Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 470

 

2017 оны 08 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2017/00470 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00405/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал 4 дүгээр баг, Баян-Овоод оршин суух,  Энэбишийн Баасанхүү /РД:СЙ72022509/-д холбогдох, 

Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж 7/3 байр 16 тоотод оршин суух, Цэдэндоржийн Мөнгөнцоож /РД:ДЮ75052700/-ийн нэхэмжлэлтэй, "дүнзэн байшингийн торх худалдах худалдан авах гэрээний үүргийн татгалзал 7 397 250 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнгөнцоож нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Би 2014 оны 11 дүгээр сарын 13 өдөр иргэн Э.Баасанхүүтэй дүнзэн байшингийн торх худалдах, худалдан авах гэрээ байгуулан 5 131 500 төгрөгийг гэрээнд заасан зохих хугацаанд нь худалдагчид хүлээлгэн өгсөн.                                        Гэрээний 1.7-д худалдагч нь 2015 оны 04 дүгээр сарын 01 өдрийн дотор байшингийн торхыг бүрэн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Э.Баасанхүү нь өнөөдрийг болтол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Удаа дараа утсаар холбогдон гэрээний үүргийг шаардахад дүнзэн торх нийлүүлэх үүргээсээ татгалзаж “нийлүүлэх боломжгүй” мөнгийг нь төлье гэх мэтээр гэрээний ч үүрэг биелэгдээгүй, төлбөр ч төлөгдөөгүй өнөөдрийг хүрээд байна.

Гэрээний 9.3-д хэрэв худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хуулийн дагуу биелүүлээгүй бол 4 531 500 төгрөгөөс 2014 оны 11 дүгээр сарын 14 өдрөөс 10 хувиар тооцон торгууль төлөх үүргийг хүлээсэн. 

Нэг сарын торгууль 453 150 болсон ба 5 сарын хугацаагаар тооцон бодоход    2 265 750 төгрөг, гэрээний үнэ 5 131 500 төгрөг, нийт 7 397 250 төгрөг болсон тул шүүхийн журмаар гаргуулж өгнө үү /хх 1/” гэжээ. 

 

Хариуцагч Э.Баасанхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“... Э.Баасанхүү миний бие Ц.Мөнгөнцоожийн нэхэмжилж буй гэрээний үнэ       5 131 500 төгрөг , торгууль болох 2 265 750 төгрөгийн 50 хувь буюу 1 132 875 төгрөг, нийт 6 264 375 төгрөгийг төлж барагдуулна /хх 14/” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Ц.Мөнгөнцоож нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“... Э.Баасанхүүгийн тайлбартай танилцлаа. Би 5 131 500 төгрөг , торгууль болох 2 265 750 төгрөгийн 50 хувь буюу 1 132 875 төгрөг, нийт 6 264 375 төгрөгийг Э.Баасанжаваас авахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 132 875 төгрөгөөр татгалзаж байна /хх 15/” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнгөнцоож нь хариуцагч Э.Баасанхүүгээс "дүнзэн байшингийн торх худалдах худалдан авах гэрээний үүргийн татгалзал 7 397 250 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Ц.Мөнгөнцоож нь нэхэмжлэлийн шаардлагаа 1 132 875 төгрөгөөр багасгаж хариуцагч Э.Баасанхүүгээс 6 264 375 төгрөгийг гаргуулхыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Хариуцагч Э.Баасанхүү нь нэхэмжлэлийн шаардлага 6 264 375 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.Баасанхүүгээс “дүнзэн байшингийн торх худалдах худалдан авах гэрээний үүргийн татгалзал 6 264 375 төгрөг гаргуулах” тухай Ц.Мөнгөнцоожийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнгөнцоожийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 133 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 66 655 төгрөгийг, хариуцагч Э.Баасанхүүгээс 66 655 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Э.Баасанхүү нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Э.АРИУНАА