хөлөөрөө миний баруун хөлийн гуя хэсэг рүү 1 удаа жийж өшиглөсөн. Намайг өшиглөхөөр нь би биеэ холдуулсан. Харин С сандал дээрээ суугаад босоогүй. Түүнээс хойш С бага зэргийн тайвшраад дайрч давшлах нь багассан. Гэхдээ суусан байдлаараа хараалын үгээр бид нарыг хэлж, салаагаа гаргасан хэвээр хэсэг байж байгаад гайгүй болсон. С миний гар луу 1 удаа цохисон, хөл рүү 1 удаа жийж өшиглөсөн боловч миний биед гэмтэл учраагүй. Тухайн үедээ өвдөөд л өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

-Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Р.Сээс нэхэмжлэх зүйл, санал хүсэлт гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

3. Гэрч А.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хэсгийн цагдаа Б, зохицуулагч Л нарын хамт цагдаагийн байгууллагын чиг үүргийн хүрээнд сумын төвийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалт хийгээд ажиллаж байтал бид 3-ын зогсож байсан хэсэг рүү саарал өнгийн машин чиглээд ирснийг хэсгийн цагдаа, зохицуулагч 2 зогсоогоод шалгахад С гэх хүний жолоодож яваа машин байсан ба хажууд нь түүний эгч М сууж явсан. Тэд нарыг харж байтал зохицуулагч Сийг тандагч багажаар үлээлгэсэн. Тэгэхээр би тэд нар луу дөхөөд очих гээд явтал С машинаа хөдөлгөөд шууд явсан. Зохицуулагч машины хаалганы дотор хөлөө гишгүүр дээр тавьж зогсоод гараараа рулиэс бариад явсан. Би машины араас гүйсэн чинь машин 20 метр хиртэй газарт яваад зогссон. Хажууд нь гүйгээд очтол зохицуулагч хамраас цус гарчихлаа гэж хэлж хамраа барьж байсан. Б тэр хооронд машин руу очоод түлхүүрийг салгаж авсан. Тэгэхэд С “машинаас буухгүй, шалгуулахгүй” гээд алба хаагчдаас тухайн хүний өөрийнх нь төлөө “гаргаж байгаа үйлдлээ таслан зогсоох, хор хохирол гаргуулахгүй байх, үйлдлийг нь таслан зогсоолгох зорилгоор” тавьсан шаардлага бүрийг эсэргүүцээд байсан тул хэсгийн цагдаа зохицуулагчтай нийлээд Сийг машинаас татаж буулгасан. Тэгэхгүй бол С алба хаагч нарт дахин халдах магадлал өндөр байсан. С машинаас буусан ч гэсэн цагдаа зохицуулагч 2-ыг эсэргүүцээд дайрч давшлаад байсан. Тэгээд дийлдэхгүй болохоор нь би С дээр очоод “та яах гээд байгаа юм бэ, намайг дагаад яв” гэж хэлсэн чинь С намайг дагаад явсан. Хэсгийн байранд С бид 2 очсон. Зохицуулагч бас ирсэн. Сийг би байр луу оруулж байтал араас хэсгийн цагдаа ирээд “Сийн машин асахгүй, руль нь хөдлөхгүй гацсан байна” гэхээр нь би машины түлхүүрийг аваад машин дээр нь очсон. Машины хажууд Сийн эгч М зогсож байсан. Би машиныг асаагаад хэсгийн байрны гадна авч ирсэн. М бид 2 хэсгийн байр луу ороход С орилж хашгирсан байдалтай, алба хаагчид руу дайрч давшлаад тэд нарыг хэл амаар доромжилж “та нар намайг яаж ч чадахгүй, та нарыг ална шүү, та нар сайндаа л торгоно, эрх хасна биз” гэсэн зүйл хэлээд уурлаад байсан. Тэгж байтал зохицуулагч согтуурал шалгах драйгер багаж бариад Сийг үлээлгэх гэсэн чинь эсэргүүцээд үлээхгүй байсан. Тэгэхээр нь би багажийг аваад С рүү очоод үлээлгэсэн чинь 2.35% согтолттой байсан. Зохицуулагч драйгерийг аваад Ст гарсан хувийг үзүүлэх гэсэн чинь зохицуулагчийн барьж байсан драйгер багаж руу гараараа савж цохиж унагасан. Би газар унасан багажийг аваад харсан чинь хошуу нь хугарсан байсныг зохицуулагчид өгчхөөд байрнаас түр гарчхаад буцаад ороод ирсэн чинь С алба хаагчдыг эсэргүүцсэн хэвээр орилж хашгирсан, салаавч гаргаж байсан. Мөн ширээний дээр байсан эд зүйлс, ном зэргийг авч цагдаа, зохицуулагч  хоёр луу шидэх гээд дайраад байхаар нь гав зүүж үйлдлийг нь хязгаарласан. Намайг гараад ороод ирэх хооронд С хэсгийн цагдааг бас цохисон байсан. Үүнийг би хараагүй ба Б “С намайг өшиглөлөө” гэж хэлж байсан. Үүний дараа С хэсэг орилж хашгирч, алба хаагчдыг хэл амаар доромжилж байгаад өөрөө тайвшраад орилж хашгирах нь багасаад зүгээр болсон. С “пизда минь, ална шүү, хошного минь та нар яаж ч чадахгүй” гэсэн үгнүүдийг байнгын хэлж байсан. Мөн эдгээр үгнүүдийг хэлэхдээ давхар салаавч гаргаж доромжилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

4. Гэрч Р.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний төрсөн дүү С Улаанбаатар хотоос эхнэр Дын хамт манайд ирж хэд хоносон. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр С, түүний эхнэр, миний дүү бид хэд ээжийнхээ оршуулсан газарт очоод ирсэн. Газраас ирсний дараа С машин засуулна гээд гараад явсан. 1 цагийн дараа С эхнэр лүүгээ утсаар ярьсан байсан ба “уучихсан байна, ирээд авчих” гэж хэлсэн байсан. Д ч тэр дороо гарч яваад Сийг гэрт авч ирээд унтуулсан. С ирэхдээ бага зэргийн согтолттой халамцуу болчихсон ирсэн. Хэнтэй уусныг нь Д бид 2 асуугаагүй болохоор мэдээгүй. ...Бид хэд цай уугаад сууж байгаад С хот руу авч явах юмаа бүртгээд чацарганы шүүс, чихэр зэрэг зүйлс дутаж таарахаар нь би хүүгээ дагуулаад дэлгүүр явах гэтэл С “миний машин сая яваад ирсэн дулаахан байгаа, хоёулаа миний машинаар яваад ирье” гээд намайг дагуулаад машинаараа манай дэлгүүр лүү явсан. Бид 2 дэлгүүрт очоод авах юмаа аваад гараад машинд суугаад зам руу орох гээд явтал урд цагдаа нар байж таараад зогсоосон. Цагдаа эхлээд Сийн бичиг баримтыг шалгасан. Тэр үед би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан тул тэд нарын ярианд оролцоогүй, С цагдаатай зүгээр ярилцаж байсан. Тэгтэл цагдаа Ст “та согтолттой байгаа юмуу” гээд үлээлгэдэг багаж руу үлээлгэсэн чинь дохио дугарах шиг болсон. Гэтэл тэр цагдаа Сийг “та согтуу байна, машинаасаа буу” гэсэн чинь С “би өөрөө машинаа бариад цагдаа дээр очъё” гэсэн чинь цагдаа “та машин барьж болохгүй, та машинаасаа буу” гэсэн чинь С “машинаас буухгүй, өөрөө машинаа барина” гэж зөрж эсэргүүцсэнээс болоод цагдаатай маргалдаад эхэлсэн. Тэгтэл С гэнэт л машинаа асаагаад хөдлөөд явсан. Цагдаа “машинаа зогсоо” гэж хэлснээс эхлээд би айж сандраад юу болж байгааг ойлгохгүй, орон гаран ухаан санаа балартсан мэт болсон. Тэгтэл цагдаа рулиэс татаад арааг нь оролдоод машин буцаад зогссон. Машин зогсох үед цагдаа С 2 хоорондоо барилцалдаад эхэлсэн. С машинаас буухгүй гэхэд 2 цагдаа нийлээд Сийг хүчээр татаад машинаас буулгасан. Тэр хооронд би айж сандраад тавчигтай явсан болохоор машинаас бууж чадаагүй ба нэг харсан чинь Сийг цагдаа аваад хойш эргээд явсан. Би машинд суугаад үлдтэл манай сумын цагдаа Б машин асааж явах гэсэн чинь машин асаж өгөхгүй байсан тул намайг орхиод явсан. Удалгүй сумын төлөөлөгч Н машин дээр ирээд асаагаад бид 2 цагдаагийн хэсгийн гадна очсон. Хэсэг рүү орсон чинь С цагдаа нартай маргалдаад байж байсан. С маргааны явцад ширээн дээр байсан ном аваад тэр цагдаа нар луу шидсэн. Тэгээд үргэлжлүүлээд маргалдаад байсан. Тэр үед миний бие сонин болоод дотор муухайраад байхаар нь агаарлах гээд хэсгийн байрнаас гарч гадна хэсэгт байж байгаад буцаад орсон чинь Сийг гавлаад сандал дээр суулгасан байсан. Тэгтэл гаднаас Д бас ирсэн. С ч тайвшраад цагдаа нараас уучлалт гуйгаад зүгээр болсон. Цагдаа нар аймгаас бүрэлдэхүүн дуудсан та нар хариад амарч бай гэхээр нь гэр лүүгээ яваад унтаж амарсан. С согтуу машин барьж явахдаа цагдаад баригдснаас болоод шалгасан цагдаа нартайгаа маргалдаж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж хоорондоо маргалдсан асуудал болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

5. Гэрч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд гэрт ирсэн чинь Сийн эгч “дэлгүүр лүү яваад ирье, та хэдэд хот руу өгч явуулах юм аваад ирье” гээд гэрээс дүүтэйгээ гарах гэсэн чинь С “би эгчтэйгээ цуг явна, миний машин дулаан байгаа” гээд эгчийгээ суулгаад тэр 2 дэлгүүр явсан. Тэгтэл тэр 2 дэлгүүр орж жоохон юм аваад буцаж гараад гэр лүү явах гэж байгаад замдаа хяналт шалгалтын цагдаа нарт баригдаж улмаар С шалгасан цагдаа нартай маргалдсан асуудлаар цагдаагийн хэсэгт ирсэн байхад нь очсон. Намайг цагдаагийн хэсэг дээр ирэхэд С гав зүүгээд сандал дээр суучихсан байсан ба цагдаа нар луу баахан зүйл хэлсэн байсан. С архины халуунд хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл яриад байсан. Аймгийн хяналт шалгалтын цагдаа “бид аймгийн бүрэлдэхүүн дуудсан байгаа, та нар хариад амарч байхгүй юу даа” гэхээр нь би дүүтэй нь гэр лүү яваад унтаж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

6. Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн тоног төхөөрөмж нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын данс бүртгэлд байдаг ба тасаг, тасгийн алба хаагчдад хариуцуулж ашиглуулдаг албаны тоног төхөөрөмжүүд юм. Эдгээрээс согтуурал шалгах draiger төхөөрөмжийг Замын цагдаагийн тасгийн албан хаагчдад ашиглуулахаар тасгийн ахлах зохицуулагчид хариуцуулан өгсөн. Шалгагч багажийн хошууг бүтэн жилээр нь ашиглах хэмжээгээр олон тоогоор авч нөөцөлж хадгалаад тасгуудад шаардлагатай тоогоор нь шаардах хуудсаар өгч ашиглуулдаг. Тасгаас ахлах зохицуулагчаас бусад алба хаагч нар нь шалгагч багаж, хошуу зэргийг авч явж үйл ажиллагаандаа ашиглах ёстой. Харин энгэрийн камерийг алба хаагч нарт өөрт нь хариуцуулж олгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “1. Үзүүлэгч Б.Лын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Дээд уруул, зүүн долоовор хуруунд зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь эдгэж буй шинэ гэмтэл байна. 6. Дээд уруул, зүүн долоовор хурууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх 479 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/,

8. Шүүгдэгч Р.Сийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:: “...0.5 литрийн Ерөөл гэх архи аваад Д бид хоёр миний машин дотор хоёр хоёр хундага татчихаад Д гэртээ буугаад үлдсэн би Дгээс салаад гэртээ ирээд хашаанд машинаа оруулж байхад манай эгч М гарч ирээд “маргааш өглөө эрт чи Улаанбаатар хот руу явах гэж байгаа юм чинь чамд чацарганы шүүс өгч явуулна” гээд М эгч машинаараа явах гэхээр нь би “хоёулаа миний машинаар явъя” гэж хэлээд М эгч бид хоёр миний машинаар дэлгүүр ороод буцаад явж байтал цагдаа Л, Б хоёр зогсоосон. Тухайн үед би өөрөө машин жолоодож байсан. Би зогсоход Л цагдаа намайг “машиныхаа бичиг баримтыг өг” гэхээр нь би бичиг баримтаа үзүүлсэн. Дараа нь “драйгер үлээ” гэхээр нь би драйгерийг үлээсэн. Тэгэхэд Л цагдаа “цагдаагийн кобан дээр очно, машинаас буу, машин чамаар бариулахгүй” гэхэд нь би түүнд “би машин өгөхгүй, машин би өөрөө барина” гэж хэлэхэд Л машины түлхүүр авах гээд дайрч зүтгэхээр нь би зүүн тохойгоороо түүний цээж рүү түлхэхэд гайтай юм шиг миний тохой Лын уруул руу нь цохигдсон байсан. Сүүлд надад уруул цохичихлоо гэж Л надад үзүүлж байсан. Тэгээд Л, Б хоёр миний машины хоёр талаас ирээд түлхүүр авахаар нь би машинаас бууж Цагдаагийн кобан дээр очсон. Ийм л асуудал болсон. Кобан дээр очоод надаар драйгер багажаар дахин үлээлгээд байхаар нь гараараа цохиход драйгер багаж нь газар унаж соруул нь уначихсан. Миний хувьд цагдаа нартай хэрүүл маргаан гаргасан үйлдэл нь буруу юм. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу юм. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

 Хохирогч Б.Б нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/65 дугаартай тушаалаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын Ховд сум дахь хэсгийн цагдаагаар /хх-ийн 110-р хуудас/, хохирогч Б.Л нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/1032 дугаартай тушаалаар Увс аймаг дахь цагдаагийн газрын Өмнөговь сум дахь цагдаагийн хэсгийн зохицуулагч /хх-ийн 107-р хуудас/-аар тус тус томилсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт заасан “хууль сахиулагч” гэж үзнэ.

Хохирогч Б.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан үүргээ биелүүлж явсан болох нь түүний “Дараа нь үргэлжлүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цаг өнгөрч байхад М гэх хүний дэлгүүрийн гадна байсан саарал өнгийн машинд тус дэлгүүрээс хүмүүс гарч ирээд суугаад хөдөлсөн...” гэх мэдүүлгээр /хх-ийн 27-р хуудасны ар тал/, хохирогч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан үүргээ биелүүлж явсан болох нь түүний “2021 оны 11 дүгээр сарын 26-нд хэсгийн төлөөлөгч Н, зохицуулагч Л нарын хамтаар сумын төвийн нутаг дэвсгэрт гудамж талбайд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 23 цаг өнгөрч байхад М гэх хүний дэлгүүрийн гадна байсан саарал өнгийн машин хөдлөөд бид нарын зүг рүү чиглээд ирэхээр нь би түр зогсоосон, зохицуулагч Л шалгаж өөрийгөө танилцуулаад жолоочийн бичиг баримтыг нь шалгасан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч С, түүний эгч М хоёр явсан...” гэх мэдүүлгээр /хх-ийн 35-р хуудасны ар тал/ нотлогдож байна.

Шүүгдэгч Р.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагч Б.Л, Б.Б нар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан гэх үйл баримт болжээ.

Хууль сахиулагч нарын зүгээс хууль ёсны шаардлага тавьсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Л, Б.Б, гэрч А.Н, Б.М, Д.Д, М.А, шүүгдэгч Р.С нарын мэдүүлгүүдээр, хохирогчийн биед халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, гэмтэл учруулсан нь шинжээч эмчийн 479 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг.

 Иймд шүүгдэгч Р.Сийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагч Б.Л, Б.Б нарын биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч  нь нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Лын “...Шүүх эмнэлгийн төлбөр 8000 төгрөгийг би өөрөө төлсөн байсан. Эдгээр гарсан нийт 90,000 төгрөгийг С надад өгч барагдуулсан. Санал хүсэлт гэвэл цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад ийм асуудалд өртсөн. Дахиж ийм асуудал гаргахгүй байх гэж найдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, хохирогч Б.Бын “Р.Сээс нэхэмжлэх зүйл, санал хүсэлт гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/-үүдээр хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь нотлогдсон болно. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Р.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Сийн хувийн байдлын талаар гэрч Ц.Пын “...С нь ээж, эгч нартайгаа амьдарч байсан. Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгссөн. Олны дунд даруу, хүмүүсийг хөгжөөдөг, шогч залуу юм. Харин нэг гэм нь архи уухаараа янз бүрийн асуудалд холбогдоод байдаг. Архи уугаагүй үедээ сайхан харьцаатай залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, гэрч Л.Бийн “Р.С бид хоёр 1993 онд Баганнуур дахь чанга дэглэмтэй хорих ангид хамтдаа ял эдэлж байсан цагаас бие биенээ таних болсон. Хүний хувьд эр хүн шиг залуу байдаг. Хоёрын хооронд шалчигнасан залуучууд шиг биш. Төлөв даруу зантай, цайлган сэтгэлтэй, хүнд муу санаад байдаггүй. Нэг эгчтэйгээ хамтдаа амьдарч байсан. Одоо нэг хүнтэй хамтын амьдралаа зохиож байгаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/ зэрэг тус тус хэрэгт авагдсан байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-р хуудас/ хэрэгт авагдсан байх бөгөөд энэхүү нотлох баримтаар шүүгдэгч Р.С урьд нь ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.С нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 166-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заажээ.

Ялтан Р.С нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байхаас гадна шүүхэд хандаж мэдүүлсэн “эцсийн үг”-дээ “би олон жил алдаж, эндэж ял эдэлж явсан. Ингээд засарч хүмүүжин, амьдрал ахуйгаа зохиож хань ижилтэй болоод удаагүй, дөнгөж амьдралаа төвхнүүлж байгаа тул энэ байдлыг харгалзан үзнэ үү” гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж,  согтуурал шалгах багажийн хугарсан хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар, 36.8 дугаар, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ургийн овогт Рийн Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ст 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Р.С нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Р.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, согтуурал шалгах багажийн хугарсан хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН