Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

 

 

                                   

 

“Эм Жи Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00122 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 068 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, догодлыг арилгахад гарсан зардал болох 26 046 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.Шинэбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнхбат

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Одонжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дижитал бүтээц” ХХК-тай БУХ-09/21 тоот дулаалгатай бохир усны хуванцар хоолой нийлүүлэх 58 030 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Ингээд 300 мм дулаалгатай хуванцар хоолой, жийргэвч, цавууны хамт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу урьдчилгаа 50 хувь болох 29 015 000 төгрөгийг хүлээж авсан.

Захиалагч тал нь гэрээний 4.3-т заасны дагуу үлдэгдэл 50 хувийг худалдагч талд бүрэн төлөх үүрэгтэй байсан. Гэвч “Дижитал бүтээц” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө өгөөгүй байсан тул төлбөр шаардаж албан бичиг явуулсан. Уг албан бичгийн хариуд резин жийргэвчид асуудал байгаа учраас шийдвэрлэж өгнө үү гэсэн байсан тул дахин 130 ширхэг резин жийргэвч болон фасад хөөсөнцөрүүдийг үйлдвэрээс нь авчирч нийлүүлсэн. Мөн захиалагч талын гомдлын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр комисс томилогдон үйлдвэрийн дефекттэй 30 м хоолой, жийргэвч 60 ширхэг, 200 л цавуу зэрэг бараа материалуудыг эргүүлэн авахаар тохиролцон акт үйлдсэн. Мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр талууд байлцан хуралдсаны эцэст нийт 4 947 000 төгрөгийн үлдэгдэл 50 хувь болох 29 015 000 төгрөгөөс хасч, нийт 24 068 000 төгрөгийг 2015 онд багтаан тушаахаар болсон бөгөөд дахин 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хуралдан тухайн сардаа төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцоод төлөөгүй тохиолдолд 24 068 000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцохоор болсон. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 24 068 000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 320 хоногийн алданги 7 701 760 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагчийн хүнд байгааг ойлгож байгаа учир алдангиасаа татгалзан, үндсэн гэрээний төлбөр болох 24 068 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Дижитал бүтээц” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх “Эм Жи Ди” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барилгын гадна талбайд хоолойнууд буусан бөгөөд хүйтний улирал эхэлж байсан учир ажлаа шууд эхэлсэн. Ингээд 300 метр урт шугам угсралтын ажил хийгээд явж байтал хоолойд хөрсний ус нэвчиж байгааг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажигласан, ингээд хаагуур нь нэвчиж байгааг мэдэх боломжгүй байсан учир захиалагч тал болох “Нью тур” ХХК-ийн ерөнхий инженер К.Мурат ажлыг зогсоож, дээрх хоолойг хуулуулсан.

Энэ үед бохирын хоолойн резин жийргэвч нь стандартын шаардлага хангахгүйн улмаас шугам хоолойн резин жийргэвчээр хөрсний ус нэвчин орж байгааг мэдээд “Эм Жи Ди” ХХК-ийн менежер Б.Адилыг дуудаж асуусан. Мөн бид цавууг ашиглаж чадахгүй байсан учир зааврыг нь ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй. Ингээд бид резин жийргэвч нь стандарт шаардлагын дагуу 2 мм өндөр байх шаардлагыг тавьж захиалсан боловч өмнөхтэйгээ ижил резин жийргэвчийг авчирч өгсөн. Бид нэг хоолойн аманд 2 ширхэг резин жийргэвч тавьж, шугам угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн. Тухайн үед уулын усны түвшин буурсан байсан учраас хоолойд хөрсний ус нэвчилт ажиглагдаагүй. Гэвч захиалагч өмнө нь хөрсний ус нэвчилт ажиглагдсан, усны түвшин дээшлэх үед шалгаж хүлээж авна гээд хойшлуулсан. Хавар болоод уулын усны түвшин ихсэхэд дахин хоолойгоор ус нэвчиж эхэлсэн.

Үүний улмаас захиалагч тал болох “Нью тур” ХХК нь шугам угсралтын ажлыг хүлээн аваагүй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Усан хангамж бохир ус, татуургын гадна шугам сүлжээ, түүний барилга байгууламж БНБД 3.05.04-90 барилгын норм ба дүрэмд бохир ус зайлуулах дернажийн системд зориулсан өндөр нягттай полиэтилэн хуванцар хоолой холбох хэрэгсэл дагуу бохир усны хоолой ба холболт нь гаднаас хөрсний усны нэвчилт байх ёсгүй гэж заасан байдаг. Гэтэл нийлүүлсэн бараа нь энэ стандартад нийцээгүйн улмаас ажил гүйцэтгэлийн явцад хүндрэл гарч, цаг хугацаа алдахад хүргэсэн төдийгүй нэмэлт зардлууд их гарахад хүргэсэн. Нэхэмжлэгч нь дулаалгатай бохир усны 300 мм бохир усны хуванцар хоолой, холбох хэрэгслүүдийн хамт худалдах, худалдан авах гэрээний 2.1-д заасны дагуу гэмтэл согог арилгах үүргээ “Эм Жи Ди” ХХК биелүүлээгүйгээс үүдэлтэй хохирол, холбогдох зардлыг бараа материалын үнийн дүнгээс суутгах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Дижитал бүтээц” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Шугам хоолойг угсрах ажлын явцад бохирын хоолойн резин жийргэвч нь стандартын шаардлага хангахгүйн улмаас шугам хоолойн залгаасаар хөрсний ус нэвчиж байгааг мэдээд “Эм ЖиДи” ХХК-ийн менежер Б.Адилд удаа дараа утсаар мэдэгдэж, зохих хүмүүсийг дуудаж газар дээр нь бодит байдлыг үзүүлэх гэсэн боловч хэн ч ирээгүй. Ийнхүү бид тухайн үед гарсан зардал, хохирлын талаар нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17, 12 дугаар сарын 16-ны өдрийн 22 тоот албан бичгүүдээр гарсан зардлын тооцооллыг фото зургийн хамт баримтжуулан хүргүүлсэн. Манай ажлын захиалагч тал болох “Нью тур” ХХК ажлаа үргэлжлүүлэхийг шаардсан учир БУХ-55 худгаас БУХ-63 худгийн хооронд 445 м газар нэг хоолойн аманд 2 ширхэг резин жийргэвч давхарлан тавьж шугам угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн ба тухайн үед хөрсний усны түвшин доошилсон байсан учраас хөрсний усны нэвчилт ажиглагдаагүй.

Шугам угсралтын ажлыг хийлгэсэн “Нью тур” ХХК нь хөрсний усны нэвчилт ажиглагдсан тул хүлээн авах ажлыг хөрсний усны төвшин дээшлэх үед шалгаж авна гээд хойшлуулсан. Энэ үед “Эм Жи Ди” ХХК манайхаас төлбөрөө нэхэж, манайд учирсан хохирлын зарим хэсгийг зөвшөөрч 4 947 000 төгрөгийн хасалтыг манай төлөх ёстой төлбөрөөс хасахаар зөвшөөрч, бусад зардал, хохирлыг зөвшөөрөхгүй гэж уурлан хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Ингээд хавар болоход дахин шугам хоолойгоор хөрсний ус нэвчсэн байсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Усан хангамж, бохир ус татуургын гадна шугам сүлжээ, түүний барилга байгууламж БНБД 3.05.04-90 барилгын норм ба дүрэмд Бохир ус зайлуулах дернажийн системд зориулсан өндөр нягттай полиэтилэн хуванцар хоолой, холбох хэрэгсэл дагуу бохир усны хоолой ба холболт нь гаднаас хөрсний усны нэвчилт байх ёсгүй гэсэн заалт байдаг.

Гэтэл нийлүүлсэн бүтээгдэхүүн нь энэ стандартад нийцээгүйн улмаас ажил гүйцэтгэлийн явцад хүндрэл бий болгож, цаг хугацаа алдахад хүргэсэн төдийгүй нэмэлт зардал ихээр гарахад хүргэж, өнөөдрийг хүртэл бид ажлаа хүлээлгэн өгч чадахгүй, их хэмжээний хохирол хүлээгээд байна.

Бид хөрсний усны нэвчилтийг зогсоох тал дээр өөрсдийн зүгээс боломжит арга хэмжээг авсан ба үүнтэй холбогдуулан ажлын төсөвт тусгагдаагүй их хэмжээний зардлууд гарсан тухай нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. Дулаалгатай бохир усны HDPE 300 мм бохир усны хуванцар хоолой, холбох хэрэгслүүдийн хамт худалдах, худалдан авах БУХ-09/21 тоот гэрээний 2.1-д заасан үүргээ нэхэмжлэгч тал зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэлтэй манай компанид учруулсан хохирол, холбогдох зардлыг “Эм Жи Ди” ХХК төлж барагдуулах ёстой гэж үзэж байгаа тул тус компаниас 26 046 200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бид гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барааг “Дижитал бүтээц” ХХК-ийн талбайн инженер Ч.Мөнхбатад хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Хариуцагч тал гэрээний дагуу 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэх 50 хувь болох 29 015 000 төгрөгөө төлөх ёстой байсан боловч 11 дүгээр сарын 11-ний байдлаар төлөөгүй учир манайх мэдэгдэл хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд үүнд 102 м хоолой 7 300 000 төгрөг, холбогч муфт 1 680 000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс суутган 19 000 000 төгрөг төлөхөөр хариу ирүүлсэн. Манай компани уг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул ахин газар дээр манай компанийн худалдааны менежер Б.Адил, нягтлан бодогч Т.Болормаа, менежер Ц.Атарболд, “Дижитал бүтээц” ХХК-ийн инженер Ч.Мөнхбат, А.Нямпил нарын комисс ажиллан гологдолтой 30 м хоолойг буцааж авахаар акт үйлдэн гарын үсэг зурсан. Энэ актын дагуу “Дижитал бүтээц” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Энхтуяа, манай компанийн менежер Б.Адил бид нар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдан 4 947 000 төгрөгийн хасалт хийж 24 068 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцон гарын үсэг зурсан. Гэвч уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас “Дижитал бүтээц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талбайн инженер Ц.Мөнхбаттай дахин тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж 2016 оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон. Эднийх уг шугам хоолойг технологийн дагуу хийгээгүй, шугам хоолойн холболттой холбоотой гарсан зардлаа манайхаар төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-иас 24 068 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-д олгож, хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-ийн, нэхэмжлэгчээс доголдлыг арилгахад гаргасан зардалд 26 046 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316 800 төгрөгийг, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 288 181 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 278 290 төгрөг гаргуулан “Эм Жи Ди” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “...2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдагчаас нийлүүлсэн барааг хүлээн авах үед дулаалгатай хоолойг холбогч хэрэгслийн хамт тоолон хүлээн авсан. Гэвч дулаалгатай хоолой болон холбогч хэрэгсэл нь жирийн хүний нүдээр харахад доголдолтой болохыг мэдэх боломжгүй бөгөөд зөвхөн хоолойн холболтыг холбогч хэрэгслийн хамт суурилуулан хийсний дараа нэвчилт хийгдэж байгаа эсэхийг шалгаснаар хэлэх боломжтой юм. ...Ингээд хоолой хуулсан зардал болон хэрэглэж болохгүй болсон хоолой, холбох хэрэгслийн тооцог бодоод “Эм Жи Ди” ХХК-д мэдэгдэхэд 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэсэн. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 2.1-т “...энэхүү гэрээний нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан барааг нийлүүлж, гэмтэл согог арилгах үүрэг хариуцлагыг хүлээж байна” гэж заасан бөгөөд нийлүүлсэн барааны доголдлыг арилгах үүргээ ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн гэрээний 2.2-т заасан тохиролцсоны  дагуу гэмтэл согог арилгах үйлчилгээг худалдагч тал үзүүлээгүй төдийгүй бараа бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж чадаж байгаа эсэх тухай гэрчлэх гарах үүслийн бичиг баримтыг хүртэл хангаж өгөөгүй. Бид тухайн үед худалдан авагчийн үүргээ биелүүлж нэн даруй доголдол илэрмэгц мэдэгдэж, зардлын тооцоог хүргүүлэх ажлыг хийсэн бөгөөд төлбөр тооцоог харилцан ойлголцох байдлаар хийж чадаагүй зөвхөн худалдагчийн зөвшөөрсөн хэмжээнд тохирч чадсан. Гэвч гэрээний дагуу бид хохирол зардлаа үлдэгдэл төлбөрөөс суутгах эрхтэй гэж үзэж байна. Доголдолтой барааны үнийн төлбөрийн тал дээр талууд маргаантай байсан нь уулзалт тэмдэглэлээс харагдах боловч энэ нь гэрээ дүгнэсэн эцсийн акт биш төдийгүй үнийн дүнгийн маргаантай байсныг гэрчилнэ. ...2016 оны 06 дугаар сард хөрсний ус дээшлэх үед дахин нэвчилт илэрсэн.

....Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай. Учир нь доголдолтой бараа, бүтээгдэхүүний талаар анхнаасаа худалдагч талд мэдэгдэж, маргаж байсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан догодлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлагаа гаргах эрхээ зөвхөн шүүхээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэхгүй байгаа бөгөөд бид нийлүүлэгч талд гомдлоо илэрхийлээд төлбөрийг төлөхгүй буюу зардалдаа суутгах тухай мэдэгдээд явсан. Анхан шатны шүүх энэхүү заалтыг хэрэглэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь энэхүү гомдлын шаардлага гаргах эрх нь зөвхөн шүүхийн журмаар гомдлын шаардлага гаргах эрхийг заасан биш талууд хооронд гомдол гаргах, шаардах эрхийг хамруулан хуульчилсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтаар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаатай, шудрага ёс бодит болсон нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх дүгнэсэн бөгөөд 2016 оны 06 дугаар сард илрүүлсэн ус нэвчилтээс хойш 6 сарын дотор бид сөрөг нэхэмжлэлийг гаргасныг зөв тооцож хараагүй байна. Мөн гэрч Энхээгийн мэдүүлэгт шугам хоолойг шалгаагүй гэж хэлээгүй бөгөөд шалгаж тавидаг, хөрсний усны нэвчилт байсан болохоор байгаль өөрөө шалгачихсан гэж хэлснийг нотлох баримтаар үнэлж үзээгүй ба шалгалт хийгээгүй хэмээн илт нэг талыг барьж шийдвэрт тусгасан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд тэмдэгтийн хураамжид төлсөн 288 182 төгрөгийг улсын орлогод үлдээсэн нь хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

.

Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК нь хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 769 760 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 24 068 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс доголдлыг арилгахад гарсан зардал болох 26 046 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр БУХ-09/21 дугаартай “8 kN/m 300 мм-ийн дулаалгатай бохирын хуванцар хоолой холбох хэрэгслүүдийн хамт худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч нь нэр төрлийн барааг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны дотор нийлүүлэхээр, захиалагч нь гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 50 хувийн төлбөр болох 29 015 000 төгрөгийг, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш 3 хоногт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-10-12/

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Уг гэрээний дагуу хариуцагч тал 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16 015 000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нь 13 000 000 төгрөг, нийт 29 015 000 төгрөгийг “Эм Жи Ди” ХХК-д шилжүүлж, нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бохирын хуванцар хоолойг холбох хэрэгслийн хамт хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-д хүлээлгэн өгсөн, улмаар зохигчид 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хурал хийж, БУХ-09/21 гэрээний үлдэгдэл төлбөр болох 29 015 000 төгрөгөөс доголдолтой эд хөрөнгийн үнийг буюу 4 947 000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 24 068 000 төгрөгийн 50 хувийг хариуцагч “Дижитал бүтээц” ХХК нь 2015 онд багтаан төлөхөөр, мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талууд дахин хуралдаж, хариуцагч нь 24 068 000 төгрөгөөс 14 000 000 төгрөгийг мөн сарын 15-ны дотор, үлдэх 10 068 000 төгрөгийг мөн сарын 30-ны дотор тус тус төлөхөөр, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд “Дижитал бүтээц” ХХК, бараа анх хүлээж авсан өдрөөс хойшхи хугацаанд 24 068 000 төгрөгийн хүүг өдрийн 0.1 хувиар тооцож барагдуулахаар харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-13-16, 17/

 

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний нэг тал болох нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн өгсөн барааны үнийг төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Гэрээний худалдан авагч тал доголдлын талаар шаардлага гаргаж, уг шаардлагыг худалдагч тал хүлээн зөвшөөрч доголдлыг арилгахтай холбоотой үйлдэл хийсэн байхад Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг үндэслэн гомдол гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь буруу, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Зохигчдын тайлбараас харахад хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдагчаас нийлүүлсэн барааг хүлээн авч, бохирын шугам хоолойны угсралтын ажил хийж байхдаа шугам хоолойны дагалдах хэрэгсэл болох резин жийргэвчийн доголдлын талаар мэдэж энэ тухай “Эм Жи Ди” ХХК-д мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь 130 ширхэг резин жийргэвч шинээр дахин нийлүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 132-134/

 

Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэгтэй гэж заажээ.

 

Талуудын хэн алины тайлбараар “Дижитал бүтээц” ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх хүрээндээ нэхэмжлэгч байгууллагаас эд хөрөнгө худалдаж авсан, хариуцагч нь сантехникийн угсралтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгч болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар өөрийн үйл ажиллагаатайгаа холбоотой эд хөрөнгө худалдан авч байгаа тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалгаж авах үүрэгтэй байсан гэж үзнэ. Иймд уг эд хөрөнгө доголдолтой байсан ч үүнтэй холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч буюу худалдагчийн зүгээс доголдолтой эд хөрөнгө өгч байсан нь хариуцагч буюу худалдан авагчийн доголдолтой холбоотой гаргасан зардлыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Мөн талууд гэрээндээ нийлүүлэх барааны стандарт, чанарын талаар заагаагүйн гадна нэхэмжлэгчийн, доголдлыг арилгах зорилгоор гэрээний зүйлийн доголдолтой хэсгээр адил чанарын 130 ширхэг резин жийргэвч өгснийг хүлээн авч, ажлаа үргэлжлүүлэн шугам хоолой угсрах ажлыг дуусгасан байдаг.

 

Иймд хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгахтай холбоотой гаргасан зардлаа төлүүлэхээр шаардлага гаргах эрхгүй гэж үзэв.

 

Хэдийгээр  анхан шатны шүүх хариуцагчийн шаардлага гаргах эрхээ алдсан үндэслэлийн талаар хууль хэрэглээний хувьд оновчгүй дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй талаар шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг зөв баримталсан тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН