Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нийн Лд холбогдох эрүүгийн 2135000000087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х ургийн овогт Нийн Л, регистрийн дугаар: ОО77012770.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Л нь Увс аймгийн Давст сумын нэгдүгээр багийн нутгаас 2021 оны 4 дүгээр сарын 22-ны орой хохирогч П.Мын хоёр тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж 2,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000000087 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1-р хх-ийн 04-09-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг /1-р хх-ийн 10-11-р хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /1-р хх-ийн 20-р хуудас/, хохирогч П.Мын 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр болон 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 23-27, 29-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Бын өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 31-33-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.Мийн өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 35-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Нын өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 37-39-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Э.Цийн өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 41-43-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.Бын өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 48-49-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 09-ны өдөр гэрч Б.Мын өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 51-54-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай дүгнэлтийг /1-р хх-ийн 71-р хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг /1-р хх-ийн 161-163 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрч Д.Жгийн өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрч Н.Нийн өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 65 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрч Н.Жы өгсөн мэдүүлгийг /1-р хх-ийн 67 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай дүгнэлтийг /1-р хх-ийн 71-р хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болон  2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Н.Лгийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгүүдийг /1-р хх-ийн 88-89, 91-р хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг /1-р хх-ийн 108-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч П.М нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн өгсөн “2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ...миний төрсөн дүү П.Б Торхилог багийн Авсай гэх газарт манай нэг азарга адуу, 16 тооны ижилтэй адууг харсан юм. Манайх 2021 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдөр ямаа самнаад адуугаа дахин анзаарч хараагүй. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай аавын төрсөн дүү Түмэнбаяр утсаар залгаад танай им тамгатай адуу Торхилог багийн Хатуугийн адаг гэх газарт Увс нуурын хөвөөнд байна гэж ярьсан. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны орой Түмэнбаярын хүү Т.Мыг адуу руу явуулсан. Т.М над руу залгаад танай адуу мөн байна гэж хэлсэн. Т.М нь манай адууг өөрийнхөө гэрийн ойролцоо Торхилог багийн Худаг гэх газарт авч ирж хонуулсан. Тэгэхэд “15 тооны адуу байсан, танай хээр зүсмийн азарга байхгүй байсан” гэж хэлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний төрсөн дүү П.Б очиж авч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-27-р хуудас/, мөн хохирогч П.Мын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн өгсөн “2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Торхилогын голд байсан адууг Увс нуурын хөвөө рүү хөөж нуур руу шахаж байгаад хоёр тооны морь барьсан байдаг. Хээр зүсмийн азарга, хээр зүсмийн дөрвөн настай гүү зэрэг хоёр тооны малыг барьж хулгайлж авсан байдаг. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө адуу малаа шалгаж үзэлгүйгээр зөвхөн хээр зүсмийн азарга хулгайлсан талаар мэдүүлсэн юм. Дөрвөн настай хээр зүсмийн гүү бол хээр зүсмийн азаргатай адуунд хамт байсан. Миний адуунаас хоёр тооны морь хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/, шүүгдэгч Н.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Давст сум руу явж адуу хулгайлж Тэс сум руу оруулж зарах санаатай гэрээсээ төрсөн дүү Нямгэрэлийн хээр зүсмийн моринд өөрийн эзэмшлийн хазаар, эмээлийг тохож унаад ганцаараа явж өдөржин Увс нуур хөвөөлж явсаар Давст сумын нутаг Торхилогын голыг зөрөөд явж байгаад 23 цагийн үед очиход замд хээр азаргатай 20 орчим тооны голдуу бараан зүсмийн адуунууд байсныг хөөж яваад Увс нуурын хөвөө рүү шахаж байгаад хээр зүсмийн азарга, хээр гүү хоёрыг сур аргамжаар бугуйлдаж барьсан. Тэгээд хээр зүсмийн моринд тохсон байсан эсээл, хазаараа аваад хээр азарганд эмээл, хазаар тохож өөрийн унаж явсан хээр морь, мон барьж авсан хээр зүсмийн гүү хоёрыг хүзүүгээр нь сур аргамжаараа холбож уяж хөтлөөд Тэс сум руу чиглээд явж байхад нуурын ан цав гарсан хагархай таарахаар нь ан цавын дагуу дагаж байхад дахиад мөсөн ангал гарч ирэхээр нь хоёр мөсөн ангал дундуур явж хоёр морио холбоод урдаа гаргаад тууж явахад урд талд мөс доошоо орж мөсөн дээгүүр ус гарч ирсэн. Миний урд хөөж явсан хоёр морь нуур луу орохоор нь би мориноосоо буугаад сур аргамжаар миний унаж явсан хээр азаргыг холбоод сурны үзүүрийг би барьж очоод усанд байсан өөрийн унаж ирсэн хээр зүсмийн морийг хүзүүгээр нь холбож хээр азарга дээр мордож дөрөөвчилж татахад хээр морь уснаас гараад ирсэн. Хээр морио гаргачихаад ус руу орсон гүүг бас гаргаж авахад хээр гүү усан дотор хоёр тийш сэлээд над руу ойртоогүй тул гаргаж авч чадаагүй. Хээр азаргыг би сур аргамжийн үзүүрт барьчихсан байхад хээр азарга надаас үргээд намайг тойроод хурдлахаар нь би ус руу уначих байх гэж бодоод хойноос нь очиход хойд хөл нь мөсөнд цөмрөөд нуур луу орохоор нь хээр азаргаа уснаас татаж гаргах гэж байгаад би өөрөө бас ус руу унасан. Тэгээд би уснаас арай гэж гарч ирээд өмсөж явсан цэнхэр өнгийн дээлээ тайлж нууран дээр хаяад хээр морио барьж авах гэхэд надаас зугатаад нуураас гараад өвс идээд зогсож байхад нь очиж барьж аваад дээлийнхээ шар өнгийн бүсээр хээр морио оосорлоод морио унаж буцаад гэр лүүгээ явж байхад гэгээ орсон. ...Нуур луу унасан хээр азарга ус руу унаад үхсэн, харин хээр гүү усан дотор үлдсэн. Хээр гүү үхсэн байх. Миний эмээл, хазаар хээр азарганд байсан болохоор орхиод явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/-үүдээр 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч П.М нь өөрийн хээр зүсмийн 8 настай азарга, хээр зүсмийн 4 настай гүү хулгайд алдсан болох нь тогтоогдож байна.

Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

1. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагааны “...Уг нуурын хөвөөнд овоолсон мөснөөс хоёр метрийн зайд бага зэрэг устай шалбааг дотор нэг тооны хээр зүсмийн морь үхсэн байдалтай байв. ...уг адууны толгой хэсэгт нь суран хазаар, суран ногттой байх ба хазаарын амгай хэсэг нь аман дотор нь байв. ...Уг адууны нуруу хэсэг дээр төмөр хийцтэй эмээл тохоотой байх ба уг эмээл нь суран тоногтой, цэнхэр өнгийн даавуу мэт тохомтой байв. Уг адууны дээр байсан эмээлийн бүүрэгнээс сур аргамж холбоотой байсан. ...Тухайн морь бөөсөгтэй азарга байсан ба үзлэгийн явцад хохирогч П.М нь манай алга болсон азарга мөн байна гэж заав. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тухайн үхсэн байсан мориноос хойд зүгт гурван метрийн зайд цэнхэр өнгийн даавуун дээл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-9-р хуудас/,

2. Прокурорын 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 58 дугаартай тогтоол /1-р хх-ийн 13-р хуудас/,

3. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Н.Лгийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан Н.Нийн эзэмшлийн хээр зүсмийн, зөв гуян дээрээ олом тамгатай, 10 настай морийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 25 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 15-16-р хуудас/,

4. Эд мөрийн баримтаар /цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, цэрэг эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг/ тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол /1-р хх-ийн 20-р хуудас/,

5. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Бын өгсөн “Би 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө нуурын хөвөөний бураа дотроос үхрээ харах гээд бураа дотор явж байтал урьд өмнө харж байгаагүй нэг хүн дээлийн бүсээр хээр зүсмийн нэг морь хүзүүгээр нь оосорлочихсон газарт хэвтэж байсан. Би тэр хүнийг хаанаас явж байгаа, хэн гэдэг хүн бэ гэж асуухад тэр хүн “намайг Н.Л гэдэг би Тэс сумаас Хөндлөн гэх газар луу явж байна. Замдаа нуурын хөвөөгөөр явж байгаад нуурын ангал таараад ангалаа дагаж явж байгаад унаж явсан морио нуурын хөвөөнд алдчихсан” гэж хэлсэн. Би “та манайд очиж цай уу” гэж хэлэхэд “би хөндлөн гэх газар луу явж байна. Нарны эртэд газар дөхөж авъя” гэж хэлээд морио хөтлөөд алхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33-р хуудас/,

6. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Нын өгсөн “Би 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед хил хамгаалах туслах хүчний гишүүн Ц.Б гэдэг хүн нуурын хилийн харуул д/а Э.Бөд очиж “манай Торхилог багт үл таних морьтой хүн Давст сумын төв чиглээд явж байна” гэж хэлсэн. ...Уг мэдээллийг штабын дарга д/х Бт танилцуулж уг иргэнээс ирсэн мэдээллийг шалгахаар д/а Э.Цтэй хамт мотоциклтой хилийн 160 дугаар тэмдэгтийн чиглэлд долоогоос найман километр орчим газарт уг үл таних хүн морио хөтлөөд явж байсан. Д/а Э.Цтэй очиход хөтөлж явсан морь нь хазаар, ногт, эмээл байхгүй дээлийн бүсээр тухайн морины хүзүүнээс нь оосорлосон байсан. “Улаангом сумын Хөндлөн гэх газраас хоёроос гурван хоногийн өмнө гараад Увс аймгийн Тэс сумаас адуу аваад буцаж Хөндлөн гэх газар луу нуурын дээгүүр явж байгаад нуурын ангал таараад ангалаа дагаж явж байгаад унаж явсан адуугаа алдаад хөтөлж явсан морио авч үлдсэн” гэж хэлсэн. Тухайн үл таних хүн надад “Н овогтой Л” гэж нэрээ хэлсэн. ...тухайн хүнээс “таны биед ямар нэгэн эд зүйл байна уу?” гэж асуухад “ямар нэгэн эд зүйл байхгүй, би дээлээ морьтойгоо алдчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39-р хуудас/,

7. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Э.Цийн өгсөн “Торхилог багийн иргэн Б гэдэг хүн “1 морьтой үл таних хүн уналга бүхий морио дээлийн бүсээр оосорлосон явж байна” гэж манай нуурын харуул д/а Бөд очиж хэлсэн. Тэгээд харуулын дарга Б 7 дугаар застав руу мэдэгдсэн. Заставын даргын орлогч д/ч Н “Намайг мотоцикл бэлд” гээд бид хоёр Торхилог багийн иргэн Бтай уулзаж тухайн үл таних хүнийг хаашаа явсныг нь асуухад “нуур дагаад сумын төв рүү явсан гэж хэлсэн. Тэгээд д/ч Н бид хоёр Адуучин овоо чиглэлтэй явж байгаад нэг морьтой хүн явж байхыг хараад очиход үл таних хүн хээр зүсмийн морьтой, морио дээлийн шар өнгийн бүсээр оосорлоод хөтөлчихсөн явж байсан. Тэгээд д/ч Н тухайн хүнээс хэн гэдэг, хаанаас хаашаа явж байгаа, яагаад морио дээлийн бүсээр оосорлосон талаар асуухад “Нийн Л гэдэг, би Тэс сумаас Хөндлөн гэх газар луу нууран дээгүүр явж байгаад нуурын ангал таараад ангалаа дагаж яваад нуурын эрэг дээр гарч ирээд унаж явсан морио алдаад хөтөлж явж байсан морио дээлийнхээ бүсээр барьж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-43-р хуудас/,

8. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.Бын өгсөн “2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн эхнэр Уранчимэгийн хамт Увс нуурын хөвөө рүү очиж нуурын цөн түрэхийг харахаар очиход Увс нуурын эрэг дээр хээр зүсмийн эмээл хазаартай морь, хажууд нь цэнхэр өнгийн дээл байсан. Тэгээд утсаар Давст сумын Долдугаар застав руу мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р хуудас/,

9. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай “Увс аймгийн Давст суманд 2021 оны 4 дүгээр сарын байдлаар азарга 1,500,000 төгрөг, соёолон гүү 750,000 төгрөг, хязаалан гүү 700,000 төгрөг ...болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /1-р хх-ийн 71-р хуудас/ зэргээр давхар нотлогдож байна.

Хэдийгээр хохирогч П.М нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоогдон мэдүүлэг гаргахдаа “...хээр зүсмийн 1 тооны азарга хулгайд алдсан” гэж мэдүүлдэг боловч 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахин хохирогчоор гаргасан мэдүүлэгтээ “...Хээр зүсмийн азарга, хээр зүсмийн дөрвөн настай гүү зэрэг хоёр тооны малыг барьж хулгайлж авсан байдаг. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө адуу малаа шалгаж үзэлгүйгээр зөвхөн хээр зүсмийн азарга хулгайлсан талаар мэдүүлсэн юм. Дөрвөн настай хээр зүсмийн гүү бол хээр зүсмийн азаргатай адуунд хамт байсан. Миний адуунаас хоёр тооны морь хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/-ийг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч П.М нь “...Азарга нь уснаас үхсэн байдалтай гарч ирсэн учраас азарга гээд яваад байгаа. Гүүгээ хаанаас яаж олох вэ гэж бодоод мэдүүлээгүй. Тэгээд сүүлд гүү маань олдохгүй болохоор нэмж гомдолдоо оруулсан. Шүүгдэгчийн хувьд ч над руу ярихдаа хоёр тооны адууг чинь төлж өгье гэж ярьсан, тэгээд алга болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-242-р хуудаст байгаа шүүх хурлын тэмдэглэлээс/-ийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэй гэж заажээ. Иймд хохирогч П.Мын дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 Шүүгдэгч Н.Л нь Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутагт бэлчиж байсан хохирогч П.Мын хээр зүсмийн азарга, хээр зүсмийн гүү, нийт 2 тооны адууг 2021 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч Н.Л нь хохирогч П.Мын 1 тооны хээр зүсмийн азарга, 1 тооны хээр зүсмийн гүүг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус хангажээ.

Шүүгдэгч Н.Л нь хохирогчийн 2 тооны адууг хулгайлж авсан үйлдлээрээ хохирогч П.Мт 2,250,000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг ухамсарлах насанд хүрсэн, хууль бус аргаар орлого олох зорилгоор, шунахайн сэдлээр авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

Хэдийгээр шүүгдэгч Н.Лгийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдахаар байгаа боловч тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж байсан болох нь Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаартай захирамж /1-р хх-ийн 153-р хуудас/-аар нотлогдож байх тул шүүгдэгчийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Н.Л, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас 2,500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч П.Мт 2,500,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /1-р хх-ийн 222-р хуудас/-аар тогтоогдож байна. Мөн хохирогч П.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол нөхөн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгджээ. Иймд шүүгдэгч Н.Лгаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Л болон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Д.Жгийн “...Н.Л нь гэр оронгүй, гэр бүлгүй, хөгшин бид хоёрын хажууд насаараа байж байна. Малын хулгайн хэргээр хоёр удаа шийтгүүлж ял эдэлж байсан. Зан аашийн хувьд энгийн, үг дуу цөөтэй, даруухан, хүний хий гэснийг хийчхээд байдаг. Хөгшин бид хоёрт туслаад байж байдаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, ямар нэг орлого олох ажил хөдөлмөр эрхэлдэггүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 94-р хуудас/, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/1-р хх-ийн 111-113-р хуудас/, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 114-120-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Л нь эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутагт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлж дахин гэмт хэрэг үйлдэхээс болон бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх юм. Шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Н.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж, хоёр удаа хорих ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Гэрч Д.Жгийн “...Н.Л бэлчээрээс үхэр тууж ирнэ гээд Н.Нийн эзэмшлийн хээр зүсмийн морийг унаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/, гэрч Н.Нийн “...Н.Л ах миний хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай морь унаж мал маллаж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 20-ны үед Н.Л ах миний хээр зүсмийн морийг унаж Давст суманд явж байгаад мал хулгайлсан гэсэн яриа гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/-ээр шүүгдэгч Н.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай морь гэрч Н.Нийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.

Мөн уг хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай морь 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь Многол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 77-р хуудас/-ээр тогтоогджээ.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн тул гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хээр зүсмийн, зөв гуян дээрээ олом тамгатай, арван настай морины үнэлгээ болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Лгаас гаргуулж улсын төсөвт оруулж, уг морийг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Уг хээр зүсмийн, зөв гуян дээрээ олом тамгатай, арван настай моринд тохож хэрэглэсэн шүүгдэгчийн 1 ширхэг хуучин цэрэг эмээл, 1 ширхэг хуучин суран хазаар, 1 ширхэг хуучин суран бугуйл, 1 ширхэг цэнхэр өнгийн дээл зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд зүйлсийг эзэмшигч Н.Лд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Лгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 149 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэн, шүүгдэгч Н.Лгаас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Нийн Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Л-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Лас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан арван настай морины үнэ 1’000’000 төгрөгийг шүүгдэгч Н.Лас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6. Шүүгдэгч Н.Л-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэрч Н.Нийн өмчлөлийн хээр зүсмийн, зүүн гуян дээрээ олом тамгатай, арван настай морийг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Н.Л-гийн хуучин цэрэг эмээл нэг ширхэг, суран хазаар нэг ширхэг, цэнхэр өнгийн дээл нэг ширхэг, суран бугуйл нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Лд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХСАЙХАН