Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 920

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Д.М-т, М.Е нарт холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогч М.Б-, түүний өмгөөлөгч Я.С-,

цагаатгагдсан этгээд Д.М-т, М.Енарын өмгөөлөгч Х.Зулхаш,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2018/ШЦТ/1141  дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Б-, түүний өмгөөлөгч Я.С- нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, улсын яллагч Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр Д.М-т, М.Енарт холбогдох 1813000060055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Ж овгийн Д-ийн М-т, 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...... аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......................, ......................., .................. , ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ..... дүүргийн .... дүгээр хороо, ......, ...... гудамжны, ... дугаар байрны .. тоотод оршин суух хаягтай, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр "..............................."-оор шагнагдсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:........./;

 

  1. Ж овгийн М-ийн Е, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....................... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, .................., .........................., хэрэгт холбогдох үедээ ..................................Д.М-тын жолоочоор ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, ... хүүхдийн хамт амьдардаг, .............. дүүргийн .. дүгээр хороо, ............ .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, /РД:................./; ....................дүүргийн шүүхийн 20.. оны . дүгээр сарын ..-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

Д.М-т нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Маршалын гүүрний орчим өөрийн гар утас, мессенжерээр М.Б-ийн гар утас руу илгээж байсан мессеж, өөрийн нүцгэн зураг зэрэг мэдээлэл хадгалагдаж байгаа гэх М.Б-ийн гар утсыг авах зорилгоор түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

М.Е нь “............................. Д.М-тын жолоочоор ажиллаж байхдаа “2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим Д.М-т нь өөрийн гар утас, мессенжерээр М.Б-ийн гар утас руу илгээж байсан мессеж, өөрийн нүцгэн зураг зэрэг мэдээлэл хадгалагдаж байгаа гэх М.Б-ийн гар утсыг авах зорилгоор түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх хэрэгт 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Д.М-т нь М.Б-тэй Маршалын гүүрний орчим хоорондоо уулзалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...Би энэ хоёр Маршалын гүүрний орчим уулзалдаж хоорондоо зодолдох, ноцолдох үйлдэл хийсэн талаар мэдэх зүйл байхгүй, харсан үзсэн зүйл байхгүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Яллагдагч Д.М-тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч М.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М-тыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Е-ийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.М-т, М.Енарыг цагаатгаж,

Д.М-т, М.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Д.М-таас хохирогч М.Б-ийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Б-ийн толгойн рентген зураг, бичлэг бүхий сиди зэргийг хохирогчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч М.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож, Д.М-тын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг гаргаж байна.

2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр миний гар утсыг авах зорилгоор Маршалын гүүр буюу өөрийнхөө гэрийн ойр орчимд дуудаж байгаад, өөрийнхөө утсыг намайг авсан гэх шалтгаанаар миний утсанд байгаа зураг, мессеж, бичлэг зэргийг устгах зорилгоор намайг 2 дахь удаагаа зодсон. Би Цагдаагийн байгууллагад 2018 оны 1 дүгээр сард гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын Их хурлын ёс зүйн хороо, Хууль Зүйн сайд, Ардчилсан намын дарга С.Э........, Орон нутгийн Ардчилсан намын дарга зэрэг хүмүүст шат дараалан гомдол гаргасан боловч одоог хүртэл хариугаа авч чадаагүй. Мөн тухайн үйл явдал болох үед Д.М-тын жолооч М.Е нь хажууд нь байсан. Тухайн үйл явдал болсноос хойш буюу 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний аавтай очиж уулзаж “танай охиныг би үл ойлголцлоос болж зодсон. Та энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад битгий хандаач” гэж Д.М-т нь өөрийн биеэр уулзсан байсан. Мөн энэ хугацаанд над руу мессежээр “би чамайг зодсон, чи надаас юу ч олж долоохгүй, чамайг дахин зодох болно” гэсэн. Миний бие анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч М.Б-ийн өмгөөлөгч Я.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-т, М.Е нарт холбогдох эрүүгийн 1813000060055 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан хуульд заасан журмаар бэхжүүлж авсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсоор байтал анхан шатны шүүх илт нэг талыг барьж, төрийн өндөр албан тушаалтныг илт хамгаалж, хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа асуудалд гомдолтой байна.

1. Хохирогч М.Б-ээс төрийн эрх бүхий байгууллагад гаргасан удаа дараагийн гомдолдоо УИХ-ын гишүүн Д.М-т нь түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зодсон асуудлыг тодорхой дурдсан байгаа бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон.

2.   Энэ хэргийн цорын ганц гэрч нь хохирогч өөрөө юм. Хохирогч М.Б- 6 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ мэдүүлгийг няцаах нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч М.Б- нь “Д.М-т нь намайг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Маршалын гудамж орчимд зодсон” тухай тогтвортой мэдүүлсэн байгааг анхаарч үзээгүй байна.

3.  Шүүгдэгч Д.М-тад зодуулснаас болж хохирогч М.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан бодит үйл баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Т.М-мэдүүлэг /1-р хх-ийн 18-р хуудас/, гэрч Х.Х-мэдүүлэг /1-р хх-ийн 204-р хуудас/, гэрч А.Ж-ийнмэдүүлэг /1 хх-ийн 203-р хуудас ба 2 хх-ийн 92-93-р хуудас/, гэрч А.Б- мэдүүлэг /1 хх-ийн 19-20-р хуудас, гэрч А.А-ийнмэдүүлэг /1-р хх-ийн 21-22-р хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нээлгэсэн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1-р хх-ийн43-46-р хуудас/, "Хүрээ" эмийн сангаас худалдаж авсан эмийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод очихдоо эцэг, эхтэй нь уулзаж “танай охиныг 2-3 хоногийн өмнө зодсон” талаар хэлсэн. Энэ талаар гэрч нарын мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байгаа.

  1. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 43 дугаартай дүгнэлт, давтан шинжилгээ хийсэн эмч нарын дүгнэлт, анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч М.Д-ийн мэдүүлгээр хохирогч М.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч яллагдагч болон түүний өмгөөлөгч нар гомдол гаргасан.

Мөн хохирогч болон шүүгдэгч хоёр хоорондоо 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд маш олон мессежүүд бичсэн байдаг. Үүнээс 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 99113869 дугаарын утаснаас бичсэн мессеж буюу Д.М-т: “Би алга болохгүй мал минь, чи зөвхөн минийх, би чамд боовоо 20 жил зориулах болно. Чамайг зодлоо, чи надаас явж чадахгүй, номын цагаан солиот минь” гэсэн мессеж байдаг. Энэ мессежид Б- хариу бичсэн олон мессеж байгаа. Эдгээр мессежүүд нь Монгол хэл дээр орчуулагдсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан байгаа.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх.

1. Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх ёстой. 1.1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. 1.2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. 1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх.” 1. “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ. 1.2. “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй”. 1.3. “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”. 1.4. “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх хуульд заасан эдгээр үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1141 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын биед хөнгөн хохирол учруулсан”, шүүгдэгч М.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. ...” гэв.

 

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн үндэслэж буй үндэслэлүүд нь хэт нэг талыг баримталсан өрөөсгөл, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж прокурорын эсэргүүцлийг бичсэн.

Цагаатгах тогтоол нь хууль ёсны байх шаардлага хангаагүй, цагаатгах тогтоолын үндэслэл нь бусад нотлох баримтыг няцааж чадаагүй, бусад гэсэн 3 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

Цагаатгах тогтоолын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг бүрэн хангаж чадаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М-т, М.Енарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах талаар тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг ноцтой зөрчсөн. Дээрх ноцтой зөрчлөөс үүдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэсэн заалт хэрэгжих үндэслэл үгүйсгэгдэж байна. Учир нь шүүх шүүгдэгч Д.М-т нь хохирогч М.Б-ийг зодсон болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн бол М.Б-ийн биед гэмтэл учруулсан асуудлыг дахин шалгуулахаар, эсхүл Д.М-т намайг зодож гэмтэл учруулсан гэж удаа дараа худал мэдүүлэг өгсөн М.Б-ийн үйлдлийг шалгуулж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл энэ талаар шүүх цагаатгах тогтоолдоо огт дүгнэлт хийлгүй, дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчжээ. Цагаатгах тогтоолын Тодорхойлох нь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав” гэсэн атлаа хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг агуулгын хувьд өөрчилж, байхгүй баримтыг байгаа мэтээр харьцуулан дүгнэж, “шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.М-т, М.Е-, хохирогч М.Б- нарын өгсөн мэдүүлэг” гэж товчлон хэн юу гэж мэдүүлсэн талаар тодорхойгүйгээр дурдаж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хальж, ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийн хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Цагаатгах тогтоолын үндэслэл нь бусад нотлох баримтыг няцааж чадаагүй тухайд: Анхан шатны шүүх яллагдагч нараас мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байдалд дүгнэлт хийгээгүй атлаа шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг нь хөндлөнгийн өөр бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ёстой. ... Дан ганц хохирогч М.Б-ийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогч өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй тул түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, хохирогчийн ярьсныг сонсоод мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд болон хохирогч М.Б-ийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо үйл явдал, цаг хугацааны хувьд зөрүүтэй байна гэж хэрэгт авагдсан шууд болон дамжмал нотлох баримтуудыг хэт өрөөсгөл байдлаар үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Дамжмал нотлох баримтын хувьд үйл баримт болсон гэдгийг нотолж байгаа баримт. Мөн шууд нотолж байгаа гэрчийн мэдүүлэг буюу Бекболатын мэдүүлэг, мөн ээжтэй нь утсаар ярьсан асуудал, өөрийн туслах А-ийг уулзуулахаар явуулж, уулзуулах зэрэг үйл баримтыг дүгнэж үзээгүй бөгөөд эдгээр нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гэх байдлаар дүгнэсэн. Мөн М.Б-ийн гар утсанд хийсэн үзлэг, М.Б-ийн эзэмшдэг “Хаан” банкны дансны хуулга зэргээр тухайн өдөр эдгээр хүмүүс нь уулзаад өглөөнөөс өдөржингөө хамт байсан гэдгийг нотолж байгаа баримтуудыг хооронд нь харьцуулж дүгнээгүй. Тэгэхээр анхан шатны шүүх эдгээр хохирогчийн мэдүүлгийг давхар нотолж буй баримтууд нь яагаад хэргийг цагаатгахад үгүйсгэгдэх баримт болж байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийж үгүйсгээгүй. Шинжээчийн дүгнэлт, эмч нарын үзсэн үзлэгийн тэмдэглэл, рентген зураг, шинжээч нарыг байцаасан байцаалт зэрэг нь Б-ийн биед учирсан гэмтлийг нотолж байгаа баримт болохоос биш Д.М-тыг зодож гэмтэл учруулсан гэдгийг нотлоогүй гэх байдлаар дүгнэсэн. Гэтэл эдгээр баримтууд нь болсон асуудлыг цаг хугацаа, үйл баримтын хувьд давхар нотолж байгаа гэдгийг олж хараагүй. Зөвхөн Д.М-тыг хохирогчид шууд гар хүрсэн байхыг харсан гэрч байхыг нотолсон зэргийг шаардаж, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэлээгүй, зөрүүтэй мэдүүлэг өгдөг боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийнхөө эсрэг гэм буруутай болохоо нотлох үүрэг хүлээхгүй гэх хуулийн эрх нь байгаа боловч тэдний мэдүүлэгт дурдагдсан асуудлын эх сурвалж нотолгоог давхар шалгах ёстой бөгөөд шалгаж үзэхэд хохирогчийн өгсөн мэдүүлэг нотлогдож шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг үгүйсгэгдсэн. Мөн яллагдагч нарын мэдүүлгийг шүүх анхаарч дүгнэж үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзсэн.

Бусад үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд танилцуулж, тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах талаар оролцогч нарын эрхийг хангаагүй. Анхан шатны шүүх энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй. Учир нь, цагаатгах тогтоолд дурдахдаа “хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон” гэж дурдсан байгаа нь яг юу мэдүүлж байгаа нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харж засвар оруулах боломжийг олгоогүй. Мөн хэргийг хянан хэлэлцсэн шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг зөрчиж цагаатгах тогтоолыг хуулийн хугацаанд гаргасан гэж мэдэгдэж, прокуророос шийдвэрийг авахаар хүлээх хугацаанд хэвлэж гаргаагүй байсан төдийгүй ажлын цаг дууссаны дараа хуулийн хугацаанд аваагүй гэдэг байдлаар шуудангаар хүргүүлж байгаа нь шүүгч хувийн сонирхлоор хэрэгт хандаж байна гэсэн хардлагыг төрүүлж байна.

Иймд Д.М-т, М.Енарт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1141 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтыг нэг дор зөрчсөн, цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ил үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан хууль бус шийдвэр болсон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Д.М-т, М.Е нарын өмгөөлөгч Х.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч М.Б-ийн гаргасан гомдолд УИХ-ын ёс зүйн хороо, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, УИХ-ын дарга М.Э-д гаргасан гомдол, Ардчилсан намын дарга С.Э, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Н, Хүний Эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Б нарт гаргасан гомдол зэрэг холбогдох газруудад гаргаж байсан гомдлуудыг “шүүх харгалзаж үзээгүй байна” гэж гомдол гаргажээ. Хохирогч М.Б-ийн холбогдох газруудад, нэр бүхий албан тушаалтнуудын нэр дээр гаргасан гомдлын утга санаа, гомдлын үндэслэлүүд нь нэг ижил байгаа бөгөөд дээрх албан тушаалтнууд нь гомдол гаргагч М.Б-ийн гомдол үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Д.М-тын гэм бурууг тогтоож, хариуцлага тооцсон явдал байхгүй учраас нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй. М.Б-ийн гомдолд харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Д.М-тын гэм буруу хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Хохирогч М.Б-ийн гаргасан гомдлууд, гомдолд дурдсан үйл баримт нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй болсон.

                 Хохирогч М.Б-ийн 6 удаагийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг тогтвортой мэдүүлгийг анхаарч үзээгүй гэжээ. Гэтэл хохирогч М.Б-ийн “гүтгэлгийн чанартай” бичсэн гомдол, гомдлыг бататгах хэлбэрээр цээжилж аваад давтаж мэдүүлсэн мэдүүлгүүд нь цорын ганц үнэний тулгуур болж чадахгүй юм.

Хохирогч М.Б- “шүүгдэгч Д.М-т нь хохирогч М.Б-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нь гэрч М, Х, Ж, Б, А нарын мэдүүлэг, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “Хүрээ” эмийн сангийн тодорхойлолт зэргээр батлагдсан байхад хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн” гэж гомдол гаргажээ. Гэтэл тухайн хэргийн гэрч М, Х нар нь эмч хүний хувьд чиг үүргийн дагуу Эрүүл мэндийн үзлэг хийж, онош тодорхойлсон. Гэрч Ж, Б, А нар нь гэмтэл авсан, М-т зодсон гэж хохирогч М.Б-ээс сонсож байсныг гэрчилсэн тул дамжмал нотлох баримт бөгөөд тухайн гэрчүүд Д.М-т нь хохирогч М.Б-ийг зодож, биед нь гэмтэл учруулсан явдлыг батлахгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхээс өгсөн үнэлэлт, нотлох баримтаар гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалд бүрэн нийцэж байна.

Мөн М.Б-ийн эзэмшдэг “Хаан” банкны  тоот дансны 2017 оны 9 дүгээр  өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг зодооны хэргийн нотолгоо гэж хохирогч тал үзэж байна. Гэтэл М.Б-ийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл “Хаан” банкны .................. тоот дансны дэлгэрэнгүй хуулга нь түүний дансанд байсан мөнгийг хэдийд хэдэн төгрөгөөр зарлагадсан, хэдийд ямар мөнгө дансанд орж ирсэн зэрэг мөнгөний орлого, зарлагыг нотлохоос бус, зодооны хэрэг гарсан эсэхийг хэрхэвч нотлохгүй.

Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 43 тоот дүгнэлт нотолсон гэж байна. Гэтэл Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 43 тоот дүгнэлтийн 2 дахь заалтад “М.Б-ийн биед үүссэн гэмтэл хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учраас хохирогч М.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрийн хооронд Д.М-тад зодуулсан гэж үзвэл энэ гэмтлийг авсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн гэмтэл хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй.

Мөн гэрч М.Е-ийн мэдүүлгээр нотлогдож байгаа гэсэн. М.Ень зодоон болоогүй гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл М.Б-ийг зодсон гэх асуудлыг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад хохирогч нь худал мэдүүлэг өгч Д.М-тыг гүтгэж байна. Учир нь, Д.М-тыг шүүх хуралдаанд салаавч гаргасан гэж гомдолдоо дурдсан байсан. Хэрвээ Д.М-т нь шүүх хуралдаанд салаавч гаргасан байвал бусад оролцогч нар мэдэх ёстой байсан бөгөөд энэ асуудал нь шүүх хуралдааны дэгийг зөрчсөн асуудал юм.

Энэ хэрэг хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болоогүй. Прокуророос анхан шатны шүүх шүүгдэгч нарыг цагаатгасан нөхцөлд худал мэдүүлэг өгсөн М.Б-д хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөж, давхар шийдвэрлээгүй. Гэвч анхан шатны шүүх хохирогч М.Б-д хариуцлага тооцох боломжгүй байсан. Прокуророос хэргийг буцаах санал гаргасан. Гэвч прокурорын ярьсан асуудалд давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгохгүйгээр зөвтгөх боломжтой. Мөн “гэрч Аделбек нь энэ хэргийг гэрчилсэн” гэж прокурор тайлбартаа дурдаж байна. Гэтэл Аделбек нь “зодооны хэргийг үзэж хараагүй” гэж мэдүүлэг өгсөн.

Иймд Баянзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Д.М-т, М.Енарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Д.М-тын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь, М.Е-ийн “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдохгүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М.Б-ийн биед ”...тархи доргилт, баруун гарын бугуйн сарвуу, зүүн гарын бугуй орчим зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” гэмтлүүд учирсан байсан ба энэ гэмтлүүд нь эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 24-25/ , 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаар шинжээчийн дүгнэлт /2 хх 22-23/ -ээр тогтоогджээ.

 

Гэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М.Б-ийн биед учирсан байсан ”...тархи доргилт, баруун гарын бугуйн сарвуу, зүүн гарын бугуй орчим зөөлөн эдийн няцрал, зүүн талын шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” гэмтлүүд /2 хх 22-23/ 2017 оны       9 дүгээр сарын 17-ны өдөр Д.М-т учруулсан гэж үзэх цаг хугацааны хувьд зөрүүгүй, эргэлзээгүй нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Тухайлбал, гэмт хэрэг хэзээ болсон талаар хохирогч М.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны орой Д.М-т зодож учруулсан гэж мэдүүлдэг боловч 3 дугаар эмнэлгийн эмч Х.Х гэрчээр “...би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М.Б-ийн толгойн рентген зургийг хараад...” гэж /1 хх 204/ 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийсэн талаар мэдүүлсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Г.М “...М.Б-ийн үзүүлэхээр ирэх үеийн зовиур: ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүнд зодуулсан гэсэн...” /2 хх 32/ гэж М.Б- 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүнд зодуулсан гэж байсан талаар мэдүүлж, М.Б-ийн өвчний картад “...2017 оны 9 дүгээр сарын 18-нд давтан хүнд зодуулсан гэв. ...” гэж тэмдэглэжээ.

 

Түүнчлэн, М.Б-ийн биед хэзээ гэмтэл учирсан байсан цаг хугацааг гэрчилж мэдүүлэг өгсөн гэрч А.Жадыра “2017 оны 9 дүгээр сарын 17-ны орой Б- эгч намайг гэртээ хоолоо хийгээд байж байхад 19 цагийн орчим байсан. Хаалганы хонх дуугарахаар нь нээж өгсөн чинь Б- эгчийн өмдний өвдөг хэсэг болон бусад хэсгээр нил шороо болчихсон, зүүн талын шанаа хэсгээр үс нь арзайчихсан, зулгаасан бололтой үс нь унасан гэхээр харагдаж байсан. Мөн 2 гарынх нь дээд хэсгээр хөхөрчихсөн, гар нь салгалчихсан, царай нь барайчихсан орж ирсэн. ...Тэгээд энэ өдрөө хоол идэхгүй шингэн ус уугаад хэвтээд толгой өвдөөд байна гэж хэлж байгаад унтсан. Маргааш  өглөө нь ажилдаа явахаар 08 цаг өнгөрч байх үед явахад босчихсон байсан. Тэгээд бас толгой өвдөөд ерөөсөө байж сууж болохгүй байна, эмнэлэг дээр явж байна гэсэн...” /хх-203/ гэж М.Б- гэмтэл авсныхаа маргааш буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 дугаар эмнэлэгт үзүүлж байсан талаар зөрүүтэй мэдүүлж байна.

 

Тодруулбал, гэрч А.Ж-ийнМ.Б-ийн зодуулсан өдрийнхөө маргааш үзүүлсэн гэсэн мэдүүлэгт дурдсан хугацаа болох 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нь М.Б-ийн өвчний түүх /карт/ дээр эмч Г.М “...2017 оны 9 дүгээр сарын 18-нд давтан хүнд зодуулсан гэв. ...” гэсэн тэмдэглэгээ /2 хх 35/, гэрч Х.Х-“...би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М.Б-ийн толгойн рентген зургийг хараад...” гэсэн /1 хх 204/ мэдүүлэгт дурдсан хугацаанаас тус тус зөрүүтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу М.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн болох нь хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б-ийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Д.М-т зодсон. Гар утсыг нь авахаар зодох үед М.Е нь хажууд байсан...” гэх мэдүүлэг дангаараа Д.М-т, Е нарыг яллах үндэслэл болохыг юм.

 

            Энэ талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах...”-аар бичсэн хохирогч М.Б-, түүний өмгөөлөгч Я.С- нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2018/ШЦТ/1141 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Б-, түүний өмгөөлөгч Я.С- нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, улсын яллагч Н.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ