| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2022/0014/э |
| Дугаар | 2022/ШЦТ/22 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Ю нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Б-ын Ю-д холбогдох эрүүгийн 2235000000016 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ын Ю, 1980 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл нэг, Увс аймгийн Тэс сумын есдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ю нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс сумын зургаадугаар багийн нутаг 344 тоотод хохирогч Ц.Г-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000000016 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Хэргийн газрын үзлэг хийсэн “Үзлэг хийж буй газар нь Тэс сумын зургаадугаар багийн 344 тоот гэх хаягтай бор өнгийн хаалгатай хашаа байх бөгөөд хашаанд ороход цагаан өнгийн байшин, монгол гэр байв. ...Оролцогч Ц.С нь уг архины шилээр Б.Ю нь миний нөхөр Ц.Г-ийн толгой руу цохисон гэж заасан тул уг архины шилийг хураан авч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас),
- 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай “...хэргийн газрын үзлэгээр Б.Гийн толгой хэсэгт цохисон гэх Соёрхол нэртэй 0.5 литрийн архины шилийг хойшлуулшгүйгээр хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан байна. ...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 15 минутаас 09 цаг 46 минутын хооронд прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан хураан авах мөрдөн шалгах ажиллагааг, нотлох баримтыг хүчинтэй тооцсугай” гэх прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
- Ц.Г, Б.Ю нарын согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
- Эд мөрийн баримтаар тооцох тухай “Соёрхол нэртэй 0.5 литрийн архины шил нэг ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
- Ц.Г-ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
- Ц.Гээс хохирогчоор мэдүүлэг авсан “Тэс сумын есдүгээр багийн иргэн Баатарын Ю гэх залуу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед манай гэрт ирсэн. Б.Ю Соёрхол нэртэй 0.75 литрийн архитай ирж, уг архийг бид хоёр хувааж ууж дуусгаад би Соёрхол нэртэй 0.5 литрийн архи задалж ууж байгаад 00 цагийн үед бид хоёр амарсан. 2021 оны 12 дугаар сарын24-ний 07 цагийн үед би галынхаа дээд талд суугаад ууж байгаад үлдээсэн 0.5 литрийн архиа урдаа тавьчхаад Б.Ю-тай 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр болсон сонгуулийн талаар ярилцаж “чи найз гэчхээд намайг унагаах гэж миний эсрэг ажилласан” гэж хэлээд сууж байхад Б.Ю нь орноосоо босож ирээд баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадахад би баруун гар тал руугаа доошоо харж унасан. Би дээшээ босох гэж байхад Б.Ю нь газар байсан 0.5 литрийн архины шил авч миний дагз хэсэг рүү нэг удаа цохиход толгой хагарч их хэмжээний цус гарч эхэлсэн. Манай эхнэр Ц.С босож ирж Б.Ю-гийн гараас архины шилийг нь булааж авсан. Би дахин дээшээ босох гэж байхад Б.Ю нь миний эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
- Ц.Н-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Б.Ю нь орноосоо босож ирээд баруун гараараа Ц.Гийн зүүн хацар луу нэг удаа алгадахад баруун гар тал руугаа доошоо харж унасан. Би Б.Юд хандаж “чи одоо яаж байгаа юм бэ? Зүгээр байж байгаад хүн алгадаад” гэж хэлсэн. Ц.Г нь дээшээ босох гэж байхад Б.Ю газар байсан 0.5 литрийн архины шил авч дагз хэсэг рүү нь нэг удаа цохиход тэр доошоо харж унасан ба толгойноос нь их хэмжээний цус гарч эхэлсэн. Ц.Гийн эхнэр Ц.С босож ирж Б.Ю-гийн гараас архины шилийг нь булааж авсан. Би Ц.Гийн толгойны цусыг 00-ын цаасаар дарж дээшээ нь татаж босгосон. Энэ хооронд Б.Ю нь Ц.Г-ийн эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
- Ц.С-гаас гэрчээр мэдүүлэг авсан “...Ц.Г ...Б.Юд хандаж “намайг 9 дүгээр багийн иргэдийн хурлын дарга болоход чи надад саналаа өгөөгүй. Чи тэгэхэд надад муухай зан гаргасан даа намайг унагаах гэж миний эсрэг ажилласан” гэж хэлээд сууж байхад Б.Ю нь орноосоо босож ирээд баруун гараараа Ц.Гийн зүүн хацар луу нэг удаа алгадахад баруун гар тал руугаа доошоо харж унасан. Ц.Г нь дээшээ босох гэж байхад Б.Ю нь газар байсан 0.5 литрийн архины шил авч дагз хэсэг рүү нэг удаа цохиход тэр доошоо харж унасан ба толгойноос нь их хэмжээний цус гарч эхлэхэд би босож Б.Ю-гийн гарт байсан “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архины шилийг булааж авч газар тавьсан. ...Б.Ю нь Ц.Г-ийн эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
- Б.О-гээс гэрчээр мэдүүлэг авсан “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүргэн ах болох Ц.Г-ийн гэрт очиж хоносон. ...07 цагийн үед хүмүүсийн чанга дуунаар сэрээд харахад Ц.Г ахын толгойноос их хэмжээний цус гарч Ц.Н эгч 00-ын цаасаар цусыг нь дарж байсан. Ц.С эгч “Б.Ю архины шилээр Ц.Г-ийн толгой руу цохиод толгойг нь хагалчихлаа” гэж хэлж байсан.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 28 дугаартай “Үзүүлэгч Ц.Г-ийн биед дагзны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дагзны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас) шинжлэн судалсан байна.
Шүүгдэгч Б.Ю нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Хохирогч Ц.Г-ийн “...баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадахад би баруун гар тал руугаа доошоо харж унасан. Би дээшээ босох гэж байхад Б.Ю нь газар байсан 0.5 литрийн архины шил авч миний дагз хэсэг рүү нэг удаа цохиход толгой хагарч их хэмжээний цус гарч эхэлсэн. Миний эхнэр Ц.С босож ирээд Б.Ю-гийн гараас архины шилийг нь булааж авсан. Би дахин дээшээ босох гэж байхад Б.Ю нь миний эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас), гэрч Ц.Н-гийн “...Ц.Г-ийн зүүн хацар луу нэг удаа алгадахад баруун гар тал руугаа доошоо харж унасан. ...Ц.Г нь дээшээ босох гэж байхад Б.Ю газар байсан 0.5 литрийн архины шил авч дагз хэсэг рүү нэг удаа цохиход тэр доошоо харж унасан. ...Энэ хооронд Б.Ю нь Ц.Гийн эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), гэрч Ц.С-гийн “...Б.Ю нь орноосоо босож ирээд баруун гараараа Ц.Г-ийн зүүн хацар луу нэг удаа алгадахад баруун гар тал руугаа доошоо харж унасан. Ц.Г нь дээшээ босох гэж байхад Б.Ю нь газар байсан 0.5 литрийн архины шил авч дагз хэсэг рүү нэг удаа цохиход тэр доошоо харж унасан. ...Б.Ю нь Ц.Гийн эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас), гэрч Б.О-гийн “...Ц.С эгч “Б.Ю архины шилээр Ц.Г-ийн толгой руу цохиод толгойг нь хагалчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Тэс сумын зургаадугаар багийн 344 тоотод шүүгдэгч Б.Ю, хохирогч Ц.Г нар архидан согтуурсны улмаас үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шүүгдэгч нь хохирогчийн зүүн хацар луу нэг удаа алгадаж, Соёрхол гэх 0.5 литрийн архины шилээр дагз хэсэг рүү нь нэг удаа цохиж, мөн эрүү хэсэгт нь нэг удаа өшиглөсөн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ю хохирогч Ц.Г-ийн зүүн хацар луу алгадаж, эрүү рүү өшиглөж, дагз хэсэгт архины шилээр цохисны улмаас хохирогчийн дагзны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл учирсан байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 28 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас) тогтоогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ю нь хохирогчтой маргалдах явцдаа биед нь гурван удаагийн үйлдлээр буюу цохих, өшиглөх зэргээр санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ю-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Г “...Б.Ю надаас уучлалт гуйж надад учирсан хохирлыг барагдуулж 1’200’000 төгрөг бэлнээр өгсөн тул надад одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл байхгүй” (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас) гэх мэдүүлэг өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Ю Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Ю-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.Д-ын “...Б.Ю нь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг шударга зантай хүн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), гэрч Б.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), Увс аймгийн Тэс сумын Цагаан толгой багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ю нь ганцаараа нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Б.Ю-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ю нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн архины (нэг ширхэг) шилийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын Ю-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ю-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ю нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ю нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн архины (нэг ширхэг) шилийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА