Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 464

 

2017 оны 08 сарын 07 өдөр Дугаар 156/ШШ2017/00464 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00462/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Хустайн 03-09 тоотод оршин суух, Хүрлүүд овогт Дандаржамцын Ганлхагва /РД:СЕ571007/ -ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Ганлхагва, нарийн бичгийн дарга          Н.Болор-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Ганлхагва нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1978 онд цэргээс халагдаж ирээд 9 дүгээр сарын 10 өдрөөс тус оны 11 сарыг дуустал Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад зохиомол хээлтүүлэгчийн техникчээр ажилласан. Тэгээд 1979 оны 9 дүгээр сараас 1982 он хүртэл бригадын тоо бүртгэгчээр ажилласан. 1982 оны хавраас 1985 оныг дуустал 3 жилийн хугацаанд Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад мал тууварчнаар ажилласан. 1985 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд тус нэгдэлдээ суурийн ахлагч, малчнаар ажилласан. Одоо 60 нас хүрч тэтгэврээ тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр байхгүй, зарим тушаал шийдвэрүүд архиваас гарч ирээгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 

Иймд 1978 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18, 27, 29-30, 31, 33/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ганлхагва нь 1978 оны 9 дүгээр сарын 10 өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 15 өдрийг хүртэл хугацаанд Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад зохиомол хээлтүүлэгчийн техникчээр,  1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд нэгдлийн тоо бүртгэгч, мал тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Ганлхагва нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. 

 

Хүсэлт гаргагч Д.Ганлхагва нь 1978 оны 9 дүгээр сарын 10 өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 15 өдрийг хүртэл хугацаанд Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад зохиомол хээлтүүлэгчийн техникчээр,  1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд нэгдлийн тоо бүртгэгч, мал тууварчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд: Хэнтий аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх 4/, Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1978 оны 09 дүгээр сарын 07 өдрийн 62 дугаартай тушаал /хх 5/, 1979 оны 11 дүгээр сарын 05 өдрийн 113 дугаартай тушаал /хх 6/, 1980 оны 8 дугаар сарын 13 өдрийн 80 дугаартай тушаал /хх 7/, 1981 оны 11 дүгээр сарын 11 өдрийн 107 дугаартай тушаал /хх 8/, 1982 оны 7 дугаар сарын 28 өдрийн 64 дугаартай тушаал /хх 9/, 1985 оны 10 дугаар сарын 08 өдрийн 83 дугаартай тушаал /хх 12/, 1988 оны 10 дугаар сарын 20 өдрийн 86 дугаартай тушаал, хавсралт /хх 14-15/, 1988 оны 84 дугаартай тушаал, хавсралт /хх 16-17/, 1989 оны 9 дүгээр сарын 30 өдрийн 80 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх 18-19/, ажилд томилох тухай тушаал /хх 10/, гэрч Б.Гандиймаагийн мэдүүлэг /хх 27/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 29-30/, гэрч Ц.Цогийн мэдүүлэг /хх 31/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 33/ зэрэг болно.

Д.Ганлхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1978 оны 9 дүгээр сарын 10 өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 15 өдрийг хүртэл хугацаанд Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад зохиомол хээлтүүлгийн техникчээр,  1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд нэгдлийн тоо бүртгэгч, мал тууварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүрлүүд овогт Дандаржамцын Ганлхагва /РД:СЕ571007/ нь             1978 оны 9 дүгээр сарын 10 өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 15 өдрийг хүртэл хугацаанд Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад зохиомол хээлтүүлгийн техникчээр,  1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд нэгдлийн тоо бүртгэгч, мал тууварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1, 56 дугаар  зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Ганлхагвын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчид мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА