Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00667

 

Эны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02866 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр магадлалтай

Эны нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох

Гүйцэтгэсэн ажлын үнийн зөрүү 296 829 007 төгрөг, алданги 29 682 900 төгрөг, нийт 326 511 907 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э нь “Г” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл суманд 10 ортой эмнэлгийн барилга бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг барилга угсралтын ажлын дүнд 369.813.802 төгрөгөөр хуанлийн 133 хоногт ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч тодорхой шалтгааны улмаас барилгын ажил дуусаагүй, царцсан барилгын тоонд орсон байна. “Г” ХХК-д Энаас 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 148.449.710 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 277.424.838 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тухайн жилд Энаас Говь Алтай аймгийн Цээл суманд 10 ортой эмнэлэг барих ажлын санхүүжилт бүрэн хийгдсэн. Барилгын ажлын гүйцэтгэлийг барилгын зураг хариуцаж байсан компани, Барилгын хөгжлийн төв болон тухайн орон нутгийн удирдлагууд хяналт тавьж байсан. Барилгын ажлын явцад “Г” ХХК барилгын материал болон бусад асуудлаа болж барилгын ажлын явцыг хойшлуулж, удаашруулж байсан. Эны анхны нэхэмжилсэн мөнгөн дүн болох 469.823.802 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийсэн ажлын хэмжээг тогтоосон 172.994.795 төгрөгийг хүлээн зөвшөөрч хасч тооцоод 296.829.007 төгрөг, гэрээний дагуу алдангийн хэмжээг 10 хувиар тооцож, 29.682.900 төгрөг, нийт 326.511.907 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл манай “Г” ХХК-тай ямар эрх зүйн харилцаанд оролцоод тухайн эрх зүйн харилцааны хүрээнд яг ямар, ямар тохиролцоо хийгдээд түүнийг хэрхэн яаж зөрчөөд байгаа нь бүрэн нотлогдохгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бүрэн байдлаар авагдаагүй байхад гэрээг үндэслээд “Г” ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй юм. Энэ гэрээн дээр дутуу байгаа зүйлийг таамаг байдлаар тааж болохгүй. Нэхэмжлэгч өөрөө тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг байгаа. Э, “Г” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний 21.1-д зааснаар Э, “Г” ХХК-д барилгын зураг төсөл хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, Э барилгын зураг төслөө олоогүй. Улаан шугам буюу тэг тэнхлэг тавигдсанаар барилгын ажил эхэлдэг. 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараа Энаас шалтгаалсан нөхцөл байдлын улмаас барилгын улаан шугам буюу тэг тэнхлэг тавигдаж, барилгын ажил хойшилсон. Э барилгын улаан шугам буюу тэг тэнхлэг тавих газрыг заагаагүйгээс “Г” ХХК барилгын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломжгүй болсон. Э буюу захиалагч тал барилгын инженер, геодезийн ажлыг хийж гүйцэтгэгч талд хүлээлгэж өгөх ёстой байсан. Инженер, геодезийн ажил барилгын зураг төсөл хийгдэхээс өмнө хийгдэх ёстой ажил. Барилгын газрын хөрсний судалгаа хийгдсэний дараа барилгын зураг хийгдэх ёстой. Гэтэл газрын хөрсний судалгаа байхгүй байхад барилгын инженерийн зураг төсөл гаргасан нь эргэлзээтэй байна. “Г” ХХК-ийг барилгын ажил хийж эхлэхэд хөрсний судалгаа бүрэн хийгдээгүйгээс хадан дэвсгэр дээр барилгын ажил хийгдэх болсон. Барилгын суурь хадан дэвсгэр дээр хийгдэж, маш их хэмжээний хөрөнгө, цаг зарцуулах болсон. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт буруу гарсан. Уг дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх боломжгүй. Шүүхээс шинжээч томилсон шүүгчийн захирамжийг хариуцагч талд танилцуулаагүй, захирамжид шинжээчид тодорхой асуулт тавиагүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа талуудаас хөрсний судалгаа, зураг төсөл болон холбогдох баримтыг шаардаж аваагүй. Тухайн барилга дээр очиж үзлэг хийгээгүй, зөвхөн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт гаргасан. Шинжээчийн барилга дээр очиж үзлэг хийгээгүй болох нь дүгнэлтэд авагдсан барилгын гадна байдал харуулсан фото зургийг шинжээч өөрөө аваагүй, “Г” ХХК-ийн захирал н.Батжаргал уг зургийг авч шинжээчид мэйл хаягаар хүргүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд авагдсан гэрэл зургийг н.Батжаргал гаргаж өгсөн гэдгээр нотолж, яг адилхан зураг гаргаж өгсөн байдаг. Барилгын ажлын тоо хэмжээг шинжээч тодорхойлохын тулд геодези зураг зүйн хэмжилт хийх ёстой байсан. Барилгын газар дээр очиж үзлэг хийгээгүй учраас геодези зураг зүйн хэмжилт хийж чадаагүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.7-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй этгээд барилгын геодези зураг зүйн хэмжилт хийх ёстой. Тусгай зөвшөөрөлгүй этгээд хэмжилт хийх боломжгүй. Эдгээр нөхцөл байдлаас хамаарч шинжээчийн дүгнэлт хуулийн болон нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ийм учраас шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Э, “Г” ХХК-д мөнгө шилжүүлсэн талаар ярилаа. Энэ бол мөнгө шилжүүлсэн баримт биш, “Г” ХХК-ийн хөрөнгө оруулалт хүссэн өргөдөл. Эны мөнгө шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэрээнд алдангийг хуулийн шаардлага хангахгүй хэлбэрээр бичсэн байна. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодох ёстой. Гэтэл гэрээнд нийт үнийн дүнгээс алданги бодно гэсэн байна. Ийм учраас алдангийн төлбөрийг төлөх боломжгүй байна. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө “Г” ХХК-д хандаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүх нэхэмжлэл хүлээж авсан. 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш “Г” ХХК-д шаардлага хүргүүлсэн байх ёстой. Э 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа сунгасан баримт хавтаст хэрэгт авагдсан байсан. Энэ баримт яг Эны баримт биш. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд гэрээний хугацаа сунгасан гэсэн талаар дурдагдсан байсан. Түүнээс Энаас гэрээний хугацаа сунгасан баримт хавтаст хэрэгт байхгүй. Э эрх зөрчигдсөн гэдгээ 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мэдэх боломжтой байсан. Үүнээс хойш 3 жилийн хугацаа тоолбол 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Говь-Алтай аймгийн удирдлагын түвшинд яригдсан хурлын тэмдэглэлийг харахаар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа тоолбол 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02866 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 276 224 757 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50 287 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 539 074 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардал 2 180 000 төгрөгийн 1.853.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 539 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02866 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 40 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Э болон “Г” ХХК нь 2011 оны 4 сарын 19-ний өдөр БУ-25/11 дугаартай Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эмнэлгийн барилгын угсралтын ажлын гэрээ байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байгаа бөгөөд Э нь захиалагч тал, “Г” ХХК нь ажил гүйцэтгэгч тал болж оролцсон юм.

Гэрээг хэрэгжүүлэх явцад захиалагч талын дор дурдсан буруутай үйл ажиллагаанууд гарсан байдаг. Үүнд:

- Гэрээний харилцаанд Э-ыг төлөөлөх Төслийн менежер (гэрээний 1.1, 4.1)-ийг томилоогүй, өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгчийн хувьд захиалагч талтайгаа харилцах эзэн тодорхойгүй,

- Барилга барих талбай (гэрээний 21.1)-г нэн даруй бэлтгэж өгөөгүй буюу улаан шугам тавьсан актыг 2011 оны 6 сарын 29-ний өдөр тавьж өгсөн,

- Барилга барих хөрсний судалгааг бүрэн хийгээгүйгээс захиалагчаас өгсөн энгийн хөрстэй талбай гэж өгсөн мэдээлэл бодит байдал дээр өөр байсан буюу шууд хадан дэвсгэр дээр барилга барих шаардлага тулгарсан, уг хадан дэвсгэрийг ухаж барилгын суурь цутгахад ихээхэн хугацаа зарцуулсан ба мөн төсөвлөж байсан төсвөөс илүү зардал гаргасан байдаг.

Эдгээр нь ажил гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацаанд буюу 2011 оны 9 сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулах үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд Э-наас олгосон санхүүжилтийг бүгдийг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үйл ажиллагаанд буюу барилга угсралтын үйл ажиллагаанд зарцуулж дууссан байдаг.

Э нь 2016 өны 9 сарын 15-ны өдөр “Г” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа дээрх 2011 оны 9 сарын 20-ны өдрөөс хойш нийт 5 жилийн хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хугацаанд Э нь “Г” ХХК-тай байгуулсан гэрээг сунгах болон өөр ямар нэгэн асуудлаар “Г” ХХК-д хандсан, харилцсан явдал байдаггүй.

Нэхэмжлэгч нь хохирол нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны түүх гэрээний үүрэг шаардсан мэтээр нэхэмжлэгчийн шаардлагыг дур мэдэн өөрчлөн тодорхойлсон нь буруу гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...улсад учруулсан хохиролд...” гэж маш тодорхой бичсэн байдаг. Хохирол гэдэг нь Иргэний эрх зүйд бусдын гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан эдийн болон эдийн бус нөхөн төлүүлэх боломжтой үр дагаврыг хэлдэг гэж үзэж байна. Харин гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ гэрээний үүргийн гүйцэтгэлийг болон илүү төлсөн төлбөр, гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах зэргийн алийг нь ч шаардаагүй байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлоогүй байхад хариуцагчийг татгалзлаа нотлож чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хуульд нийцэхгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн.

Шүүх шинжээч томилсон 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 102/Ш32017/12935 дугаартай захирамждаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зуйлд заасан шаардлагыг огт хангаагүй буюу шинжээчид асуулт тавиагүй байдаг. Гэтэл уг захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь өөрөө өөртөө асуулт зохиож тавиад өөрийнхөө тавьсан асуултанд хариулах байдлаар дүгнэлтээ гаргасан байдаг.

Үүнээс гадна ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй Барилгын ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээг тодорхойлоход буюу барьж байгуулсан байгаа барилгын хийцүүд болох суурь, шал, хана, тааз, дээвэр гэх мэт бүхий л хэсгийн эзэлхүүнийг геодези зурагзүйн хэмжилт хийх замаар тодорхойлдог. Мөн энэхүү хэмжилтийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй этгээд гүйцэтгэдэг. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2014 оны 03 сарын 31-ний өдрийн 102 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсэгт дээр дурдсан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд байхгүй, мөн дээрх шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчид ч тийм тусгай зөвшөөрөл байхгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтийг хуулийн шаардлага огт хангахгүй болохыг илэрхийлж байгаа юм.

Түүнчлэн шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбоо нь Говь-Алтай аймгийн Цээл суманд барилгыг газар дээр нь огтхон ч очиж үзэлгүйгээр дүгнэлтээ гаргасан бөгөөд очиж үзсэн мэтээр дүгнэлтдээ фото зураг хавсаргасан байгаа нь “Г” ХХК-ийн захирал Б.Батжаргалаас цахим шуудангаар илгээсэн зургийг хэвлэж хавсаргасан байгаа байдал юм.

Эдгээрийг дурдан шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байгаа тул дахин шинжээч томилуулахыг хүссэн боловч анхан шатны шүүх шинжээчид олгох зардал байхгүй гэсэн шалтгаанаар шинжээч томилох хүсэлтийг хангаагүй.

Иймд эдгээр үндэслэлийг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, эсхүл шийдвэр магадлалд бүхэлд нь өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Э “Г” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үнийн зөрүү 296 829 007 төгрөг, алданги 29 682 900 төгрөг, нийт 326 511 907 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч “Г” ХХК нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Цээл сумын Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Эны барилга захиалагчийн албатай БУ-25/11 тоот Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гэрээ байгуулжээ.

Тус гэрээгээр гүйцэтгэгч “Г” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эмнэлгийн барилгын угсралтын ажлыг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж 2011 оны 09 дүгээр сарын 20-нд ашиглалтанд оруулах, захиалагч 469 500 000 төгрөгийн санхүүжилтийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу хийхээр харилцан тохиролцжээ.

Гэрээт ажил хугацаандаа дуусаагүй тул 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажил гүйцэтгэх хугацааг сунгасан байна.

Захиалагч гэрээний дагуу төлөгдөх санхүүжилтийг 100 хувь хүлээлгэн өгсөн боловч захиалагчаас “...барилгын ажлын нийт ажлын төсөв 469 823 802 төгрөгийг барилга угсралтын ажилд бүрэн зарцуулсан, цаашид санхүүжилт олгогдоогүй...” үндэслэлээр эмнэлгийн барилга баригдаж дуусаагүй үйл баримт тогтоогджээ.

Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  Шинжээчийн дүгнэлтээр тус барилгад гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийн нийт дүн 172 994 795 төгрөг гэж тогтоосон байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 355.2.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

Захиалагч Э гэрээт ажил биелэгдээгүй үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн 469 823 802 төгрөгийн санхүүжилтийг алдангийн хамт гүйцэтгэгчээс буцаан гаргуулахаар нэхэмжилсэн боловч гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, санхүүжүүлсэн хөрөнгө 469 823 802 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 172 884 795 төгрөгийг хасч, санхүүжилтийн үлдэгдэл 296 829 007 төгрөгийг гэрээгээр тохирсон алдангийн хамт нийт 326 511 907 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төсөвт хөрөнгийг барилгын ажилд бүрэн зарцуулсан, гэрээт ажлын хугацаанд таамаглаагүй хүндрэлүүд тулгарч, төсөвт заасан зардал тухайн барилгын ажилд хүрэлцэхгүй болсон, энэ талаар захиалагчид удаа дараа танилцуулж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас захиалагчийн албаны хяналтын зардал, барьцаа хөрөнгийн 5%, хөрс судалгааны төлбөрийг хасч, алдангийг үлдэгдэл төлбөрийн 5%-иар тооцож, нэхэмжлэлээс 276 22 757 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг дүгнэхдээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх заалтыг 325 дугаар зүйлийн 325.5.1. гэж ташаа бичсэн байх ба дээрх алдаа нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа зургаан жил байна гэж зохицуулсан ба гүйцэтгэгч 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барилгыг ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн, улмаар талууд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж байсан байх тул үүргээ биелүүлээгүй үндэслэлээр захиалагч 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч томилсон захирамжийн /2 дугаар хавтас, хх-3/ 4 дэх заалтад “шинжилгээний байгууллага нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоож, уг дүгнэлтээ Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлага хангаж ...шүүхэд ирүүлэх”-ийг даалгасан байх тул шүүх шинжээчид асуулт тавиагүй, шинжээч өөрөө өөртөө асуулт зохиож дүгнэлтээ гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02866 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 540 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД