| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00429/И |
| Дугаар | 467 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 467
2017 оны 08 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2017/00467 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00429/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг хэрлэн 08-14 тоот оршин суух, Амгаланбаатар овогтой Эрдэнэзул /СЮ 81042907/-д холбогдох,
“Мөнхшувуут” ХХК /захирал С.Мөнхсайхан/-ны нэхэмжлэлтэй, "дутагдуулсан барааны үнэ 2 750 000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мөнхшувуут” ХХК захирал С.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Мөнхшувуут ХХК-д худалдагчаар ажиллаж байх үедээ буюу 2014 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 19 өдрийн хоорондох тооцоо тооллогоор 2 750 000 төгрөгийн дутагдал гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 29 өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03 өдрийн хооронд төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй учир дахин гэрээ байгуулсан. Энэхүү төлбөрөө графикаар төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул А.Эрдэнэзулаас 2 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү /хх 1/” гэжээ.
Хариуцагч А.Эрдэнэзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Мөнхшувуут” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус компанид 2009 оноос 2015 оны хооронд 7 жил ажиллаж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 19 өдрийн тооцоо тооллогоор 2 750 000 төгрөгийн дутагдал гаргасан нь үнэн. Энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-т заасныг танилцаж ойлголоо /хх 14/” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мөнхшувуут” ХХК нь хариуцагч А.Эрдэнэзулаас “дутагдуулсан барааны үнэ 2 750 000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч А.Эрдэнэзул нь нэхэмжлэлийн шаардлага 2 750 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Эрдэнэзулаас “зээл 2 750 000 төгрөг гаргуулах” тухай “Мөнхшувуут” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Мөнхшувуут” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 58 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29 475 төгрөгийг, хариуцагч А.Эрдэнэзулаас 29 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч А.Эрдэнэзул нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА