Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 465

 

2017 оны 08 сарын 07 өдөр Дугаар 156/ШШ2017/00465 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00427/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн С79-09 тоотод оршин суух, Боржигон овогт Очирын Алтанцэцэг /РД:СД67013109/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Алтанцэцэг болон нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1990 оны 12 дугаар сарын 01 өдөр Ордон хоршоонд үасал чимэглэлчээр 1 жил ажилласан. 1991 оны 01 дүгээр сарын 04 өдөр “Ордон” бүрэн бус хариуцлагатай компани болоход засал чимэглэлчнээр, 1995 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01 өдөр хүртэл няравын ажлыг түр орлон гүйцэтгэсэн. 1995 оны 06 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 07 дугар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд компани татан буугдаж ажлаас халагдсан. 

Одоо тэтгэвэрт гарах гэхээр орсон гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байгаа тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалаас ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн. 1995 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 07 дугар сарын 31 өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд миний 1990 оны 12 дугаар сарын 01 өдрөөс Ордон хоршоонд, 1991 оны 10 дугаар сарын 21 өдрөөс Ордон бүрэн бус хариуцлагатай ХХК-нд хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгосон өдөр буюу 1995 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр ажилласан байдлыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан /хх1/” гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 19, 20, 21, 22, 23, 24/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Алтанцэцэг нь 1990 оны 12 дугаар сарын 01 өдрөөс Ордон хоршоонд, 1991 оны 01 дүгээр сарын 04 өдөр хүртэл Ордон бүрэн бус хариуцлагатай ХХК-д засал чимэглэлчнээр, 1995 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 07 дугар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор О.Алтанцэцэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. 

 

Хүсэлт гаргагч О.Алтанцэцэг нь 1990 оны 12 дугаар сарын 01 өдрөөс Ордон хоршоонд, 1991 оны 10 дугаар сарын 21 өдрөөс Ордон бүрэн бус хариуцлагатай ХХК-нд хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгосон өдөр буюу 1995 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл тус тус засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд: Хэнтий аймгийн Архивын тасгийн тодохойлолт /хх 5/, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодохойлолтын хуулбар /хх 6/, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх 7/, №077446 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8/, 1996 оны 06 дугаар сарын №20 дугаартай урагшаа сонины хуулбар /хх 10, 11/, 1993 оноос 1997 оныг хүртэл хугацаанд Ордон бүрэн бус хариуцлагатай компанид жолоочоор ажиллаж байсан гэрч А.Баярсайханы мэдүүлэг /хх 19/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 21/, 1984 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан гэрч Ц.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх 22/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 24/ Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн тодорхойлолт /хх 34/ зэрэг болно.

О.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1990 оны 12 дугаар сарын 01 өдрөөс Ордон хоршоонд, 1991 оны 10 дугаар сарын 21 өдрөөс Ордон бүрэн бус хариуцлагатай ХХК-нд хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгосон өдөр буюу 1991 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл тус тус засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос Монгол улсад хэрэгжиж эхлэсэн ба түүнээс хойш иргэдийн ажиллаж байсан байдлыг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээр тооцох болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 07 дугар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Очирын Алтанцэцэг /РД: СД67013109/ нь 1990 оны 12 дугаар сарын 01 өдрөөс Ордон хоршоонд, 1991 оны 10 дугаар сарын 21 өдрөөс Ордон бүрэн бус хариуцлагатай ХХК-нд хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгосон өдөр буюу 1995 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл тус тус засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1, 56 дугаар  зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчид мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА