Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

            Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И ургийн овогт Бгийн Бд холбогдох эрүүгийн 213500000208 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, И ургийн овогт Бгийн Б / РД:ОВ64011111/.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг “Баруун мод” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 20 ширхэг буюу 0,108 метр куб гацуур мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 108,768 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 213500000208 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн “Баруун мод гэх газар сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт сумын төвөөс 2-3 км орчим зайд үзлэг хийхээр тогтов. ...Үзлэг хийх газар нь голын ай сав, ус бүхий, бутлаг мод, бургас зэрэг ургамалтай, шигүү модтой газар байлаа. Үзлэгийн явцад оролцогч Б.Бы зааж өгсөн мод бэлтгэсэн гэх газар орчим шигүү модтой, усархаг мөс болж хөлдсөн байх бөгөөд модны бичир нь шарласан /навч/, үзүүр газар унасан түүний үзүүр нь хөрөөдсөн байж болох хөндлөн тайрсан шар бор өнгөтэй болж бага зэрэг гандаж хатсан байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж үзэхэд уг газрын орчим энд, тэнд нарийн модны тайрсан хожуул газар үлдсэн шарлаж харагдаж байв. ...Уг газар орчим мод тайрч газар үлдээсэн хожуул, газарт ургасан модны үлдэгдлийг хэмжилт хийв. Уг хожуулыг хар өнгийн бэхээр дугаарлаж өргөн болон газраас дээш үлдсэн хэмжээг харуулав. ...Уг тайрсан модны хожуул нь хоорондоо хол зайтай, энд тэнд байх бөгөөд модны навч болон өвс, цасанд дарагдсан байдалтай байсныг олж баримтжуулав. Оролцогч Б.Б уг газраас 20 ширхэг мод тайрч авсан гэх бөгөөд сумын төвийн чиглэлд явганаар үүрч авч явахад модон дотор байсан 60 ширхэг модыг уг газрын орчмоос олж авсан гэж хэлж байв...” гэж тусгагдсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтас хэргийн 04-10 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн модонд үзлэг хийсэн “Үзлэгийг Увс аймгийн Давст сумын 2-р багийн нутаг дэвсгэр сумын төвд Б.Бы хашаанд хийв. Уг хашаанд 1 монгол гэр байх бөгөөд түүний хойд талд гадна холтсыг зорж авч бэлтгэсэн 4 хэсэг болгож төмөр утсаар боосон нарийн ширхэгтэй модонд үзлэг хийхээр тогтов. Уг үзлэгийг цааш үргэлжлүүлж төмөр утсаар боож бэлтгэсэн модыг задалж хэмжилт хийхэд /нийт 80 ширхэг мод/... гэрийн унины зориулалттай бэлтгэсэн мод байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтас хэргийн 11-16 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн иргэн Б.Бы эзэмшилд байсан 80 ширхэг модыг битүүмжлэн Цагдаагийн хэсгийн байранд Ц.Бд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, эд хөрөн битүүмжилсэн тухай тэмдэглэлийг (хавтас хэргийн 18-20 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би Б.Бы унины зориулалттай бэлтгэсэн модыг харсан. Уг мод нь жигэрсэн мод байсан. Уг модны гадна холтсыг зорж унагасан, шинэвтэр мод байсан бөгөөд энэ зун бэлтгэсэн байх гэж би бодсон. Б.Б ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл 2020, 2021 онд сумын Засаг даргаас аваагүй. Жигэрсэн мод нь мөнх ногоон гацуур гэх мод бөгөөд зөвшөөрөл олгодоггүй. Монголд ховор 3 төрлийн модны нэг юм. Жигэрсэн мод манай сумын төвөөс 2-3 км орчим зайд байх Баруун мод гэх газар Бургас, Шинэс, Хус модон дунд холилдон ургадаг юм. Б.Б уг газраас мод бэлтгэж зөөвөрлөж авч ирсэн байх. Уг газар нь Улсын тусгай хамгаалалтанд ордоггүй газар юм” гэх мэдүүлгийг (хавтас хэргийн 29 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Б.Б өөрийн төрсөн дүү болох хөгжпийн бэрхшээлтэй Тгийн хамт хоёулаа сумын төвд амьдардаг. 2021 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, Давст сумын 2 дугаар багийн иргэн Б.Б сумын төвөөс 2-3 км орчим зайд байрлах Баруун модны чиглэлээс гэрийнхээ чиглэлд өдрийн цагаар 20 орчим тооны гэрийн унины зориулалттай бэлтгэсэн, гадна холтсыг нь аваагүй мод үүрчихсэн явж байгаад надтай тааралдсан. Тухайн үед би Б.Быг хаанаас авсан, мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад байхгүй гэсэн. Тэгээд би сумын Засаг дарга, байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нараас асууж тодруулаад хэсгийн төлөөлөгчид танилцуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэсгийн төлөөлөгчийн хамт Б.Бы гэрт очиход гэрийнх нь хойд талд 80 ширхэг унины зориулалттай бэлтгэсэн мод байсан” гэх мэдүүлгийг (хавтас хэргийн 37 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...1. Битүүмжилсэн мод нь гацуур мод байна. 2. N50.3624.4, Е092.2208.5 солбицолд орших ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна. 3. 20 ширхэг мод нь 0.108 метр куб болж байна. 4. 20 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 108,768 төгрөг болж байна. 60 ширхэг гацуур мод 0.324 метр куб болж байна. 6. 60 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 326,304 төгрөг болж байна. 7. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна” гэх шинжээчийн 25 дугаартай дүгнэлтийг (хавтас хэргийн 46-48 дугаар хуудас),

-Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Тус сумын 2020, 2021 онуудад 2 дугаар багийн иргэн Б.Б /ОВ64011111/ нь сумын Засаг даргаас мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй нь үнэн болно” гэх 221 тоот албан бичиг (хавтас хэргийн 55 дугаар хуудас) зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: -2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.Б нь миний төрсөн дүү бөгөөд одоо хөгжлийн бэрхшээлтэй дүү нь болох Тгийн хамт хоёулаа сумын төвд амьдардаг. ...Миний дүү Б.Б нь эхнэр хүүхэдгүй, одоо хөгжлийн бэрхшээлтэй дүүтэйгээ хамт амьдардаг. Бага насандаа бөх барилдаж сумын заан цол хүртэж байсан. Хааяа архи уудаг, архи уусан үедээ гадуур сэлгүүцэж, бусадтай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Тогтсон ажилгүй, төрөөс авдаг тэтгэвэр, тэтгэмж байхгүй, амьжиргааны түвшин доогуур хүн юм” гэх мэдүүлгийг (хавтас хэргийн 33 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Б.Б нь манай сумын 2 дугаар багийн иргэн юм. Б.Б одоо хөгжлийн бэрхшээлтэй дүү болох Тгийн хамт хоёулаа сумын төвд амьдардаг. Б.Б хүнсний талонд хамрагддаг, дүү Т нь халамжийн өндөр настны тэтгэвэрт байдаг, байнгын асаргааны мөнгө авдаг. Тгийн асран хамгаалагч нь Б.Б бөгөөд түүний тэтгэвэр, тэтэгэмжийг авдаг. Б.Б нь амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу өрх юм” гэх мэдүүлгийг (хавтас хэргийн 39 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн орчимд Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун мод гэх газарт явж байгаад 60 тооны мод бэлтгэж орхисон байхыг олсон. Тэгээд би уг моднуудыг 10, 20 ширхэгээр нь зөөгөөд гэртээ аваачсан юм. Би тэдгээр модыг унь хийхээр бэлдсэн боловч тоо нь дутсан. Тиймээс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баруун мод гэх газраас түрүүний мод олдсон газраас холгүй газраас 20 ширхэг мод шинээр бэлтгэж гэртээ авч ирж унь хийсэн юм. Миний бэлдсэн мод нь нийт 20 ширхэг мод бөгөөд 60 ширхэг модыг би бэлтгээгүй. Хээр модон дотор бэлдээд орхисон байсан мод олж авсан юм. Би тэр модыг ганцаараа гар хөрөө ашиглан тайрч бэлдээд уг мод бэлтгэсэн газар нь сумын төвөөс 2.5 километр зайтай ойрхон тул би хэсэг хэсгээр нь үүрээд зөөсөн юм. Тухайн үед ашигласан хөрөө нь 10 жил болж байгаа хуучин хөрөө байсан юм. Би тэр хөрөөг мод бэлдэж үүрч зөөж байхдаа унагаад гээчихсэн. Би дахин мөрөөрөө явж хайгаад цасан дундаас олоогүй юм. Хөрөөнөөс өөр зүйл ашиглаагүй. Мөчрийг нь гараараа хугалсан юм. Мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг аваагүй. Би гэртээ сэтгэцийн өвчтэй төрсөн дүүгийн хамт амьдардаг. Дүү маань сэтгэцээр 80% групптэй, өөрийгөө авч явах чадваргүй, 56 настай эмэгтэй хүн байдаг юм. Би байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байгаа. Цаашид төлж барагдуулах болно. ...Би тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтсон орлогогүй, өөрийн төрсөн дүүгийн группын мөнгөөр амьдралаа залгуулдаг байсан боловч дүүгийн группыг 2021 оны 9 дүгээр сард хасчихсан тул одоо ямар нэгэн өрхийн орлогогүй болсон. Би залуудаа бөх барилддаг, заан цолтой, Алдар нийгэмлэгт бөхийн тамирчин байсан боловч ээжийн бие өвдсөн тул аймагтаа ирсэн юм” гэх мэдүүлгийг (хавтас хэргийн 71 дүгээр хуудас) зэрэг баримтыг,

-Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн иргэн Бгийн Б /ОВ64011111/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 2 ам бүлтэйгээр хамрагдаж, амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 828 тоот албан бичгийг (хавтас хэргийн 78 дугаар хуудас),

-Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тус багийн иргэн Бгийн Б нь төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй Б.Тгийн хамт амьдардаг. Б.Б, Б.Т нар амьжиргааны түвшин доогуур, хүнсний талонд хамрагддаг нэн ядуу өрх болохыг тодорхойлов” гэх 37 дугаартай тодорхойлолтыг (хавтас хэргийн 84 дүгээр хуудас),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 86 дугаар хуудас) зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ шүүгдэгч Б.Быг 2021 оны 9 дүгээр 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг Баруун мод гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 20 ширхэг буюу 0.108 метр куб гацуур мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 108,768 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Бы хашаанд байх модонд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийхэд төмөр утсаар боож бэлтгэсэн мод байсан бөгөөд тухайн модыг задалж тоолж үзэхэд нийт 80 ширхэг мод байсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан модонд үзлэг хийсэн “Үзлэгийг Увс аймгийн Давст сумын 2-р багийн нутаг дэвсгэр сумын төвд Б.Бы хашаанд хийв. Уг хашаанд 1 монгол гэр байх бөгөөд түүний хойд талд гадна холтсыг зорж авч бэлтгэсэн 4 хэсэг болгож төмөр утсаар боосон нарийн ширхэгтэй модонд үзлэг хийхээр тогтов. Уг үзлэгийг цааш үргэлжлүүлж төмөр утсаар боож бэлтгэсэн модыг задалж хэмжилт хийхэд /нийт 80 ширхэг мод/... гэрийн унины зориулалттай бэлтгэсэн мод байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс (хавтас хэргийн 11-16 дугаар хуудас) харагдаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 80 ширхэг гацуур мод бэлтгэсэн гэх баримт тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Баруун мод гэх газарт явж байгаад 60 тооны мод бэлтгэж орхисон байхыг олсон. Тэгээд би уг моднуудыг 10, 20 ширхэгээр нь зөөгөөд гэртээ аваачсан юм. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баруун мод гэх газраас түрүүний мод олдсон газраас холгүй газраас 20 ширхэг мод шинээр бэлтгэж гэртээ авч ирж унь хийсэн юм. Миний бэлдсэн мод нь нийт 20 ширхэг мод бөгөөд 60 ширхэг модыг би бэлтгээгүй. Хээр модон дотор бэлдээд орхисон байсан мод олж авсан юм” гэх мэдүүлгийг (хавтас хэргийн 71 дүгээр хуудас) гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.Б 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг “Баруун мод” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 20 ширхэг буюу 0,108 метр куб гацуур мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 108,768 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэргээс шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 04-10 дугаар хуудас), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 11-16 дугаар хуудас), 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...иргэн Б.Б сумын төвөөс 2-3 км орчим зайд байрлах Баруун модны чиглэлээс гэрийнхээ чиглэлд өдрийн цагаар 20 орчим тооны гэрийн унины зориулалттай бэлтгэсэн, гадна холтсыг нь аваагүй мод үүрчихсэн явж байгаад надтай тааралдсан. Тухайн үед би Б.Быг хаанаас авсан, мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад байхгүй гэсэн” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 37 дугаар хуудас), шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 71 дүгээр хуудас)-үүдээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол...” гэж тодорхойлжээ.

 

Гэтэл шүүгдэгч нь ойд мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг аваагүй, гацуур мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг олгодоггүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.Б ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл 2020, 2021 онд сумын Засаг даргаас аваагүй. Жигэрсэн мод нь мөнх ногоон гацуур гэх мод бөгөөд зөвшөөрөл олгодоггүй” гэх мэдүүлгээр (хавтас хэргийн 29 дүгээр хуудас), Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Тус сумын 2020, 2021 онуудад 2 дугаар багийн иргэн Б.Б /ОВ64011111/ нь сумын Засаг даргаас мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй нь үнэн болно” гэх 221 тоот албан бичгээр (хавтас хэргийн 55 дугаар хуудас) тус тус нотлогдож байх тул “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шинжээч М.Дгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...1. битүүмжилсэн мод нь гацуур мод байна. 2. N50.3624.4, E092.2208.5 солбицолд орших ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна. 3. 20 ширхэг гацуур мод 0.108 метр куб болж байна. 4. 20 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 108,768 /нэг зуун найман мянга долоон зуун жаран найман/ төгрөг болж байна. ...7. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна” гэх 25 дугаартай дүнэлт (хавтас хэргийн 46-48 дугаар хуудас)-ээр шүүгдэгчийн мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Б.Б Увс аймгийн Давст сумын 2 дугаар баг Баруун мод гэх газар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль экологид 108,768 төгрөгийн шууд хохирол учруулжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12-т “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, ...байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заажээ.

Түүнчлэн цаашилбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгч Б.Бы ойн экологи-эдийн засагт учруулсан шууд хохирол болох 108,768 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд /108,768х3=326,304 төгрөг/ нийт үнэлгээ 326,304 /гурван зуун хорин зургаан мянга гурван зуун дөрөв/ төгрөгөөр илэрхийлэгдэж байна.

        Тиймээс шүүгдэгч Б.Б ойн экологи-эдийн засагт нийт 326,304 төгрөгийг хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч нь байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд: “Ойн экологи-эдийн засагт учирсан хохирлыг төлнө” гэж мэдүүлсэн тул түүнээс 326,304 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

            2. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн,...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч Б.Бы хувийн байдлын талаар гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.Б нь миний төрсөн дүү бөгөөд одоо хөгжлийн бэрхшээлтэй дүү нь болох Тгийн хамт хоёулаа сумын төвд амьдардаг. ...Миний дүү Б.Б нь эхнэр хүүхэдгүй, одоо хөгжлийн бэрхшээлтэй дүүтэйгээ хамт амьдардаг. Бага насандаа бөх барилдаж сумын заан цол хүртэж байсан. Хааяа архи уудаг, архи уусан үедээ гадуур сэлгүүцэж, бусадтай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Тогтсон ажилгүй, төрөөс авдаг тэтгэвэр, тэтгэмж байхгүй, амьжиргааны түвшин доогуур хүн юм” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 33 дугаар хуудас), гэрч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Б.Б нь манай сумын 2 дугаар багийн иргэн юм. Б.Б одоо хөгжлийн бэрхшээлтэй дүү болох Тгийн хамт хоёулаа сумын төвд амьдардаг. Б.Б хүнсний талонд хамрагддаг, дүү Т нь халамжийн өндөр настны тэтгэвэрт байдаг, байнгын асаргааны мөнгө авдаг. Тгийн асран хамгаалагч нь Б.Б бөгөөд түүний тэтгэвэр, тэтэгэмжийг авдаг. Б.Б нь амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу өрх юм” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 39 дүгээр хуудас), Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын “Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн иргэн Бгийн Б /ОВ64011111/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 2 ам бүлтэйгээр хамрагдаж, амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (хавтас хэргийн 78 дугаар хуудас), Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн Засаг даргын “Тус багийн иргэн Бгийн Б нь төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй Б.Тгийн хамт амьдардаг. Б.Б, Б.Т нар амьжиргааны түвшин доогуур, хүнсний талонд хамрагддаг нэн ядуу өрх болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтас хэргийн 84 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 86 дугаар хуудас) зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт өөрийн төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Тгийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой, нэн ядуу өрхөд хамаардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.

            Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Улсын яллагч “Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт битүүмжлэгдсэн 20 ширхэг унины зориулалтаар бэлтгэсэн гацуур модыг хурааж улсын орлого болгох саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нь “Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн, амьдралын хувьд нэн ядуу өрхөд хамаардаг, хөгжлийн бэрхшээлтэй дүү Б.Тгийн хамт амьдардаг, дүүгийнхээ группын мөнгөөр амьдарч байсан боловч тэр мөнгө одоо олгогдохоо больж өрхийн ямар нэг орлогогүй болсон. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд гарт нь гав зүүдэг, тэр гав нь зөвхөн тухайн бүс нутагтаа л байж өөр тийш явах эрх хязгаарлагдмал. Хөгжлийн бэрхшээлтэй дүүгийнхээ асран хамгаалагчийн хувьд болон өөрийгөө 2 дугаар шатлалын буюу аймагт, цаашлаад хотод эмнэлэг авч явах тохиолдол гардаг. Тиймээс тухайн зорчих эрхийг хязгаарлах ял, гав саад болно. Нөгөөтэйгүүр тухайн гавыг санамсаргүй байдлаар эвдэж гэмтээх бол маш өндөр торгууль төлдөг, сар бүр гавны Датаны мөнгө гардаг. Уг мөнгийг ялтнаас өөрөөс нь гаргуулдаг тул өрхийн ямар нэг орлогогүй хүнд тохирохгүй юм. Тиймээс миний үйлчлүүлэгч Б.Баярсайханд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

            Шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэргийн хувьд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.  

            Иймд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусад хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Энэ хэрэгт нийт 80 ширхэг гацуур мод хураагдан битүүмжлэгдсэн байх тул тухайн гацуур модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, улын орлого болгосонтой холбогдуулан мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)-ыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч И ургийн овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Баас 326,304 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдэж олсон хэрэгт битүүмжлэгдсэн 80 ширхэг гэрийн унины зориулалттай бэлтгэсэн гацуур мод хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

            6. Битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.МӨНХСАЙХАН