Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Б-гийн А-т холбогдох эрүүгийн 2135000000207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Т ургийн овогт Б-гийн А, 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй 29 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Улаан үзүүр гэх газраас машин механизм буюу улсын дугааргүй Нүүдэлчин загварын мотоцикл ашиглаж хохирогч Б.Э-ийн нэг тооны гүүг хулгайлж 900’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135000000207 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Нүүдэлчин загварын улсын дугааргүй мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

- Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Нүүдэлчин загварын улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

- Шүүгдэгч Б.А-аас хураан авсан суран бугуйлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- Б.Э-ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

- Б.Э-ээс хохирогчоор мэдүүлэг авсан “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаан үзүүр багийн худаг дээр очиход манай адуунууд ус уухаар ирчихсэн байсан. Би адуугаа усалж байгаад бүртгэж үзэхэд хонгор зүсмийн зургаан настай, буруу гуяндаа босоо дэгрээ тамгатай нэг тооны гүү байхгүй байсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Мөн хохирогчоор дахин мэдүүлэг авсан “Надад хайх зардалд болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцох зардалд нийт 210’000 төгрөгийн хохирол учирсан. Мөн нэг тооны гүүг 1’800’000 төгрөгөөр үнэлж байна. ...Би хайсан зардал болон адууны үнийг нэхэмжилж байна. Миний нэг тооны гүүг хулгайлсны дараа ирж уулзаагүй, хохирол нөхөн төлөөгүй тул би гомдолтой байна.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

- Л.О-ээс гэрчээр мэдүүлэг авсан “Би Увс аймгийн Наранбулаг сумын нэгдүгээр багт дөрвөн хүүхдээ хараад гэртээ байдаг, манай нөхөр Б.А нь хөдөө Улаан үзүүр багт отроор малаа хариулж амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хүргэний аав “Наранбулаг сум руу хүн хүргэхээр орж байна” гэж надтай утсаар ярьсан. Тэгээд шууд хөдөө явчихсан байсан бөгөөд намайг гэртээ байхад манай худ болох Л.Л нь 20 цагийн үед өөрийн цагаан өнгийн Пробокс загварын автомашинтайгаа хашааны гадаа ирээд “танай ээж сүү, мөн танай нөхөр Б.А 50’000 төгрөг өгч явууллаа” гээд надад өгсөн. Хоёроос гурван хоногийн дараа манай нөхөр Б.А ирэхээр нь би “чи надад 50’000 төгрөг Л.Л ахаар явуулсан байсан ямар учиртай мөнгө вэ” гэхэд “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Э ахын нэг тооны хонгор зүсмийн адууг би хулгайлаад дүү Б.Б-ын хамт гэрт нядалж, Л.Л ахыг Улаангомоос дуудаж мах, арьсыг нь зарсан” талаараа хэлсэн. Урьд Л.Л ахаас зээлсэн 500’000 төгрөг, адууны хаа, гуяны мах авсан 410’000 төгрөгийн өрөө бүгдийн дарж үлдсэн 250’000 төгрөгийг бэлнээр тоолж аваад 50’000 төгрөгийг Л.Л ахаар чамд хүргүүлсэн гэж хэлсэн” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),

- Л.Л-гээс гэрчээр мэдүүлэг авсан “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Наранбулаг сумаас худын хүү болох Б.А нь утсаар яриад “танд өгнө гэсэн нэг адуугаа гэртээ авч ирээд бэлдчихлээ, та ирээд авчих” гэхээр нь би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Пробокс загварын 45-70 УВА улсын дугаартай автомашинтай ганцаараа 15 цагийн үед Улаангом сумаас гарч Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутаг Улаан үзүүр гэх газарт байх Б.Аын гэрт 18 цагийн үед очсон. Б.А нь дүү Б.Б-той нэг адуу алаад махалж байсан юм. Би Б.А-аас 1’250’000 төгрөгөөр тооцож авахаар болоод урьд нь надаас зээлж авсан 500’000 төгрөгийг, адууны хаа, гуяны үнэ болох 410’000 төгрөгийг, бас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 100’000 төгрөг зээлж авсныг нь хасаж тооцоод бэлнээр 250’000 төгрөг Б.Ат өгсөн” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 29-30, 32 дугаар хуудас),

- 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд зургаан настай гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 900’000 (есөн зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),                                                                                                          

- 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаартай “2021 оны 12 дугаар сарын байдлаар Наранбулаг суманд Нүүдэлчин загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’271’900 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөг, хуучин эдэлж хэрэглэж байсан суран бугуйл 20’000 (хорин мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Л.Ц-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Б.А нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг, боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, уурладаггүй, мал маллахдаа сайн, ямар нэг муу зуршилгүй, хөдөлмөрч, хүнд тусархуу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

- Б.У-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...Б.А нь ууртай биш, төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, мал маллахдаа сайн, ажилсаг, тусархуу, ямар нэг муу зуршилгүй, хөдөлмөрч зантай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, хүмүүстэй боловсон харилцдаг, урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

- 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

- Шүүгдэгч Б.А-аас яллагдагчаар мэдүүлэг авсан “...Б.Л ахад өртэй байсан бөгөөд өрөө төлөх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус аймгийн Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах гэрээсээ яваад Шар толгойн онгорхой гэх нэртэй Наранбулаг сумын Улаан үзүүр багийн нутгаас халиун зүсмийн азаргатай адууг туугаад Хар үзүүр гэх газар айлын хашаанд хашиж байгаад ганцаараа өөрийн суран бугуйлаар хонгор зүсмийн нэг тооны гүүг барьж авсан. Би тухайн үед өөрийн улсын дугааргүй Нүүдэлчин загварын мотоциклтой явсан.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

- Шүүгдэгч Б.А-ын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг (хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Хохирогч Б.Э-ийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаан үзүүр багийн худаг дээр очиход манай адуунууд ус уухаар ирчихсэн байсан. Би адуугаа усалж байгаад бүртгэж үзэхэд хонгор зүсмийн зургаан настай, буруу гуяндаа босоо дэгрээ тамгатай нэг тооны гүү байхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас), гэрч Л.О-ийн “...манай нөхөр Б.А ирэхээр нь би “чи надад 50’000 төгрөг Л.Л ахаар явуулсан байсан ямар учиртай мөнгө вэ” гэхэд “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Э ахын нэг тооны хонгор зүсмийн адууг би хулгайлаад дүү Б.Б-ын хамт гэрт нядалж, Л.Л ахыг Улаангомоос дуудаж мах, арьсыг нь зарсан” талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас), гэрч Л.Л-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Наранбулаг сумаас худын хүү болох Б.А нь утсаар яриад “танд өгнө гэсэн нэг адуугаа гэртээ авч ирээд бэлдчихлээ, та ирээд авчих” гэхээр нь би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Пробокс загварын 45-70 УВА улсын дугаартай автомашинтай ганцаараа 15 цагийн үед Улаангом сумаас гарч Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутаг Улаан үзүүр гэх газарт байх Б.Аын гэрт 18 цагийн үед очсон. Б.А нь дүү Б.Б-той нэг адуу алаад махалж байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас) болон дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч Б.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Б.Л ахад өртэй байсан бөгөөд өрөө төлөх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус аймгийн Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах гэрээсээ яваад Шар толгойн онгорхой гэх нэртэй Наранбулаг сумын Улаан үзүүр багийн нутгаас халиун зүсмийн азаргатай адууг туугаад Хар үзүүр гэх газар айлын хашаанд хашиж байгаад ганцаараа өөрийн суран бугуйлаар хонгор зүсмийн нэг тооны гүүг барьж авсан. Би тухайн үед өөрийн улсын дугааргүй Нүүдэлчин загварын мотоциклтой явсан.” гэх (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас) мэдүүлгээр дараах үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь гэрч Л.Л-д өрөө төлөх зорилгоор буюу шунахайн сэдлээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Улаан үзүүр гэх газраас хохирогч Б.Э-ийн арван таван тооны адууг өөрийн эзэмшлийн Нүүдэлчин загварын улсын дугааргүй мотоциклоор тууж, хашиж байгаад хохирогчийн хонгор зүсмийн зургаан настай, буруу гуяндаа босоо дэгрээ тамгатай нэг тооны гүүг бугуйлдаж барьж авсан. Улмаар уг нэг тооны гүүг гэртээ авч ирж Д.Б-ын хамтаар нядалж, махыг нь гэрч Л.Л-д 1’250’000 төгрөгөөр тооцож зарсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Б.А-ын хохирогч Б.Э-ийн нэг тооны гүү буюу адууг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх цоолох зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна. Мөн хэсэгт заасан “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Тодруулбал шүүгдэгч Б.А нь Нүүдэлчин загварын улсын дугааргүй мотоциклийг хохирогчийн адууг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор ашигласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу Увс аймгийн Наранбулаг суманд 2021 оны 11 дүгээр сард зургаан настай гүү 900’000 (есөн зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй байсан болох нь шинжээчийн 326 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Э-ийн 6 настай гүүг нядалж зарсан тул адил төрөл, чанарын буюу зургаан настай гүүний үнэлгээгээр хохирлыг тооцох үндэслэлтэй. Иймд гэмт хэргийн улмаас хохирогчид 900’000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд “...Надад хайх зардалд болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцох зардалд нийт 210’000 төгрөгийн хохирол учирсан. Мөн нэг тооны гүүг 1’800’000 төгрөгөөр үнэлж байна. ...Би хайсан зардал болон адууны үнийг нэхэмжилж байна.” гэж (хавтаст хэргийн 17 дугаар хуудас) мэдүүлжээ.

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаартай дүгнэлттэй хохирогч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр танилцаад “үнэлгээ бага гарсан байна” гэж шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд бичсэн байх боловч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тодорхойгүй, дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, мөн өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “санал хүсэлт байхгүй” гэж бичсэн, хохирол, хор уршгийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирол, хор уршгийн талаарх хохирогчийн нэхэмжлэл нотлох баримтаар тогтоогдоогүй, шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаартай дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.А 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.Эийн Хаан банк дахь 5808120632 дугаарын данс руу 900’200 (есөн зуун мянга хоёр зуу) төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ. Иймд хохирогч Б.Эийн нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдоогүй 1’109’800 (нэг сая нэг зуун есөн мянга найман зуу) төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасны дагуу ...шүүгдэгч Б.А-аас 1’250’000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, мөн шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэх үедээ өөрийн эзэмшлийн 1’271’900 төгрөгийн үнэлгээ бүхий Нүүдэлчин загварын мотоциклийг жолоодож явсан, тухайн мотоциклийг улсын орлогод оруулах саналтай, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20’000 төгрөгийн үнэлгээ бүхий суран бугуйлын үнийг гаргуулж улсын орлогод оруулах, суран бугуйлыг шүүгдэгчид буцаан олгох” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.У-ийн “...Б.А нь ууртай биш, төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, мал маллахдаа сайн, тусархуу, ямар нэг муу зуршилгүй, хөдөлмөрч зантай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас), гэрч Л.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), шүүгдэгч Б.Аын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтуудаар шүүгдэгч Б.А эхнэр, дөрвөн хүүхдийн хамтаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогчийн хонгор зүсмийн зургаан настай гүүг нядалж гэрч Л.Л-д зарж 1’250’000 төгрөгийн орлого олсон, мөн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Нүүдэлчин загварын улсын дугааргүй мотоциклийг ашигласан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран бугуйлыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1’250’000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох 20’000 (хорин мянга) төгрөгийн үнэ бүхий суран бугуйлыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Нүүдэлчин загварын улсын дугааргүй 1’271’900 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөгийн үнэ бүхий мотоциклийг шүүгдэгч Б.Ааас тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Улсын яллагч “...Шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргасан учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аын эзэмшлийн Нүүдэлчин загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1’250’000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг,

- гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох 20’000 (хорин мянга) төгрөгийн үнэ бүхий суран бугуйлыг,

- гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Нүүдэлчин загварын улсын дугааргүй 1’271’900 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөгийн үнэ бүхий мотоциклийг шүүгдэгч Б.А-аас тус тус албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-ын эзэмшлийн Нүүдэлчин загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА