Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/1030/З |
Дугаар | 575 |
Огноо | 2019-09-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 575
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Э ” ХХК-ын гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: “Э” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ,
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Ш.Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Э ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баас шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэг: Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч тал Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудаст хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамааралтай байсан.
Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малын гаралтай түүхий эдийн зах зээлийг нэгдсэн зохион байгуулалт буюу биржийн зах зээлд шилжүүлэхийн тулд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид болох малчин, тариаланчид нэгдсэн зохион байгуулалт буюу хоршооллын хэлбэрт орж түүхий эдээ биржээр дамжуулан зах зээлийн бодит үнээр борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Үүний дагуу Засгийн газраас 2013 онд Х*******ийг байгуулсан. Гэтэл Х******* нь өнөөдрийг хүртэл арилжааг зохион байгуулах байр, тээвэрлэлтийн авто хэрэгсэл, түүхий эд, түүхий эдийг таньж мэдэх боловсон хүчин, агуулах, лаборатори байхгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, хууль батлагдаад өнөөдрийг хүртэлх хугацаанд малчид, тариаланчид ба аж ахуй нэгжүүдийн хооронд жинхэнэ бодит арилжаа Х******* дээр хийгдээгүй.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий- эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж заасан. Бараа, түүхий эдийг Х*******ээр арилжсан талаар Х******* “арилжаалсан бараа, түүхий эдийн тодорхойлолт” өгдөг ба энэхүү тодорхойлолт нь барааг экспортод гаргахад шаардлагатай, бүрдүүлэх баримт бичгийн нэг болдог байсан. Тэгвэл бодит байдал дээр бараа, түүхий эдээ Х*******ээр дамжуулан арилждаг малчин, тариаланчин байхгүй байдаг түл аж ахуйн нэгжүүд өөрсдөө явж бараа, түүхий эдээ худалдаж авч байгаа ба өөрсдийн худалдаж авсан бараа, түүхий эдээ экспортод гаргахын тулд өөр нэг хүн олж уг хүнээ бараа, түүхий эдээ худалдах гэж буй худалдагч болгож, өөрсдийн худалдан авсан түүхий эдээ биржээр дамжуулан дахин өөрсдөө худалдаж авдаг буюу дүр эсгэсэн, хийсвэр арилжаа явагддаг гэсэн үг. Үүгээр зогсохгүй гэрээний үнийн дүнгээс тооцож Х******* үйлчилгээ үзүүлсний төлөө 0,32 хувийн шимтгэл, х*******ийн арилжааны брокерын компани 0,28 хувийн шимтгэл авдаг. Брокерийн компанид төлж байгаа 0,28 хувийн шимтгэлд Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолоор тогтоосон брокерын компаниас төвлөрүүлэх Х*******ээр арилжаалагдсан гэрээний нийт үнийн дүнгийн 0,08 хувиар тооцох зохицуулалтын үйлчилгээний хөлсийг бас багтаасан байдаг.
Аж ахуй нэгжүүдийг дүр үзүүлсэн арилжаа хийхээс өөр аргагүй болгож буй шалтгаан нь төрөөс Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийн биелэлтийг хангаж ажиллахгүй байгаатай шууд холбоотой бөгөөд энэхүү нөхцөл байдлыг Засгийн газар, харьяа яам, Х*******, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим гээд бүх байгууллагууд мэддэг.
Гаалийн ерөнхий газрын Монголын ноос ноолуурын холбоонд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Биржийн тодорхойлолт нь гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагагүй” гэсэн утгатай 02-1/1878 тоот албан бичгийг өгсөн байдаг ба 2017 онд манайхтай ижил буюу малын ноос, ноолуур бэлтгэж, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 5 аж ахуйн нэгж х******* дээр дүр үзүүлсэн арилжаа хийхээс татгалзан х*******ээр дамжуулахгүйгээр бараагаа шууд экспортод гаргасан.
Гэтэл Х*******ээс уг асуудлаар эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргаж улмаар цагдаагийн байгууллага шалгаад уг үйлдлийг гэмт хэрэг биш гэж хэрэгсэхгүй болгосон. Улмаар Х******* нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд 5 компанид холбогдуулан гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч зөрчил шалгах ажиллагааг явуулж 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудас гаргаж Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу манай компанийг 3,000,000 төгрөгөөр торгож, хохиролд 101,144,593.37 төгрөг, “Х*******” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгож, хохиролд 102,871,878.39 төгрөг, “Т*******” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгож, хохиролд 52,163,467.65 төгрөгийг тус тус гаргуулахаар шийтгэлийн хуудас гаргасан байдаг. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г нь бидний тайлбар, баримтыг огт харгалзахгүйгээр зөвхөн Х*******ээс гаргаж өгсөн шимтгэлийн тооцооллоор хохирлын хэмжээг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд Х******* дээр дүр эсгэсэн арилжаа хийх буюу нэг талаасаа хууль бус үйлдэл хийхээс татгалзсаныхаа төлөө шийтгэл хүлээсэн нь шударга бус явдал юм.
Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчаас зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Ноос ноолуурын зөвлөл”-өөс Х*******ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас асуудлыг судалж үзэн үүрэг, даалгавар өгсний дагуу Үндэсний хөгжлийн газарт Х*******, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон ажлыг хэсэг байгуулагдаж, Х*******ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулах талаар хамтран ажиллахаар болсон ба энэ хүрээнд компаниудын 2017 онд биржээр арилжаагүй барааны шимтгэлийн бодит дүнг дахин нягтлан гаргаж Х******* нь манай компанитай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж 2017 онд биржийн арилжаанд оруулалгүй экспортод гаргасан ноолуурын арилжааны шимтгэлд 24,000,000 төгрөгийг манай компани нөхөн төлөхөөр болсон. Мөн Х******* нь бусад “Х*******” ХХК, "Т*******” ХХК, “И*******” ХХК-иудтай ийм байдлаар тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан.
Тухайн үед Х*******ийн захирал Х.Б******* эвлэрлийн гэрээнд үнийн дүн тавих шаардлагагүй бодитоор гаргасан дүнгээрээ барааны шимтгэлээ төлчихвөл энэ шимтгэлийн маргаанд дуусгавар болсон гэж хэлж байсан.
Х*******ээс компаниудтай эвлэрлийн гэрээ байгуулсан талаараа Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, хуулбарыг хүргүүлсэн гэж бидэнд мэдэгдсэн. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргуулж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийтгэлийн хуудсанд заасан дүнгээр хохирлыг барагдуулах ажиллагааг хийхээр байгаа нь компаниудад маш хохиролтой байна.
Бид Х******* дээр дүр үзүүлсэн арилжаа хийхээс татгалзсаныхаа төлөө шийтгэл хүлээсэн бөгөөд хэрэв шийтгэлийн хуудаст заасан дүнгээр шийтгэлийн хуудсыг биелүүлэх талаараа Х*******, Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэж байсан бол бид тухайн үед шүүхэд гомдол гаргахаар байсан. Өнгөрсөн хугацаанд Х*******, Санхүүгийн зохицуулах хороо аль нь ч шийтгэлийн хуудсыг биелүүлэх талаар мэдэгдэж байгаагүй.
Бидний хувьд Х*******тэй эвлэрлийн гэрээ байгуулж 2017 онд биржээр дамжуулан арилжаалаагүй барааны шимтгэлийн маргаантай асуудал дууссан гэж ойлгож, итгэж үнэмшиж байсан боловч тийм биш болохыг шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарснаар мэдлээ. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудаст хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нь уг эвлэрлийн гэрээ байгуулснаас шалтгаалсан явдал байсан. Гэтэл одоо Санхүүгийн зохицуулах хороо нь одоо энэ талаар мэдэхгүй болж хувирч, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж гаргуулсан байна.
Дээрхээс дүгнэхэд бид захиргааны байгууллага буюу Х*******ийн үйл ажиллагааны шууд хамааралтайгаар, Х*******-Санхүүгийн зохицуулах хорооны уялдаа холбоогүй ажиллагаанаас болж шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа болно.
Гомдлын үндэслэл:
Нэг. Дээр дурьдсанчлан нэгэнд малчид ноолуураа Х*******ээр дамжуулан арилждаггүй, Х******* ч өөрөө арилжаа хийх нөхцөлийг бүрдүүлээгүй байдаг тул компаниуд өөрсдөө явж түүхий эдээ худалдан авч цуглуулдаг. Энэ нөхцөлд компани ноолуурыг биржээр дамжуулан худалдан авах талаарх хуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд дүр эсгэсэн арилжааг хийхээс өөр аргагүй болдог. Бирж дээр дүр эсгэсэн арилжаа хийх нь өөрөө хууль бус үйлдэл гэдэг нь тодорхой бөгөөд 2017 онд энэхүү хууль бус үйлдлийг хийхээс татгалзан малчдаас худалдан авсан ноолуураа шууд экспортод гаргасан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хууль бус үйлдэл хийхээс татгалзсан үйлдлийг зөрчилд тооцон шийтгэл оногдуулсан нь хууль, шударга ёс, эрх зүйн зарчимд огт нийцэхгүй байна.
Хоёр. Х******* өөрийн сайт дээрээ 2013 онд байгуулагдсанаасаа хойш 2,4 их наяд төгрөгийн арилжаа хийсэн талаараа мэдээллэсэн боловч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХЭГ/754 тоот албан бичигт “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар яам, бирж, тус салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаагаас Х*******ийн үйл ажиллагаг зогсооход хүрч болзошгүй байдал ажигалагдаж байна” гэсэн нь Х*******ийн үйл ажиллагаа хуульд агуулгаараа хийгдэхгүй байгааг харуулна.
Гурав. Манай компани Х*******ээс эвлэрэх санал тавьсны дагуу 2017 онд биржээр арилжаалаагүй барааны шимтгэлийн дүнг нөхөн гаргаж тооцоо нийлж 24,000,000 төгрөгийг төлөхөөр 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Харин шийтгэлийн хуудас дээр биржээр арилжаагүй барааны шимтгэлийн дүнг 101,144,593.37 төгрөгөөр тогтоосон нь хэт зөрүүтэй байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г нь уг хохирлын дүнг тооцохдоо нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, зөвхөн тухайн үед Х*******ээс өгсөн мэдээнд үндэслэсэн, Х*******ийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Дөрөв. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан. Зөрчлийн ту^дй хууль батлагдахаас өмнө Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тус хуулийн 16 дугаар зүйлээр зохицуулсан байсан ба уг зүйлд “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлага”-ыг зөрчсөн үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэх талаар заагаагүй байсан. Харин Улмаар Улсын Их Хурлаас Зөрчлийн тухай хуулийг батлахдаа тус хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д энэхүү үйлдлийг шинээр зөрчилд тооцон шийтгэл оногдуулахаар заасан.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүйгээр 2017 онд барааг биржээр арилжаагүй бүх тохиолдлыг хамруулан зөрчилд тооцон шийтгэл ногдуулсан.
Иймд манай компанийн гаргасан гомдлыг хүлээн авч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
“Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их хурлаас 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол зорилго нь хөдөө аж ахуйн гаралтай бараа зах зээлийн үед ялангуяа биржийн зах зээлд шилжүүлэхийн тулд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид малчид, хөдөө аж ахуйн тариаланчдыг нэгдсэн зохион байгуулалтаар хоршооллын хэлбэрт оруулж, улмаар түүхий эдийг х*******ээр дамжуулан борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү хуулийг баталсан байдаг.
Х*******ийн арилжаа хэрхэн ямар байдлаар зохион байгуулагдаж явах вэ гэхээр малчин өрх өөрсдийн бэлтгэсэн түүхий эдийг багуудын малчдын хоршоонд төвлөрүүлээд улмаар сумдын хөдөө аж ахуйн хоршоодын агуулахад хүргүүлж, чанар стандартад нийцүүлэн анхан шатны боловсруулалт чанарын хамгаалалт хийдэг. Агуулахад хүлээн авсан түүхий эдийг биржийн бараа гэж тооцох бөгөөд арилжааны захиалгыг сумдын мал хөгжлийн байгууллагаар дамжуулан х*******ид хүргүүлнэ. Худалдан авагчид брокероор дамжуулан худалдан авах захиалгыг биржид хүргүүлнэ. Нэг талаас худалдан авагч болон худалдагчийн хүсэл зоригийн илэрхийлэл биржид нэгдээд захиалгууд нэгтгэж арилжааны хэлтэст ирүүлсэнээр худалдан авагч хэлцэлийн үнийн дүнг арилжааны банкаар дамжуулан малчдын малчин өрхийн дансанд шилжүүлнэ. Худалдан авагч нь арилжааны банкинд төлбөрөө шилжүүлсэнээр итгэмжлэгдсэн тээврийн агуулахаар өөртөө дамжуулах зорилгоор хууль хэрэгжинэ гэж ойлгоно.
Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт биржээр арилжах бараа түүхий эдийн жагсаалтад орсон бараа түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн 4.5 дахь заалтад “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан. Биржээр арилжаалсан байх гэдэг шаардлага малчид үйлдвэрчид хоорондын биржийн арилжааг хэлж байна. Шууд экспортод гаргахдаа арилжаална гэж тайлбарлаж ойлгохгүйг шүүх анхаарч үзнэ үү.
Энэ хууль амьдрал дээр батлагдсан цагаас хүлээлттэй байсан боловч амьдралд хэрэгжиж чадахгүй байдалд хүрсэн. Малчид өөрсдийн ноос ноолуураа худалдаж хэвших дадал зуршил бий болоогүй. Х******* хүчээр зохиомол байдлаар арилжаа хийж ирсэн байдал харагдаж байгаа юм.
Хөдөө аж ахуйн бирж дээр бараа түүхий эдийн материалаа худалдахад Монгол Улсын хэмжээнд 330 гаруй сум байгааг тооцоход 330 малчдын хоршоо байгаа гэх ойлголт төрж байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд ноос ноолуураа биржээр дамжуулж арилжаалдаг малчдын хоршоо байхгүй гэдэг мэдүүлэг Х*******ийн захирал н.Б******* өгсөн байдаг. Тэр хүн өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 10 орчим хоршоо байгаа гэж мэдүүлэгт тодорхой дурдсан.
Тухайн үед энэ хуулийн төслийн Улсын Их Хурлаар хэлэлцэж явж байхад гишүүдийн сонирхож асуусан асуулт нь “малчид биржээр дамжуулж бараа түүхий эдээ арилжаалахгүй байвал яах вэ” гэж хуулийн төсөл хэлэлцэж байх үед асуусан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа биржийн хэлцэл 2 тал байдаг бөгөөд нэг талаас худалдах сонирхолтой худалдагч, бараа түүхий эдийг худалдаж авах сонирхолтой худалдан авагч нэгдэж хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр биржийн хэлцэл байгуулагдана.
Гэтэл нэг талаас бараа түүхий эд биржээр дамжуулах худалдагч байхгүй бол үйлдвэрлэгч нар ноос ноолуураа яаж худалдаж авах вэ гэдэг асуудал үүснэ. Бодит байдал дээр хөдөө аж ахуй эрхэлж байгаа малчид биржээр дамжуулан бараа түүхий эд худалдах захиалга өгөх явдал байдаггүй. Ченжээр ноос ноолуураа дамжуулан худалддаг асуудал байдаг. Х******* дээр зохиомол дүр эсгэх арилжаа явагддаг. Өөрсдийн худалдаж авсан ноолуураа дахин Х******* дээр танил мэддэг хүнээ худалдагч болгож зохиомол байдлаар худалдагддаг.
Улсын Их Хурлын чуулгын хуралдааны тэмдэглэлд хуулийн төслийг анх боловсруулж байх үед ажилласан н.Г******* гишүүн хэлэхдээ “Үнэхээр малчин хүн ганцаараа бирж дээр очихгүй бол өөр худалдаа хийх боломжгүй болтол шахъя, үүнийг төрөөс баримтлах малчдын бодлоготой уялдуулж хийе” гэж тодорхой хэлсэн байдаг. Улсын Их Хурлын гишүүн Э.Б******* хэлэхдээ “ченжүүд үндсэндээ брокер болоод биржийн харилцаанд орж явж байна” гэж хэлж байсан. Хууль батлагдсанаар ченжүүд брокерын компани байгуулсан байсан. Гэхдээ брокерын компанийн үйл ажиллагаа зогсонги байдал руу орсон асуудал байдаг.
Улсын Их Хурлын гишүүн одоогийн ерөнхийлөгч Х.Б тухайн үед хэлэхдээ “схемээ тодорхой гаргана уу, х******* яг яаж явах вэ, үүний дараа хуулиа зохицуулахгүй бол болохгүй” гэж ярьсан. Х*******ийн эхлэх цэг нь малчны хот уу, сум уу гэдгийг тодруулах. Дамжиж арилжаалагдах тал нь аль нь вэ, худалдан авагч тал нь аль нь вэ гэж асуусан байдаг. Хариуд нь н.Э******* гишүүн хариулж хэлсэн байдаг. Нэг талаас оролцогч нь хоршоод нөгөө талаас худалдан авагч тал нь үйлдвэрлэгчид байна.
Хоршооны хувьд нэг суманд 3-5 хоршоо байхад болно гэж яригдсан зүйл байдаг. Технологийн хувьд цахим хэлбэрээр явагдах төсөл байдаг. Монгол Улсын хэмжээнд 330 хоршоо байж биржийн харилцаанд орох асуудал яригддаг. Гэтэл х*******ийн захирал н.Б*******ын өгсөн мэдүүлэгт үйл ажиллагаа явуулж байгаа 10 орчим хоршоо байгаа гэж хэлдэг. Тухайн үед хэлэлцэж байсан гишүүдийн яриа Х*******ийн захирлын яриа хоорондоо авцалдахгүй байгаа юм. Малын гаралтай түүхий эдийг биржээр дамжуулж яаж зарах вэ гэдэг асуудлыг тухайн чуулганы хуралдаан дээр илэрхийлж байсан. Цөөн гишүүд энэ хууль амьдрал дээр хэрэгжих үү, хэрэгжих боломж байгаа юу гэдгээр саналаа илэрхийлж байсан нь чуулганы хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Энэ бүх нөхцөл байдлыг хариуцагч тал анхаарч үзээгүй. Зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэж хариуцлага тооцсон байдаг. Хууль ёсны дагуу явагдсан уу, үгүй юу гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо хянах хэрэгтэй байсан. Санхүүгийн зохицуулах хороо энэ байдлыг дэмжсэн шинжтэй шийтгэлийн хуудас гаргаж аж ахуй нэгжүүдийг хохиролд оруулж байгаа нь үндэслэлгүй.
Сүүлд Санхүүгийн Зохицуулах хорооноос нотлох баримт ирсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр анх удаа зөвшөөрөл олгосон байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол хэрэгт ирсэн байдаг. Хохирлын асуудал байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэсэн. “Э ” компанийн хувьд экспортод гаргасан мэдээ тайланг харахад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний хоорондох мэдээ тайланг үндэслэж байгаад хариуцагч шийдвэр гаргасан байдаг. Зөрчлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө шийтгэл оногдуулах зохицуулалт байсан эсэхийг анхаарч үзэх шаардлага байсан.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байдаг. Хариуцагч Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ийм зохицуулалт байсан уу гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө экспортод гаргасан бараа түүхий эдийг хамруулан шийтгэлийн хуудас гаргасан байсан. Шийтгэлийн хуудсанд хохирлын дүн харьцангуй багасхаар байгаа юм. Бидний хийсэн тооцоогоор “Э ” компани 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд экспорт хийсэн дүнг хараад үзэхэд 21 тэрбум 651 сая, 300 мянга, 248 төгрөг болсон байдаг. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш экспортод оруулсан дүнг харахад 3 тэрбум, 634 сая, 848 мянга, 93 төгрөг болсон байсан. Хохирлыг тооцож үзэхээр байвал энэ дүн харьцангуй багасхаар дүн байдаг. Үүнд Х******* ямар тайлбар ирүүлдэг вэ гэхээр биржээр бараа бүтээгдэхүүн арилжаалахад спорт барааны шимтгэл 0.3 хувийг авна гэсэн байдаг. Авах нь 0.1 зарах тал нь 0.2 хувийн шимтгэл төлнө гэж заасан. Мөн Санхүүгийн зохицуулах хороо 0.8 хувийн шимтгэлийг брокерын компаниудаас авах үйлчилгээний хөлсүүдийг нэмсэн. Биржээр арилжаагүйн төлөө зарах талын төлөх 0.2 хувийн шимтгэлийг авах талын хохирлыг оруулах асуудал гаргасан байна. Брокерын компаниас төлөх зохицуулалтын үйлчилгээний хөлс 0.08 хувийг улсад учруулсан хохирол гэж үзээд агуулж байгаа юм” гэв.
Хариуцагч Ш.Г аас хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эвлэрлийн гэрээг тус компани Х*******тэй 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, хэдэн төгрөг төлөх талаар амаар тохирсон. Гэрээ дээр бол хэдэн төгрөг төлөхөө заагаагүй. Одоо тус компани мөнгийг төлөөгүй байгаа юм. Нэгэнт гаргасан захиргааны хэргийн актыг улсын байцаагч дур мэдэн өөрчлөхгүй. Арилжааны шимтгэлээр хэрвээ цуцлахын бол хилээр гаргасан арилжааны шимтгэл улсаас төлөх нь эрсдэлтэй. Сүүлд хөдөө аж ахуйн компаниуд х*******ээр бараа бүтээгдэхүүнээ арилжаалж хуулийн дагуу явж байгаа гэж хэлж болно. Нийслэлийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгээд дахин зөрчлийн хэрэг үүсгээд хамгийн их худалдан авалттай 5 компани дээр гомдол гаргаж манайд зөрчлийн хэрэг нээгдсэн. Х*******ээр арилжаалаагүй гэдгээр нэг компани зөрчлийн хэргээр ямар ч торгууль ногдуулаагүй, өөр хүний нэр дээр татвараа төлсөн гэх үндэслэлээр торгууль авагдаагүй. Улсад учирсан хохирлыг яаж тооцох вэ гэдэг нь асуудал болж байна.
... Х*******ээс экспортод гараагүй хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бараа бүтээгдэхүүнээс гаргаж авсан 101 сая төгрөгийн үнийн дүнг буруу тооцсон. Хугацааны хувьд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж заасны дагуу хугацааг тооцсон” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Э ” ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо “... Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудаст хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай байсан” гэж дурдсан боловч захиргааны байгууллагын ямар буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.
"Э ” ХХК нь шийтгэл оногдуулснаас хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Х*******” ХХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулж биржээр арилжаалаагүй бараа, түүхий эдийн шимтгэлийг биржид нөхөн төлсөн нь Хорооны буруутай үйл ажиллагаа биш бөгөөд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Мөн гомдол гаргагчид шийтгэлийн хуудсыг хүлээлгэн өгөхдөө гомдол гаргах тохиолдолд гомдол гаргах газар болон хугацааны талаар тайлбарлаж өгсөн тул үүнийг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл болохгүй юм. Одоогоор шүүгчийн захирамжийн дагуу торгууль болон хохирлыг албадан гаргуулах ажиллагаа үргэлжилж байгаа болно.
Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагаа нэгэнт явагдаж байгаа тул “Э ” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Э ” компани Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биржээр арилжах бараа түүхий эдийн жагсаалтад орсон бараа түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн гэх зөрчлийг үйлдсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн зүгээс шийтгэлийн хуудсаар торгууль болон хохирлыг төлүүлэх шийтгэлийн хуудас оногдуулж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчид биечлэн танилцуулж, гарын үсэг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор сайн дураа биелүүлэхийг уг шийтгэлийн хуудсаар даалгасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг хүлээн авснаас хойш зөрчил үйлдсэн хүн сайн дураараа 15 хоногийн дотор биелүүлнэ” гэж заасан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т “шүүхэд шууд хандахаар заасан бол хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Энэхүү 2 хуулийн холбогдох заалтад заасны дагуу нэхэмжлэгч компани хуульд заасан хугацаандаа гомдол гаргаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхтэй холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаж шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлж, процесс ажиллагаанууд явагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс хохирол болон торгуулийн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тайлбараар захиргааны ямар буруутай үйл ажиллагаанаас болж хуульд заасан хугацаанд гомдол гаргаж чадаагүй талаар үндэслэл бүхий тайлбар байхгүй. Эвлэрлийн гэрээ байгуулж, экспортоор арилжаалаагүй бараа түүхий эдийн шимтгэл төлсөн нь биржийн буруутай үйл ажиллагаа биш. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Гомдол гаргагчид шийтгэлийн хуудсыг гардуулахдаа гомдол гаргах газар болон гомдол гаргах хугацааны талаар тайлбарлаж өгсөнд үүнийг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж хариуцагчийн зүгээс үзэхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг 3(гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:
“Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э ” ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасан “Биржээр арилжаалах бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхийг эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн” зөрчилд 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, улсад учруулсан хохиролд 101,144,593.37 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ[1].
Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “Э ” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 12-оос мөн оны 07 дугаар сарын 19-ний хугацаанд нийт 25,286,148,342.8 төгрөгийн ноолуурыг “Х*******/цаашид ХААБ гэх/” ХХК-ийн арилжаанд оруулалгүйгээр Монгол Улсаас экспортод гаргасан нөхцөл байдал нь Гаалийн экспортын мэдээгээр тогтоогдсон байна[2].
Гомдол гаргагчаас өөрийн экспортолсон бараа, түүхий эд нь биржээр арилжаалагдах бараа, түүхий эдийн жагсаалтад багтаж байгаа тухайд болон дээрх ноолуурыг “Х*******” ХХК-ийн арилжаагаар арилжаалалгүйгээр экспортолсон тухайдаа маргаагүй, харин “Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн зөрчилд хариуцлага тооцож хохирол тогтоосон төдийгүй Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжих нөхцөл нь бүрдээгүй, уг биржийн арилжаа нэр төдий явагддаг байдлыг харгалзан үзээгүй, захиргааны байгууллагаас ХААБ-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж бодит арилжаа явагдах нөхцөлийг бүрдүүлээгүй атлаа уг биржээр бараа, түүхий эдийг заавал арилжсан байх шаардлага тавьж байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагчаас “Гомдол гаргагч хуулийн этгээд нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн 2017 оны арилжааг нөхөн хийх, арилжааны шимтгэлийг нөхөн төлөх талаар ХААБ ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд, эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эрх хэмжээгүй тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.
Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх ба хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөх хугацааг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” байхаар хууль тогтоогчоос тогтоосон байна.
Дээрхээс үзвэл, хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэнээс хойших буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ээс мөн сарын 19-ны өдрийг дуусталх хугацаанд “Э ” ХХК-ийн ХААБ-ээр арилжаалж авалгүйгээр экспортолсон нь хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу зөрчилд тооцогдох бөгөөд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн үзэл баримтлал, уг хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы болон байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг иш татан “хууль хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй, биржийн арилжаа нэр төдий явагдаж байхад уг биржээр бараа, түүхий эдийг заавал арилжсан байх шаардлага тавьж шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь хуулийн этгээдэд эрх бүхий этгээдээс “хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардах эрх” үүсгэхээс бус биржийн арилжаа нэр төдий явагддаг гэсэн үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс татгалзах, улмаар шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Харин хариуцагчаас “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэсэн заалт нь 2012 оноос хэрэгжиж байгаа бөгөөд гомдол гаргагч хуулийн этгээд нь энэ хуулийн дагуу арилжаанд орж байсан, түүний зөрчил үргэлжилсэн бөгөөд сүүлийн зөрчил үйлдэгдэх үед Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон байсан” гэж тайлбарлаж байгаа нь зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл болохоос бус зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр болж мөрдөгдөөгүй байсан Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болохооргүй байна.
Өөрөөр хэлбэл, 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай[3] хуулийн 16 дугаар зүйлд “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг хангаагүй” зөрчилд хариуцлага хүлээлгэхээр заагаагүйн дээр дээр дурьдсан Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “...энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул гомдол гаргагчийн “хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн зөрчилд хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж шийтгэл ногдуулж, хохирол тооцсон нь хууль бус” гэсэн гомдол үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г нь 2017 оны 05 дугаар сарын 12-оос Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөх хүртлэх хугацаан дахь “Э ” ХХК-ийн биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжаалаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлаж шийтгэл ногдуулсан нь буруу байх шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хохирол тооцсон хэсгийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн дэх хэсгийг 1-д зааснаар “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг”-тэйн дээр мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх...-ээр шийдвэрлэсэн бол хохирлыг хэмжээг тогтоох” нь эрх бүхий албан тушаалтны үүрэг байхаар хуульчилсан байхад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г “Э ” ХХК-иар 101,144,593.37 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Тодруулбал, дээрх хохирлын хэмжээ нь “Э ” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 12-оос мөн оны 07 дугаар сарын 19-ний хооронд ХААБ-ээр арилжаалсан байх шаардлагын хангаагүй эскпортлосон ноолуурын үнийн дүн болох 25,286,148,342.8 төгрөгийн 0,4 хувиар тооцогдсон тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
Гэтэл дээрх 0,4 хувь нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “ХААБ-ийн арилжааны зуучлалын үйл ажиллагаанаас төвлөрүүлэх үйлчилгээний хөлс” болох арилжаалагдсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 0,08 хувь[4], “Х*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 тогтоолоор батлагдсан спот гэрээний төлбөр тооцооны шимтгэл 0,02 хувь, 2016 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан спот гэрээний шимтгэл авах тал 0,1 хувь, зарах тал 0,2 хувийн[5] нийлбэрээс бүрдэж байх тул гомдол гаргагчийн “манай байгууллага хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг зөвхөн худалдаж авч экспортлосон байхад тухайн түүхий эдийг зарсан талын биржид төлөх ёстой шимтгэлийг бидэнд хариуцуулсан нь хууль бус” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 264 дүгээр тогтоолоор “Х*******” ТӨХХК-д биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох болон уг тусгай зөвшөөрөлтэй олгогдсон харилцааг зохицуулахаар “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн түр журам”[6]-ыг батлан гаргасан байх ба мөн хорооны ““Х*******” ТӨХХК-д хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 171 дүгээр тогтоол нь дээрх “...тусгай зөвшөөрлийн түр журмын 5.1 дэх хэсгийг үндэслэж гарсан байна.
Хэрэв хариуцагчийн тайлбарлаж байгаачлан ““Х*******” ТӨХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 27-оос өмнө тусгай зөвшөөрөл аваагүй, зохицуулалттай зах зээлийн дагуу дээрх түр журмын хүрээнд биржийн үйл ажиллагаа эрхэлж байсан” гэж үзвэл, уг хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байсан байх ба энэ талаарх баримт зөрчлийн 1801000005 тоот хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар ““Х*******” ТӨХХК-д хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай” гэж шийдвэрлэсэн болон дээрх Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн түр журам”[7] нь зөвхөн “Х*******” ТӨХХК-д холбогдож гарсан, энэхүү журмын 5.1-д “Тусгай зөвшөөрөл хүссэн этгээдээс ирүүлсэн баримт бичиг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрхэн хангасан байдлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлүүлнэ” гэсэн байгаагаас үзвэл, ХААБ нь зөрчил үйлдэгдэх үед биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагч нь “Х*******” ТӨХХК-ийн ... биржийн үйл ажиллагаа эрхлэх, арилжаа зохион байгуулах эрхтэй эсэх, мөн арилжааны шимтгэл тогтоох эрхтэй эсэхийг нягтлан шалгаагүй, энэ талаар дүгнэлт хийлгүйгээр тус хуулийн этгээдээс гаргаж өгсөн тооцоолол[8]-оор хохирлын хэмжээг тогтоосон нь бодитой болоогүй байх ба эрх бүхий албан тушаалтны дүгнээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргах үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гомдол гаргагч болон хариуцагчаас “Э ” ХХК нь “Х*******” ТӨХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, арилжааг нөхөн хийж, шимтгэлийг төлөх талаарх тохиролцсон гэж тайлбарлаж байх ба Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасан “...хохирлыг гаргуулах” арга хэмжээ нь арилжааг нөхөн хийх, шимтгэлийн хэмжээг тохиролцох үндэслэл болохгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 2.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 5, 17.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Хавтаст хэргийн 99 дэх талд
[2] Хавтаст хэргийн 95-98 дахь талд
[3] http://www.parliament.mn/files/9355
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх талд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 239-242 дахь талд
[6] http://www.frc.mn/uploads/file/d4a78f2390fc194b1c09afa33171a01da2115761.pdf
[7] http://www.frc.mn/uploads/file/d4a78f2390fc194b1c09afa33171a01da2115761.pdf
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь талд