| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0023/Э/208/2020/0014 |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-10-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, (гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон)
шүүгдэгч Ч.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Чонос овогт Чойжанцангийн *******д холбогдох эрүүгийн 1902006410316 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт /яллах дүгнэлтээр/
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Селена Сибирь” ХХК-ийн захирал, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамж, 22в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Чойжанцангийн ******* /РД:ШУ95011017/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ч.******* нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Таргатайн 1 дүгээр баг, Хайлааст хярын “Шоргоолж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 26,242,268 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.******* нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Таргатайн 1 дүгээр баг, Хайлааст хярын “Шоргоолж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 26,492,262 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******н өгсөн: “...Энэ хугацаанд хохирлыг барагдуулахын тулд өөрийн нэр дээр байгаа зүйлсээ зарахаар арга хэмжээ авсан. Нэр дээр байгаа 2-3 машиныг зарах гэсэн боловч “миний нэр дээрээс шилжих ямар ч боломжгүй байна” гэсэн. Тэгээд мөнгө төгрөг цуглуулсан одоо надад 10,000,000 төгрөг байна. Машиныг битүүмжлэлийг болиулах юм бол би хохирлоо бүрэн төлж барагдуулах боломжтой...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ч.*******гийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын Засаг даргын захирамжаар орлогчоор томилогдон өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна. Учирсан хохирлыг барагдуулж, байгаль орчинд нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Ц.*******ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би энэ уурхай дээр 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уурхайн эзэн *******, ******* нартай ирж гэр барьж, түүнээс хойш эрчмийн насосчин хийж байна. ...2019 оны 06 дугаар сарын 13-нд нүүж ирээд араас техникүүд нь ирээд 06 дугаар сарын 25-ны үеэс алт угааж эхэлсэн. Тэгээд наадмаар буюу 07 дугаар сарын 9-ноос 15-ны өдрүүдэд амраад 17-ны өдөр угааж байгаад насосны шланк цоороод хотоос захиж авчруулан янзлаад өнөөдрөөс эхэлж угааж байсан. ...Нэг экскаватор, нэг ковш, нэг скрубер /усан буу/ нэг дизель цахилгааны үүсгүүр зэрэг техник хэрэгсэл байгаа...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Э.*******ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн төв рүү явсан. Түүнээс өмнө угааж байсан. Намайг Сөөсөө буюу ******* ах энд дагуулж ирж ажилд оруулсан. Би 6 дугаар сарын сүүлээр Сөөгөө ах, Улаанаа ах нартай ирж уурхайн ажилчид амьдрах 4 гэрийг барьсан. Ирэхэд энэ газар зарим хэсэг нь эвдрэлд орсон, зарим хэсэг нь эвдрээгүй, эрүүл газар байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Б.*******ын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр энэ уурхай дээр ирсэн. Түүнээс хойш дотоод үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байгаа. Би нэг сар ажиллаад нэг сая төгрөг авахаар *******тэй тохирсон. Би ажилд ороод нийт 9 хүн ажиллаж байгаа. ...Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Тэгэхэд алт угааж эхэлсэн байсан. Тэрнээс хойш алт олборлож байгаа. Өнөөдөр буюу 07 дугаар сарын 31-ний өдөр алт угааж байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.*******гийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ уурхайд 2019 оны 06 дугаар сарын сүүлээр экскаваторчин, операторчин хийхээр ирсэн. Уурхайн эзэн Ирээдүй гэдэг хүнтэй сард 1 сая төгрөгөөр тохиролцон ажиллаж байна. Би 200 орчим метр урттай, өргөн нь 20-30 метр орчим газарт хөрс хуулалт хийсэн. Тал газар нь модтой эрүүл газар байсан. Тал газар нь урд нь эвдрэлд орсон газар байсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Г.*******гийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ уурхайд ковшийн жолооч хийхээр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Ирснээс хойш цэнхэр өнгийн “50 ковш" техникийг жолоодож шороо түрж өгч байна. Намайг энд Ирээдүй ах ажилд авсан..." гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Б.Батбаатарын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ уурхай дээр алт угаагч хийж байгаа. Нэг сарын нэг сая таван зуун мянган төгрөгөөр Ирээдүй гэдэг хүнтэй тохиролцож ажилд орсон. Би нарийсгаж угаадаггүй, зөвхөн нарийн шороог нь ялгаж өгөхөд уурхайн эзэн Ирээдүй цуг ирсэн хүмүүстэйгээ гэр лүүгээ авч орж угааж алтаа ялгаж авдаг...” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч Х.*******гийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ирээдүй гэх энэ уурхайн захиралтай тохиролцож сарын 1 сая хоёр зуун мянган төгрөгийн цалин авахаар оролцож 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ирсэн. Эрүүл мод амалтай газар байсан. Ойролцоогоор 150 метр орчим газрыг ухаж эвдрэлд оруулж олборлолт явуулсан...” гэх мэдүүлэг[9],
10.2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Дельтамон” ХХК-ийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлангаар "Hyundai 3000LC экскаватор, авто ачигч буюу ковш, Скрубер буюу алт угаах төхөөрөмжийн зах зээлийн үнэ үнэлгээний өдрийн байдлаар 103.000.000 төгрөгөөр тогтоолоо гэсэн үнэлгээний дүгнэлт,[10]
11. Байгаль орчны судалгаа, үнэлгээний "Ойт бүс” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19/06 дугаартай “Ч.*******гийн олборлолт явуулсан газрын талбайд байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн тайлан" шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “.. Ч.******* дээрх координат бүхий талбайд алт олборлох үйл ажиллагаанаас 4917.2 м2 нэг карьер, 1799.2м нэг овоолго, нөлөөлөлд орсон 2747.6м2 нийт 0.947 га буюу 9464 м2 газар, хөрс эвдрэлд өртсөн байна. Голын голдирол өөрчлөөгүй, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ороогүй боловч усан санд хохирол учруулсан байна. Харин ойн сан бүх газарт орсон, хохирол учруулсан байна. Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.947 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолол газрын хэвлийд 7.302 638 төгрөг, эдэлбэр газарт 276.480 төгрөг, усан орчин 8 869.690 төгрөг, хөрсөн бүрхэвчид 4.592 640 төгрөг, ойн санд 2.553.000 төгрөг, ургамлын нөмрөгт 2.897.820 төгрөг, нийт 24,492,268 төгрөгийн хохирол учруулсан байна. Тус газарт 11844м3 эзлэхүүн бүхий талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба техникийн нөхөн сэргээлт хийхэд 6.107.910 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.292.020 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 5400 төгрөг, нийт 7.991.930 төгрөг зарцуулагдах тооцоо гарсан болно...” гэх дүгнэлт[11],
12. Шинжээч Б.Очмаагийн “...Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ууганболдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр 19/06 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Ч.*******гийн байгаль орчинд учруулсан эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөгийн хохирлын хэмжээг тооцохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баримталж гаргасан. Мөн усан орчныг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан А/388 дугаар бүхий “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”, харин ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын “Төлбөрийн муж тогтоох тухай” 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаал, БОАЖСайдын “Ойн экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тоот тушаал, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг Эрдэс баялаг эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 112/132 тоот тушаалаар баталсан аргачлалаар тооцож тус тус гаргасан. Ч.*******н хохирол учруулсан газар нь 4.917.2 м кв ухаж, 1.799.2 м кв овоолго нийт 9.464. м кв талбайг эвдрэлд оруулсан байсан.
Шинжилгээ явуулахдаа өөрийн биеэр талбайд очиж ажилласан. Мөрдөгч хэргийн газарт очиж үзлэг хийж солбицлын цэгийг тогтоон шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай мөрдөгчийн тогтоолд уг солбицлын цэгийг зааж тухайн газарт учруулсан шинэ хохирлыг тогтоодог. Тийм учраас манай байгууллага мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд дурдсан солбилцолын цэгийг үндэслэн элт гаргасан. Одоо дахин очиж үзлэг хийсэн ч гэсэн энэ газрын байдал нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн, Ч.*******гийн учруулсан хохирлыг тогтоох боломж муутай. Яагаад гэвэл одоо бараг 1 жил болох гэж байна хоёрдугаарт энэ хугацаанд дахин өөр хүмүүс ухсан байх магадлалтай байна... Анх шинжээч томилох тогтоолд Сэлэнгэ аймгийн Ерөө сум гэсэн байсныг үндэслээд хохирол төлбөрийг тооцож дүгнэлтийг гаргасан. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад сум солигдох үед эдэлбэр газарт хүн ам, малын тооноос шалтгаалаад бага зэрэг өөрчлөлт гарч, хохирол Төлбөр болон бусад бүрэлдэхүүнд ямар нэг ялгаа гарахгүй ээ ухсан газрын талбайн хэмжээгээр л тооцдог юм..." гэх мэдүүлэг[12],
13. Байгаль орчны үнэлгээ, судалгааны “Ойт бүс” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... Тус хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ууганболдын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд дурьдсан дараахь цэгүүдэд үндэслэн
2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шинжээч Б.Очмаа миний бие болон манай компанийн экспертүүд тус талбайд хэмжилт, судалгаа хийж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй арга аргачлалаар Ч.*******гийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцоход 26,492,268 төгрөг болохыг тогтоосон болно.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Шоргоолж нэртэй иргэн Ч.*******гийн алт ашиглах үйл ажиллагаа явуулсан газарт судалгаа, тооцоо хийж 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19/06 тоот дүгнэлтийг гаргасан тул одоо дахин нарийвчлан тооцох боломжгүй байна...” гэх дүгнэлт[13],
14. Ашигт малтмал, Газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7/5886 албан бичгээр “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна. Дээрх солбицол бүхий талбай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Шоргоолж-1 нэртэй “Венчен” ХХК-ийн MV-006066 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй байна...” гэх албан бичиг[14],
15. Гэрч Ш.Мандахжаргалын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Кадастрын бүртгэлийн нэгдсэн системээр шүүлт хийж шалгахад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг хамрагдаж байгаа Солбилцолын цэгүүд байна...” гэх мэдүүлэг[15],
16. Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 066/5673 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай “...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац үрэлдэх эх, ойн сан бүхий газрын хил, заагтай тус газар бүтэн давхцалтай байна...” гэсэн албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд[16],
17. “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 94/Э дугаартай тоот албан бичгээр “Танай байгууллагаас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 34 тоот тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд, тогтоолд заасан координаттай, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг, хайлаас хярын Шоргоолж гэх газарт Ч.*******гийн байгаль орчинд учруулсан хохиролд үнэлгээ тогтоолгохоор томилсон боловч өнөөгийн нөхцөлд өнгөрсөн хугацааны байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн тогтоох боломжгүй байна гэсэн албан бичиг[17],
18. Шүүгдэгч Ч.*******н “Хайгуулын ажил хийнэ гэж бодож очсон. Энэ лиценз нь бидний өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас биш харин улсаас буруу бодлог барьж биднийг хохироосон. Манай зүгээс лицензээ буцаан авах учраас тэнд очиж ажиллаж байсан хүмүүсийг нь хөөж явуулж, өөрсдөө судалгаа явуулахаар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг[18], 19.Шүүгдэгч Ч.*******н иргэний үнэмлэхийн лавлагаа[19], 20.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[20], 21.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [21], 22.”5328X” дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл[22], 23.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[23], 24.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[24], 25.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[25] зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.*******н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Ч.*******н хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 26,492,262 төгрөгийн хохирол учирсан[26].
Мөн ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0,947га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолол газрын хэвлийд 7,302,638 төгрөг, эдэлбэр газарт 276,480 төгрөг, усан орчин 8,869,690 төгрөг, хөрсөн бүрхэвчид 4,592,640 төгрөг, ойн санд 2,553,000 төгрөг, ургамлын нөмрөгт 2,897,820 төгрөг, нийт 24,492,268 төгрөгийн хохирол учруулсан байна. Тус газарт 11844м3 эзлэхүүн бүхий талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба техникийн нөхөн сэргээлт хийхэд 6,107,910 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.292.020 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 5,400 төгрөг, нийт 7,991,930 төгрөг зарцуулагдах тооцоо шинжээчийн дүгнэлтээр[27] гарсан тул гэм буруутай этгээдээс тус тус гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай-3000 LC” экскаваторын үнэ болох 103,000,000 төгрөгийг Ч.*******гээс гаргуулан, Улсын орлогод оруулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гээс гаргуулах 103,000,000 төгрөгөөс байгаль орчинд учирсан хохирол 26,492,262 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 7,991,930 төгрөг нийт 34,484,192 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, үлдэгдэл 68,515,808 төгрөгийг Улсын төсөвт шилжүүлбэл зохино.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс “хохирол төлбөр барагдуулах 5 хоногийн завсарлага авахыг хүссэн” хүсэлт гаргасан тул шүүхээс шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулахаар шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчтой эвлэрэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ч.*******д анхааруулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдан Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Хьюндай-3000 LC” экскаваторын 21N6-42101 дугаартай компьютерийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.*******гийн өмчлөлд байгаа 69-75 УНМ улсын дугаартай “Sanguong rexton” маркийн автомашин, 78-39 УБС улсын дугаартай “Toyota Aqua” маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг тус тус цуцалж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чойжанцангийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай-3000 LC” экскаваторын үнэ болох 103,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.*******гээс гаргуулан, Улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гээс гаргуулах 103,000,000 /нэг зуун гурван сая/ төгрөгөөс байгаль орчинд учирсан хохирол 26,492,262 /хорин зургаан сая дөрвөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 7,991,930 /долоон сая есөн зуун ерэн нэгэн мянга есөн зуун гучин/ төгрөг нийт 34,484,192 /гучин дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, үлдэгдэл 68,515,808 /жаран найман сая таван зуун арван таван мянга найман зуун найман/ төгрөгийг Улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдан Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Хьюндай-3000 LC” экскаваторын 21N6-42101 дугаартай компьютерийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хадгалсугай.
8. Шүүгдэгч Ч.*******гийн өмчлөлд байгаа 69-75 УНМ улсын дугаартай “Sanguong rexton” маркийн автомашин, 78-39 УБС улсын дугаартай “Toyota Aqua” маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг тус тус цуцалсугай.
9. Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 167-169 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 26-27 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 32-33 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал
[10] 2-р Хавтаст хэргийн 102-111 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 53-78 дугаар тал
[12] 2 дугаар хавтаст хэргийн 50-53 дугаар тал
[13] 2-р хавтаст хэргийн 55 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 86 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 170-172 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 88-89 дүгээр тал
[17] 2-р хавтаст хэргийн 115 дугаар тал
[18] Хавтаст хэсгийн 214-218 дугаар тал
[19] Хавтаст хэсгийн 97 дугаар тал
[20] Хавтаст хэсгийн 01 дугаар тал
[21] Хавтаст хэргийн 05-16 дугаар тал
[22] Хавтаст хэргийн 148 дугаар тал
[23] Хавтаст хэргийн 42-79, 51-55, 100-115 дугаар тал
[24] Хавтаст хэргийн 107 дүгээр тал
[25] Хавтаст хэргийн 56-57, 200-201, 221-222 дугаар тал
[26] 2-р хавтаст хэргийн 55 дугаар тал
[27] Хавтаст хэргийн 53-78 дугаар тал