Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 666

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Отгоны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00107 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Отгоны нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Дашжамц, С.Дашдондов нарт холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Ц.Отгон

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Отгон миний бие 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, Гантуулаас, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5А тоот хаягт байрлах 464 м.кв талбай бүхий газар, мөн Г.Наранбаатараас тус хорооны 18 дугаар гудамжны 5 тоот хаягт байрлах 464м.кв зэргэлдээ хоёр газрыг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэн 000305809, 000341702 дугаартай гэрчилгээ авсан. Өмчилж авахаасаа өмнө хашааг надад худалдсан Гантуултай хамт хашаан дээрээ очиж үзэхэд дундуураа тусгаарласан хаашаа бариагүй, үргэлж газар байсан бөгөөд хашаан дотор том оврын машин болон эд зүйлс тавьсан байсан. Хэрэв хашааг худалдан авбал машин техникийг аваад тусгаарласан хашааг барьж өгнө санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд хашааны мөнгийг дансанд шилжүүлж өгсөн. Би хашаагаа өмчилж авчихаад нүүж очихоосоо өмнө хашаан дээр очиход хашаа баригдаагүй байсан ба уг хашаанд машин техникээ тавьж засвар хийж байсан хүмүүстэй уулзаад хашааг чөлөөлж өгнө үү гэж хэлчихээд маргааш нь нүүж очиход Дашжамц оруулаагүй гэсэн. Ингээд би 04 сарын 06-нд газрын албанд өргөдөл гаргасан. Газрын албаны Хадбаатар гэдэг хүн таны өмчилсөн газар мөн байна гэж хэлээд газар чөлөөлөх “Шаардах хуудас”-ыг үүдэнд нь наагаад явсан боловч чөлөөлөөгүй. Тэгээд дахин газрын албанд хандахад та шүүхээр газраа чөлөөлүүл гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр мөн дахин хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд маргаж байгаа талын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч иргэн С.Дашжамц, С.Дашдондов нар нь одоог хүртэл миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй, би газар дээрээ бууж чадахгүй байна. Иймд Ц.Отгон миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5 болон 5А тоот газар дээр барьсан хашааг буулгаж, уг газар дээр байгаа тэдний өмчлөлийн урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ газрыг хариуцагч С.Дашжамц болон С.Дашдондов нар нь 2001 оноос хойш эзэмшилдээ байлгаж байгаа тул тэдний хууль ёсны эзэмшлийн газар юм. Хариуцагч талаас маргаан бүхий газар дээр хашаа барьсан, эд зүйлээ тавьсан талаар маргахгүй, эд зүйл нь хариуцагч нарын өмчлөлийн эд зүйл мөн. Харин газрын алба нь 15 жилийн хугацаанд эзэмшиж байгаа этгээдэд газрыг олголгүйгээр өөр этгээдэд олгосон байгааг бид хууль бус гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаартай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5 болон 5А тоот хаягт байрлах, нэгж талбарын 18635316324118, 18635316324132 дугартай нийт 928 м.кв талбай бүхий газарт барьсан хашаагаа буулгаж, уг газар дээрээс урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг нүүлгэхийг хариуцагч С.Дашжамц, С.Дашдондов нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дашжамц, С.Дашдондов нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч С.Дашдондов, С.Дашжамц нар Нийслэлийн захиргааны хэргийн анха шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321, Нийслэлийн Засаг даргын А/985 тоот захирамжийн Б.Гантуул, Г.Наранбаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны шүүхээр хянагдаж байсан болно.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №211/ШТ тоот тогтоол гарч С.Нина, Э.Уянга, С.Дашдондов, С.Дашжамц нарын эрх зөрчигдсөн болохыг тогтоосон.

Энэхүү баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй, давж заалдах шатны шүүх хурал дөнгөж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны 08:30 минутад хуралдаж шийдвэрлэсэн тухай шүүхэд дэлгэрэнгүй тайлбарлаж нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.

Энэ нь нэхэмжлэлийг үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгөх буюу хариуцагч С.Дашдондов, С.Дашжамц нарын эрхээ хамгаалуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 105 дугаар зүйлийн 105.2-д заагдсан эрхийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоод байхад эрх хязгаарласан нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхэд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдээр Б.Гантуул, Г.Наранбаатар, Ц.Отгон оролцож буй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Отгон нь хариуцагч С.Дашжамц, С.Дашдондов нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар “уг газар хашаа барьж, өөрсдийн өмчлөлийн эд зүйл болох урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайрга байрлуулсан байгаа газрыг 2001 оноос хойш 15 жилийн хугацаанд эзэмшилдээ байлгасан, нэхэмжлэгч Ц.Отгоны өмчлөх эрх хууль бус гэх үндэслэлээр” бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг анхны өмчлөгчид болох Г.Наранбаатар болон Б.Гантуул нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 тоот захирамжууд нь хууль зөрчөөгүй талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагджээ. /хх 14-19/

 

Нэхэмжлэгч Ц.Отгон нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Гантуултай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, түүний өмчлөлийн, нэгж талбарын 18635316324132 дугаартай, 464 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг, мөн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Г.Наранбаатартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, түүний өмчлөлийн, нэгж талбарын 18635316324118 дугаартай, 464 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг тус тус өөртөө шилжүүлэн авч, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд улсын бүртгэлд эдгээр газруудын өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /хх 5-12/

 

            Хариуцагч С.Дашжамц, С.Дашдондов нар нь хууль буюу гэрээгээр маргааны зүйл болох дээрх газрыг эзэмшилдээ авсан гэх нотлох баримтгүй, энэ нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Отгон нь улсын бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ бүртгэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Ц.Отгоныг нэгж талбарын 18635316324118, 18635316324132 дугаарууд бүхий, нийт 928 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч гэж үзсэн нь зөв байна.

 

Хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн эд зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох эрхтэй.

 

Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар эзэмшилд байх хугацаанаас хамаарч тодорхой эд зүйлийг өмчлөх эрхийг хэн нэгэн этгээд олж авах боломжтой хэдий ч мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т заасан хуулийн агуулгаас үзвэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх гагцхүү улсын бүртгэлд үндэслэдэг, “улсын бүртгэлд бүртгэгдсэн” өмчлөх эрхийг өөр бусад этгээд олж авах тухай мөн хуулийн 104 дүгээр зүйлээр зохицуулсан байх тул маргаан бүхий газрыг тасралтгүй 15 жил эзэмшилдээ байлгасан учир уг газрыг өмчлөх эрхтэй гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Отгоны өмчлөлийн газар дээр баригдсан хариуцагч нарын өмчлөлийн хашааг буулгаж, хариуцагч нарын өмчлөлийн урт чингэлэг /контейнер/, дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш, хайргыг албадан нүүлгэхийг хариуцагч С.Дашжамц, С.Дашдондов нарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “Хариуцагч С.Дашдондов, С.Дашжамц нар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 тоот захирамжуудын Б.Гантуул, Г.Наранбаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүхээр хянагдаж байсан ба 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №211/ШТ тоот тогтоол гарч С.Нина, Э.Уянга, С.Дашдондов, С.Дашжамц нарын эрх зөрчигдсөн болохыг тогтоосон” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Дашжамц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН