Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 469

 

2017 оны 08 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2017/00469 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00461/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа  би,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, Сариг 7-04 тоотод оршин суугч Амарбарс овогтой Болормаад холбогдох,

"худалдах худалдан авах гэрээний үүргийн татгалзал 3 400 000 төгрөг гаргуулах" тухай Хэнтий аймаг, Батширээт сум 2 дугаар баг Бархад оршин суух Батчулууны Баярсайханы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Баярсайхан би Болормаагаас ороожоор дүнзэн байшинг 3 400 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 16 өдөр А.Болормаагийн Төрийн банкны 250000147676 тоот дансанд байшингийн үнэ болох 3.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Болормаа тухайн үед байшинг өөрийн байшин гэж байсан ба шууд ирээд авахад бэлэн гэсэн. Би удалгүй байшингаа авахаар очиход байшинг банкны барьцаанд байгаа гэсэн учир авч чадаагүй. 

Биндэр сумын ХААН банкны ажилтан уг байшинг А.Болормаагийн дүү нь зээлийн барьцаанд тавьсан гэж байсан. Барьцаанд байгаа байшинг банкны зүгээс зарна гэсэн зар тавьсан байна гэсэн. А.Болормаа нь эрхийн зөрчилтэй байшинг намайг хуурч мэхлэн надад худалдаж намайг хохироосон тул би Болормаагаас шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ.

Иймд Болормаагаас 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү /хх 1/” гэжээ. 

Хариуцагч А.Болормаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“А.Болормаа би 2014 оны 6 сард Хэнтий аймгийн Биндэр сумаас шилжиж ирсэн. 2016 оны 5 сард Б.Баярсайхан утсаар ярьж, таны байшин 2 500 000 төгрөгөөр  н.Цэвэлмаа эгчид зарагдсан байна. Би 3 500 000 төгрөгөөр авья гэсэн тул нэгэнт би 2 500 000 төгрөгөөр гаргаад байшингаа эргүүлээд авч чадахгүй тул арай өндөр үнэ хэлсэн болохоор зөвшөөрсөн. Ингээд Б.Баярсайханаас 5 дугаар сарын 18 өдөр 3 400 000 ирсэн. ... Би нэхэмжлэгч Б.Баярсайханыг хохиролгүй болгож өгнө. Нэхэмжлэлийн шаардлага 3.400.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. ... Иргэний хэрэг 

 

 

шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-т заасныг танилцаж ойлголоо /хх 14/” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь хариуцагч А.Болормаагаас "худалдах худалдан авах гэрээний үүргийн татгалзал 3 400 000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч А.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага 3 400 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А.Болормаагаас “худалдах худалдан авах гэрээний үүргийн татгалзал 3 400 000 төгрөг гаргуулах” тухай Б.Баярсайханы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 69 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 34 675 төгрөгийг, хариуцагч А.Болормаагаас 34 675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч А.Болормаа нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Э.АРИУНАА