Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 52

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон 

Улсын яллагч хяналтын прокурор Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, 

Шүүгдэгч Ч.Чинбат нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чинбатад холбогдох эрүүгийн 2016170000123 тоот хавтаст хэргийг 2016 оны 08 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн харьяат,1978 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал маллах, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн нутаг Гүн ус гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛЛ78022897, Орлой овгийн Чалхаагийн Чинбат 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Чинбат нь согтуурсан байх үедээ 2016.04.25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Сүүж гэдэг газар нутаглах өөрийн гэртээ хутгаар Д.Төмөрбаатарын цээжний баруун талд хутгалж 9-10 дугаар хавирганы завсраар нэвтэрсэн шарх, элэгний баруун хэсэгт цусан хураа, элэгний баруун сигментэд нэвтэрсэн шарх, бага аарцагны хөндийн шингэн хуралт, цөсний гадна хальсны цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх зэрэг хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн  хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 1. Шүүгдэгч Ч.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд Төмөрбаатар ахтай муудсан зүйл байхгүй. Гэрийн гадаа байсан аккумлятороо авах гэж хутга авч гараад ийм хэрэг болсон. Би аккумлятороо мяндсаар уячихсан байсан. Мөстөөд, уяа нь чангарчихсан тайлагдахгүй болсон байсан. Хаалгаа ширүүн нээхдээ гар халтираад л хутгалчихсан. Би баруун гараараа бүх зүйлээ хийдэг. Баруун гартаа хутгыг барьж байгаад хутгатай гараараа хаалгыг түлхсэн. Хутггыг гэрийн баруун урд талаас авсан.Манай хаврын цагт хурга өвчдөг хутга байсан. Тэгээд гэрийнхээ баруун урд тавьсан байсан. 

Би шууд эмнэлэг рүү авч явж эмчид үзүүлсэн. Төмөрбаатар ах манай эхнэрийн хамаатан. Би байнга уулзаж биеийг нь асууж байсан. Хот руу эмчилгээнд явахад нь 3.900.000 төгрөг өгсөн. Мөн нэг хонь өгсөн. Хагалгаа хийлгэхэд нь 200.000 төгрөг өгсөн. Дараа нь бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Одоо хохирогч надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй.  Тэр орой 2 шил архи уусан, согтсон байсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэв. 

 

2. Хохирогч Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Ч.Чинбат бид нэг нутгийн хүмүүс бөгөөд тухайн үед болон урьд өмнө нь маргалдаж муудаж байгаагүй, тухайн үед гэрэл, аккумлятор нь суучихаад гэрийнхээ гадаа байсан өөрийнхөө портер машины аккумляторын хүлээсийг тайлах гээд харанхуйд хутга барьж гарах гэж байгаад болгоомжгүй намайг хатгасан гэж үзэж байна. Би нэг сар орчим Улаанбаатар хотод эмчилгээнд яваад ирсэн. Энэ хугацаанд зардал мөнгө их гарсан үүнийгээ нэхэмжилж байна. Би Ч.Чинбатаас 7.000.000 төгрөг нэхэмжилж байна, хэрвээ энэ  мөнгийг өгвөл надад гомдол, санал,  хүсэлт байхгүй. Ч.Чинбат надад  3.900.000 төгрөг, 1 хонь, 40 литр бензин өгсөн. Би урьд өгсөн 3.900.000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглээд дууссан. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг дараагийн эмчилгээнд явах, мал хариулж чадахгүй учир 3 хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулна.  Чинбат 2016 оны 06 сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон, мөн хагалгааны явцад 200.000 төгрөг, нэг унагатай гүү, нэг тугалтай үнээ, нэг хонь өгч намайг хохиролгүй болгосон. Иймд надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг, / хх-н 12-13 х /

 

           3. Гэрч Б.Доржпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр орой 22 цагийн үед Ж.Нацагдорж бид хоёр нэг шил 0.75 граммын архи аваад Чинбатын гэрт очоод түүнтэй хувааж уучихаад Ч.Чинбат нэг шил архи гаргаад бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд шөнийн 01 цагийн үед явах гээд байж байтал гаднаас Төмөрбаатар ах ороод ирсэн, тэгээд бид тэндээ хөзөр тоглохоор болоод ганц нэг удаа тоглосон. Тэгтэл Төмөрбаатар ах та нар согтуу байна, согтуу хүмүүстэй тоглох шал дэмий юм байна гээд уурлаж байсан. Тэгээд бид тоглоно, тоглохгүй гэцгээж байгаад гэрээс  гарах үед 12 вольтын гэрэл мааслаад унтарсан.  Тэгээд эхлээд Нацагдорж, түүний араас Төмөрбаатар, Чинбат нар цуваад гарсан чинь гэнэт Төмөрбаатар ах намайг Чинбат хутгалчихлаа гэж байсан. Цээжин тус газар нь хутгалсан гээд тухайн газраас цус шүүрч байсан. Төмөрбаатар огт уугаагүй, Чинбат нь уусан бага зэргийн согтолттой байсан.Гэрийн гэрэл унтраад харанхуй, шөнийн 01 цаг болж байсан учир харанхуй байсан. Надад ямар нэгэн зүйл харагдаагүй, Чинбат, Төмөрбаатар нар нь тоглож байх хугацаандаа  маргалдаж, муудаагүй... гэх мэдүүлэг, / хх-н 14 х /

 

4. Гэрч Ж.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 сарын 25-ны орой 22 цагийн үед Доржпүрэв бид хоёр 0.75 граммын Улаанбаатар архи аваад Чинбатынд очсон. Тэгээд тэнд бид 2 шил 0.75 граммын архи хувааж ууцгаагаад гарах гэтэл гаднаас Төмөрбаатар гэдэг хүн ороод ирсэн бөгөөд түүнтэй хөзөр тоглож байтал гэрийн 12 вольтын гэрэл унтарсан, тэгээд би машин руугаа явж байтал гэнэт Төмөрбаатар нь намайг хутгалчихлаа гэж бахирсан, гэтэл Чинбат нь би хутгалчихлаа гэж бахирч байсан. Тэгээд би  Төмөрбаатарын гэрээр ороод Мөнххаан сумын эмнэлэгт хүргэсэн, хаанаас хутга авсан, яагаад хутгалах болсон эсэхийг мэдэхгүй байна. Тоглоно, тоглохгүй л гэцгээж байснаас маргалдаж муудалцаагүй... гэх мэдүүлэг, / хх-н 15 х/ 

 

5. Гэрч Д.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 04 сарын 25-ны орой 22 цагийн үед унтах гэж байхад Ж.Нацагдорж, Доржпүрэв нар манай гэрт 0.75 граммын Улаанбаатар архитай ирээд бид нар хувааж уусан, мөн манайх 0.75 граммын Соёрхол архи гаргаад хувааж уугаад дуусгаад гарах гэж байтал гаднаас  Д.Төмөрбаатар ганцаараа  орж ирсэн бөгөөд тэд нар хөзөр тоглоцгоосон. Тэгээд Ж.Нацагдорж, Доржпүрэв, Д.Төмөрбаатар нар гарахдаа манай гэрлийг хөндийрүүлээд унтраачихсан. Тэгтэл гэнэт Төмөрбаатар ах бахираад намайг хэн дүрчихвээ гэхээр нь би гэрээс гүйгээд гарсан чинь Чинбат нь яанаа би Төмөрбаатар ахыг дүрчихлээ гэсэн. Тэгээд тэд нар Төмөрбаатарын гэрээр нь дамжаад Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг, / хх-н 16 х / 

 

6. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 197 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Төмөрбаатарын биед цээжний баруун талд хутгалж 9-10 дугаар хавирганы завсраар нэвтэрсэн шарх, элэгний баруун хэсэгт цусан хураа, элэгний баруун сигментэд нэвтэрсэн шарх, бага аарцагны хөндийн шингэн хуралт, цөсний гадна хальсны цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх зэрэг хүнд гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Дээрх  гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. / хх-н 44-45 х /

 

7. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг  / хх-н 6-9 х /

 

8. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тодорхойлолт / хх-н 24 х /

 

9. Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт / хх-н 26-42 х /

 

10. Ч.Чинбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 57 х/ 

 

11. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 27-ны өдрийн тодорхойлолт / хх-н 62 х /...зэрэг болно. 

 

Шүүгдэгч Ч.Чинбат нь согтуурсан үедээ 2016 оны 04 сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Сүүж гэдэг газар нутаглах өөрийн гэртээ хохирогч Д.Төмөрбаатарын цээжний баруун талд хутгалж 9-10 дугаар хавирганы завсраар нэвтэрсэн шарх, элэгний баруун хэсэгт цусан хураа, элэгний баруун сигментэд нэвтэрсэн шарх, бага аарцагны хөндийн шингэн хуралт, цөсний гадна хальсны цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх зэрэг хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чинбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Төмөрбаатар, гэрч Б.Доржготов, Ж.Нацагдорж, Д.Баярмаа нарын мэдүүлгүүд, Мөнххаан сумын ЭМТ-ийн их эмч Б.Энхмаагийн тодорхойлолт, 197 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл Ч.Чинбат нь гэрийн гэрэл унтарсан харанхуй байхад гаднаас машины аккумлятор авахаар хутга барин гарахдаа гэрийн хаалгыг хутгатай гараараа түлхэж өмнө гэрээс гарсан Д.Төмөрбаатарын цээжний баруун талаас хутгалсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд түүнийг болгоомжгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Учир нь хэргийн баримтаас үзэхэд тухайн үед шүүгдэгч Ч.Чинбат хохирогч Д.Төмөрбаатар нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй, өмнө нь тэдгээрийн хооронд хувийн таарамжгүй харилцаа байгаагүй, Ч.Чинбатын хувьд хохирогчийг санаатай хутгалах шалтаг шалтгаан үүсээгүй болохыг хохирогч болон хамт байсан гэрчүүд мэдүүлэх ба Ч.Чинбат нь гэрээс хутга барьж гарахдаа харанхуй орчинд өөрт болон бусад гэмтэл учруулж болзошгүй гэдгийг урьдчилан мэдэх ёстой /боломжтой/ байсан боловч мэдэлгүйгээр уг үйлдэлдээ хайхрамжгүй хандаж хохирогч Д.Төмөрбаатарыг хутгалжээ. Энэ нь шүүгдэгч Ч.Чинбатын “Гэрийн гадаа байсан аккумлятороо авах гээд гэрийн баруун урд талаас хутга авсан. Хаалгаа ширүүн нээхдээ гар халтираад л хутгалчихсан. Би баруун гараараа бүх зүйлээ хийдэг. Баруун гартаа хутгыг барьж байгаад хутгатай гараараа хаалгыг түлхсэн “ гэх, хохирогч Д.Төмөрбаатарын “ тухайн үед гэрэл, аккумлятор нь суучихаад гэрийнхээ гадаа байсан өөрийнхөө портер машины аккумляторын хүлээсийг тайлах гээд харанхуйд хутга барьж гарах гэж байгаад Ч.Чинбат болгоомжгүй намайг хатгасан “ гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.

 

Шүүгдэгч Ч.Чинбатад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Ч.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Чинбатад ял оногдуулахад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Ч.Чинбат нь тухайн орой 2 шил архийг бусадтай хувааж уусан, согтуурсан байснаа хүлээн зөвшөөрөх ба энэ хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Чинбат хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогчид учирсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, хохирогч Д.Төмөрбаатар эдгэрч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэрэг тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн түүнд оногдуулах хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

          Шүүгдэгч Ч.Чинбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид учирсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Төмөрбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 22.5 см, хүрэн өнгийн модон бариултай, ажлын хэсэг 12 см-ийн урттай шовх үзүүртэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгана. 

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Орлой овогт Чалхаагийн Чинбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Ч.Чинбатыг 1 / нэг / жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Ч.Чинбатад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан  ялтан Ч.Чинбатад  оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялыг тэнсэж  1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Чинбатад хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 22.5 см, хүрэн өнгийн модон бариултай, ажлын хэсэг 12 см-ийн урттай шовх үзүүртэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

            7. Ялтан Ч.Чинбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид учирсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Төмөрбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

      

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Чинбатад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН