Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч А.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Бт холбогдох эрүүгийн 223500000018 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар баг /Суврага/-т амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Аын Б, /РД: ОО89060416/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 223500000018 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал Л.С ах орж ирээд машинд гагнуур хийгээд өгөөч гэхээр нь би Л.С ахын хамтаар хашаанд нь очиж гагнуур хийж байтал гаднаас манай сумын залуу болох А.Б согтуу орж ирээд “чиний хийдэг гагнуур гэж юу байсан юм” гэж агсам согтуу тавьж намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд А.Бийг заамдаж гарыг нь тавиулсан. Тэгтэл хажууд байсан З.С гэх залуу бид хоёрыг салгахаар нь би хашаанаас гараад цагдаад дуудлага өгөх гээд явж байтал А.Б араас ирээд гараараа зүүн хацар луу нэг удаа цохиж, намайг хойноос хоолой боож, хөлөөрөө хавирч унагаагаад дээрээс дарсан. Тэгээд би А.Бт хандан “чи миний хөл хугалчихлаа, над дээрээс бос” гэхэд З.С гэх залуу ирээд салгах үед А.Б “чи худлаа хэлж байна” гээд миний хугалсан хөлийг гараараа базаж ноолдоод байхаар нь би А.Бт хандан “чи зүгээр байгаач, миний хөл хугарсан байна” гэж хэлэхэд А.Б “та босоод яв, та худал хэлж байна” гэхээр нь “эмч дуудаад өгөөч” гэхэд дуудаж өгөөгүй. Тэгээд би хүргэн ах н.Батаа ахыг дуудаж эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. А.Б нь хохирол барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бэлнээр 4 сая төгрөг авсан, 2 сая төгрөг дараа нь авахаар тохирсон” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрч А.Угийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ажил дээрээ байж байтал 15 цагийн үед эмнэлгийн гадна хөл нь хугарсан хүн ирлээ гээд надад үзүүлсэн. Манай сумын Б.Б гэдэг хүний зүүн хөл шилбэ хэсгээрээ хугарсан байсан ба уг хүнийг үзэж байхад надад хандаж миний хөлийг А.Б гэдэг манай сумын залуу өшиглөөд хугалсан гэж ярьж байсан. Тэгээд би А.Батжаргал гэдэг хүний хөлийг үзээд цус тогтоох тариа, өвчин намдаах тариа хийгээд боолт хийсэн. Тэгээд эмнэлгийн машинтай Улаангом сум руу эмнэлэг рүү явуулсан. Өөр зүйл би мэдэхгүй. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрч Д.Минжээхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Л.С нь тус сумын иргэн Б.Быг дуудаж хашаан дотор юм хийлгэх байсан. Тухайн үед би гэртээ дээл оёж байсан. Тэгтэл гэнэт манай нөхөр Л.С нь гэрт орж ирээд “Б.Бын хөлийг А.Б өшиглөөд хугалсан байна” гэж надад хэлсэн. Би тухайн үед Б.Бын хөлийг хаана хэн хугалсан гэдгийг хараагүй, манай нөхөр Л.С надад хэлсэн. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Манай нөхөр Л.С нь надад хэлэхдээ “А.Б согтуу байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрч Л.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би тус сумын 5 дугаар багт оршин суух иргэн Б.Быг гэртээ дуудан ирүүлж юм хийлгэсэн юм. Б.Б манай хашаан дотор миний машины төмөр гагнаж байсан, би амбаар дотор хүний машины дугуй янзалж байсан юм. Тэгж байтал над руу эмнэлгийн жолооч залуу ирээд “Б.Б ахын хөл хугарсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, манай хашаан дотор гагнуур хийж байгаа” гэж хэлээд харсан чинь байхгүй байсан тул би эмнэлгийн жолоочтой хамт Б.Б дээр очсон чинь Б.Бын зүүн хөл нь буюу шилбэ хугарсан байсан. Тэр үед А.Б хажууд нь зогсож байсан ба “худал битгий маяглаад бай” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд машинд суулгаад явуулсан. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин А.Б согтуу байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрч З.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө манай багийн иргэн А.Б нь манай гэрт ирээд “сумын төв хамт яваад өгөөч, орж хүүхдүүдээ авмаар байна” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн хар өнгийн Муссо маркийн 18-53 УВС дугаартай автомашинтай сумын төвд 10 цагийн орчимд орж ...А.Б ХААН банк орох хэрэгтэй байна гэхээр нь би ХААН банкны гадна талд буулгаад машинд засвар хийлгэх зорилгоор н.Б гэх айлын хашааны гадна талд зогсож байгаад машинаа засаж дуусгаад н.Дошоо ахын дэлгүүрийн урд талд явж байтал А.Б нэлээн согтуу тааралдаад “Л.С ахын гэрт хүргээд өг” гэсэн. Тэгээд Л.С ахын гэрийн гадаа очоод А.Б тэдний хашаа руу яваад орсон, харин би машин дотор утсаар ярьж байгаад А.Бийн араас орох үед хашаан дотор эмнэлгийн жолооч машиныхаа дугуйг засуулж байхаар нь уг хүмүүс дээр явж очих үед Б.Б ах Л.С ахын машинд гагнуур хийж байхад А.Б очиж агсам согтуу тавьж хоорондоо маргалдаж байгаад Б.Б ах нь түрүүлээд хашааны хаалгаар гараад явтал А.Б араас нь гараад явсан. Би удалгүй араас нь гараад очих үед Л.С ахын хашаанаас гараад хашааны дээд талд А.Б нь Б.Б ахын араас бариад хавирч унагаахаар нь би яваад очих үед Б.Б ах “хавираад унагаачихлаа, Л.С ахыг дуудаад ир” гэхээр нь би яваад Л.С ахыг дуудаж ирсэн. Тэгээд Б.Б ахыг хүмүүс ирээд аваад явсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “1. Үзүүлэгч Б.Бын биед зүүн шилбэний шаант ясны гандан /дунд/ хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 17-нд үүсчихсэн байсан талаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн №11321 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. 5. Зүүн шилбэний шаант ясны гандан /дунд/ хэсгийн далд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Б.Бын биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. 7. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн 22 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав: -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

-Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багийн иргэн Аын Б /ОО89060416/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 5 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх 32 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

-Увс аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд А овогтой Б /ОО89060416/-ийн нэр дээр 79-12 УВХ улсын дугартай Honda CR-V маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх 19 дугаартай албан тоотыг (хавтаст хэргийн 69 дугаар хуудас),

-Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Тус багийн иргэн А овогтой Б нь ам бүл 3, нас 33, /ОО89060416/ Суврага багт оршин суудаг нь үнэн болно” гэх 82 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

-Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын бүртгэлийн хуулбарыг (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрч Л.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “А.Б нь миний авга ахын хүүхэд бөгөөд Зүүнговь сумын 3 дугаар багийн нутагт эхнэр, 3 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг. А.Б нь дуу цөөнтэй хүн бөгөөд хүнтэй ярилцахдаа нээлттэй биш, архи согтууруулах ундааны зүйл ууж харагддаггүй, хүний үгнээс гардаггүй, гэр бүлийн амьдрал тогтвортой, муу хорт зуршил байхгүй ба ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдож байгаагүй, хүнд тусархуу, хүний хэлснээр байдаг зан чанартай. Эргэн тойрны хүмүүст сайн үлгэр дуурайлал үзүүлж олон нийтийг хамарсан ямар нэгэн ажлын тэргүүнд эгнээнд явж ажилладаг. Малч ухаантай залуу байгаа юм. Мөн сум орон нутгийн хандивын ажилд идэвхтэй оролцдог” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас)

 -2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. А.Б нь хохирол барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бэлнээр 4 сая төгрөг авсан, 2 сая төгрөг дараа нь авахаар тохирсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч А.Бийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Быг зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүгдэгч А.Б нь согтуугаар Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт иргэн Л.Сийн хашааны гадна 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Быг хавирч унагааж түүний зүүн хөлний шилбэний шаант ясыг хугалсан үйл баримт болжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан:

1. Хохирогч Б.Бын “...цагдаад дуудлага өгөх гээд явж байтал А.Б араас ирээд гараараа зүүн хацар луу нэг удаа цохиж, намайг хойноос хоолой боож, хөлөөрөө хавирч унагаагаад дээрээс дарсан. Тэгээд би А.Бт хандан “чи миний хөл хугалчихлаа, над дээрээс бос” гэхэд З.С гэх залуу ирээд салгах үед А.Б “чи худлаа хэлж байна” гээд миний хугалсан хөлийг гараараа базаж ноолдоод байхаар нь би А.Бт хандан “чи зүгээр байгаач, миний хөл хугарсан байна” гэж хэлэхэд А.Б “та босоод яв, та худал хэлж байна” гэхээр нь “эмч дуудаад өгөөч” гэхэд дуудаж өгөөгүй” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас),

2. Гэрч А.Угийн “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ажил дээрээ байж байтал 15 цагийн үед эмнэлгийн гадна хөл нь хугарсан хүн ирлээ гээд надад үзүүлсэн. Манай сумын Б.Б гэдэг хүний зүүн хөл шилбэ хэсгээрээ хугарсан байсан ба уг хүнийг үзэж байхад надад хандаж миний хөлийг А.Б гэдэг манай сумын залуу өшиглөөд хугалсан гэж ярьж байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

3. Гэрч Л.Сийн “...эмнэлгийн жолооч залуу ирээд “Б.Б ахын хөл хугарсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, манай хашаан дотор гагнуур хийж байгаа” гэж хэлээд харсан чинь байхгүй байсан тул би эмнэлгийн жолоочтой хамт Б.Б дээр очсон чинь Б.Бын зүүн хөл нь буюу шилбэ хугарсан байсан. Тэр үед А.Б хажууд нь зогсож байсан ба “худал битгий маяглаад бай” гэж хэлээд зогсож байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

4. Гэрч З.Сын “...Б.Б ах Л.С ахын машинд гагнуур хийж байхад А.Б очиж агсам согтуу тавьж хоорондоо маргалдаж байгаад Б.Б ах нь түрүүлээд хашааны хаалгаар гараад явтал А.Б араас нь гараад явсан. Би удалгүй араас нь гараад очих үед Л.С ахын хашаанаас гараад хашааны дээд талд А.Б нь Б.Б ахын араас бариад хавирч унагаахаар нь би яваад очих үед Б.Б ах “хавираад унагаачихлаа, Л.С ахыг дуудаад ир” гэхээр нь би яваад Л.С ахыг дуудаж ирсэн. Тэгээд Б.Б ахыг хүмүүс ирээд аваад явсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас) тус тус нотлогдож байна.

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч А.Б хохирогч Б.Бын биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн шилбэний шаант ясны гандан /дунд/ хэсгийн далд хугарал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 22 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас)-ээр тогтоогджээ. Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Бийн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл, хохирогч Б.Бын биед учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Тиймээс шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. А.Б нь хохирол барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бэлнээр 4 сая төгрөг авсан, 2 сая төгрөг дараа нь авахаар тохирсон” гэж (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, 2,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагджээ.

            2. Шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Бээс “...Гэм буруугаа хүлээж байгаа, хохирол 4,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, 2,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Хавар ноос, ноолуураа аваад мөнгийг төлнө гэж тохирсон байгаа, надад оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү” гэх саналыг гаргасан болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч А.Бийн хувийн байдлын талаар гэрч Н.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Б нь миний нагац ахын хүүхэд бөгөөд Зүүнговь сумын 3 дугаар багийн нутагт эхнэр, 3 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг ба төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл ууж нэг их харагдаж байгаагүй, харьцаа сайтай, амьдрал нь тогтвортой, хорт зуршил байхгүй ба хүнд тусархуу хүний хэлснээр байдаг хүн. Малч ухаантай залуу байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), гэрч Л.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А.Б нь миний авга ахын хүүхэд бөгөөд Зүүнговь сумын 3 дугаар багийн нутагт эхнэр, 3 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг. А.Б нь дуу цөөнтэй хүн бөгөөд хүнтэй ярилцахдаа нээлттэй биш, архи согтууруулах ундааны зүйл ууж харагддаггүй ба хүний үгнээс гардаггүй, гэр бүлийн амьдрал тогтвортой, муу хорт зуршил байхгүй ба ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдож байгаагүй, хүнд тусархуу хүний хэлснээр байдаг зан чанартай. Эргэн тойрны хүмүүст сайн үлгэр дуурайлал үзүүлж олон нийтийг хамарсан аливаа ажлын тэргүүнд эгнээнд явж байдаг. Малч ухаантай залуу байгаа юм. Мөн сум орон нутгийн хандивын ажилд идэвхтэй оролцдог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын “Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багийн иргэн Аын Б /ОО89060416/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 5 ам бүлтэйгээр хамрагдаж, амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багийн Засаг даргын “Тус багийн иргэн Аын Б нь ам бүл 3, нас 33 /ОО89060416/ Суврага багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч А.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багт ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй бөгөөд уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.            

            Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т ургийн овогт Аын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Б нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б хохирогч Б.Бд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчээс баримтаар гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН