Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч О.Л************э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О************ийн Л************эд холбогдох эрүүгийн ************  дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч О.Л************э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 07-09 тоотод хохирогч З.Чоймпоролжав, Н.П************ нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Л************э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 07-09 тоотод хохирогч З.Чоймпоролжав, Н.П************ нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Л************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой ганцаараа Мөрөн сумын 8-р багт байрлах Эрдэнэс баранд очсон юм. Тэнд би бүжиглэж байгаад хальт гадаа нь гарч тамхи татаад зогсож байтал П************ гэх ахтай танилцсан юм. Тэгээд би ганцаараа яваад Турт гэх буудал руу орж найзуудтайгаа нэг шил архи, пиво хувааж уучхаад тэндээсээ би ганцаараа гараад 4 замын АНУ дэлгүүрийн үүднээс гэр лүүгээ харих гээд такси барих гэж байтал П************ гэх танилцсан ах ганцаараа явж байсан. Тэр ахыг би манайд очих уу гэж асуухад тэгье гэж хэлсэн тэгээд бид хоёр хамтдаа манай гэр буюу Мөрөн сумын 14-р баг 07-09 тоотод очсон. Манай гэрт өвөө З.Чоймпоролжав, Н.П************ ах бид гурав хоносон. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 сарын 24-ний өглөө бид гурав 0.75, 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи хоёр шилийг хувааж уусан. Тэр үед ээж Одонтуяа гаднаас ирсэн. Архи хэт их уусандаа Н.П************ ах бид хоёр жижиг зүйл дээр маргалдаж, хэрэлдэж эхэлсэн юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгээд би Н.П************ ахыг цээж рүү нь хүчтэй түлхтэл манай гэрийн орны доод талын шүүгээ рүү унасан. Унахдаа толгойгоороо мөргөчих шиг болсон, толгойноос нь цус шүүрээд байсан. Тэгээд Н.П************ ах эхнэр лүүгээ залгаад эхнэрээ дуудаад байсан би эхнэрийг нь ирэхийг хүлээж байгаад зах руу хүнтэй уулзахаар гараад явчихсан юм. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт өвөө, ээж хоёр байсан. Өвөө маань ээжийг янхан, банзал, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би өвөөд хандаж болиоч гэж хэлсэн. Тэгэхэд өвөө намайг чи муу гөлөг дуугүй бай гэж хэлсэн би бас уурандаа тэсэлгүй сууж байсан сандлаа өвөө рүү шидсэн. Тэгсэн өвөөгийн дух руу нь сандал оносон. Духнаас нь их цус гарсан. Хэн цагдаа дуудсаныг би мэдээгүй, удалгүй цагдаа нар орж ирээд намайг болон өвөөг аваад явсан. ...”  гэх мэдүүлэг,

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-08х),

Хохирогч З.Чоймпоролжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Уугаад байж байтал манай охин Одонтуяа гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд би орон дээрээ хэвтээд амарч байсан тэд нар дахин 1 шил архи аваад гэрийн үүдэнд тойрч суугаад хувааж уугаад байсан. Нэг мэдэхэд П************ гэх залуу байхгүй болсон.  Би зээ хүү Л************эд хандаж миний хүү согтоод байна шүү битгий согтоорой гэж орноосоо босоод шээх замдаа хэлтэл зээ хүү Л************э намайг модон сандлаар толгой руу минь цохиод чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд миний цээж, гар луу гараараа болон тохойгоороо цохиж, зодсон. Би шууд гэрээсээ гараад гэрийнхээ урд байдаг дэлгүүр лүү орж худалдагчид нь хандаж зээ хүү маань намайг зодоод байна цагдаа дуудаад өг гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-12-14х),

  Хохирогч Н.П************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чоймпоролжав гэх өвгөн, Лхагваа гэх залуу нарын хамт 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уугаад байж байтал Лхагваа гэх залуу миний толгой руу шууд модоор нэг удаа цохисон. Гэхдээ би яг юугаар цохисныг сайн хараагүй, цохиулаад миний нүд харанхуйлаад уначихсан. Миний хойд талд хөрөөдчихсөн бөөрөнхий мод байсан тэрүүгээр цохисон гэж би бодож байна. ... би ухаан санааны хувьд зүгээр байсан. Болсон явдлыг сайн санаж байна. Би ширээнийх нь ард сандал дээр суугаад байж байтал тэр Лхагваа гэх залуу модоор миний толгой руу араас цохисон, би цохиулаад хэсэг зуур ухаан балартсан, сэрэхэд би яг л ширээг дэрлэсэн байдалтай миний толгойноос цус гарч байсан. Тэгээд би шууд тэр айлаас гараад эхнэр лүүгээ ярьсан. ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.  ...” гэх мэдүүлэг (хх-18х),

Гэрч Б.Долгоррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 9-р хороонд хамаатныхаа айлд байж байтал 12 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу гар утсаар залгаад “намайг Мөрөн сумын 14 дүгээр баг 07-09 тоотод үл таних залуу толгой руу цохичихлоо гэж хэлээд дуудсан. Би яваад очиход толгойноос нь цус ихээр гарж, цустайгаа холилдчихсон хашааных нь гадаа зогсож байсан. Би тухайн айл руу ороод юу болсон талаар асуухад нэг үл таних эмэгтэй надад манай хүү модоор цохичхоод гараад явчихсан гэж хэлсэн. Тэр айлд тэр эмэгтэйтэй хамт нэг өвгөн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-22х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай:

  1. Н.П************ын биед зүүн зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. Н.П************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-33х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаартай:

  1. З.Чоймпоролжавын биед духанд шарх, цээжинд цус хуралт, баруун тохойнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн гэмтэл байх боломжтой.
  3. З.Чоймпоролжавын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-49х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-60х), шийтгэх тогтоолын хуулбар (хх-62-65х), Хуурайхан овогт О************ийн Л************ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-67х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-68х), Дэлгэрэнгүй лавлагаа иргэний мэдээлэл (хх-69х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч О.Л************э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 07-09 тоотод хохирогч З.Чоймпоролжав, Н.П************ нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч О.Л************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, 

      2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-08х),

      Хохирогч З.Чоймпоролжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-12-14х),

      Хохирогч Н.П************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-18х),

      Гэрч Б.Долгоррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-22х),

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт (хх-33х),

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт (хх-49х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Л************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч О.Л************э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч О.Л************э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч О.Л************э нь хохирогч З.Чоймпоролжав, Н.П************ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нар нь хохирол, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Л************ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-51х),

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Л************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч О.Л************э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрсэн,  хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч О.Л************э нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Хуурайхан овогт О************ийн Л************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О************ийн Л************ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Л************э нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Л************э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч О.Л************ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л************эд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН